ЧҮЛТЭМИЙН ЦЭНДЖАВ
(1936-2026)
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт кино зураглаач Чүлтэмийн Цэнджав таалал төгссөнд эр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Чүлтэмийн Цэнджав нь 1936 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Шар намаг хэмээх газар төрсөн. 1956–1961 онд ЗХУ-ын Москва хотын Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуульд зураглаач мэргэжлээр суралцан төгсжээ. Тэрээр 1961–1993 оны хооронд Монгол кино үйлдвэрт ажиллахдаа баримтат киноны зураглаачийн мэргэжлээр дагнан ажилласан байна. Ч.Цэнджав нь Монголын кино урлагийн түүх, нийгмийн амьдрал, цаг үеийн чухал түүхэн үйл явдлуудыг кино хальснаа мөнхлөхөд хөдөлмөр, авьяас билгээ зориулсан нэгэн байв.
1961–1963 онд “Нүгэл буян” уран сайхны кинонд зураглаачаар ажиллаж, 1963 онд уг бүтээлээрээ дипломоо хамгаалсан нь түүний уран бүтээлийн замналын чухал эхлэл байлаа. 1967 онд “Түрэмгийллээ зогсоо” нэртэй нэг бүлэг баримтат кино бүтээжээ. Тэр ондоо Вьетнамд ажиллаж, дайны хор уршиг, ард түмний амьдралыг харуулсан “Вьетнамд сурвалжилсан тэмдэглэл”, “Дайны мөрөөр” зэрэг баримтат бүтээлүүдэд оролцсон байна.
1968 онд “Өндөр ээж” уран сайхны киноны зураглаачаар ажилласан нь монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон энэхүү уран бүтээлийг дэлгэцнээ амилуулахад түүний авьяас билэг үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна. 1973 онд “Шинэ танилууд” УСК, 1979 онд “Хоньчин Найдан” УСК-д тус тус зураглаачаар ажиллажээ.
Тэрээр уран сайхны киноноос гадна нийт 87 нэрийн баримтат кино, кино мэдээ, сэтгүүлийн төрөлд ажиллаж, төр засгийн тэргүүнүүдийн гадаад, дотоод айлчлалын тухай олон чухал дүрс бичлэгийг баримтжуулан үлдээжээ. Цэнджавын хөдөлмөр зүтгэл Монгол кино үйлдвэрийн архивын сан хөмрөгийг баяжуулж, Монгол Улсын түүх, нийгмийн амьдралын үнэт баримтуудыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Соёлын тэргүүний ажилтан”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг болон ойн медалиудаар шагнаж байжээ.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт кино зураглаач Чүлтэмийн Цэнджавын кино урлагт зориулсан олон жилийн хөдөлмөр, бүтээсэн уран бүтээл, үлдээсэн түүхэн баримтууд нь Монголын нийгмийн төдийгүй кино урлагийн түүхийн салшгүй нэгээхэн хэсэг болон үлдсэн юм.
МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ ТӨҮГ


