МОНГОЛ КИНО ҮЙЛДВЭРИЙН “ЖҮЖИГ АНГИ”-ИЙН ТУХАЙ

2024-11-27

1935 оны СнЗ-ийн 68-р тогтоолоор “Монгол кино үйлдвэр” байгуулагдаж алхам алхмаар өргөжсөөр, гадаадын киног монгол хэлэнд хөрвүүлэн үйлдвэрлэх ажлыг анхлан 1947 онд ЗХУ-ын “Тангараг” хэмээх 14 бүлэг киногоор орчуулж, 1948 онд “Тосгоны багш” киног хөрвүүлэн монгол хэл дээр гаргах ажил үргэлжлэн хийгдэх болжээ.

Тосгоны багш

ҮТА.КГЗДАБА.ОК№2.11 бүлэг.хар цагаан.

Монгол хэл дээр дуу оруулсан улсын хөгжимт драматик театрын жүжигчид

Кино үйлдвэр.Улаанбаатар хот.1949 он.

Монгол кино үйлдвэр нь1950-иад онд жилдээ гадаадын хар цагаан 6 киног монгол хэлэнд хөрвүүлж байжээ.

Лев Толстой

ҮТА.КГЗДАБА.ОК№10.5 бүлэг.хар цагаан.

Зохиолыг бичсэн-Л.Никулин, С.Бубрик

Найруулагч- С.Бубрик

Оператор-Е.Ефимов

Композитор-Н.Иванов-Радкевич

Баримтат киноны улаан тугийн одонт төв студи.

Монгол хэл дээр дуу оруулсан найруулагч – Ц.Зандраа

Дууны оператор – Л.Найдан

Монгол кино үйлдвэр.Улаанбаатар. 1953 он.

1963 оны 03-р сарын 15-нд гадаадын киног Монгол хэлнээ хөрвүүлэх “Жүжиг анги” байгуулагдаж, Улаанхүүгийн Осор, Дэндэвийн Чимид-Осор, Мятавын Бадамгарав, Хоролсүрэнгийн Довчин, Рагчаагийн Дамдинбазар, Хандын Чулуунбат нараар эхэлжээ.

 

 

 

                                  

Дараа нь Цэндийн Цэнд-Аюуш, Дагва-Очирын Элбэгсайхан, Банзарын Дамчаа, Нямын Дагийранз нар ирсэн байдаг.

 

 

 

 

Эдгээр жүжигчид амьдралыхаа төгсгөл хүртэл Монгол кино гэдэг их айлтай амьдралаа холбосон. Тэд олон арван киног монгол хэлнээ хөрвүүлэхэд дуу хоолойгоор гадаадын жүжигчдийн дүрд шингэснээс гадна дэлгэцийн урлагт үнэлж баршгүй сайхан дүр бүтээж, кино урлагийн түүхэнд өвөрмөц дүрээрээ мөнхөрсөн байдаг. Цухас дурдвал:

            Алтан үеийн  жүжигчдийн томоохон төлөөлөгч МУАЖ Д.Чимид-Осор гуайн анхны бүтээл “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн болон олон арван дүрүүд нь гайхалтай өвөрмөц бөгөөд хамгийн сүүлчийн дүр нь найруулагч Б.Нагнайдоржийн “Хүний сайхан сэтгэл” киноны завьчин өвгөн …. юм. “Өглөө” киноны “Төрд хэрэгтэй зайран”-гаараа олон түмний дунд нэршсэн бол урлагийнхны дунд “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн өвгөн Шукариар нэрлэгдсэн энэ хүний урлагт оруулсан хувь нэмэр, найруулсан кинонууд, тоглосон дүрүүд нь алтаар үнэлээд барамгүй үнэ цэнэтэй билээ.

 

 

 

 

          1960-аад онд бүтээгдсэн найруулагч Б.Жамсрангийн бүтээл “Аман хуур” хэмээх инээдмийн киноны М.Бадамгарав, Д.Элбэгсайхан, У.Осор нарын бүтээсэн дүрийг одоо ч таашаан үздэг хэвээр….

 

 

 

У.Осор “Иээнд нь”, “Тунгалаг тамир”, “Моторын дуу” кинонуудад өөрийн өвөрмөц дүрийг товойлгон үлдээжээ.

 

 

 

МУГЖ Р.Дамдинбазар “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Самдангийн дүрээр дэлгэцийн ажлаа эхлэж байсан, 50 шахам дүр бүтээсэн “Нүгэл буян” киноны Ламжав, “Хөхөө гэрлэх дөхлөө”киноны Гэндэн болон “Ацаг шүдний зөрүү” хятад данжаадын дүр нь үзэгч олны сэтгэлд үлдсэн сайхан дүрүүд бий.

 

 

 

           МУГЖ Цэнд-Аюушийн авъяаслаг найруулагч Б.Жамсрангийн “Нийслэл хүү” киноны Ягаан Гажид, “Монгол кино”-ны Загалмайлсан эцэг МУАЖ Д.Жигжидийн “Өнөр бүл” киноны Хутгууш Гүндэгмаа, “Өглөө” киноны Лхам эхнэрийн дүрээр түмэн олон андахгүй сайн мэднэ.

  

 

 

 

Б.Дамчаагийн бүтээсэн эсрэг дүрүүд нэгэнт ард түмний сэтгэлд хоногшжээ. Түүний анхны бүтээл  Д.Жигжид найруулагчийн “Үер” киноны Молом занги болон “Мандухай цэцэн хатан” киноны Исмээл тайжийн дүрүүд нь үнэхээр зангарагтай шүү дээ. Дамчаа ахын бүтээлийг яривал нилээд их цаг хугацаа зарцуулагдана.

 

 

 

МУАЖ Н.Дагийранз бол кино жүжигчнээс гадна, хуурч, ерөөлч, магтаалч, түүний өвөрмөц сайхан дуу хоолой дахин давтагдашгүй юм. Түүний жинхэнэ Монгол эр хүний төрх байдал, дуу хоолой нь монголын кино болон Ардын урлагт давтагдашгүй гайхамшигтай байгалийн бүтээл, цул авъяас гэлтэй.

Жүжигчин Довчин гэдэг хүний тухай дурдахгүй өнгөрөмүй. ..1976 онд анх намайг жижигхэн оюутан охин “Жүжиг анги”-д орж, дуу оруулдаг болсон үед энэ жүжигчин байсан. Эршүүд өвөрмөц хоолойтой, түс тас зантай энэ эмэгтэйг би шаггүй сайн жүжигчин гэж өөрийн эрхгүй хүндэлдэг.Намайг 5,6-р ангид байхад “Торгон цэргийн дууль” киноны эмэгтэй боловч эрэгтэй болж торгон цэрэг болдог сайхан эмэгтэйн дүрд дуу оруулсан байдаг. Энэ кинонд Осор гуай, Бадамгарав эгч, Чимид-Осор өвөө зэрэг хуучцуул бүгд дуу хийсэн нь жаахан хүүхэд мийний сэтгэлд тод үлджээ.

Сергей Бондарчукийн өөрөө тоглож, найруулсан Михайл Шолоховын “Хүний хувь заяа” хэмээх алдарт туужаар хийгдсэн киноны 5 настай Ваня хүүгийн, өр зүрх “Ённ..” хийлгэсэн хөөрхөн хүүгийн дууг Довчин эгч хийсэн байдаг.

ХҮНИЙ ХУВЬ ЗАЯА

Михайл Шолоховын өгүүлэгээр

Зохиолч – Ю.Лукин, Шахмагонов

Найруулан тавьсан – Сергей Бондарчук

Орчуулгын найруулагч – Д.Жигжид /Урлагийн Гаъяат зүтгэлтэн/

Дууны оператор – Л.Найдан

Дуу оруулсан жүжигчид:

У.Осор, М.Бадамгарав, Р.Дамдинбазар,

Х.Довчин, Х.Чулуунбаатар

 

 

 

 

Дэлгэцэнд үлдсэн дүр нь гэвэл “Амар хуур” киноны нарийн бичиг, “Нийслэл хүү” киноны үхсэн хурга тэврээд зургаа авахуулж байгаа бүтэлгүй хүүхэн байдаг. Хүүхэд ахуй үе үед минь сэтгэлд хадагдтал дуу хийж, улмаар намайг их урлаг руу тэр тусмаа орчуулгын кино руу далдын далдаас дуудсан энэ авъяаслаг өвөрмөц дуу хоолойтой, эршүүд бүсгүй Х.Довчин гуайг Монгол киноны түүх мартах учиргүй…

 

Үүнээс гадна жүжигчин Э.Ганболд, С.Сэлэнгэ, Л.Надмидцэрэн, драмын найруулагч Б.Мөнхдорж, Н.Сувд, кино жүжигчнээр төгссөн ч найруулагч болсон С.Сүхбаатар нар ажлын гараагаа жүжиг ангиас эхэлсэн билээ.

 

Дараа нь МУГЖ Т.Цэмпилмаа, МУГЖ Ш.Цэцэг нар 1975 онд орж ирж бүл нэмсэн байдаг.

 

 

 

  • Сулын тээвэр, ҮТА. КГЗДАБАрхив.ОК№22, 10 бүлэг, 1964 он
  • Орчуулгын найруулагч – М.Лувсанжамц
  • Дууны оператор – Л.Найдан
  • Гарах хүмүүс:
  • Хромов – Г.Юматов /Р.Дамдинбазар/
  • Сироткин – А.Демьяненко /Д.Элбэгсайхан/
  • Арина – Г.Сёмина /Т.Цэнд-Аюуш/
  • Аким – А.Папанов /У.Осор/
  • Виктор – Г.Качин /Э.Ганболд/
  • Онгоцны буудлын өвгөн – Б.Чирков /Н.Дагийранз/
  • МОНГОЛКИНО үйлдвэр,  Улаанбаатар . 1964 он

Т.Цэмпилмаа нь дунд сургуулиа төгсөөд Монгол кино үйлдвэрт “Хальс боловсруулах цех”-д угаагч техникчээр ажилд орсон бөгөөд 1971 онд УБДС-ийн кино драмын ангид орж 4 жил суралцаад Монгол кинондоо эргэн ирсэн, жинхэнэ киноны хүн юм. Түүний өвөрмөц дуу хоолой, нягт нямбай зан төрх, үнэнч шударга байдал нь хүндэлмээр бөгөөд кино үйлдвэр тарснаас хойш Телевизийн дуу оруулах группэд тасралтгүй он удаан жил ажилласан , мэргэжилдээ үнэнч, хариуцлагатай , сайн жүжигчин юм.

МУГЖ Шатарын Цэцэг 1975 онд Монгол киноны орчуулгын киноны жүжигчдийн эгнээнд орсон ч түүнээс өмнө 1971 онд “Өглөө” киноны Балбар вангийн бага хатны дүрийг ангийн найз Хүрлээтэйгээ хамтрагч болон тоглосон бөгөөд “Гарын таван хуруу” киноны Должингийн дүрийг онцгой сайн бүтээсэн бөгөөд хэд хэдэн кино найруулсан туршлагатай сайн найруулагч, жүжигчин багш хүн юм.

1976 онд Т.Карма миний бие оюутан байхдаа тайзны тулааны багш найруулагч Н.Нямдаваагийн ажил болох, хүүхэд залуусын сэдэвтэй “Би ийм хичээл заалгаагүй” гэдэг Орос уран сайхны кинонд ангийн хүүхдүүдийн хамт шалгаруулалтад орж, Мила гэдэг гол дүрд тэнцэж, дуу оруулсан цагаас эхлэн орчуулгын кинонд тууштай ажиллаж, олон сайхан дүрд дуу хоолойгоороо хувирсан нь миний насны амьдрал насны хоол, миний хамгийн дотно гэр бүл найз нөхөд тэдгээр ахмад уран бүтээлчид болон “Монгол кино”-ны нэг хэсэг болсон юм.

 

 

 

 

 

Дүрсгүй жаал 1977 ҮТА. КГЗДАБА. ОК№134. 7 бүлэг. Хар цагаан. 1977 он.

Орчуулсан-Т.Сарантуяа

Редактор-Б.Өсөхбаяр

Орчуулгын найруулагч-Х.Дамдин

Дууны оператор-Ө.Чойжилсүрэн

Монтажчин-Д.Цэвэлмаа

Зургийн дарга-Г.Баянмөнх

Дуу оруулсан-Ч.Жумдаан, Ш.Цэцэг, Т.Карма

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Монгол кино үйлдвэрт хөрвүүлэв. 1977 он.

Миний дараа жүжигчин Н.Батцэцэг , найруулагч Ж.Бунтарын “Эх бүрдийн домог” найруулагч Г.Жигжидсүрэнгийн “Суварган цэнхэр уулс” кинонуудад тоглоод МУИС-ийн орос хэлний анги төгссөн ч өөрийн сонирхлоор орж ирсэн.

 

 

 

 

Мөн Ховдын театраас Батнасан жүжигчин манай “Жүжиг анги”-д орж ирж байлаа. Ингээд удалгүй жүжигчин Н.Зориг, Л.Чаминчулуун, Ч.Хүрэл, драмын жүжигчин Гомбожав ах нар орж ирсэн ч, тэд амьдралыг тоглох биш , харуулдаг байсан. Хэзээ ч худлаа тоглолт хийдэггүй байсан..

Биднийг хянадаг 3 хүн байлаа. Найруулагч, дууны найруулагч, монтажчин,,,

АЖ Э.Оюун багш хааяа орчуулга хийж өгдөг байсан нь “Амьдрал нулимсанд дургүй” , Ийм нэгэн залуу” зэрэг кинонууд юм.

Мөн Чойжилын Чимид гуай амьдралынхаа төгсгөл хүртэл кино орчуулдаг байлаа. Бидний үед ажиллаж амьдарч байсан орчуулагч, авъяаслаг уран бүтээлчдийн хамтын хүчээр бидний ажил дахин давтагдашгүй бүтээл болж ард түмний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ.

“Жүжиг ангийнхан” гэдэг ховорхон авъяас заяасан, ажилч хөдөлмөрч хүмүүс байдаг.

Д.Чимид-Осор АЖ

Н.Сувд АЖ

Н.Дагийранз АЖ

У.Осор МУГЖ

М.Бадамгарав МУГЖ

Р.Дамдинбазар МУГЖ

Ц.Цэнд-Аюуш МУГЖ

Ш.Цэцэг МУГЖ

Т.Цэмпилмаа МУГЖ

Н.Батцэцэг МУГЖ

С.Сүхбаатар  СТА

Н.Нэргүйбаатар МУГЖ гээд олон алдартнууд бидний дундаас төрөн гарсан.

БЭЛТГЭСЭН:

МУГЖ   Төрмөнхийн Карма

УГЗ, найруулагч Б.Нагнайдорж

Н.Сугарсүрэн СТА, кино инженер

ҮТА.КГЗДАБАрхив, МКНэгтгэл ТӨУҮГ   2024 он

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close