“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ ТӨҮГ” ҮНДЭСНИЙ БАЯР ЦАГААН САРАА УГТАН АХМАД УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
- 2018 оны 02-р сарын 12 өдөр, 19 цаг 47 минутад нийтэлсэн
Үе үеийн дэлгэцийн бүтээлийн амьд бурхад болсон ахмад уран бүтээлчид Монгол Кино нэгтгэл хэмээх их айлаас төрөн гарсан байдаг. Тийм ч учраас тэднийг жил бүр үндэсний их баяр наадам, цагаан сарын өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил нийт 200 гаруй ахмад уран бүтээлчид ирж, хуучнаа дурсан нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Хүлээн авалтын үеэр Монгол Кино нэгтгэл ТӨҮГ-ын захирал Ж.Солонго өнгөрч буй жилийн ажлаа дүгнэн хэлэхдээ “Бид олон улсын кино наадамд амжилт дүүрэн оролцлоо. Франц улсад зохиогдсон олон улсын кино наадамд манай улс “Монгол хүү”, “Нүгэл буян” “Ламбугайн нулимс” зэрэг кинонуудаараа оролцож олон улсын үзэгчдэд хүргэлээ. Та бидний бүтээсэн киног үзэх үзэгчдийн суудлын тоо дүүрч бүр хажуугийн шатан дээр нь сууж үзэцгээсэн гэсэн мэдээ ирсэн үүнээс хархад бидний бүтээсэн бүтээл ямар шатанд явж байгаа нь харагдаж байгаа юмаа. Ирж буй жилд бид АУЗ , Төрийн соёрхолт Б.Догмидын бичсэн зохиолоор Дандар баатарын дурсгалд зориулсан киног бүтээх гэж төлөвлөж байгаагаа ахмадууддаа дуулгалаа.
Кино нэгтгэлээс төрөн гарсан бүтээл болгоны ард ажилладаг уран бүтээлчид болох зураглаач, монтажчин, гэрэлтүүлэгч, зохиолч, найруулагч, жүжигчин, тайз декорацийнхан гээд нийлмэл бүтээлийн эзэд цугларч амар мэндээ мэндэлцсэн, гайхалтай нэгэн үдэш байлаа.