Монгол киноны ноён оргилуудын нэг,цаглашгүй авъяастай найруулагч Төрийн шагналт, УГЗ Бэгзийн Балжинням хүнд өвчний улмаас таалал төгслөө. Бэгзийн Балжинням 1943 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Тэрээр Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг 1969 онд төгссөн юм.
Б.Балжинням нь 1962 оноос Монголкино үйлдвэрт оператор, 1976 оноос ерөнхий оператор, 1981 оноос Ерөнхий найруулагч, 1990 оноос Соёлын Яамны сайд, 1993 оноос “Чингисфильм” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байлаа.
Б.Балжинням нь “Мандухай цэцэн хатан”, “Улаан дарцаг”, ” Ичээнд нь”, “Моторын дуу”, “Хань”, “Эх бүрдийн домог”, “Гэрлэж амжаагүй явна”, “Би чамд хайртай”, “Говийн зэрэглээ” гээд авъяас билгээ шингээсэн олон арван бүтээлээрээ Монголын кино урлаг, үзэгч түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн олон арван киноны зохиолч, найруулагчаар ажиллаж, дахин давтагдашгүй өнгө төрх, бүтээлийг үлдээж чадсан нэгэн билээ.
Талийгаачийн гэр бүл, ахан дүүс, найз, нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлэе.