Дэмидийн ХИШИГТ
(1931–2026)
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын кино, телевизийн урлагийн нэрт найруулагч, сурган хүмүүжүүлэгч Дэмидийн Хишигт 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 95 насандаа таалал төгсөж, Монголын соёл, урлагийн салбар, олон мянган шавь, хамтран зүтгэгчид, үзэгч олонд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Дэмидийн Хишигт 1931 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. 1947–1950 онд Урлагийн сургуульд жүжигчний мэргэжил эзэмшиж, 1957–1959 онд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд найруулагчийн мэргэжлээр суралцан, 1966–1967 онд ЗХУ-ын Төв телевизэд мэргэжил дээшлүүлж, 1975 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг төгссөн.
Тэрээр хөдөлмөрийн гараагаа 1950 онд Улсын хөгжимт драмын театрт жүжигчнээр эхэлж, дараа нь Улсын Хүүхдийн төв театрын анхны уран бүтээлчдийн нэгээр ажилласан юм. Энэ хугацаанд үндэсний болон дэлхийн сонгодог жүжгүүд, уран сайхны кинонд гол болон туслах олон дүрийг бүтээж, тайз, дэлгэцийн урлагт авьяас чадвараа харуулсан билээ.
1960–1966 онд Монгол кино үйлдвэрт ассистент найруулагч, найруулагчаар ажиллаж, баримтат болон уран сайхны олон бүтээл туурвисан. Харин 1967–1991 онд Монгол телевиз, Телекино үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллахдаа Монголын телевизийн мэргэжлийн найруулгын хөгжлийг үндэслэгчдийн нэг болж, олон шинэлэг нэвтрүүлэг, теле хөрөг, баримтат бүтээлүүдийг санаачлан найруулсан юм.
Дэмидийн Хишигтийн уран бүтээлийн өв сан нь Монголын кино, телевизийн урлагийн хөгжлийн салшгүй хэсэг билээ. Тэрээр 80 гаруй баримтат кино, олон хүүхэлдэйн болон уран сайхны бүтээл найруулсны дотор Монголын кино урлагийн алтан санд мөнхөрсөн “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кинонууд нь үндэсний бөх, хурдан морины соёл, сурын харваа, монгол ахуй, ёс заншлыг уран сайхны өндөр түвшинд мөнхөлсөн сонгодог бүтээлүүд болон үлджээ.
Түүний олон арван жилийн хөдөлмөр, бүтээлч үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж, Засгийн газрын Хүндэт үнэмлэх, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнан, 1991 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн бөгөөд 2017 онд Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор болсон юм.
Дэмидийн Хишигт багшийн их мэдлэг, авьяас билэг, үнэт бүтээлүүд Монголын кино, телевизийн урлагийн түүхэнд төдийгүй олон үеийн шавь, хамтран зүтгэгчид, үзэгч түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд орших болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүс, шавь нар, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.


