“Монгол кино нэгтгэл”, “Соёл урлагийн газар”-ын хамтарсан бодлогын хэлэлцүүлгүүд өрнөж байна

2024-11-07

Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аян “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, боловсролын хөтөлбөр, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн 2000 орчим арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 500 орчим байгууллага, уран бүтээлчийн оролцоотойгоор 11 дүгээр сарын турш зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ сарын хугацаанд Монгол орон даяар музей, мэргэжлийн урлагийн байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төв, ордон нь үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, алдар суут хүмүүсээ сурталчлан алдаршуулах бөгөөд 21 аймаг, нийслэл, дүүрэг, сумдын соёл урлаг, спортын 454 байгууллага, 1600 орчим үйл ажиллагааг зохион байгуулах юм. Үүний хүрээнд Монгол кино нэгтгэл, Соёл урлагийн газартай хамтран “Соёлын өвийн эрх зүйн орчны шинэчлэл”, “Урлаг уран бүтээлийн хүний нөөцийг бэхжүүлэх нь”, “Бүх нийтийн соёлын боловсрол-Хүний хөгжилд”, “Спортын тогтвортой хөгжил нийгмийн нөлөөлөл” гэсэн сэдвүүдээр бодлогын хэлэлцүүлэг хийж контент бэлтгэж байна.

Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг эрх зүйн орчноор хэрхэн бүрдүүлэх, ямар шинэчлэл хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс бодлогын хүрээнд  ярилцах юм. Энэ мэтчилэн дээр дурдсан 4 сэдвийн хүрээнд олон талт уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close