Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аян үргэлжлэн явагдаж байгаа эдгээр өдрүүдэд Монгол Кино Үйлдвэрийн зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан “КИНО МЭРГЭЖИЛ СОНГОХ, СУРТАЛЧЛАХ” өдөрлөгийн эхлэлийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт БЗД-ийн 30 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцож кино урлагийн талаарх мэдлэгээ тэллээ.
Сурагчид Монгол кинонд ашиглагдаж байсан зураг авалтын төхөөрөмж, кинонд хэрэглэгддэг хуучны эд хэрэглэл, дүрийн хувцас зэргийг сонирхон үзлээ.
Мөн нүүр хувиргалтын технологи ажиллагаатай танилцаж нүүр будалт, үс, сахал, шарх сорви зэргийг мэргэжлийн нүүр хувиргагч биечлэн гүйцэтгэж үзүүлсэн юм.
Кино бүтээх гурван үе шат лекц танилцуулга орж, кинонд мэргэжлийн жүжигчид хэрхэн дуу оруулж дүрийг амилуулдаг талаарх сонирхолтой үйл явцтай танилцлаа.
Зураглаач мэргэжлийг сонгон суралцах сурагчдадаа зориулан кино зураг авалтыг мэргэжлийн зураглаач хийж үзүүлэв.
Төгсгөлд нь найруулагч Гарамхандтай уулзалт хийн “Алдагдсан өдрүүд” уран сайхны киног үзэж сонирхон сурагчдын кино урлагийн талаарх мэдлэг мэдээллийг нь өргөжүүлсэн, онол, практикийг хослуулсан өгөөжтэй өдөрлөг болон өндөрлөлөө.