
Нацагдоржийн Батцэцэг таньдаа “АРДЫН ЖҮЖИГЧИН” цол хүртсэнд Монгол кино үйлдвэрийн улирдлага, хамт олон, ахмадуудаас баяр хүргэж, эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.

Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрөөд 1974 онд 6 дугаар дунд сургууль төгсөөд МУИС-ийн Орос хэлний ангийг орчуулагч мэргэжлээр 1979 онд төгссөн байна. Тэрээр эхээс тавуулаа бөгөөд хуурай дүүгийн хамт ах дүү зургуулаа.Эцэг Ц.Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын дээд сургууль төгссөн өндөр боловсролтой сэ¬хээ¬тэн. Тэрээр МХЗЭ-ийг ТХ-нд зааварлагч, нарийн бичгийн дарга, Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга зэрэг ажлуудыг хийж явжээ. Аав нь аж ахуйч, гэртээ цэцэг тарьдаг, хүүхдүүддээ гэр цэвэрлэх хуваарь гарган, жижүүрийн дэвтэрт сайн хийсэн бол таван хошуу, муухан бол гахай зурж үнэлнэ. “Биднийг гэр орноо цэвэр байлгах, ажил хөдөлмөрөө зохицуулж хуваарьтай байлгаж сурахад аав их нөлөөлсөн. Бас аав минь их халамжтай хүн байсан. Ням гариг бүр манай гэрийн хажуугийн үсчинд очоод оочер авчихна. Ээж оочероо болохоор очдог байж билээ. Энэ бүхэн бидэнд ханиа, хажуудахаа халамжлах үлгэр дууриалал болсон” гэж охин нь аавыгаа дурсан сууна. Хойд эцэг Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч хүн. Охиндоо тайз, дэлгэцийн мастеруудын бүтээлээс уншиж өгөхөөс эхлээд урлагийн тоглолт, жүжиг үзүүлнэ. Өсч хүмүүжиж буй чухал цаг үед нь зөв чиглүүлж, хүн болж төлөвшихөд маш том нөлөөлсөн хүн гэдэг. “Намайг оюутан байхад зав чөлөө бүрийг зөв зүйлд зарцуулахыг шаарддаг байсан. “Охин минь чамд юм нэхэж суух эмээ нас ирнэ. Энэ цаг мөч чамд үнэтэй. Өөрт хамгийн чухал зүйлээ хий” гэдэг байв. Төгсөх курсын оюутан байхад ч намайг сормуусаа будлаа гэж ээж загнана. Харин “пап” урлагийн хүн, залуу хүүхэд гоёлгүй яах вэ гэж өмөөрнө. Намайг үргэлж урамшуулж, өөртөө итгэх итгэл өгдөг байсан” гэсэн юм.
Хайртай ээж Б.Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг удирдагч. Улсын их дэлгүүрийн эвлэлийн хорооны дарга, худалдааны дарга зэрэг ажлуудыг хийсээр гавьяаны амралтандаа гарсан байна. Эх нь залуудаа Драмын театрын жүжигчин байсан гэдэг. Зургаан жил ажиллахдаа “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээжээ. Ардын жүжигчин А.Очирбат гуай “Ээж нь урлагаараа явсан бол олон сайхан уран бүтээл хийх байсан” гэдэг бол ээжтэй нь нэг үеийнхэн “Ээж чинь залуудаа ямар сайхан хүүхэн байсан гээч. Чи ээжийгээ гүйцэхгүй” гэдэг байжээ. “Ээж минь хүүхдүүдээ эрхлүүлж нялуурахаас илүүтэй чанга шаардлага тавьж, үйл үртэс хийж байхад харж суу, юм оёж сур гэдэг байсан. Биднийг дэргэд магтана гэж бараг байхгүй. Их шаардлага өндөртэй.
Н.Батцэцэг нь 1979 оноос Монгол Кино үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэрэгжлийн жүжигчин болсон байна. 1975 онд “Эх бүрдийн домог”кинонд Нарангарвуугын дүрийг үнэмшилтэй сайн гаргаснаар үзэгчидийн сэтгэлийг татаж олны хайртай жүжигчин болох зам нь нээгджээ. 18-хан настай жаахан бүсгүй Монголын кино урлаг хэмээх том айлд хөл тавьснаас хойш өдгөө 40 дэх жилтэйгээ золгож байна. Тэрээр Монгол кино үйлдвэрийн нэрийн хуудсаар бүтээгдсэн нилээд кинонд тоглосноос гадна гадаад орны кинонуудыг монгол хэл дээр хөрвүүлэх болон өөрийн орны олон киноны дууг оруулахад авъяас чадлаа зориулж, тэрхүү ажилд гаршсан туршлагатай жүжигчин болсон юм. 1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажиллаад 1996 онд нутагтаа буцаж ирсэн юм Нөхөр О.Машбатын хамт “Монголжин” кино студи байгуулсан. 2000 оноос “Монголжин” хувийн театр байгуулж захирлаар нь ажилласан. О.Машбатын гэр бүл арваад жил АНУ-д амьдарсан.Тэд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байжээ.
“Найруулагч Ж.Бунтар “Гэрлэж амжаагїй явна” киноныхоо зохиолыг єгєхдєє “Энэ киноны гол дїрд чи тоглоно шїї. Сайн тогтож уншаарай” гэж захихад нь “Чи сансарт ниснэ үүї “ гэсэн мэт санагдаж хагартлаа баярлаж билээ. Мэдээж ийм эрхэм хүний гараас зохиол авна гэдэг миний хувьд том завшаан байсан юм. Жаргал амлан мэлтрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгїй байж
Замбуулин хорвоог хамтдаа элээх
Ханийн тїшиг чамдаа амлая… хэмээн гэргий Догоодоо зориулж бичсэн энэ киноны дуу одоо ч дуулагдсаар байна даа”

“Суварган цэнхэр уулс” кинонд тоглохоор хилийн заставт очиход жирийн иргэн минийхээс их єєр санагдсан. Бүх юм нь дэгтэй, бас командаар явагдана. Хоол идэж дуусаад хүртэл командаар босох нь сонин санагдаж байсан. “Нєхєр даргад илтгэх нь гэж байгаад л ярина. Бас цэргүүд нь заставын хашаанд бараг ганц нэгээрээ явахгїй. Тэгснээ бєєнєєрєє жагсаад гэнэт гараад ирдэг. үдэшлэг болохоор цэргүүд бие биенээ уриад бүжиглэх нь их содон харагдаж байсан.Бас цэрэг хүнийг хүндэлдэг болсон. Кино дуусахад хамт тоглосон хилчдээрээ бахархдаг.Тэдний тухай ангийхандаа, аав, ээждээ зєндєє ярьж байсан. Тэр л сэтгэгдэл насан туршид минь үлдсэн. /Н.Батцэцэг/

Бүтээсэн уран бүтээлүүдээс нь:
- “Эх бүрдийн домог” гол дүр Нарангарвуу (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1973)
- “Хүний амь” Багш 2-р дүр (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1975)
- “Дэгдээхэй нас” Багш 2-р дүр (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1976)
- “Суварган цэнхэр уулс” гол дүр сурвалжлагч Солонго (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1977)
- “Хатанбаатар” Гүнчинхорлоо (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1978)
- “Тойрох хуудас” гол дүр Дэлгэр инженер (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1979)
- “Гэрлэж амжаагүй явна” гол дүр Оюутан Сүрэн (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1980)
- “Газарчин” Герман, Монголын хамтарсан кино, гол дүр Индиан бүсгүй (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1981)
- “Гийнгоо” орчуулагч туслах (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1982)
- “Тэмцлийн оч” Сувд 2-р дүр (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1984)
- “Фронтод явах өргөдөл” Дэлгэр гол дүр (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1985)
- “Сахиус уу, сахиул уу” туслах дүр Японы нарийн бичгийн дарга (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 1986)
- “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” Гол дүр Цэлмэг (“Монголжин” студийн бүтээл 2000)
- “Хааны сүүлчийн хатан” гол дүр Гэнэнпил хатан (“Монголкино” үйлдвэрийн бүтээл 2000)
- “Цагаан сүүний домог” гол дүр- Монголжин хатан (“Хийморь ” студийн бүтээл 2000)
- ”Вансэмбэрүү” гол дүр – Гүнжээ (“Монголжин” студийн бүтээл 2002)
- “Жинжиймаа” гол дүр- Жинжиймаа (“Монголжин” студийн бүтээл 2003)
- “Мэлмий” гол дүр-Хатан ижий (“Монголжин” студийн бүтээл 2003)
- “Сийлэн бөөр” гол дүр- Сийлэн (“Монголжин” студийн бүтээл 2004
- “Хэен Хуар” гол дүр-Дарь (“Монголжин” студийн бүтээл 2004)
- “Уучлаарай хайрт минь” гол дүр-Ээж (“Монголжин” студийн бүтээл 2004)
- “Би чамайг хэзээ ч мартахгүй” гол дүр- Ээж (“Монголжин” студийн бүтээл 2004)
- “Халгай”
- “Луйвар” гол дүр-УИХ-ын гишүүн (Найруулагч Цогтбаяр 2014)
- “Цэн тогоруу” 2-р дүр-Төгсөө, Ерөнхий продюсер (2014)
- “Сүүлчийн шөнө” гол дүр- Саянцэцэг (Найруулагч Наранбаатар 2014)
- “2000” кино Хатан (УГЗ П.Батсайханы бүтээл 2018)
- “Бууны сумыг буцааж болдоггүй” “Монголкино” үйлдвэрийн бүтээл, туслах дүр-Дарь өмгөөлөгч, менежер (2019)
- “Унаач хүүхэд” туслах дүр-хөрш, менежер (“Монголкино” үйлдвэрийн бүтээл) 2020
Телевизийн цуврал
- “Үгүйлэн санана” америк дахь монголчуудын тухай цуврал 35 нэвтрүүлэг
- “Америк дахь монголчууд” 100 сурвалжлага
- “Монголын шилдэг гэр бүлүүд” ЗГ-ын захиалгат цуврал 10 нэвтрүүлэг
- “Монголын шилдэг жуулчны баазууд” ЗГ-ын захиалгат цуврал 10 нэвтрүүлэг
- “Гайхамшигт дэлгэц” Монгол киноны 80 жилийн ойн цуврал нэвтрүүлгийн хөтлөгч
Зохион байгуулсан шоу, санаачилсан төслүүд
- ТШ-т, ХБ,АЖ Н.Сувдын уран бүтээлийн тоглолтыг UB Palaced 2003 онд зохион байгуулж хийсэн
- Монгол улсад киноны салбар үүсч хөгжисний 80 жилийн ойн “Гайхамшигт дэлгэц” төслийг санаачлан, хийсэн.
- “Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ойн төслийг ХХЕГ-тай хамтран хэрэгжүүлсэн
- “Монгол киноны хүүхнүүд” төсөл
- МУГЖ Н.Батцэцэгийн тайлан тоглолтыг 2008 онд АНУ-ын Чикаго хотод хийсэн.
Бичсэн болон оролцон ажилласан номууд
- “Америкт амьдрахуй” (Америкийг зоригсдод гарын авлага болгон)
- “Кино бидний түүх” үндэсний кино урлаг үүсч хөгжисний 80 жилийн ойд зориулан гаргасан номын багт ажилласан
- “Жүжигчин ба би” (Урлагийг сонгосон хүүхэд залуучуудад гарын авлага болгон)
- Шилмэл зүйр цэцэн үгс (хэл яриа хөгжүүлэх сургалтын материал болгон)
- Онигооны ном (сэтгэхүй хөгжүүлэх материал болгон)
2015 онд Монголд үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Тэрээр ойд зориулан “Гайхамшигт дэлгэц” төслийг санаачлан эхлүүлжээ.
Монголын кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төр засгаас 1996 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2000 онд “Алтан гадас” одон, 2004 онд “Монгол Улсын гавьяат жүжигчин” цол, 2025 онд Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиодуулан “Ардын жүжигчин” цолоор шагнажээ.

Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
.