Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд кино урлагтай ажил амьдралаа холбосон уран бүтээлчид төдийгүй арын албыг хариуцан ажилладаг ажилчдын хичээл зүтгэл, авьяас чадварыг өндрөөр үнэлэн төр засгаас төрийн дээд одон медалиар шагнав. Тухайлбал ХарХорин ОУКН-ын нээлт дээр кино найруулагч Ч.Жумдаан, эвлүүлэгч С.Баасанхүү, дууны найруулагч Н.Батмөнх нар Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, инженер Л.Даваадоржийг Алтан Гадас одонгоор мялаалаа. Түүнчлэн Д.Энэбиш, Энхчимэг, Гомбосүрэн, Эрдэнэ, Х.Нямсүрэн нарыг МУСТА цол тэмдгээр шагнаж урамшуулсан байна.
Үүн дундаас МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар кино урлаг, тайз дэлгэцийн салбарт олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн урлагийн залуу үеийг сурган, дадлагажуулж, соёл урлагийг олон улсад сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэгийг Ардын жүжигчин цол тэмдгээр шагнасан явдлыг онцолж байна.