БАРИМТАТЫН ДАВААНЯМ

2025-03-14

УГЗ,баримтат киноны найруулагч,оператор Д.Давааням 1956 оноос Монгол кино үйлдвэрт М.Дүйнхэр операторын туслахаар орж ажилласнаас эдүгээ хүртэл 50 гаруй жил Баримтат киноны зураглаач, найруулагчаар тасралтгүй хөдөлмөрлөж чөлөөнд гарсан боловч уг мэргэжлээрээ Шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэн, Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд зөвлөх, судлаачаар ажилласан юм.

 

 

Даваажавын Давааням оператор бол өөр ямарч мэргэжилд сэтгэл сатаарч хаяагүй Монголын баримтат кинонд үнэн зүрхээ,үйлс бүтээлээ зориулсан “цорын ганц” оператор,”ясны баримтат киночин” гэж болно./М.Тэрбиш Монгол киноны алдартнууд” 2010 он/.Д.Давааням 60 шахам жилийн хугацаанд монгол улсын мал аж ахуй,газар тариалан,мал эмнэлэг,туслах аж ахуйг хөгжүүлэхэд зориулсан эрдэм шинжилгээний хялбаршуулсан кинонууд, их дээд тусгай мэргэжлийн сургууль, залуу малчдад зориулан бүтээсэн 40 гаруй кино, Монгол улсын хөгжил цэцэглэлт, улс төр, гадаад харилцаа, эдийн засгийн болон улс төрийн түүхэн баримтат бүтээлүүдийг бусад уран бүтээлчидтэй хамтран 270 гаруй баримтат кино, мөн кино мэдээ сэтгүүлийн 152 бүлэгт 250 гаруй сюжет /сурвалжлага/ авч, Монгол улсынхаа 21 аймгийн 345 сум, нэгдэл, САА, үйлдвэр ХАА-н 140 гаруй байгууллагад сурвалжлага хийж зураг авч, уран бүтээлээ туурвижээ.

1977 он
Ц.Наваан, Д.Давааням

 

Д.Давааням 1931 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Бага сургуулийн 4-р анги төгсөөд, 2 жилийн хуулийн сургууль дүүргэжээ. Төв аймгийн Жаргалант САА-д 1951-1955 он хүртэл мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад, 1956 оноос Монгол кино үйлдвэрт өнгөт киноны зохион байгуулагчаар гараагаа эхэлжээ.

Киноны Хэрэг Эрхэлсэн Газрын даргын тушаал 1956.09.07-ны өдөр №82

Утга нь: Өнгөт кинонд зохион байгуулагчийг томилох тухай.Тушаах нь:

1.Ажилд орохыг хүсэн ирсэн 06126 тоот паспорттой Сандагийн Гомбосүрэнг 9 сарын 6-наас, 07317 тоот паспорттой Даваажавын Даваанямыг 9 сарын 3-наас эхлэн өнгөт киноны зохион байгуулагчаар 2 сарын хугацаагаар томилон сар бүр 400 төгрөгийн цалин олгож ажиллуулсугай. Киноны хэрэг эрхлэх газрын дарга Хүрлээ гэсэн бол сар хүрэхгүй хугацааны дараа

БНМАУ Киноны Хэрэг Эрхлэх Газрын даргын тушаал 1956.10.05 №95 УБ

1.Өнгөт киноны зохион байгуулагчаар түр томилсон н.Даваанямыг 10 дугаар сарын 1-нээс эхлэн тус ажлаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн Кино үйлдвэрт операторын туслахаар томилж, оператор Дүйнхэрийг дагалдуулан ажиллуулсугай. Киноны хэрэг эрхлэх газрын дарга Хүрлээ гэжээ. Тогоочийн Хүрлээ дарга УБ хотод Хууль цаазны сургуульд сурч, Сэлэнгэ аймгийн шүүхийн дарга, Прокурорын байцаагчаар, Намын төв сургууль төгссөн, МАХН-ын ТХ-нд ажилласан, Төв театрт ажиллаж, Намын хүчний дээд сургууль төгссөн, ЗГ-т ажиллаж байгаад Кино зургийн даргаар 1951, 1954-1957 онуудад ажиласан юм.  УГЗ, баримтат киноны найруулагч, оператор Д.Давааням бол Монгол киноны алтан үеийнхний нэг, жинхэнэ уран бүтээлч хүн юм. 111 нэр төрлийн баримтат кинонд найруулагч, зураглаачаар ажиллажээ. Түүний хань, гэр бүл Пүрэвийн Ичинхорлоо Монгол кино үйлдвэрт 1960 оноос эхлэн нүүр хувиргагчаар ажиллаж 30 гаруй жил болоход “Анхны алхам”, “Энэ хүүхнүүд үү”, “Баясгалан”, “Түмний нэг”, “Сахиус уу, сахиул уу”, “Моторын дуу” зэрэг уран сайхны болон баримтат олон арван кинонд ажиллажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УГЗ, баримтат киноны найруулагч, оператор

Д.Давааням 2012-2014 онуудад ҮТА-ын КГЗДАБАрхивт зөвлөх судлаачаар ажилласан юм. Архивын ерөнхий газар 2012 оноос одоог хүртэл жил бүр НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Юнеско–той хамтран “Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үйл ажилагаанд Монгол кино үйлдвэрийн ахмад уран бүтээлч, баримтат киноны найруулагч Д.Давааням оролцож, архивт хадгалагдаж буй Монгол улсын соёлын өв 35 мм-ийн хальсан дээрх кинонууд, ховор нандин гэрэл зургууд,алтан үеийнхний амьд дуу хоолой-бичлэг зэрэг баримтуудыг нийтэд нээн сурталчлах, архивт хадгалуулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажилд маш том хувь нэмэр оруулсан билээ. Найруулагч Д.Давааням гуайн амьд яриа дуу хоолой архивт архивлагдан үлдсэн билээ. АЕГ-аас түүний уран бүтээл, зөвлөхийн ажлыг үнэлж “Хүндэт өргөмжлөл” олгосон юм. Д.Даваанямын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1960 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1965 онд Засгийн газрын хүндэт жуух, 1975 онд “Алтан гадас “одон, 2006 онд Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор тус тус шагнажээ.

ҮТА.КГЗДАБАрхивын хамт олон.2012 он
КГЗДАБАрхивт баримтат киноны найруулагч, оператор Д.Давааням,судлаач Өсөхбаяр нар. 2012 он
Д.Давааням гар бичмэл
УГЗ, оператор Д.Давааням, УГЗ найруулагч Б.Нагнайдорж, УГЗ найруулагч Ж.Норолхоо нар
ҮТА.КГЗДАБАрхивын хамт олон.2012 он

 

 

 

 

 

 

БЭЛТГЭСЭН:

УГЗ, найруулагч Б.Нагнайдорж

Н.Сугарсүрэн СТА, кино инженер

ҮТА.КГЗДАБАрхив, МКНэгтгэл ТӨУҮГ   2025 он

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close