Төрийн Соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Балжирын ДОГМИД

  • 2016 оны 05-р сарын 18 өдөр, 12 цаг 28 минутад нийтэлсэн

ТАЛЫН ЗАМ-505

Оршил

  Энэхүү тууж Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Туулайн талаас эхэлж, мөн их хол явалгүй тэндхийн Олдохын усан дээр очиж төгсөх боловч техник ховор үед улаан гараараа хоёр, гурван мянган км газар Төмөр утасны мод босгож, дэр модных нь оронд өөрсдийнхөө өвдөг, тохойг ивэхээс наахнуур төмөр зам тавьсан орос хүний мөс яс, орос гангийн чанарын тухай энд өгүүлэх болно.

    Дэлхийн II дайны өдрүүдэд Орос, Германы фронт дээр эх орныхоо төлөө эцсээ хүртэл тулалдаад адаг сүүлд нь Германд бууж өгсөн, дайсанд урвасан, Дээд командлалын шийдвэргүйгээр галын шугам, фронт орхиж ухарсан гэсэн үнэн, худал нь үл мэдэгдэх дэл сул хаяг хүзүүнд нь зүүсэн орос цэргүүд /торгуулын сумангийнхан/ 1946 оны эхээр Монголд орж ирсэн гэдэг юм. Дайны дараах их бүтээн байгуулалтад туслах, хамгийн гол нь Монголын хойд хилээс өмнөд хил хүртэл 1110 км төмөр зам тавихаар орж ирсэн 80.000 гаруй ялтан цэргүүд 200 гаруй сум, суурин газруудыг аймгийн төвтэй холбон төмөр утасны мод босгож, Дорноговийн Зүүнбаянгийн Нефть үйлдвэр, Цэнхэрмандал, Адуунчулуун, Түмэнцогт, Бэрхийн уурхай тэргүүтэй 20 гаруй ил уурхайг ашиглалтанд оруулсан түүхтэй. Мөн монголчуудыг өнгөний өвчин, яр тэмбүүнээс нь салгахын тулд Зөвлөлтийн 2500-аад хүнтэй, хоёр удаагийн амбультори бүхий тусгай багаж, тоноглолтой машинтай 35 экспедици ирж “бихноль” буюу монголчуудын ярьдгаар улаан тариагаар бүх нийтийг эрүүлжүүлжээ.

     Газар мэдэхгүй хүн Туулайн талаас Олдохын усыг олно гэдэг оньсого таахаас ч хэцүү. Оросын тэрс үзэлтэн Нобелийн шагналт зохиолч Солженицин нэгэн тэмдэглэлдээ: “Намайг Монголд байхад” гэж санаандгүй ам алдсан ганц өгүүлбэр байдаг юм гэсэн. 505-ын хоригдлууд дунд Зөвлөлт Социолист Холбоот Улсын баатар хүн ч ялтан болчихсон явж байсан гэлцдэг. Хожим юм мэддэг хуучны хүмүүсийн ярихыг сонсвол эмэгтэйчүүдийн батальонд холбоочин, эмч сувилагч нар, саперчид, сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцны нисгэгчид гээд олон ажил мэргэжлийн офицер голдуу хүүхнүүд байсан юм билээ. Наяад мянган хүнээс арваад мянга нь Монголын газар шороонд ясаа тавьсан гунигт түүхийг тухайн үеийн НАХ-ын хүний амнаас би өөрөө чихээрээ сонссон. Зүүнбаянгийн Цагаантээг гэдэг газар 1950-иад онд бослого гаргаад пулёматаар шүршүүлсэн орос цэргүүдийн оршуулга гэж нэр ус, он сар, загалмай ч үгүй 100 гаруй намхан модон шон босгосон байхыг бас үзсэн. Зүүнбаянгийн төвд ялтангуудыг хорьж байсан газар землянкууд, нутгийнханы ярьдгаар Гуравдугаар колон буюу СМК-гийн барилгуудыг буулгахад шалан доороос нь лац ломботой олон шил архи гарсны зарим хоосон лонхон дотор нь дүүрэн хар хорхой ороод үхсэн байсныг би мэдэх юм. Анх тэр хорих лагеруудын байрыг барихад л хэдэн сэргэлэн эр хожим уухаар шалан дор нь баахан архи нуугаад ийш тийшээ шилжиж, ачуулсан ч юмуу авч чадалгүй ийнхүү мартагдсан байх гэж хүмүүс ярьдаг юм. 505 дугаар армийнхныг өнөөдөр сайнаар байтугай муугаар дурсах хүн ховорджээ. Их Зөвлөлт гүрний төрийн ой тогтоомж ч сая хүнтэй генерал Власовын армийн алдар гавъяаг мартаж, тэр халуун эх орончдыг эдүгээ хүртэл цайруулж, цагаатгасангүй. Гэвч бурангуй харанхуй түүхийн нугачаанд хэлмэгдсэн тэдгээр залуусыг үр хүүхэд, ач гуч, нутаг усныхан нь, агуу их Оросын ард түмэн яахан тийм амар мартахсан билээ.

    Зөвлөлт Холбоот Улсын баатар, генерал Власавчуудын нэрийг цагийн салхин арчиж үл чадму.

Нүгэлт хорвоогийн бөөрөнхий чулуунд бүдэрсэн хүний үрийн

Нүдний нулимсыг арчиж өгсүгэйхэмээн энэхүү туужийг чадан ядан тэрлэв.

 

Энэхүү  туужаар Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Кино найруулагч               Жамбын Солонго Орос улсын уран бүтээлчидтэй хамтран бүрэн хэмжээний уран сайхны түүхэн кино бүтээхээр гурван жилийн өмнөөс зураг авалтаа эхлээд далаад хувьтай явж байгаа бөгөөд эрхэм мэргэн үзэгч, уншигч та бүхэнд киноны кадруудаас сонирхуулах зорилгоор цөөн зургийг энэ удаа орууллаа.                                                                                                                                    / Зохиогч /

 

Ганцхан шөнийн дотор Олдохын тал орос цэргээр дүүрч, энд тэндгүй палатка, майхан хэдэн арваараа босч, машин тэрэг өдөр шөнөгүй дүнгэнэн, мал билчих газаргүй шахам болов.

Сумын зарлага Осор гуай манайд давхин ирж:

– За нөхөд минь сонор сэрэмжтэй байхгүй бол хэдэн малаасаа сална гэж мэдээрэй. Тэр гайхалууд чинь цэрэг биш, эх орноосоо урваж, Гитлерын Германд гар өргөн бууж өгсөн ялтангууд гэнэ. Хурга, тугалыг ердөө амьдаар нь шараад идчихдэг араатнууд гэж сонслоо. Орос орныг өлсгөлөн нөмөрч, хот, төв суурин газруудын хүмүүс нохой, муураа хүртэл идээд дуусчихсан сурагтай гэж ярив. Тэр өдрөөс хойш адуу, мал байтугай нуурын шувууд хүртэл оросуудын буун дуунаас дайжин амар амгалан газар өөд дүрвэн оджээ. Манайхны хот айлтай саахалт буусан эмэгтэйчүүдийн батальоны охид хүүхнүүд нүх ухан төмөр утасны мод босгож эхлэв. Зуны дунд сарын жин үдийн халуун наран дор амаан зайлж, голоон дэвтээх балга ч усгүй тэр хүмүүс хоёр гараа цэврүүтэж, цэрэг ногоон цамцаа хөлсөнд нэвтэртэл төмөр утасны модны нүх ухацгаана. Үүнийг харсан ижий минь домбо саванд цийдэм хийж хүүхдүүд биднээр тэр хүмүүст хүргэж өг хэмээн явуулна.

Талаар нэг тарсан тэр олон хүүхнүүдэд ганц хоёр данх ус юу болох вэ, цамцных нь цаагуур наагуур орсон нь мэдэгдэхгүй сураггүй алга болно. Тэгээд арга ядахдаа Хадандэмбээ бид хоёр өглөө хонион туун тэр ядарч цангасан хоригдлууд уруу очдог боллоо. Хоригдол хүүхнүүд нэг нэг ямаа барин авч цэрэг котелондоо саан сүүг нь түүхийгээр нь уугаад бидэн хоёрт талархан эрхий хуруугаа гозойлгон инээмсэглэнэ.

Зарим нь хонины хөндийрсөн зунгагтай ноос зулгаан авч ороолтгүй явсанаас гуталдаа холгон улаан нялга болсон хөлөө орооно. Мөрдэсгүй цэрэг ногоон өмд цамцтай, үс гэзгээ хяргуулсан тэдгээр охид, бүсгүйчүүд эдүгээ эргэн санахад хүний данснаас хасагдсан торгуулын сумангийнхан байжээ.

Хадандэмбээ бид хоёр хэл ам мэдэхгүй ч гэсэн хамар дээгүүрээ ов товхон цоохор сэвхтэй Елена гэдэг охинтой эхлээд танилцсан юм. Зургаа, долоохон настай бид хоёр дэлэн сайтай, сүүтэй ямааныхаа ишгийг хөхүүлэлгүй барьж уяж байгаад танил охид, хүүхнүүддээ саалгаж бүлээн сүү уулгадаг байлаа. Ижий маань:

– Та хоёр хийх ажилгүй, ингэж нохойн гөлөг шиг дэмий ноцолдож байхын оронд цаад охидуудаараа ганц хоёр ч гэсэн орос үг заалгаж сурч ав, хожим хэрэг болно гэдэгсэн. Хоёр гурван сарын дараа бид хоёр хорь гучин орос үгтэй болж, төмөр утасны хүүхнүүдтэй нийлж мохоор тамхи татдаг болов. Бид хоёр өглөөний эргүүл явж өнгөрсний дараа зам уруу хонио тууж очино. Өглөөний эргүүл гэдэг нь бүхээггүй задгай “Жаран долоо” машин хөлөглөсөн цэргийн дарга нар. Тэд нар их ганган. Парадны алтан мөрдөстэй, олон одон медальтай дарга цамцан дээрээ офицер сэлэм, гар буу, цүнх зүүж машин унаж яваа хэрнээ морин цэргийн никль шофор буюу давриул хороомон гуталдаа хийсэн байх жишээтэй. Тэр дарга нар дургүй нь хүрвэл хоригдол хүүхнүүдийг суран бүсээр гувруу үсэртэл ороолгох нь юу ч биш. Ялангуяа ямаа сааж сүү уусныг мэдвэл алахаас буцахгүй догшин ааштай халамцуу согтуу явдаг хүмүүс. Олдохын тал хааш хаашаагаа хэдэн өртөө тул явган нүцгэн хүн байтугай унаа морь муутай эрлийн хүн цангаж үхэх газар. Олдохын талын гүн рүү лавхан орсон адуу, мал олдоноо гэж байхгүй зээр, зэрэглээ хоёрт уусан алга болно. Елена гар дээрээ шивсэн нисэх онгоцны зургийг зааж өөрийгөө түүний жолооч явсан мэтээр нисэгчийг дүрслэн үзүүлнэ. Өдөр манайхныг малдаа явсан хойгуур манай ажаагийн шинэ танил машинтай орос дарга Иванов найз нартайгаа ирж надаар илүү гэрээс нэрмэлийн архи зөөлгөн ууж, халж согтохоороо хуур хөрөөдөн дуулалдана. Тэгсэнээ гар буугаа сумлан өөр хоорондоо мөнгөөр мөрийцөн онгорхой үүдээр бай буудна. Гэвч тэд хэдий согтлоо ч бага хүүхдүүдэд сумтай буугаа хамаагүй бариулахгүйгээ бас мэднэ. Халхын голын дайны үед орос даргын морин жолооч хийж явсан манай нутгийн Чойжамц гэдэг өвгөний ярьсанаар Дэмбээ бид хоёрын найз Казанцов тэргүүтэй орос дарга нар ялсан цэргийн сүр хүчийг эх орноосоо урвасан гэгдэх хоригдлуудад байнга үзүүлж, тэднийг харгис хэрцгий хатуу чангаар шийтгэн бах таваа хангадаг байжээ. Хүүхдийг нь зулбуулахын тулд нэгэн жирэмсэн эмэгтэйг модны тайрдас дээрээс арав хорин удаа үсэрч буулган тамлаж байхыг үзсэн Ар халхын цуутай эр Дорноговийн Айраг сумын харъяат Бурамын Сэд мөнөөх офицерыг цохин унагаж бууг нь булаан авахыг төмөр замын олон монгол ажилчид харжээ. Туулайн талд байрласан 505-ийн цэргийн ангид Улаанбаатараас нэгэн цахилгаан утас ирсэн нь Төв штабын дэд дарга хурандаа Сергей тусгай ажлаар очих болсоныг мэдэгджээ. Хурандааг ирэх сургаар хээрийн ангиуд түргэн авч, онц байдал зарлав. Ангийн дарга ахмад, ерөнхий штабын шалгалтад гайгүй үнэлэлт авахын тулд хурандаагийн буух буудал, суух сандал, унтах ор, уух архи, таалагдах хүүхнийг хүртэл бэлэн болгох үүргийг доод хүмүүстэй өгөв. Тэгээд оройн нарнаар эмэгтэйчүүдийн батальоны 200–аад хүүхнийг нүцгэлэн гал командын машины даралттай усаар шүршин дотуур шинэ цагаан өмд, цамц тавьж өглөө. Маргааш өглөө нь хурандаа Сергей Сергеевич АН-2 хэмээх давхар далавчтай ногоон онгоцоор залран ирж Туулайн талд газардав.  Хурандааг онгоцноос буухад хүндэт харуул жагсаж, ангийн дарга рапорт өглөө. Сергей Сергеевич ирсэн даруйдаа аяганы амсар ч зуулгүйгээр шууд ажилдаа орж харанхуй бүрэнхий болохоос урьтаж газар орны байдал, цэргүүд хийгээд хоригдлуудын ажил амьдралтай танилцан нийт бие бүрэлдэхүүний өмнө гарч үг хэллээ.

– … Манай эх оронд фашистууд дайран орж ирсэн тэр хүнд хар өдрүүдэд хамгийн түрүүн хэн гар сунган тусалсан бэ гэвэл энэ талын малчин монголчууд. Тийм ч учраас бид дэлхийн хөгжлөөс хоцрогдсон энэ ядарсан ард түмэнд туслах ёстой. Та нар аливаа их бага ажлыг үнэн сэтгэлээсээ чанартай хийх нь хамгаас чухал. Яагаад гэвэл та бүхний тавьж байгаа энэ төмөр зам, утсан холбоо, барьж босгож буй уурхай, үйлдвэр хэзээ нэгэн өдөр манай цэрэг стратегийн бааз суурь болох учраас тэр. Дорно дахинд дайны голомт, үнс нурам унтраагүй одоо хүртэл утаа уугисан хэвээрээ байна. Тэр дутуу унтарсан гал цог харийн хар салхинд хэзээ ч дүрсхийн асахад бэлэн байгааг мартаж болохгүй. Хурандаа нэг эгнээ жагссан хоригдол бүсгүйчүүдийн өмнүүр их л анхаарал тавьсан янзтай аажуухан алхаж ажил амьдрал ямар байгаа болон ямар хоол идэж байгааг хүртэл сонирхох зуураа цэрэг, ялтан ялгаагүй адилхан орос хүмүүс учраас хүний газар бие биедээ түшиг болж явахыг захилаа. Хурандаа бараа бологчдынхоо  хамтаар хүн бүрийн нүүр царайг ажиглан цагаан бээлийтэй гартаа ёслолын таяг барин алхахдаа ганц нэг хүнээс дайны өмнө ямар алба хашиж байсныг болон ямар сургууль төгссөн, ямар цолтой байсан зэргийг сонирхон асууж байлаа.  Өчигдөр үдэш даралттай усаар шүршүүлсэн хоригдол хүүхнүүдэд нэг нэг эрээн плаж, тупль тавин өгч хурандаад зориулсан үдэшлэгийг баянхуур, гармуушик хөгжмийн аялгуугаар эхлүүлэв. Чийдэнгийн гэрэлд гадаах цардмал талбай дээр хормой дэрвүүлэн бүжиглэх охид, бүсгүйчүүд нэгээхэн хоромд ч гэсэн зовлонгоо түр мартагнан залуу насны романтик сэтгэлгээгээр эрх чөлөөт амьдралд эргэн ирсэн мэт нүд нүүрэнд нь инээмсэглэл гэрэлтэн байлаа. Зарим нь бүүр суллагдах тогтоолоо аваад халаасандаа хийчихсэн юм шиг баяр хөөрөө багтааж ядан частушка бүжиглэн амьтан хүний нүдийг бүлтийлгэлээ. Хурандаа Сергей олон залуу сайхан бүсгүйчүүд дотроос өдөр жагсаалын өмнүүр явахдаа олж харсан нэр үл мэдэх нэгэн царайлаг бүсгүйг урин бүжиглэлээ. Говь нутгийн халуун нар, хүнд ажилд зүс царай нь гандаж гундсан ч нүднийх нь гал дөл бөхөөгүй нас бие гүйцэж, намрын улаалзгана адил боловсорсон тэр бүсгүйн хөл доор олон эрчүүдийн өлөн харц газар асгасан самрын яс адил хага хага гишгүүлж байлаа. Сайхан бүсгүй гэдэг сайхнаараа л дуусдаг хорвоо ажээ. Үс гэзгийг нь хусч, хүнд ажилд цаг наргүй илжиг шиг зүтгүүлж байхад гундаа нь үгүй ихэс дээдсийн шилтгээнд ч тэр бүр элбэг үзэгддэггүй ийм гоё бүсгүйг бүдүүлэг харанхуй Монголын энэ хээр талд, энэ олон араатан шиг согтуу офицеруудын дунд ганцааранг нь хаячихаад буцна гэж бодохоос хайран санагдана. Хурандаа мөнөөх хоригдол бүсгүй хоёр шинэхэн загас, морь сарлаг архи ууцгаан хоёр биенийхээ тамирыг тасартал хорвоогийн жаргалыг эдлэв. Хатуу архины ааг, залуу бүсгүйн хуял тачаалын гал дөлөнд мансуурсан хурандаа:

  • Би чамайг энэ хар дарсан зүүд шиг харанхуй бүрэнхий тамаас чинь салгана. Хот руу татаж авна. Чи бол дайсанд урваагүй, Германд бууж өгөөгүй, эх орныхоо өмнө ямар ч нүгэл хийгээгүй анхны хайр шиг, анхны цас шиг цав цагаан, цэвэр ариун бүсгүй гэхэд Елена:
  • Хурандаа танд их баярлалаа. Би таны төлөө амиа ч хайрлахгүй. Над шиг муу хоригдол хүүхэн таньтай өнгөрөөсөн энэ амттай, аз жаргалтай ганц шөнийн төлөөсөнд маргааш өглөө буудуулахад ч харамсах юм алга.

Хурандаа хүүхнийг тэвэрч өөдөөсөө татан үнссэнээ:

  • Хойшид чи надтай хамт биш ч гэсэн миний нөмөр дор анир чимээгүй аж төрөх болно. Гэхдээ чи сайн цагийг иртэл энд ганц хоёр сар байхаас өөр арга байхгүй. Би удахгүй өөрийн биеэр ирж чамайг авна гэж ам алджээ.

Маргааш өглөө нь хурандаа онгоцонд суухынхаа өмнө ангийн дарга ахмадад хандан:

– Би чамд баярлалаа  чи удахгүй хошууч болно. Харин Еленаг хэнд ч өгч болохгүй шүү. Тэр миний хүүхдийг төрүүлэх ёстой бүсгүй шүү. Оргосон хоригдлуудыг даруй олохгүй бол толгойг чинь цусдана гэж мэдээрэй. Зөвхөн чиний толгойг бус бид бүгдийн толгойг… Учир юун гэвэл тэр новшнууд эх нутаг, Орос орон өөдөө биш Атман Семеновын мөрөөр Алс дорнод руу Хайлаар, Манжуур руу хаант засгийн газрын үеийн цагаачид руу явж байгаа гэдгийг санагтун. “Манжуурын мэдээ” сонинд манийхаа тухай, Монголын аглаг хээр талд оросууд хоригдлуудыг яаж яргалж, хүний эрхийг ертөнцөд байхгүйгээр хэрхэн аймшигтай зөрчиж байгаа тухай бичээд гаргачиж чадах л хүмүүс. Тэгвэл дэлхий даяар бөөн шуугиан дэгдэнэ. Елена зөвхөн Сергейнх гэдгийг мартав.

Элс хайрга хийсгэн хаазлаж байсан онгоц гэнэт ухасхийн дэгдэн гүйсээр газраас тасран хөөрөхийг угаалгын газар мод хөрөөдөж зогссон Елена харцаараа үдэн харсаар хоцров.

  • Елена чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна. Сайхан төрнө гэдэг заяаных ч, сайн явна гэдэг санааных биш. Чи ч азтай бүсгүй юмаа төвөөс ирсэн хурандаатай энгэр зөрүүлж ор хөнжлийн жаргал эдлэнэ гэдэг бага юм биш. Тэр том хүнд таалагдсан чам шиг царайлаг сайхан хүүхэн эрт орой нэгэн өдөр энэ тамын тогооноос гарах л болно гэж найз бүсгүй нь атаархангүй өгүүлэхэд Елена:
  • Хурандаагийн бэлэг хэмээн халааснаасаа шоколад гаргаж өглөө.
  • Дайн эхэлсэнээс хойш ийм тансаг амттаны барааг харсангүй. Сохор зоосны үнэгүй хоригдол болсон хойноо арван хэдэн жилийн дараа чиний буянаар шоколад амсдаг байжээ.
  • Наад дэмий дэл сул үгээ амандах чихэртэйгээ хамт залгичихаарай. Цэргийн нууц задруулж эрхэм дээд хурандааг хоригдол ялтан хүүхэнтэй холбон гутаасан элдэв яриа гарвал чи бид хоёр амьд үлдэхгүй гэж мэдээрэй. Чи наад даравгар амаа хамхиж явсан чинь дээр байх шүү.

*                                *                                    *

Биднийг бага байхад манай хөдөө нутагт улаан тарианы хүүхнүүд гэж нэг их жаргалтай гоё ганган “амьтад” байлаа. Дэлийг нь засч шивхрээсэн агсам сэргэлэн морь унаж, торго дурдан дээл өмсөн үсэндээ сам зүү хатгасан тэр шаавай дэгжин бүсгүйчүүд үүр цүүрээр манай хаяагаар салхи татуулан дуулалдан давхиж өнгөрөх нь харууштай сайхан. Торгон савхин гутал ган дөрөөнд өшиглөж, хүзүүгээрээ гангалан зангидсан эрээн пансан алчуураа морины салхинд хийсгэн давхилдах нутгийн сайхан эгч нар:

Сарьдаг өндрийн өврөөр

Сайхан яргуй цэнхэртэнэ

Саахалт айлын хоньд нь

Сархиагаа дагаад идээшилнэ хэмээн яг л найр наадамд яваа мэт хоолой нийлүүлэн дуулалдах нь үзэж харах юм ховортой хөдөөний хүүхдүүд хойноос нь дагаад гүймээр. Долоохон настай миний бие балчирхан ухаандаа улаан тарианы хүүхнүүдийг яагаад ч юм хамгийн аз жаргалтай, залуучуудын эвлэлийн гишүүн адил “хувьсгалч” хүмүүс гэж боддог байлаа.

Улаан тарианы албанд манай нутгийн хүүхнүүдийн сор болсон хамгийн царайлаг сайхан бүсгүйчүүл цөмөөрөө явцгаах тул хөдөөний хүүхдүүд бид улаан тариа гэдгийг аймгийн улаан гэр мэттэй зүйрлэн дуу хууртай холбон төсөөлөн боддог байсан биз ээ. Өглөө бүр манай гадуур дуулалдан одох тэр хүүхнүүдийн хойноос харан тамхи нэрж суусан өвөг эцэг маань нэг өдөр:

– Найр наадамд яваа юм шиг дуулалддаг нь ч юу ч вэ. Бодох, санах юмгүй арилсан дотортой улс гэж эднийг л хэлдэг байх, хайран ч морьд гэж халаглан өгүүлж билээ.  Би муу Дэнсмаа эгч наадам ч үзэж чадахгүй оровч гаравч хэдэн халтар хүүхэдтэйгээ зууралдан цагийн цагт л сүү сааль, гал тогоо гэсээр яваад хөгшрөх нь гэж харамсан бодсоноо,

– Манай айлын Дэнсмаа эгч яагаад улаан тарианы албанд явдаггүй юм бэ? гэвэл

– Дэнсмаа яалаа гэж явах вэ. Тэр чинь журамтай бүсгүй. Дэнсмаа шиг ариун гэгээн хүн манай нутагт хаана байна. Гарынх нь цай, идээний сайхныг яана. Аргагүй л буянтай хүний шинжтэй хүүхэн. Гэтэл энэ хэдэн яатуунуудыг хар. Намрын хайлган цагаар унасан морио ч хайрлахгүй тас шавхуурдаад уралдаж явах юм. Улаан тариа гэж сайн ч юм биш дээ. Ийм завхай зайдан улс яаж эцэг, эх болно доо гэж хэлээд санаашрангуй шүүрс алдав.

Оройн сааль эхлэхийн алдад цай холдож, морины явдалд аяншиж ядарсан улаан тарианы хүүхнүүд манайд унд уухаар иржээ. Тэдний хоёр, гурав нь морины давхианд тариа “хөөрөв” хэмээн янгуучлан нэг нэг ор тэврэн доошоо харан сунан унаад, хуянгаа дүү бид хоёроор нухуулан ёолж, ёхлон янгуучлана.

Сэржмаа хэмээх аманцар залуухан шар хүүхэн том алтан ээмгээ санжигнуулан аальгүйтэж,

– Сумын дарга гэж нэг хачин амьтан эхнэрийнхээ бөгсийг маллаж чадахгүй хэрнээ бас мань мэтийг номхчилох санаатай. Ихээхэн дургүй хүргээд байвал эрх муужгай шиг өвдгийг нь шөргөөн эрхэлж байгаад “торгон өмд” өмсгөчихье байз гэж хэлснээ аальгүйтэн тас тас хөхрөв.

– Галзуу золиг! Чи битгий хүүхдийн чихэнд үс ургамаар балай юм чалчаад бай гэж ээжийг хэлэхэд Сэржмаа эгч зууван алаг нүдээ сүүмийлгэн над руу харж:

– Эхийнхээ мээмнээс гараагүй нялх амьтан миний үгний учрыг яаж ухаарах юм бэ? Энэ жаахан хорвоо дээр энэ цөөхөн насанд биендээ ахадмаар их юм үздэг бололтой. Миний цус хоёр хэрээстэй гарсан. Энэ намар дээлээ гандтал тарианд давхина биз. Сайн ч муу ч эртхэн нэг нөхөршүү юм олж аваад энэ Дэнсмаа шиг гэртээ бүгэхээс “Сайхан бүсгүй жаргадаггүй” гэж үнэн юм. Танай айлын Дэнсмаа шиг царай муутай төрсөнсөн бол юу гэж ингэж амьтны нүдний хор унагаж, түмэнд шившгээ хутгахсан билээ. Дэнсмаа шг хормойгоо чирсэн хүүхнийг Шараваас өөр нөхөр, ханиаднаас өөр өвчин тоохгүй амар юм гэж хэлээд босч бүс хормойгоо засаад толь гарган зүс царай, үс гэзгээ хэдэнтээ тольдон эргэлдэв.

Ундаасч цангасан хүүхнүүд цай ууцгаан ам халцгааж, мөрөн дээрээ тохсон том том эрээн алчуурынхаа сэжүүрээр хөлсөө арчив.

– Энэ муусайн асман эрчүүд хүнийг ямар хайрлах биш. Маргааш гэж байхгүй юм шиг, дахин нар мандаж өглөө болохгүй юм шиг, шөнө ор дэрэндээ орсон хойноо юу ч гэж толгой эргүүлж чадах амьтан. Хохь нь дээ, хохь нь. Хуурамч, худалчийг нь мэдсээр байж хөөгөөд явуулчихаж чаддаггүй нь бидний л тэвчээргүйнх гэж хэнд ч юм бэ бухимдан өгүүлэв.

– Муу нөхрөөс сайн үхэр дээр. Үхрийг бол таргалуулж байгаад өвөл алаад идчихнэ. Муу нөхрийг бол хаашаа далдруулах юм бэ? Нэг насаараа зууралдаад үзсэн ч юм үгүй, идсэн ч юм үгүй хорвоог барах шиг гунигтай юм хаа байна.

– Бид нар ч нэг, нэг хар юмтай тоонотой гэрт толгой, торгон хөнжилд бие сэтгэлээ холбосны шагналд улаан тарианы албанд хөөгдөж амьтны нүдний булай болж явна. Цэрэн минь чамд захихад хөгшин ч бай залуу ч бай, лам ч бай хар ч бай нэг эр сүвтэй юмтай суувал яр тэмбүүгүй л амьтантай нийлээрэй дээ.

– Эх нь царай муутай хэрнээ Дэнсмаагаас гарсан хүүхдүүдийн хөөрхнийг яана. Аргагүй л үрийн заяатай хүн юм. Бага хүүхдийг нь үрчилж авъя гэвэл яадаг бол гэж айлын эгчийг хэлэхэд ижий ам нээж:

– Дэнсмаа хүүхдээ хүнд өгөхгүй ээ. Цаадах чинь арван хүүхэдтэй болно гэж ярьдаг юм гэхэд Сэржмаа зууван алаг нүдээ тоглуулан инээмсэглэж:

– Очиж очиж арван хүүхэдтэй болдог нь ч юу вэ? Санахаас бие шархиран өвдөх шиг болж байна. Тэгж хүүхэд, нохойн тоглоом болсноос ганцаараа гунхаж яваад гандсан маань хамаагүй дээр гэж өгүүлснээ гэрээс гарлаа.

Уяан дээр хөлс нь мулцагласан эмээлтэй морьд нүдээ анилдуулан зогсоогоороо зүүрмэглэнэ. Хүүхнүүдээс эм тариа, морины хөлс, сүрчиг ханхална. Сэржмаа эгч мөнгөн эмээлтэй зээрэн шарга мориныхоо цулбуурыг халамцуу хүн шиг шувт татан тайлаад, эргэцээн дунд салхи татуулан мордтол морь нь гэнэт огло үсрэн булгив. Тэр дөрөөн дээрээ өндийж, морио хэд ороолгож цанхыг нь гаргаад:

– Би омголон морь унах дуртай. Догшин морь, агсам хархүү хоёрт би хэзээнээсээ хайртай гэж хэлснээ мөрөө чичиргэн хөхөрлөө. Айлын эгч бахархангуй боловч гунигтай дуугаар:

– Гайхуулж явсан залуу нас гэдэг ганхцан өдөр л хүнийг орхидог юм гэнэ лээ. Сэржмаа минь, чи хэзээ томоожих хүн бэ гэлээ.

Нарны алтан хумхи, морьдын хөлс тоос, сүрчиг усны анхилуун үнэр ханхлуулан одох улаан тарианы хүүхнүүдийг харахад хурдхан том эр болж цэрэгт мордохсон, хонь адууны бэлчээрээс гарч, холын хол одох юмсан хэмээн бодогдох сацуу гэрийн сүүдэрт хамар дээрээ ялаа бүчүүлэн унтаж буй нохойд уур хүрч билээ.

*                                *                                    *

Сумын конторын гадаа модон индэр дээрээс сумын дарга илтгэж байна. Түүний хажуугийн хурлын тэргүүлэгчдийн ширээнд төмөр замын ангийн орос, монгол дарга нар аймгийн хэлтсийн төлөөлөгч тэргүүтэй тав зургаан хүн суужээ.

  • Манай аймаг, манай суманд төмөр зам, төмөр утасны мод тавихаар Зөвлөлийн засагт, Нийгэм журамт бүгд найрамдах холбоот улсын 505 дугаар армийн ангиуд нүүж ирээд байна. Тийм учраас нутгийн иргэд бид энэ хүмүүсийн ажлыг бага гэлтгүй дэмжиж, газар нутгаа чөлөөлж өгөхөөс эхлээд, идэр залуучууд төмөр замд ажилчнаар элсэж “ах нараар” ажил заалган мэргэжил эзэмших хэрэгтэй.

Зарим ухвар мөчид хүмүүс газар шороогоо ухуулж төмөр зам тавиулахгүй гэж лам нараар нууцаар ном гүрэм уншуулж, олон түмний сэтгэл санааг энэ хүмүүсийн эсрэг сөргүүлэн үймүүлэхийг оролдсон байна. Төрийн эсрэг ухуулга хийсэн ийм эсэргүүнүүдийг дахин толгойгоо өндийлгөвөөс зөвлөлтийн хувьсгалт улаан цэргийн 505 дугаар армийн хээрийн шүүхээр шийтгүүлж, байлдааны цагийн хуулиар буудан хороохыг мэдэгдье. Хуран цугларсан олны дотроос нэгэн хөдөөх ард гар өргөн босч “Надад болох уу” хэмээн зөвшөөрөл эрснээ,

-Төмөр зам тавихыг миний бие, эхнэр хүүхдийн хамт зөвшөөрч байна. Гэхдээ нэг багахан хүсэлт хэлэх гэсэн юм аа. Юу гэвээс тэр төмөр замыг манай ч юмуу хэний ч юм айлын өвөлжөө, хаваржааг дайруулан тавьж өгвөл их сайн байна. Энэ үгийг хэлмэрч, орос даргад орчуулан хэлвэл тэрээр инээмсэглэж:

– Төмөр зам тавина гэдэг нүсэр том бүтээн байгуулалт. Тусгай зураг, маршрутаар явдаг учраас хэн нэгэн хүний захиалгаар ийш тийшээ салаалах боломжгүй гэв.

– Хотоос манай аймгийг хүртэл хорь гучин өртөө газар дэвсэх тэр их гөлмөн төмрөөсөө ганц хоёр зуухны төмөр мань мэтэд өгөх арга байдаг болов уу гэж бас нэг өвгөн орос даргаас асуулаа.

– Төмөр замыг гөлмөн төмөр дэвсэж тавьдаггүй юм. Хоёр нарийхан  ган рейлс дээр хоёр гурван зуун дугуйтай, шил цонх нь гялалзсан олон жууз тэрэг, чингэлгүүдийг ганцхан толгой чирээд л морьтой хүнээс дутахааргүй хурдан давхидаг юм. Удахгүй галт тэрэг дүүрэн бараа ачаад ган замаар хурдлан давхих өдөр ирнээ. Та бүхний үр хүүхэд, ач гуч нар орчин үеийн тэр хурдан унаанд суугаад сургууль соёлын мөр хөөж, гадаад орныг зорин одох цаг ойрхон ирсэн гэхэд хоорондоо хөөрөг зөрүүлэн энэ тэрхнийг ярьж суусан хоёр өвгөн:

– Галт тэрэг гэдэг тэнхээтэй амьтан байх нь тийм их ачаа араасаа чирч яваа юм чинь ус, тос хоёрыг ёстой мангас шиг зооглодог байлгүй.

– Ус тосоор ч тогтохгүй мод нүүрс хоёрыг бас чамлахааргүй цохино шүү дээ.

– Бух тэрэг гуай чинь хэдэн үхэр тэрэгний ачаа даадаг юм бол доо хөөрхий.

– Юу шалих вэ, гуч дөчөөдхөн мянган үхэр тэрэгний ачааг нэг амиар өлхөн чирээд ирэх төдийхөн чадалтай амьтан.

– Хош гэм. Чи битгий тоглоом тохуу хийгээд бай. Тийм олон амьтны ачаа даадаг галт тэрэг гэж юу байсан юм бэ.

– Их багш Сталин тэр Гийтлаараас дайны төлбөрт овоо хэдэн цөлхөөв авсан биз.

– Аль эрт мажийсан гитлер та хоёроос юуных нь мөнгө цаас авдаг юм бэ. Харин дайны олз алт, мөнгө, авгай хүүхнүүд, адуу мал гээд багагүй юм салгаа байлгүй хэмээн хоёр өвгөн яриагаа өндөрлөлөө.

Хоёр орос офицер төмөр замын тэргэнцэр дээр суун хүнээр түрүүлэн зугаацах зуураа төмөр замын далангийн хажуугаар гүйх ялтангуудыг командлан шүгэл үлээнэ.

Та нар баруун фронт дээр манай олон вагоныг дэлбэлж, олон хүний амь нас хөнөөснийхөө нүглийг одоо хөлс, цусаараа төлөх цаг чинь ирсэн. Энэ ялыг бид биш бурхан та нарт оноосон учраас өнөөдөр хэн ч ус ууж, улаан голоо дэвтээх эрх байхгүй шүү гэж хашгирна. Цэрэг ногоон өмд цамц, бакаал гутлаас өөр хувцасгүй бүсгүйчүүд хоёр хоёроороо төмөр утасны модны нүх ухаж, хөвчөөс авчирсан навч шилмүүстэйгээ гуалинг цагаалж, дэгээ лонх угсарч, утас татах ажил хийнэ. Босоо хүн далдармаар гүн ухсан нүхний шороог гаргах боломжгүй учраас нэг талыг нь сэтлэн ёроолыг нь хүртэл шатлан ухна. Дэмбээ бид хоёр хааяа тэдэн дээр очиж, нүхнийх нь шороог хувингаар хутган авч өгнө. Хонь холбон сааж байсан айл саахалтын авгай хүүхнүүд хэдэн саахалтын тэртээд ажил хийж буй орос бүсгүйчүүлийн зүг саравчлан харж:

– Холбоо цувахаар хонио туугаад тэр орос хүүхнүүд дээр очицгоо. Ямаа сааж, халуун сүү ууцгааг. Хөөрхий энэ орос охидууд ингэж үс гэзгээ унатал зовж зүдэрч ч явах гэж дээ. Аль насандаа ямар гээч алдас нүгэл хийсэн улс юм бол доо. Дайны гал утаан дундаас арай чүү азаар амьд мэнд гарсан ч ясаа амраах заяагүй үйлтэй амьтад юм байлгүй дээ.

Дэмбээ бид хоёр хонио туун очиж, орос хүүхнүүд ямаатай хөөцөлдөн байж сүү ууцгаагаад түр амсхийн сууцгаана. Яг энэ үед алсад шилэн фордны толь шил наранд гялалзан гарч ирэх бөгөөд Дэмбээ бид хоёр хонио туун зугтаана. Хоригдлууд тус тусын ажилдаа орох үед бүхээг нь задгай 67 машин хөлөглөсөн хэдэн офицер давхин ирж, бидний араас хардаж сэжиглэсэн нүдээр харснаа,

– Я знаю, Догмийд гэж гараа зангидан хашгирна. Тэгээд хоригдлуудад хандан шүд зуусан хоолойгоор:

– Ажил хийхгүй байж, сүү ууж тансаглаад байх юм бол та нарыг бүгдийг хээрийн шоронд хийж, амьдаар чинь булчихна гэж мэдээрэй. Чиний энэ сайртай, наранд түлэгдсэн царай зүс, чамайг аварч чадахгүй шүү. Би ийм юм хараад уярдаг зөөлөрдөг хүн биш. Чи цэрэг, би дарга гүйцээ, Ну пошли, где находиться Бумбуутийн Улаана ундуур … гэж асуугаад тэдгээр офицерууд машиндаа сууцгаан давхин одно. Хүүхнүүд эргүүлийн офицероос суран бүсний амт үзэлгүй салсандаа баярлан сая хэл орсон мэт:

– Би дайсны гурвын гурван онгоцыг энэ улаан гараараа пулёматаар шүршиж сөнөөсөн нисгэгч. Гэтэл би одонгоор шагнуулахын оронд ялтан болчихоод ингээд гуниглан гутлаа чирч явдаг …

– Дайн болоогүй бол би өдийд аль эрт урлагийн сургуулиа төгсөөд Киевийн театрын тайзан дээр дуулж байх байсан гэж украйн охиныг өгүүлэхэд, онгоцны нисгэгч:

– Их театрын гоцлол дуучин минь чи гуниг үргээсэн ганц сайхан дуу дуулаад өгөөч. Би нутгаа, энхрий жаахан Настягаа санаад байна гэлээ. Энэ задгай зах хязгааргүй их талд хамаагүй чанга дуулж болох юм уу. Нөгөө харуулын дарга нар дотоод холбооны богино долгионоороо сонсчихоод хүрээд ирвэл яана. Ажлын байран дээр дуу дуулж, амьтан хүний сэтгэл санааг үймүүлэхийг санаархсан гээд сахилгад хийчихвэл би л зовно. Тэд “Москва орчмын үдэш”-ийг уйлан хайлан байж дуулцгаалаа. Радио бигтруул ч нүдний  гэм Монголын хээр талд орос хүмүүний зүрхний шархыг хөндөн, нутаг орон ахан дүүсээ гэсэн нулимс нь ойрхон бүсгүй хүний сэтгэлийг сэдрээсэн тэр дуу өвсний толгой бөхөлзүүлэн намуухан эгшиглэж байлаа. Тэд дуулж дуусаад гэнэт үсрэн босч, эрвээхэйтэй хөөцөлдөн аз жаргалд умбан, зовлонгоо түр мартацгаалаа. Хөдөө хээр ийм юм болж байхад арьс өнгөний өвчин, яр тэмбүүг устгахаар Монголд ирсэн экспидицийн машинтай эмч нар сумын улаан булангийн хүүхнүүдэд таанц зааж байлаа. Тэдэнд бүжгийн алхаа гишгээ, айзам хэмнэлийг мандолин хөгжмийн аянд заахад, хулсан ташуураа сагалдаргаар нь бугуйндаа өлгөсөн хөдөөний эрчүүл, харцуул улаан гэрийн гадаах индэрийн тавцан дээр эргэлдэнэ. МОПР (бурхангүйчүүдийн эвлэл)-ийн гишүүний тэмдэг энгэртээ хадсан улаан гэрийн эрхлэгч уран сайхнаар илтгэнэ.

– Шинэ цагийн залуучууд та нар бичиг соёлд түргэн боловсорч, улс эх орондоо хүчээ өгөх цаг болсон. Иймийн тулд иргэн хүний өндөр ухамсараар бусдыгаа үлгэрлэн өнгөний халдварт өвчнийг устгах төрийн компанит ажилд идэвхийлэн зүтгэхийг та бүхнээс уриалж байна. Хүн бүр өөрийгөө илчлэн, эмчийн үзлэгт орж, ичиж зовохыг тэвчиж, өөрийн хувьсгалт ухамсраар өвчнөөсөө үтэр түргэн салахыг хичээгтүн. Бусдын хувийн зовлон хийгээд нууцыг задалж, дооглон тохуурхсан этгээдийг хувьсгалт хуулийн дагуу хатуу цээрлүүлэхийг анхааруулж байна.

Алтан ээмэг санжигнуулсан аманцар маягийн залуухан шар хүүхэн толгой хаян аальгүйтэж:

– Улаан гэрийн эрхлэгч гуай сайхан илтгэж байна шүү гэхэд, хажууд нь суусан авгай:

– Дайны үед цэрэг захирч явсан эрдэм номтой цэргийн дарга хүн аргагүй шүү дээ.

– Энэ хархүү эхнэртэй болов уу.

– Ийм хүн яаж л эхнэр хүүхэдгүй байх вэ дээ. Авгай нь хотоос удахгүй гэрээрээ нүүж ирэх юм гэж дуулдсан. Та бүхэнтэй адилгүй хүрээний алдартай, авьяастай сайхан бүсгүй байгаа биз.

Эгшигт хайрцагны пянз голоосоо дугуй дугуй цагираг гадагш долгилуулан “Дөмөн”-г дуулна. “Улаан гэрийн үүдэнд анхдугаар таван жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлцгээе”, “Ноос бол манай алтан фонд” хоёр лоозон нэжгээд дарцаг хатгажээ. Сумын зарлага өвгөн хонх цохин олны анхаарлыг өөртөө хандуулан,

– Хоёрдугаар багийн хурал эхэллээ. Энэ гадуур байгаа хүмүүс гэрт ороорой гэж хашгирна. Офицер цүнх бүсэлсэн цэргийн дарга босч, хүмүүсийг харцаараа бүртгэн гүйлгэн харснаа,

– Анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд улс эх оронд маань мөнгө хөрөнгө юу юунаас чухал. Иймд нам, засгаас гаргасан энэ удаан жилийн зээллэгээний облигацийг айл өрхүүдийн урд жилүүдийн малын тоо, бэл бэнчинг харгалзан хуваарилсан  жагсаалтыг одоо би та бүхэнд дуудаж сонсгоё.

– Облигацийн үнийг энэ онд багтаан бэлэн мөнгөөр хурааж авна. Нэгдүгээрт, Жамбалын Лхасран 10,000 төгрөг, Нацагийн Загд 11,000 төгрөг, Бужигийн Балжир 10,000 төгрөг, Шарын Лувсандорж 5,000 төгрөг, Өөлдийн Гомбоцэрэн 10,000 төгрөг, Янжингийн Лувсаншарав 8,000 төгрөг гэж хэлтэл хоёрын хоёр залуухан хүүхэн зэрэг зэрэг эхэр татан ухаан алдаж уналаа. Охид, хүүхнүүдэд авьяастай сэргэлэн эрчүүд гар хөлөөрөө газар балбан тэлчилж байгаа хүүхнүүдийг тэврэн авч, гадагш гаргав. Хүүхэд багацуул гадаа дэвссэн гудсан дээр араа шүдээ хавиран ухаангүй ёолон гэншин хэвтэж байгаа хүүхнүүдийг сонирхон шавахад, мөнөөх харцуул:

– Хүүхдүүд цаашаа холдоцгоо. Алив салхийг нь тавиад өг, салхийг нь тавиад өгөөч ээ хэмээн биднийг хөөнө. Ухаангүй хэвтэж байгаа хүүхнүүдийн тас зуурсан шүдийг гаанс тамхины мөнгөн соёогоор хөшиж, амыг нь ангайлгахыг оролдоно. Ухаан алдсан бүсгүйцүүл нүдээ алгуурхан нээж, тас атгасан гар хуруугаа тэнийлгэхэд, харцуул нүүр рүү нь ус тургин, энгэр заамыг нь задгайлан сэвнэ.

Улаан тарианы экспидицийнхэн сумын төвийн хойд талд хэд хэдэн платка майхан барьж, цэргийн хээрийн эмнэлэг нээжээ. Улаан хэрээстэй цагаан тугтай, орос маягийн дөрвөлжин майханд хэдэн эмч нар энэ тэрхнийг ярилцан цай ууж суулаа.

– Энэ монголчуудыг өвчин, бөөс хоёроос нь салгачихвал, эвдрээгүй ааштай, ээдээгүй сэтгэлтэй сайхан хүмүүс шүү. Жаахан хэтрүүлэгтэй хэлэхэд, дайсан нөхөр хоёроо ялгахгүй улс. Туслахаар ирсэн биднийг байтугай, хорлохоор ирсэн япончуудыг баригдаад ирэхэд хүртэл өөдөөс нь цай идээгээ бариад угтдаг сонин ард түмэн.

– Ийм номхон гэнэн улс дайн байлдаанд орвол ер нь яах бол …

– Тэгж ч ярихгүй шүү. Энэ монголчууд чинь дэлхийг захирч явсан улс. Дарвихдаа дарь хүхэр мэт тэсэрдэг хүмүүс гэж эртний ном, сударт бичсэн байдаг юм гэнэ лээ.Чи ер нь Чингис хаан гэж ямар хүн байсан гэж дуулаагүй юм уу.

– Зах хязгааргүй энэ их талд дур дураараа морь унаад давхиж явдаг, хагас зэрлэг, хууль дүрэмгүй хүмүүст  төмөр зам ямар хэрэгтэй юм бэ?

– 1939 онд манай цэргийн цөөнгүй хэсэг нь Улаан-Үд, Эрхүүгээс нааш явган маршаар алхаж ирсэн юм. Монголчуудад төмөр зам ямар хэрэгтэй болохыг одоо чи олйгов уу.

Гадаах уяанд нь гоё ганган эмээлтэй морьд багширсан жижигхэн байшингийн үүдэнд хөгшин залуу арваад хүн оочирлон зогсох бөгөөд эмнэлгийн дотор өрөөнд түмпэнтэй усанд лонх савтай нь хийсэн улаан тариануудыг чанаж, шилэн шпириц буцалгаж байна. Гэтэл өнөөх жижиг байшингийн хаалга огцом нээгдэж, хөх дэлэнгээ унжуулсан нүцгэн хүүхэн гарч зугтав.

– Бөгсөндөө тарианы зүү хатгуулсан тэр хүүхний араас цагаан халаадтай эмч сувилагчид түүнийг барьж авахаар хөөхөд, хойноос нь хүүхэд, нохой дагалдан бөөн баяр хөөр болон гүйлдэв.

Нүцгэн хүүхнийг хүмүүс арай чүү барьж авахад тэрбээр,

– Би тариулахгүй ээ. Надад элдэв муу өвчин байхгүй хэмээн уллан чирэгдэн ноцолдох тэр агшинд нэгэн сувилагч самбаачлан шпириц барин гүйн ирж өвчтнийг тарилаа. Авгай хүүхнүүд эр эм, хөгшин залуугүй гудамжны энэ бяцхан ший янгууг үзэж, элэг бөөрөө унатал хөхрөлдлөө. Энгэр заамаа задгай тавьж, тамхи зуусан идэрхэн эр их л хөгжилтэй дуугаар,

– Зүв зүгээр байж байгаад санаандгүй нэг хөөрхөн үнэгүй жүжиг үзчихдэг байна шүү. Цэндсүрэн ч хашин моринд гүйцэгдэхээргүй хурдан хүүхэн юм аа. Цэргээс ирснээс хойш нас бие гүйцсэн ийм шалдан хүүхэн харсангүй. Өнөөдөр л харин бүсгүй хүний хаана, юу юу байдгийг нэг сайн харж, нүд хужирлалаа ха ха хэ хэ хэмээн нэг их том ажил бүтээчихсэн мэт хөхөрлөө.

Сумын холбооны эрхлэгч Бавуу гуай утсаа чахруулан эргэдэж, аймгийн холбоог дуудна.

– Байна уу байна уу, байна уу, холбоо юу, аймгийн эмнэлгийн даргатай залгаадхаач. Би Алтанширээгээс ярьж байнаа. Эмч дуудах гэсэн юм биш ээ. Манай энд улаан тариа тасарчихаад байна. Тийм ээ, тийм. Бихонол тасарчихаад байна. Маргаашийн шуудангаар цөөн ч гэсэн хэдэн хайрцгийг яаралтай ирүүл гэж экспидицийн орос дарга хэлүүлж байна гэснээ утсаа тавьж,

– Энэ төмөр замын хоёр үзүүр чинь Москвад их багш Сталины гэрийн үүдэнд очдог юм гэхэд тэнд сууж байсан өвгөн,

– За Бавуу минь дэмий юм ярьж байж улстөрийн хэрэгт оров доо. Ам чинь халахаараа хаа хамаагүй дэл сул юм ярьдаг шүү гэж хэлтэл, утасны хонх дахин дуугарав. Бавуу харилцуурыг авч,

– Би Алтанширээгийн Бавуу байна. Манай энд хашаа худаг засах, чоно нохой хөөх гээд бүс тайлах завтай хүн алга, би удахгүй улаан цагаан тарианы гүйцэтгэлийн мэдээг явуулна аа, за баяртай гэж хэлээд утсаа тавилаа.

– Аймгийн дарга Жигжид гуай ярьж байна. Манай энэ утас явдалтай утас шүү. Хаашаа ч хамаагүй, хэнтэй ч хамаагүй залгачихдаг гэмтэй утас. Ноднин аймаг руу ярих гэсэн чинь болдоггүй таг чиг. Тэгэхээр нь хэд хүчтэй эргэдээд чагнасан чинь нэг их танил дуутай хүн утас аваад,

– Алтанширээгийн Бавуу юу гэж байна. Тийм байна аа хэн бэ гэсэн чинь, Чи намайг одоо бүүр танихаа байгаа юу гэх нь тэр. Маршал Чойбалсангийн дууг танимагцаа миний зүрх пал хийгээд явчихлаа гэхэд нь, түүний худлаа ярьдгийг мэддэг ч гэсэн тэнд байсан хүмүүс хөгжилдөн хөхрөлдөхөд, Бавуу гуай ер юу ч болоогүй юм шиг:

– Та нарт инээд, надад ханиад гэгч болоод байхад юундаа ингэтлээ тэнэг юм шиг хөхрөлдөөд байгаа улс вэ гэлээ.

*          *          *

Төмөр замын хоригдлуудад германыг ялсны төлөө гэсэн үг үсэгтэй Сталины өрнө зүг рүү харсан толгойтой медаль зүүсэн офицер:

– Наад рэйлсээ хурдхан өргөөдөх. Нэг ширхэг эрэг боолт л гээх юм бол та нар наад хар толгойгоороо төлнө гэж мэдээрэй. Рас, два, три хэмээн хашгирлаа.

Бээлийгүй ч гэсэн нөхөд минь тэсээрэй. Өвдөг, тохойгоо ивж байгаад ч хамаагүй энэ хэдэн зам төмрийг тавьчихыг бодъё гэж Никитинийг өгүүлэхэд, түүний дэргэд байсан дэслэгч (хуучин цолоор)

– Гар тасрах нь. Хурдхан оргохгүй бол тэсэхгүй нь.

– Яарвал даарна. Тэсвэртэйхэн байна шүү. Германы фронтоос ухраагүй байж иймхэн хар бор ажлаас бэрхшээх нь юу вэ.

– Эртхэн зугтахгүй, энд ингээд хар төмөр, хад чулуутай ноцолдоод байх юм бол хамаг хүч чадал минь шавхагдаж дуусах нь.

– Тамираа тасраагүй дээрээ зугтмаар байна шүү дээ. Энэ бүхнийг хажуугаас нь харсан төмөр замын хоёр монгол ажилчин,

– Энэ оросуудыг ингэж тамлаж байхын оронд тэр олзлогдсон германуудыг авчраад энэ газар шорооны эхлэл төгсгөлгүй ажилд зүтгүүлсэн бол нүгэл нь нүдээ олох байсан юм.

– Олзны немцүүд хэзээ ч энэ оросууд шиг үнэнч ажиллахгүй байлгүй. Хүн алахаас өөр мэргэжилгүй гайхлууд байж таарна. Оросууд байгаагүйсэн бол гитлерын герман монголд ороод ирчихсэн чи бид хоёрыг боолынхоо боол болгож, босгоныхоо шороог зөөлгөх байсан биз гэж ярилцан байтал, хөгшин залуу хоёр орос хоригдол хоорондоо муудалцан барилцан авч, энгэр заамаа хуваалцах дээрээ тулж ирэв. Залуу цэрэг үзэн ядсан харцаар өвгөн хоригдлын нүдийг хатгаж,

– Та нар тэндээ үхэхгүй яах гэж фронт хаяж ухарсан юм бэ. Түүний чинь гайгаар  амьдрал зохиож амжаагүй залуус бид та бүхний хөлд чирэгдэн энэ тамын ёроолд уналаа. Өвгөн цэрэг гартаа барьсан сүхийг чанга атгаж,

– Бид фронт орхиж галын шугаман дээрээс ухраагүй юм шүү. Хэрвээ чиний наад толгой чинь юм ойлгодог бол дээд командлалын тушаалаар … Орост Октябрийн хувьсгал дэгдээгүйсэн бол гитлер дэлхийн хоёрдугаар дайны үед Орос руу довтлохгүй байсан тухай онол бас байдаг юм шүү. Энэ олон тэнэг харанхуй большевикууд бүхнийг балласныг чи мэдэх үү. Хааны туг, сүлдийг газар гишгэн дэвсэлж доромжилсноос Оросын ард түмний ухаан санаа самуурч, төрсөн эцэг эх, ахан дүүсээ хүртэл дүүжилж, бурхан шүтээнээ хилэгнүүлсэн. Тийм учраас л чи бид хоёр энэ алс холын Монголд зовж зүдэрч яваа бус уу. Муу гөлөг минь чи юу ч мэдэхгүй байж, битгий хашгираад бай гэтэл, харуулын бага дарга ирж:

– Та хоёрын ажил хөнгөдөөд нар салхинаас уйдаад байвал газар дор жоншны уурхай руу явуулчихна шүү гэж зандрав.

Эрэгтэйчүүдийн хээрийн лагерийн харуулын цамхаг дээрээс үдэш хэд хэдэн гэрэлт сум буудлаа. Анги даяараа түргэн авч, түгшүүр зарлалаа. Штабын дарга Быков шуурхай хурал зарлав. Штабын дарга, оройн тоогоор Никитин тэргүүтэй гурван хоригдол оргосныг мэдэгдээд онц байдал зарлаж, эрлийн групп томилон үүрэг даалгавар өгөв. Энд штабын офицерууд эвэртэн, туурайтангууд цугларчээ. Машинаа хангалттай шатахуунаар цэнэглээд богино долгионы радио, дохионы буу, бүрэн зэвсэгтэй, хорин хүний бүрэлдэхүүнтэй эрлийн группийг бэлэн болгов.

– Тэд бол офицер байсан аюултай хүмүүс. Явган яваагүй нь ойлгомжтой. Зэвсэгтэй ч байж магад. Иймд газрын бартаа дамжиж хойд зүгт хотын зам бараадан явсан байх гэсэн урьдчилсан таамаг байна. Тэр гайхал Никитин мэргэн буудагч аюултай хүн гэдгийг мартаж болохгүй. Гурав хоногийн хүнс хэрэглэл ав. Холбооны бүх ангиудад яаралтай түгшүүр зарла гэв. Үнэрч, мөрдөгч нохой бүхий хоёр машинтай эрлийн групп хэдэн мөчийн дараа хөдөллөө.

Зуны богинохон шөнө өнгөрч, үүр цайж байлаа. Ууланд бүгсэн хоригдлууд ирсэн замаа отон орчныг нэгжин дурандана. Никитин дуран авч явах зүг рүүгээ гүйлгэн харах зуураа:

– Бид өдөр бүгж, шөнө явна. Тэд биднийг хойд зүг рүү явсан гэж бодож байгаа. Хэрлэн мөрний барааг хартал хэдэн морио цангааж алчихалгүй шиг шөнийн сэрүүнд газар хороовол, хүн морь хоёрын аль алинд нь амар. Монгол морь тэсвэртэй, ус, өвс хоёр л байвал биднийг номхон далайн хөвөөнд ч хүргэж чадна. Яаж ийгээд Хятадын хил давчихвал, мөлхөж байгаад ч гэсэн тэр Харбин, Манжуурт очихын төлөө зүтгээд үздэг хэрэг. Дэслэгч залуугийн нүд сэргэж, хоёр нөхрөө харан итгэлтэй инээмсэглэж,

– Тэгээд аз байвал танай тэр нагац ахыг олж, загас агнуурын онгоцонд ч хамаагүй хөлсний ажилчин болчихвол дараа нь хүнд үзүүлэх биеийн байцаалт, үнэмлэх бичиг олдож юу магад гэж найдахаас даа.

Амьд мэнд л хүрвэл чи бид гурвыг байтугай бүхэл бүтэн омог отгын хүмүүсийг ч нөмөр дээвэр дороо багтаахаар нэр хүндтэй хүн.

Эзэн хааны тагнуулын газар насаараа өндөр алба хашсан хурандаа хүн. Тэнд атаман Семенов, барон Унгернийн цэрэг, Азийн морин дивизийнхний тал илүү нь хот орон байгуулчихаад элбэг тансаг амьдарч аж төрж байгаа газар. Нэг үгээр хэлбэл, Алс дорнодын бүгд найрамдах улсын гал голомтыг анх асаасан Оросын эзэн хааны албатууд, элитүүдийн хот гэж хэлж болно. Харбин, Хайлаар, Манжуураас япончууд хөөгдөөд Манж Го-гийн тоглоомын засгийн газар унаж, одоо зөвхөн орос хятад хоёрын хот болсон.

Оросын эзэн хааны алт эрдэнэсээр боссон хот гэсэн. Манайхан тийшээ цагаачлан дүрвэж очихдоо гар хоосон, ганзага сул, гахай явган очоогүй л байлгүй дээ. Харин чи бид л хоосон нойтон, амьтны нүдний булай болох нь.

– Тэр яахав ээ. Срёжка минь, санаа зовох хэрэггүй. Ийш тийшээ сайн дурандаарай. Бид амжихдаа л амжина.

*          *          *

Улаанбаатар хотын офицеруудын ордон. Хурлын тэргүүлэгчдийн байранд маршал Чойбалсан, Бумцэнд, залуу жанжин Лхагвасүрэн тэргүүтэй сайд дарга нар, генерал, офицерууд суужээ. Жанжин Лхагвасүрэн босч индэрт гарч илтгэл тавилаа.

– Эх оронд аюул нүүрлэсэн өдрүүдэд дайны талбар галын шугаман дээр, эр зоригоо гайхуулан, баатарлаг ялалт байгуулсан  Монголын ардын армийн шилдэг хөвгүүд цэрэг, түрүүч, ахлагч, офицер, генералууд та бүхэнд хувьсгалын цогтой халуун баяр хүргэе. (алга ташив).

Хатуу зөөлөн, халуун хүйтэн бүхнийг бээлийгүй гараар барьж, хатуужин ухаажин хийгээд , орчин цагийн зэвсэг техник, бичиг үсгийн эрдэмд боловсорсон эх орны цэрэг эрс та нар эдүгээ нам засгийнхаа илгээлт даалгавраар улс ардын аж ахуйд очиж, энхийн бүтээн байгуулалтын хөдөлмөрт хүчээ өгөх сайхан цаг ирлээ. Цэргийн цол хэргэм, одон медаль гардуулах тэр агшинд гуулин хөгжимд талархлын марш эгшиглэж, дараа нь намын илгээлт гардан авах хүмүүсийн овог, нэрийг дуудлаа.

  1. Хөвсгөлийн Цагаан-Уул сумын Үлэмжийн Аварзэд
  2. Ховдын Манхан сумын Борондогийн Лувсан
  3. Говь-Алтай аймгийн Чимэдийн Чулуун, Гомбын Лодойхүү
  4. Архангай аймгийн Рэнчингийн Минжүүр, Намхайн Намжиг
  5. Төв аймаг, Жаргалтын сангийн аж ахуйн Борын Аръяа
  6. Дорнод аймаг, Цагаан-Овоо сум Бандийн Цэрэндорж
  7. Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сум Лувсанжамбын Гомбосүрэн
  8. Дорноговь аймгийн Алтанширээ сум Дарамын Даваасамбуу
  9. Хэнтий аймгийн Дадал сум Цэрэнгийн Чойдорж
  10. Баянхонгор аймаг, Буянбулаг сум Гэлэгийн Жамсран нарт Монгол ардын хувьсгалт намын илгээлт гардууллаа.

Олны дунд хэн нэгэн хүн хөдөө орон нутагт очсон шинэ хүчинд бурхан, нохой, эхнэр гурваас бусдыг нь улсын сангаас өгөх юм гэсэн шүү гэж хэлэх нь сонсогдов.

*          *          *

1950 оны хавар Батаа ахынх хотоос  нүүн ирж, манайхтай айл буув. Хожим сонсвол дайнд явж гавьяа байгуулан одон тэмдэгээр шагнуулж,  цэргийн дарга болсон тэрбээр  энх амгалан цаг ирэхэд намын илгээлтээр нутаг усандаа ажиллахаар томилогдон ирсэн нь энэ юмсанж.

Дайны фронт дээр цэрэг командлан зэвсэг техник эдэлж, бичиг үсэгт тайлагдан, ойр зуурын орос хэлтэй болсон цэргийн дарга нарыг улс ардын аж ахуй хөгжүүлэхэд гол зүтгүүр болгохоор илгээсний нэг нь Батаа ахынх байжээ. Монхор ногоон хэмээх цуваа зургаан дугуйтай байлдааны машинаар нүүж ирсэн Батаа ах, хүргэж ирсэн ангийнхаа цэргүүдийг үдэж гаргахаар ширээ засч, хөдөө газар тэр бүр олон үзэгддэггүй бяцхан найр хийлээ. Батаа ах босч хундага өргөн:

  • Нутаг усанд маань хүргэж ирсэн та бүхэндээ их баярлалаа. Та нар бол дайсны сумны өөдөөс надтай хамт мөр зэрэгцэн аймшиггүйгээр тулалдсан дайчид. Эх орондоо хэн болохоо харуулсан баатрууд гэж хэлээд хоолой нь зангирлаа.

Цэргүүд босч:

Халх голын бургасанд

Харанхуй манан бүрхээд

Тэмцлийн цахилгаан гялалзаад

Аянга мэт ниргэв гэж хоолой нийлүүлэн жагсаалын дуу дуулав.

Цуваа зургаа машин хүчирхэг том дугуйныхаа мөрийг манай гадаа үлдээгээд хүнгэнэн хөдлөхөд цэргүүд гар даллан Чимэдцэрэн эгч хойноос нь сүү өргөн үдэв. Ногоон тал дээр барьсан хар хялгасан хошлонтой цагаан гэр сарны гэрэлд зураг шиг үзэгдэнэ. Тэднийх хүүхэдгүй тул банхар бид хоёр өдөртөө хэдэнтээ босгыг нь элтэл орж гарч айлын эгчийн гар хурууны үзүүрт зарагдан аяга шанага, аргал түлшийг нь дөхүүлж өгнө. Хөдөө байтугай сумын төвд ч байхгүй толь, жааз гялалзсан гоё айл.

Хоёр хүний шааригтай цагаан толгойтой ор, хүнгэнэсэн сайхан дуутай “Эх орон-52”  хүлээн авагч, арав хорин пянзтай бягтруул, ер юу эсийг хэлж тоочиж барахсан билээ. Гэрийн хойморт буй жаазанд Маршал Чойбалсан, залуу жанжин Лхагвасүрэн болон цэцэгтэй эрээн ваар бүхий гоёмсог ширээний булан дээр гараа хөнгөхнөөр талбин түшиж авахуулсан Чимэдцэрэн эгчийн өдөн цагаан малгай, сувдан зүү, хошмог эмжээртэй торгон дээлтэй хүрээ маягийн дэгжин зураг өөдөөс тормойтол ширтэнэ. Зургийн нөгөө талд алтан мөрдэс, одонгийн олон алаг туузтай цэргийн даргын гемстирок гэдэг парадны жагсаал хувцас, гар бууны ширэн гэр өлгөөстэй байх.

Багийн даргын албанд тохоон томилогдсон Батаа ах өглөөний нарнаар эмээлээ үүрэн чөдөртэй мориныхоо араас явах бөгөөд үдшийн бүрэнхий болж од түгэхийн алдад гэртээ сая ирнэ. Ажаа, ижий хоёр хөдөөний айл болохоор хотоос нүүж ирсэн тэдэнд саалийн ботготой ингэ, шөлний хэдэн хонь зүсэлж өгөв. Батаа ах монгол дээлэн дээр таван хошуутай дарга малгай өмсч, аралтай суран бүс бүслэж, ширэн цүнх зүүсэн нь цаанаа л нэг жавхаатай харагдана. Түүнийг харсан Хадандэмбээ бид хоёр шиг уралдааны морины хүүхдүүд бушуухан том болж насаа нэмж байгаад ч хамаагүй цэрэгт явахын хөл толгойгүй мөрөөдөлд умбана. Чимэдцэрэн эгч бид хоёр өдөртөө ганц хоёр, араг аргал түүж ботго, тугал шанданд услахаас өөр ажилгүй. Өдөр  тэднийд нутгийн эхнэртэй, эхнэргүй харчуул бягтруул радио сонсох далимаар айлын эгчийг харах гэж ирнэ. Энэ, тэр завхай дуу сонсох зуураа тамхи баагиулж, гартаа барьсан аяга шаазангийнхаа ирмэг дээгүүр түүнийг оготно үзсэн муурын харцаар нимгэн хувцасных нь цаадах биеийг гэрэлтэж харагдтал нэвт шувт ширтэх нь төвөгтэй.  Одоо эргэн бодохуйяа тавин хэдэн оны хөдөөний тэр бүдүүн хадуун эрчүүлд хотоос ирсэн цэргийн даргын эрх, эрхэмсэг бөгөөд царайлаг залуу эхнэр “ Цогт тайж” киноны Цогзолмаа гуайгаас дутуугүй сонин байжээ. Цэцгэн хээтэй нимгэн торгон палаж, хагас өндөр өсгийтэй шаахайнаас өөр хувцасгүй залуу бүсгүйн, чээж бэлхүүс, гуя хас, хөхөвч даруулганых нь цаанаас босч суухад нь энгэр заамаар нь цухалзах чандган цагаан мөөм юм үзэж нүд тайлаагүй хөдөөний харчуулыг бараг согтоон солиоруулдаг байсан биз ээ. Унь  тоононоос нь хэв хадаг уясан Уянгын эрээн гэрийг нь сонинд хуруу шиг бүдүүн ороосон улаан тамхиныхаа утаагаар өдөржин утаж, “Учиртай гурав”-ын дуу сонсон өвөр зуураа дэл сул юм ярилцан, өдрийг барж ядан суух тэр шивэр, шинхэг ханхалуулсан залуусыг ижий хааяа ирж зуны халуун цагт адуу малаа услахгүй айлын тогоо өнгийж суув хэмээн загинаж зандран хөөж явуулна. Тэр хүмүүс Батаа ахыг гэртээ байхад бууж мордох нь байтугай толгодын дээгүүр толгойгоо ч цухуйлгахгүй чоно үзсэн хонь мал шиг зугатан алга болно. Дуу сонсох гэж ирсэн нь шал худлаа, Чимэдцэрэнг л эргүүлж эрхлэх санаатай наашаа гүйлдээд байгаа юм.

Хар багаасаа цэргийн тэр олон сайхан эрчүүлийн дунд өсч өндийсөн бичиг эрдэмтэй ийм дэгжин бүсгүй хөлөө ч аятайхан ороож сураагүй хөдөөний энэ маанаг гайхлуудыг яаж ч тоохов дээ гэж ээж үглэнэ. Батаа ах өртөөнөөс нормын дөрөв таван морь ээлжлэн унана. Багийн даргын ажил барагдана гэж байхгүй ээ.

Малын хөлийн татвар хураах, албан журмын ноогдол, ноос үсний дутууг гүйцээх сургуулийн хүүхдүүдийг цуглуулах үнэг, чоно хөөх, аян жинд явуулах тэмээг  хөнгөрүүлэх хашаа хадлан, худаг ус засах, дэрс шатаах гээд толгойтой үснээс их ажилтай тул хоёр нарны хооронд морины нуруунаас буух завгүй ээ. Айлын эгч араг үүрэн аргал түүж явахдаа:

  • Эгч нь хотод байхдаа найз бүсгүйчүүлтэйгээ Элдэв-Очирын нэрэмжит театрт очиж бүжиглэдэг байлаа. Тэр үдэшлэгт хотын аль л урдаа барьдаг ганган хүүхнүүд, цэргийн дарга нар ирж үлээвэр хөгжмийн аялгуунд   танц гишгэнэ. Би тэнд франц духи ханхлуулсан генералуудтай ч товшилттой бүжиг бүжиглэж, хүн амьтны нүдийг бүлтийлгэж явлаа.
  • Генерал гэж юу байдаг юм бэ?
  • Генерал гэдэг хамгийн том цолтой. Хамгийн гоё хувцастай, алтан мөрдөстэй цэргийн даргыг хэлдэг юм.
  • Батаа ах генерал мөн үү?
  • Арай биш ээ, Батаа ах нь дэд хурандаа цолтой. Гэхдээ генералаас дутуугүй алдартай офицер.

Намын илгээлтээр хөдөө хөөгдөөгүйсэн бол генерал болох л байсан. Чимэдцэрэн эгч арагтай аргалаа тэврэн эргэлдэн бүжиглэнэ. Түүнийг дагаж эргэсээр миний толгой эргэн уул, ус тэнгэр газар бас дайвалзан эргэлдэнэ. Чимэдцэрэн эгч их цэвэрч, ус саван хоёр байвал хэдэн хурга ишгээ усанд оруулж угаахаас буцахгүй. Нэг өдөр ижийн бэлэглэсэн шаргач ингээ хэвтүүлээд өвдгөөр нь богччихсон дээл хувцас адил саваагаар саваад, усаар шүршин бахируулж байлаа. Би гүйн очиж учрыг асуувал, ингэ нь үнсэн дээр налж хөрвөөсөн юмсанж. Ээж инээдээ барьж ядан:

  • Охин минь, тэмээ гэдэг амьтан үнсэн дээр налж хөрвөөж байж ялаа шумуул, хачиг хувалзнаасаа салдаг номтой юм. Наадуул чинь чамаас дутуугүй цэвэрч амьтад гэж билээ.
  • Хөдөө сайхан ч эгч нь уйдаад байх юм. Эгчийгээ хот руу явчихвал миний дүү Батаа ахдаа хань болж туслаж байгаарай.
  • Та хэзээ хот явах юм бэ?
  • Мэдэхгүй ээ. Унаа таарвал аймаг орж тэндээсээ шуудангийн тэргэнд сууна. Тэгээд өдөр шөнө явж байж Улаанбаатарын барааг сая харна даа. Хотод очсон хойноо хэзээ ирэхээ шийднэ. Батаа та хоёрт захидал бичнэ ээ. сургуульд орчихгүй л бол удахгүй ирэхийг бодно.
  • Сургуульд орчвол ирэхгүй юм уу?
  • Тэгвэл ирэх хавар усны шувуудтай хамт л ирэх байхдаа. Чи энэ тухай ижийдээ ч хэлж болохгүй шүү. Эгчийнхээ нууцыг задалвал би чамтай найзлахгүй гэж мэдээрэй.
  • Батаа ахад хэлж болох уу?
  • Болохгүй ээ. Энэ тухай шувуунд ч дуулгаж болохгүй.  Энэ хойд цохион дээр байдаг элээний хоёр дэгдээхийд ч ам нээж болохгүй. Шувуу гэдэг чинь ам султай амьтад…

Айлын эгч бид хоёрын дунд ийм нууц яриа болсноос хойш хэд хоногийн дараа сумын зарлага “Яаруу” Осор гуай эмээлтэй морь хөтлөн давхин ирж, Чимэдцэрэн эгчийг  дагуулан одов оо.   Ээж түүнийг үдэж гаргахдаа:

  • За охин минь, сайн яваад түргэн эргэж ирээрэй. Чамайг эзгүйд цаад муу Батаа чинь өнчирч сүйд болно. Эмэгтэй хүн хань ижлээ жаргаах ёстой юм шүү гэж хэлээд мордууллаа.

Чимэдцэрэн аймагт ирээд хот явах санаанаасаа буцав. Хотод очвол найз хүүхнүүдийнхээ үг ятгалганд орж эрээн мяраан зүйлд нүд алдан хэн нэгэн залуу хүнтэй танилцаад сэтгэл урван буцаж ирэхгүй болчихвий гэж өөрөө өөрөөсөө эмээжээ. Тэгээд гэрлүүгээ буцья гэж бодож явтал Арван наймтын цугларалт буюу түр цэрэгт дайчлагдан “Гавшгай ажилчингийн сургууль” гэгчид оров. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх хийгээд улс эх орноо батлан хамгаалахад бэлхэн байх цэрэгжилттэй залуусыг сургах зорилготой гурван сарын хугацаатай курс ажээ. Комсомоль ногоон өмд цамц, гуулин хадаастай ажлын хар гутал суран бүс, саравчтай офицер малгай өмссөн үе тэнгийн залуу бүсгүйчүүд бага дарга нараар командлуулан жагсаалын сургууль хийнэ.  Хүн бүр модон буу хоёр хоёр  гранаттай бөгөөд бүгд МОПР-ийн  (бурхангүйчүүдийн эвлэл)  гишүүний тэмдэгтэй,  хувьсгалын үйл хэргийн төлөө амь насаа зориулахад бэлхэн хэмээн тангараг өргөсөн хүмүүс. Хүндрүүлэгчтэй модон гранатыг хэвтээ байрлалаас гучин метрт шидэх хорин минутад биеэ бүрэн далдлах түр нуувч ухах  зуун метрт  буу зэвсэгтэйгээ арван найман секундэд гүйх зэрэг биеийн тамир, хөдөлмөр батлан хамгаалахын доод нормыг биелүүлэхээс гадна савлуур турник гээд эмэгтэй хүний хүч чадлаас ахадсан норм дүрэм цөөнгүй буй.

Гавшгай ажилчингийн сургууль аймгийн төвөөс зайдуу орших ганц дан өнчин цагаан байшинд байрлах. Хүмүүсийн ярилцахыг сонсвол хэдэн жилийн өмнө нас барсан энэ сургуулийн нэг багш чөтгөр болсон гэнээ.Тэр багш шөнө дундаас хойш ирж харанхуйд хичээл зааж анги танхимын үүд хаалгыг онголзуулан сурагчдын нэрсийг дуудан бүртгэдэг бөгөөд нэрийг нь дуудсан хүн өвдөх юм уу үхдэг тул тэр чөтгөрөөс багш сурагчгүй айна. Гэтэл нэг шөнө сургуулийн коридорт хичээлийн хонх хангинан дуугарч нам гүм унтаж байсан хүмүүс нойрноос цочин сэрвэл гартаа лаа барьсан цав цагаан хувцастай өндөр хүн нийтийн байранд сүүмэлзэн орж ирснээ бос хэмээн  командлаад нэр гарсан хүмүүс намайг дагаад явна шүү гэж хэлээд сурагчдын нэрсийг дуудаж эхлэв. Айж ширвээдсэн охид бүсгүйчүүл бие биенийхээ араар нуугдан байшингийнхаа буланд хөнжил гудсаа нөмрөн бөөгнөрлөө. Чимэдцэрэн нэрийг минь дуудахвий гэж айхдаа хуруугаараа чихээ бөглөн чичрэн зогслоо.

Хаалга цонхны салхинд дальдчин сүүтэгнэх лааны гэрэлд багшийн үнсэн хөх царай бүдэг бадаг үзэгдэнэ. Энэ газар дэлхий дээр бурхан бий юу гэж багш асуулаа. Хариу хэлэх хүн гарсангүй. Энэ үед битгий дуугараарай. Дуугарвал сүнс чинь биенээсээ гараад явчихдаг юм гэж хэн нэгний хэлсэн үг бодогдоно. Гэтэл багш ам нээж:

  • Буг чөтгөр, бурхан хоёргүй газар орон гэж байхгүй ээ. Тийм ч учраас би та нарын өмнө биеэрээ ирээд зогсож байнам биш үү. Та нар маргаашийн дотор тэр бурхангүйчүүдийнхээ эвлэлээс гарахгүй бол миний бие бүгдийн чинь сүнсийг чөтгөрийн оронд тонилгоно шүү гэж өнөөх багш сүрдүүлэв. Чөтгөрөөс айсан сурагчид тэр шөнө унталгүй байсаар арай чүү үүр цайлгав. Хэд хоногийн дараа бага дарга нар  жагсаалын өмнө гарч номхон команд өгснөө:
  • Та бүхэн тэр шөнө салаа, тасгаараа цөм МОПР-ын шалгалтанд унасан. Учир юун хэмээвээс та бүхэн бурхангүйчүүдийн гишүүн бөгөөд тангараг өргөсөн цэргийн хүмүүс хэрнээ чөтгөрөөс айж цөм буу тулгуулсан мэт бууж өгсөн. Энэ ертөнц дээр бурхан бий юу гэж чөтгөр та нараас асуухад байхгүй гээд хэлчих зориг зүрхтэй хүн та нарын дотроос ганц ч гарсангүй ээ. Ийм үхээнц, аймхай хулчгар хүмүүс эх орноо хамгаалж чадах уу? Одоо бид нар та бүхний айдсыг үргээж, цэрэг шиг цэрэг болгохын тулд  өдөр бүхэн галуун цуваагаар алхуулж, багтай маршанд ухаан алдаж унатал чинь гүйлгэх болно. Салаа салаагаараа галуун цуваагаар алхахад бэлдээд хэмээн хашгирав.

Өдөржин маршанд гүйж галуун цуваагаар бөөрөө сугарч унатал алхсан хүүхнүүдээс тав зургаан хүн ухаан алдан унаж, дамнуургаар дамнуулан буцаж ирэв. Сарын дараа галын бэлтгэл, орос хэлний хичээл хоёр чангарч явган цэргийн урт винтов буугаар энгийн хараагаар гурван зуун метрт хөдөлгөөнт бай буудаж, оройн тоон дээр бага дарга нарт оросоор рафорт өгч сурснаас гадна Полу, Зис-5 машинаар жолоодлогийн сургууль хийж полигон дээр наймын тоо эргэсээр туслах жолоочийн цагаан хуудастай болцгоов. Мөнөөхөн шөнө ирж хүүхнүүдийг нэрээр нь дуудан айлгадаг байсан чөтгөр нь тус сургуулийн жижүүр байсныг дуугаар нь танин илрүүлсэн, айж эгдүүцсэн хүүхнүүд  түүнийг амьдаар нь шатааж ална хэмээн хувцас хунарыг нь урж тастсанаас хойш эмээх ичих юмгүй амар амгалан унтдаг болжээ. Нуруу өндөр, бэлхүүс гоолиг, зүс царай тунгалаг, машин барихдаа эвсэл сайтай Чимэдцэрэн аймгийн зарим дарга нарын нүдэнд өртөж, сургуульд нь олон нийтийн зааварлагчаар нь ажиллуулах санал гарсан ч тэрбээр зөвшөөрсөнгүй. Оргохоос наахнуур буцаж ирэв. Гэртээ ганцаардан уйдахдаа хот орон  газрыг мөрөөдөн сэтгэл нь шилэрдэг байсан айлын эгч маань тэр нэгэн нартай жаргалтай өдөр гэрээ санаад… гэсээр шуудангийн машинаар давхин ирж Батаа ах, банхар бид гурвын магнайд аз жаргалын алтан од гийлээ. Чимэдцэрэн эгчийг ирснээс хойш Батаа ах манайд биш гэртээ хоол иддэг болж нүдэнд нь унасан сормуусных нь сүүдэр арилж билээ. Чимэдцэрэнг би бараг ч ирэхгүй болов уу гэж бодож явсан чинь ашгүй хүрээд ирдэг байна шүү. Сайн хүн сайнаараа, муу хүн муугаараа дуусдаг хорвоо гэдэг үнэн юм даа гэж ажааг маань өгүүлэхэд ижий:

  • Энэ Чимэдцэрэн таны бодсон шиг тийм хүн биш ээ. Хүнд хань болж хүний хүүхдэд ч эх болох их сайн охин шүү гэж магтав.
  • Та нар шиг ямар малын дэргэд өссөн хүн биш. Залуу хүн хийх ажилгүй хөдөө газар уйдна шүү дээ. Батаа ямар гэрийн бараа харах биш ядахдаа нялх нойтон хүүхэдгүй бүсгүй хүн ханхай хоосон гэр сахиад хэдийхэн ганцаараа суухав дээ гэж ажааг өгүүлэхэд ижий :
  • Ганцаараа ч нэг их удаан суухгүй л болов уу алхаа гишгээ нь алгуур удаан болоод нүүр нь сэвхэтчихсэн байна лээ.
  • Аа тэгээ юу аймаг хавиас л нэг юм олоод ирж дээ.
  • Та наад ам хэлээ татаж явсан чинь дээр байх шүү. Батаа дуулбал сүйд болно гэж ажаа, ижий хоёрынхоо ярилцахыг би бүдэг бадаг сонсож билээ.

Хялгана долгиолсон хээр талд аргал түүж явах сайхан би үхрийн хатсан халтар аргал хаана, хаана өвсөн дотор нуугдан байгааг айлын эгчид замчлан зааж өгөх дуртай. Тэгээд нэг өдөр хоёулаа аргалд явж байгаад та гэдсэнд байгаа хүүхдээ гарахаар ямар нэр өгөх вэ гэж асуусан чинь айлын эгч алхаж явснаа зогтусан:

  • Юун яасан хүүхэд… Чи яаж мэдсэн юм бэ?
  • Би зүгээр л зүүдэлсэн юм. Таны гэдсэнд нэг эрэгтэй хүүхэд унтаж байгааг би нойрон дундаа харсан юм. Чимэдцэрэн эгч над руу гайхах цочих зэрэгцэн харж :
  • Чи далдыг хардаг юм уу? Үнэхээр чи тийм сүрхий юм бол Батаа ахынхаа сураггүй алга болсон шарга морийг хаана байгааг хэлээтэх гэж миний яриаг хаа хамаагүй юм руу төөрүүлэв.

Хол нутгийн явуулын хүн унаад явчихаа биз. Түүнээс биш Батаа ахын шарга морийг ижлээсээ салаад явчих адуу биш, нэг л өдөр гүйгээд ирнэ гэж ажаа ярьж байна лээ. Эгч нь “Гавшгай ажилчингийн сургуульд” яваад гурван сарын хугацаанд уурын тэрэгний туслах жолооч боллоо. Миний дүү том болоод цэрэгт заавал яваарай. Тэгээд Батаа ах шигээ энгэр дүүрэн одонтой цэргийн том дарга болоод нутаг усандаа царайлаг сайхан эхнэр дагуулж ирвэл хүмүүс чамд баярлана.

  • Тань шиг гоё эхнэр үү?
  • Би үнэхээр тийм гоё гэж үү?
  • Таны юм бүхэн хөөрхөн, нүд, хамар, бүгд гоё. Би том болоод яг өөртэй чинь адилхан эхнэр авна.

Айлын эгч над руу ботгоных шиг урт сормуустай хөөрхөн нүдээ мэлтэгнүүлэн харна. Яг ийм нүдтэй хүүхэн өөр байдаг болов уу гэж бодогдоно. Тэртээ алсад газрын зургийн Оросуудын босгосон Адуун чулууны  өндөр мод харагдана. Тэнд жил бүр хоёр хэрээ өндөглөн цав цагаан ноолууртай ангаахайнууд нь морь малтай хүн харахаараа доошоо нуугдан хярж хэвтээд амаа ангайлдан аахилж байдагсан. Одоо ээжээсээ ялгагдахгүй том шувуу болоод өөр өөрийнхөөрөө үүр оромжийг засахаар нисээд явчихсан биз. Эхнэрээ бие давхар болсноос хойш Батаа ах багийн айлуудаар өнжүүт хонуут явахаа больж гэр зуураа бичиг дансаа хөтлөөд сампин цохиж суудаг болж нөгөө дуу хөгжим сонсох гэж ирдэг адуу малын эрчүүл үзэгдэхээ болилоо. Айлын эгчийн гэдэс өдөр өдрөөр томрох бүр аргалд явах нь улам олширч банхар бид хоёр ботго, тугалтай гэрийн сүүдэр булаацалдан хэвтэх нь цөөрлөө. Гэтэл намрын нэг өдөр Батаа ах тэртээ холоос эмээлээ үүрсээр явган ирэхэд тосон очиж учрыг нь асуувал чоно хөөж яваад адуунаас юүлээд удаагүй байсан цатгалан морио бахардуулаад алчихжээ. Сумын төв орчихоод энүүхэн баруун толгодод наашаа шогшиж явсан чинь нэг том чоно морины омруун дороос босоод бөөн гай боллоо. Хариугүй гүйцээд цохиод унагахын даваан дээр хэдэн саахалт газар хээрийн нохойтой хөөцөлдсөн морь маань шургачиж унаад дахин боссонгүй. Миний л малаас хөндийрсний минь гай. Чоно алах гэж улайрч яваад ухаан алдчихаж. Морь  бахардаж унадагийг мартчихаж гэж хэлснээ тэрбээр санаа алдав. Хөнгөрүүлж сойгоогүй намрын тарган мориор чоно хөөдөг тэнэг амьтан надаас өөр байхгүй биз гэж өгүүлэхэд Чимэдцэрэн эгч:

  • Одоо нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав. Багийн дарга хүн албаны морь унаад амьтан хөөсөн нь л буруу байхгүй юу.

Хэд хоногийн дараа Батаа ахыг нийгмийн хөрөнгөнд хүйтэн цэвдэг сэтгэлээр хандсан. Өөрийнхөө амины морийг унаж явсан бол яав ч тэгж чоно хөөхгүй байсан . Тэгээд ч бусдад үүрэг даалгавар өгөхдөө захирах тушаах  цэргийн хүний хоцрогдсон арга барилтай энэ хүн энгийн иргэдийн дунд удирдах алба хаших  гавьяагүй хэмээн үзэж намаас нь хөөн, ажлаа даруй түргэн хүлээлгэн өгөхийг сануулсан байна.  Ийнхүү Батаа ах сумын дарга нарын далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг нэргүй зарц болж сумын төвд бэлтгэлийн ноос пэрээслэх цаг наргүй, цалин хөлсгүй ажилд томилогдов. Намаасаа хөөгдсөн түүнийг хүний данснаас хасжээ. Захын нэг архичин хүртэл элэг барин агсамнаж, багийн дарга байхад нь хойно урд нь гүйж ая тал засдаг байсан ганц нэг хүн морь биш хүн алчихсан юм шиг харцаараа хатгадаг болов. Миний бие хэдийбээр долоохон настай байсан боловч эргэн тойрондоо болж байгаа юмыг томчуулаас дутуугүй мэддэг байлаа. Олон жилийн дараа энэ бяцхан дурсамжийг бичихдээ би бээр Чимэдцэрэн эгчээс багагүй зүйлийг тодруулж тэр үеийн хэт хувьсгалч дарга нарын ааш араншин болон өндөр шаардлагын он жилүүдийн үеийн малчин ардуудын эх оронч хөдөлгөөн, анхдугаар таван жилийн төлөвлөгөөний уриа, лоозон, дуу шүлгийг хүртэл сонирхсон юм. Батаа ах бол дайсны сумны нүхийг цусан гавьяаны улаан тугийн одонгоор нөхсөн чээжиндээ олон жил болсон сумны хэлтэрхийтэй баатар хүн байлаа. Хааяа тэнгэрийн муухайд зүрхээр нь хатгуулан хэвтэх боловч маргааш нөгөөдөр нь босчихсон юу ч болоогүй юм шиг зүв зүгээр л алхаж явах. Миний чээжинд байгаа  японы энэ сумыг эмч нар зүрхний титэм судсанд их ойрхон эвгүй байрлалтай байгаа тул мэс засал хийхэд осолтой гээд айгаад авдаггүй юм гэж ярьдагсан. Ажлаасаа гарснаас нь хойш манай багийн айлууд эхнэрийг нь төрөх цагт хэрэг болно гэж бодсон ч юм уу нэг нэг хонь өгч тэднийх гэв гэнэт дөч тавин бага малтай болж билээ. Ийнхүү манай хот айлынхан Чимэдцэрэн эгчийн нярайлахыг сэм хүлээн нам гүмхэн аж төрж байтал сумын зарлага Осор гуай хөтөлгөө морьтой давхин ирж:

  • Манай суманд маргааш Маршал Чойбалсан ирэх болсон тул айл бүрээс хоёроос доошгүй хүн өнгөтэй хувцсаа өмсч, мөнгөтэй эмээлээ тохоод өглөөний улаан нарнаар суман дээр бэлэн бай. Гэр малаа түр орхиод хүүхэд нохойгоо дагуулаад бүгдээрээ очсон ч буруудахгүй гэж хэлээд аяга цай ч уулгүй давхин одов оо.

Маршалыг угтахаар цугларсан хүмүүсийг багтаах хэмжээний клуб, улаан булан манай суманд байхгүй учраас гадаа дөрвөн хөлтэй индэр засч, Маршалын ирэх замыг зогсон гудамжлан жагсав.   Сумын дарга Чойбалсан, Сталин нарын зургийг туг дарцагийн хамт барьсан хэдэн хүнтэй тэргүүн эгнээнд зогсч тэмээ морьтой хүмүүс араар нь жагсчээ. Энэ үед тэртээх гүвээн дээгүүр хоёр гурван гялгар хар тэрэг гарч ирлээ. Машинууд сумын хонтоорын өмнө ирж зогсоход хоёр дах тэрэгнээс дугуй хээтэй хүрэн торгон дээл, шляп өмссөн Маршал гарч ирэхэд сумын дарга нар сандралдан хойно өмнөө орон байж мөнгөн аягатай сүү хадагны хамт барив. Хуран цугларсан хүмүүс улсын шалгарсан хошой баатар маршал Чойбалсан мандтугай гэж бүдүүн нарийн хоолойгоор эв хавгүй хашгиралдав. Маршал сумын төв хийгээд ирсэн хүмүүсийг тойруулан ажиглан харснаа индэрт гарч үг хэллээ.

… Манай улсын алтан фонд болбол мал аж ахуй бөгөөд төрсөн нутаг усандаа мал сүргээ адгуулан улс ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний тэргүүн эгнээнд хошуучлан яваа малчин ардууд та бүхэнд хувьсгалч ёсны халуун мэндийг дэвшүүлье.

Хүмүүс алга нижигнүүлэн ташиж, сумын дарга нар удирдан уриа хашгирлаа. Маршал цаашаа үгээ үргэлжлүүлэн илтгэж байснаа хэн нэгэн хүн дээр харцаа тогтоож ажигласнаа:

  • Энэ чинь Батаа юу даа гэснээ. Мөн бол наашаа гараад ир хэмээн гар сунган дуудав. Батаа ийш тийш тээнэгэлзэн харснаа маршалын өмнө очиж цэрэг хүний ёсоор хөл хавсран ёслоод гар барилаа. Маршал Батаад хандан ажил байдлаа товч илтгэхийг тушаалаа.

Намын илгээлтээр нутагтаа ирж багийн даргын алба хашиж байгаад хариуцлага алдаж, алдаа гаргасны учир одоо худалдаа бэлтгэлийн ангид ноос пэрээслэх ажил хийж байна гэхэд Маршал хөмсөг зангидан Батаагийн нүүр лүү анхааралтай ширтсэнээ түүний нүдэнд нулимс гүйлгэнэн  байхыг олж харжээ.

  • Ямар алдаа гаргасан бэ, нууж хаалгүй ярь
  • Өртөөний мориор чоно хөөж яваад бахардуулаад алчихсан юм. Тэгээд намын гишүүнээсээ хөөгдчихсөн.
  • Өөр алдаа гаргасан уу?
  • Үгүй…

Маршал харцаа хурцлан олон түмнийг гүйлгэн харснаа:

  • Байшинтын дивизийн Түмтийн штабын тэргүүн комиссар, эх орны эрэлхэг цэрэг , манай алдартай мэргэн буудагчдын нэг Батааг та нар таньдаггүй юм уу? Ийм хүнийг, бичиг цэргийн эрдэмд боловсорсон шинэ хүчин ховор энэ цаг дор ганц морь бахардуулж үхүүлсний төлөө намаас хөөдөг тэр том толгойтой хүнийг би энэ мөчид намаас хөөж байна гэхэд хүмүүс алга ташив. Хүний дайсан Гитлер малын дайсан чоно гэж та нар дуулсан уу.
  • Тийм зурагт хуудас үзсэн үү? Морь унаж мод тохсон монгол эр хүн араатан чонотой хээр хөдөө таараад түүнийг алахгүй ч гэсэн айлгаж хөөж холдуулдаг нь эцэг өвгөдийн эртний ёс бус уу. Би энэ хүнд итгэдэг учраас Батааг сумын даргаар хугацаагүйгээр тохоон томилж байна. Түүнийг намаас хөөсөн тэр хүмүүсийг мал аж ахуй дээр гарч эрүүл агаарт тархи толгойгоо сэргээн алдаа нүгэлээ цайруулахыг уриалж байна. Эх оронд аюул нүүрлэсэн хүнд хэцүү цагт Батаа халхын голд галын шугам дээр цэрэг командлан та бидний үстэй толгойг цастай окопонд цустай зүрхээрээ хамгаалж ард түмнийхээ өмнө хэн болохоо харуулсан хүн. Батаа болбоос ямар ч том ажлын ард гарч чадах хатуужлыг олсон цэргийн дарга мөн билээ. Түүний ажил, амьдарлыг тал бүрээс нь дэмжихийг эрхэм хүндэт малчин ардууд та бүхнээс хүсч байна. (хүмүүс алга нижигнүүлэн ташив)

Маршал Батааг тэврэн дахин баяр хүргэж, би энэ ахлах офицерт Батлан хамгаалах яамны нэрийн өмнөөс бүх цэргийн жанжины зарлигаар хурандаа цолоор хөхүүлэн шагнаж байгааг өргөн олон та бүхэнд тунхаглан зарлаж байна гэхэд олон түмэн уухайлан хашгиралдлаа. Би танай сум орон нутгийг хөгжүүлэхэд зориулж улсын сан хөмрөгөөс зуун мянган төгрөг олгож байна. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний он жилүүдэд танай сумынхан мал сүргээ өсгөж ноос ноолуурын төлөвлөгөөг төрөл тус бүр дээр нь давуулан биелүүлэхийн зэрэгцээ айл бүхэн өргөө гэрээ цагаан болгож ахарын шинэ  эсгийгээр бүрснийг би наашаа ирэх замдаа харлаа. Сумын дарга нар Маршалд зориулан бяцхан цайллага хйиж уран сайханчдын тоглолт үзүүлэв.

Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй

Бараахан нүдтэй морь мину хэмээн дуучин бүсгүй морины нуруун дээр галигууланхан яваа мэт алчуурынхаа сэжүүрийг салхинд дэрвэлзүүлэнхэн дуулахад маршалын сэтгэл ихэд догдолсон янзтай алга таших зуураа зэрэгцэн суусан Батаад хандан:

  • Улсын маань урлаг соёл, уран сайханчдын нуруун дээр тогтдог юм. Хөдөөгийн хөдсөнд боодолтой эрдэнэ гэж ийм л хүмүүсийг хэлдэг биз. Энэ бүсгүйг цаашид дэмжээрэй гэж захив. Би Дорноговьд очиж аймгийн намын хорооны бүгд хуралд оролцоод буцаж яваа хүн. Азаар бид хоёр уулзалдаагүйсэн бол чи насаараа хэлмэгдэж намын улаан хүрээлэнгийн гадна эрэг дээр шидэгдсэн загас шиг хаягдах байсан биз. Дайны үед цэрэг цуухад яваагүй гүн ард талд авгай хүүхнүүдийн хормойтой орооцолдож явсан танай энэ дарга шиг хэт хувьсгалчид ямар ч нугалаа завхрал гаргаж засаг төрийн нэр хүндийг шороотой хутгахаас буцахгүй. Чи олны итгэлийг дааж намын үнэн үгийг ард олонд хүргэж шинэ арга барилаар ажиллаарай. Намд, надад чам шиг хүмүүс хэрэгтэй гэж хэлээд Маршал машиндаа суусан гэдэг.

Ингэж л дайнд явсан хүнээс, жинд явсан хүнийг илүүд үздэг байсан манай сумынхан Маршал Чойбалсанг ирээд буцсанаас хойш Батаа ахад сумын хойт дэнж дээр өндөр мөөрөн шалтай өргөө цагаан гэр барин өгч хоймортоо залсан юм. Тэр өдрөөс хойш буюу Батаа ахыг сумын дарга болсны дараа “Японыг ялсны төлөө” гэсэн орос үсэгтэй генералисмус Сталины дорно зүг рүү харсан толгойтой зөвлөлтийн болон монголын “Бид ялав”  медалиудаар хүүхэд тоглуулахаа больж дайнд явсан эрчүүл баяр наадмаар бахархал болгон энгэртээ зүүдэг болж билээ.

*          *          *

Өдөр ижий, ажаа болон томцуулыг адуу малаа услахаар явсан хойгуур Дэмбээ бид хоёрын найз орос офицерууд манайд давхилдан ирж, хүүхдүүд бидэнд бөөн цагаан хэмээх чулуун саахар, бас бус чихэр боов авчирч өгнө.

– Эй, Где ты Догмийд иди сюда … Архий надо … Ну давай гэж хашгирах. Дэмбээ бид хоёр сүү цагаан идээ борлуулдаг илүү гэрээс гуулин шаахуу буюу бух цунзтай нэрмэл архи дамжлан авчирч, мөнгөн аяганд мэлтэлзүүлэн Казанцов найздаа барина аа. Тэрбээр архинд халсан үедээ, хуур барин эв хавгүй хөрөөдөн “Катюша”-г хоолой нийлүүлэн дуулцгаана. Дэмбээ дүү бид гурвуулаа тэднийг даган хэлмэрч, орчуулагч Жалбуугийн зааж өгснөөр:

– Энхрий хөөрхөн хонгор Катюша

Эгц өндөр эрэг дээр гарлаа гэж дуулна. Казанцов согтохоороо Дэмбээ бид хоёрын өмдийг тайлж, боов үзэх гэж зовооно. “У вас жена надо” … (хүүхэн хэрэгтэй юу) гэж бид хоёрыг ичээж инээлгэнэ. Тэр хүүхдүүд биднийг машиндаа суулгаж өөрөө жолоодон хот гурвантаа тойруулан буулгаад манай саахалтын эгч Цэрэнг дуудаж гараас нь хөтлөн дагуулан ирж машиндаа суулгаад хот хэдэнтээ тойрсноо гэнэт ухасхийн давхин одох нь тэр. Цэрэн эгч үсэрч амжилгүй машины утаа тоосон дундуур гараа сарвалзуулан хашгирсаар далд орлоо. Дүү бид гурав хойноос нь ширтэн уйлалдан хоцорлоо. Түүнийг эргэн ирэх болов уу хэмээн хэсэг зуур зогссоноо, хэрэг биш болсныг сая ухаарч, аав ээжид нь хэлэхээр саахалтынх руугаа гүйлээ. Бид, сур элдэн суусан Гониод хандан Цэрэн эгчийг оросууд машиндаа суулгаад аваад явчихлаа гэж хэлбэл, Аниа, Гонио хоёр (Цэрэн эгчийн аав, ижий хоёр) хоюул сандралдан,

– Зүгээр гэр орондоо байж байгаа хүүхдийг гэгээн цагаан өдөр бариад явдаг болох нь. Миний нүдийг хөдөлж байхад муусайн оросууд тэгж галзуурахгүй шүү. Бүгдий чинь хүзүүгээр нь холбож хөтлөөд сумын захиргаан дээр чирээд очъё л доо гэж хэлснээ, Гонио уурга барин мордлоо. Маргааш нь хонь бэлчсэнээс хойхно гадаа машин дуугарах чимээнээр би гэрээсээ гүйн гарч харвал, монгол дээлээ тайлж, гоё эрээн плааж өмссөн Цэрэн эгчийг орос дарга нар бөөн чихэр боов бэлэг сэлтийн хамт хотны захад буулгаж орхиод давхин одож билээ.

 

*          *          *

Засмал дэлтэй, хар голтой хонгор морь унаж суналзсан хусан уурга барьсан малчин залуу хэсэг адуу хөөж явснаа утасны модны орос хүүхнүүд руу давхин очиж, агсан хонгор мориныхоо араа шүдийг ангалзуулан татаж  уургаа газар хаях зуураа хэзээ хэзээний танилуудтайгаа уулзсан мэт:

– За маруушнууд минь сайн байцгаана уу гэж мэндэлснээ мориноосоо бууж, хүүхний гар дахь сүхийг авч гуалин мод хальслан цагааллаа. Орос бүсгүй түүнийг сонирхон шохоорхонгуй харж зогссоноо инээмсэглэн, – Чи эхнэртэй юу гэж асуулаа. Хэл ам мэддэгсэн бол би та нартай ихээхэн нарийн юм яримаар л байна гэснээ, миний хавханд ийм бүдүүн тарган тарвага орсон гэж гараа урдаа барин хэлбэл, мөнөөх хүүхэн:

– Авгай нь том гэдэстэй, жирэмсэн болсон юм байна гэж бусдадаа орчуулан хэлээд хархүүгийн гараас сүхийг авч газар хаяснаа, холгүйхэн харагдах өндөр ургасан дэрс рүү түүнийг хөтлөн алхлаа. Хоригдол бүсгүйтэй энгэр зөрүүлсэн хөдөөний эр түүнд гурав хоноод ирнэ гэж дохио зангаагаар ойлгуулаад ичингүйрч улайсандаа мориндоо мордон давхин одлоо. Яаж ийгээд энэ монгол залуугаас жирэмсэн болчих юм бол хүнд ажлаас түр боловч чөлөөлөгдөн угаалгын газар юм уу, гал тогоонд хөнгөн ажилд шилжиж, хэд хоног яс амарч юу магад хэмээн хоригдол бүсгүй горьдно. Энэ бүхнийг хэдэн саахалтын тэртээгээс хээр талд зогсч буй машиныхаа дэргэдээс дурандан харсан Казанцов “агуу их орос үндэстний ариун гэгээн нэр алдрыг Монголын энэ хээр талд амьдаар нь оршуулахыг би яав ч зөвшөөрөхгүй. Эхээс төрснөөс хойш усанд орж, биеийнхээ хирийг ч угааж үзээгүй энэ бүдүүлэг монгол залуутай гэгээн цагаан өдөр олны нүдэн дээр озолдоод хэвтэж байдаг яасан халуун цустай мунаг гичий вэ. Чамайг би амьдаар чинь халуун элсэнд булж хатааж ална аа. Тэр үед чи дөчин дөрвөн оны Оросын хүйтэн өвлийн цас мөсийг өөрийн эрхгүй үгүйлэх болно”

*          *          *

Эрлийн баг нэгэн гүвээн дээр гарч зогслоо. Жолооч ирсэн замаа эргэн харж:

– Нөхөр дэслэгч ээ! Бид шулуун замаар бараг зуу гаруй мод газар явчихлаа. Морьтой хүмүүс ганц шөнийн дотор ийм хол явж чадахгүй. Оргодлууд бидний ар хударганд үлдсэн юм шиг санагдаад байна. Буцвал яасан юм бэ. Дэслэгч нүдээ зальтайхан ирмээд:

– Бидний ар талд үлдсэн байвал бүр сайн. Урдаас нь амдаж отвол өөрсдөө өмнөөс хүрээд ирэх юм биш үү.

Ахлагч дурангийнхаа шилийг арчин:

– Тэр новшнууд очиж очиж, миний жижүүр дээр миний ээлжинд оргодог байна шүү. Та нартай нүүр нүүрээрээ уулзах өдөр ирэх байлгүй. Тэр цагт би та хэдийн арьсыг амьдаар чинь хуулаад өгнө өө гайгүй гэж занана.  Дэслэгч дотор халааснаасаа жижиг савтай архи гарган балгаж, хоолойгоо зассанаа ахлагчид хандан,

– Чи тэр оргодлуудын хүүрийг ч гэсэн олох ёстой. Тэгж эс чадваас торгуулийн суманд очиж, жонш үүрнэ гэж мэдээрэй. Тэр Никитин долоо шархадсан чоно шиг болсон хүн. Энэ их халуунд ус булаггүй газар өөд явах тийм тэнэг хүн биш ээ.

– Оргож яваа хүн замаар явдаггүй юм. Тэд зугтаах бэлтгэлээ аль эртнээс хангасан байж таарна. Дэгээнд загас орохыг хүлээх тэвчээргүй хүн хоосон буцдаг хуультай юм. Жаахан тэвчээртэйхэн хүлээж ганц хоёр цаг эндээ нууцаар ажиглалт хийе гэв. Тэнгэрт тэртээ дээр хэдэн бараан шувуу аргамжаатай юм шиг анир чимээгүй эргэлдэнэ. Ахлагчийн нүд сэргэж, оргодлуудыг олохын найдар төрсөн мэт:

– Энэ шувуунууд нэг л сэжигтэй эргэлдээд байна. Зүгээр хоосон газар дээр яавч ингэж цугларахгүй. Дор нь нэг юм байна.

– Хамаагүй давхиад очвол буудуулчихаж мэднэ. Болгоомжтойхон хөдөлнө шүү.

Гүвээн дээгүүр машин гарч ирэхэд холгүйхэн хэсэг сөөг цагаан дэрсэн дотор  хоёр эмээлтэй морь харагдав. Цэргүүд машинаасаа бууж буу зэвсгээ зэхэн таран давшив. Дэслэгч дуу өсгөгч амандаа барин өндөр дуугаар:

– Та нар бүслэгдсэн. Зэвсгээ хаян гараа өргөн бууж өг гэж хашгирлаа. Гэтэл дэрсэн дотроос эрэгтэй, эмэгтэй хоёр монгол хүн босч ирээд морь руугаа гүйлдэв. Ахлагч “түй” хэмээн газар нулимаад, уурандаа тэнгэрт эргэлдэх шувуу өөд буудлаа. Дэслэгч их л сэжигтэй харцаар эргэн тойрныг ажиглаж:

– Энэ хоёр монгол биднээс яагаад зугтах болов. Тун учир битүүлэг сэжигтэй улс байна. Нөгөө бидний эрж яваа оргодлуудад унаа залгуулсан туршуулууд тэдний нүд чих нь ч байж юу магад. Дэслэгчийн энэ үгийг сонссон ахлах дэслэгч үл тоосон янзтай инээж,

– Чи иймхэн юмыг ойлгохгүй байна гэж үү. Монголчууд хөдөө хээр малынхаа бэлчээрт ингэж энгэр зөрүүлдэг заншилтай улс гээд шал тоосонгүй.

*          *          *

Хурган цагаан үүлс хуралдан дээшээ толгойлон өндийсөөр Туулайн талд бүлээхэн намираа зөөлөн бороо шаагин асгарахад халуун наранд хагсаж хатсан, хүмүүл таанын толгой өндийн цасан цагаан цэцэг дэлхийг бүрхэн инээмсэглэлээ. Хүний газар бууны ам, жадны үзүүрт туугдан хүнд ажилд хуга нуга даруулсан хүүхдээрээ шахуу хоригдол хүүхнүүд цэцэг, эрвээхэй хоёр үзээд сэтгэл нь сэргэн дуу нь хүртэл цовоо цолгин болов. Вера, Еленагийн нүд рүү ширтэн:

– Чиний хацарт чинь цус гэрэлтээд хааны гүнж шиг царай орчихож. Елена чи ч азтай хүүхэн юм аа. Шоронд суугаа нь байтугай, наранд гунхаж яваа бүсгүйчүүл ч чам шиг ингэж хурандаагийн өвөрт орж чаддаггүй юм. Гэтэл чи … Вера, хоёулаа одоо энэ тухай ярихаа боливол яасан юм бэ. Чи надад атаархах хэрэггүй. Хурандаагийн өвөрт орсныхоо ял, төлөөсийг би нэг л өдөр биеэрээ эдэлнэ. Магадгүй амиараа ч төлж мэднэ.

– Яалаа гэж … тэр том хүн нэг л нартай жаргалтай өдөр чамайг авахаар ирнэ.

– Чи дэндүү гэнэн юм ярих юм. Тэр гайхал хурандаа ядаж миний овгийг ч асуугаагүй. Тэгэхээр намайг огтхон ч сонирхоогүй гэсэн үг. Горьдох хэрэг огт байхгүй гэхэд Вера шохоорхонгуй инээмсэглэж,

– Тэр хурандаа гуай чинь тэгээд ор хөнжлийнхээ ажилд хэр юм бэ дээ.

– Энэ бол цэргийн нууц …

– Чи бид хоёр цэрэг юм уу ямар

– Бид чинь бүгдээрээ эх орноо хамгаалж, германы фронт дээр үхэн хатан тулалдаа биз дээ. Энэ үед тэр хоёр дээр хөнгөн тэрэг хөлөглөсөн эргүүлийн офицер давхин ирэв.

– Елена сайн уу, чамайг маргаашаас эхлээд штабын бичээчээр томилсон гэлээ. Елена балмагдах баярлах хоёр зэрэгцэн амаа ангайснаа:

– Би чинь жирийн нэг цэргийн нисгэгч шүү дээ. Штабын бичээчийг чадах болов уу. Чи чадна аа. Чи штабт алба хаах болсондоо баярлах хэрэгтэй.

– Ноён ахлах дэслэгч ээ. Баярлалаа. Би хичээх болно оо. Офицер Верад хандан ширүүн дээрэлхүү дуугаар:

– Чи маргаашаас эхлэн хоёр хүний ажил хийх болно. За явъя Елена наад хүрзээ хол хая. Одоо чи хүрз биш үзэг, харандаа барих болно. Елена машинд суун тоос татуулан давхин одлоо. Түүний хойноос харан хоцорсон Вера зүс царайтай бүсгүй хүн гэдэг бууны аман дээр очсон ч хар толгойгоо аваад л гардаг юм байна гэж амандаа гунигтайхан үгүйлээд уртаар санаа алдлаа.

*          *          *

Адуу тууж явсан залуу, гүвээн дээгүүр эмнэлгийн улаан хэрээс тэмдэг бүхий бүхээгтэй машин гарч ирэхэд адуугаа орхиод зүг буруулан зугтлаа. Эмч нар тэр хүний араас:

– Хөөе тэр морьтой хүн наашаа хүрээд ир! Зам асууя гэж хашгирсан боловч эргэж ч харалгүй давхин одлоо. Тэрэгний бүхээгт буусан доктор:

– Энэ хүн биднээс ингэтлээ зугтахыг бодоход яавч эрүүл хүн биш бололтой. Гишгээд өг гэв. Зис-5 машин мотороо ээрүүлэн ухасхийж морьтой хүнийг гүйцэн очиход хүмүүс ам амандаа :

– Алив зогсооч ээ. Наад морь чинь бахардаж уналаа. Чамаас зүгээр л юм асууя гэвэл мөнөөх адуучин эр:

– Юу асуух гэж байгааг чинь би мэднэ. Та нарын эрж яваа тэр өвчин надад байхгүй гэв.

– Тэгвэл чи юундаа ингэтлээ галзуу согтуу амьтан шиг ухаан,  малгайгүй зугтаасан юм бэ. Чамайг сайн дураараа эрүүл мэндээ үзүүлэхгүй бол хүч хэрэглэнэ шүү. Морийг чинь буудлаа гэж хэлээд тэрэгний цонхоор буу, цоор гаргаж баймаажин арай чүү барьж авав. Айж сандарсан залуу мориныхоо амыг татан арга буюу буун харайлаа. Эмч нар хархүүг машины бүхээгт дагуулан орж, тариураар цусыг нь авч, овог нэр, сум багийг нь бүртгэн, журналын арын тайлбар хүснэгтэд унасан морины зүс им тамгыг тэмдэглэв. Нэр усаа худлаа хэлсэн байвал чи шоронд орно гэж мэдээрэй. Энэ шилтэй цус бидний гарт байсан цагт чамайг хаанаас ч олно гэж айлгалаа.

*          *          *

Өдөр дунд. Арван хоёр цагийн харанга дуугарсны дараа 505 –ын төв штабын дэд дарга Сергей Сергеевичийн албан тасалгаанд дуудлагын эмч, эм тарианы төмөр саваа барин орж ирлээ.

– Наад нэг цагны чинь сэрүүлгийг хуга мушгиад аваад хаячихдаг юм билүү. Ажил хийлгэхгүй дарамттай юм гэж Сергейг хэлэхэд, эмч:

– Хурандаа та бухимдах хэрэггүй. Таны бие одоо илааршиж байгаа. Нөгөөтэйгүүр таны тарианаас одоо цөөхөн үлдлээ гэж хэлээд арын өрөө рүү нь орлоо.  Хурандаа Сергей Сергеевич Олдохын талын ангиудын ажлыг шалгахаар очихдоо танилцсан Елена гэдэг гоо бүсгүйгээс өнгөний өвчин авснаасаа хойш бие, сэтгэл нь хямарч, ялих шалихгүй жижиг юман дээр ч гэсэн бусдаас буруу эрж, бухимдан цухалддаг болжээ. Хурандаа арынхаа өрөөнөөс өмдөө товчилсоор гарч ирэхдээ:

– Наад шприцний чинь зүү үзүүргүй мохоо юм уу. Газраас олдсон зэвтэй хадаасаар хатгаж байгаа юм шиг өвтгөх юм.

– Шинэ зүү шүү дээ.

– Тэгвэл чи тийм бороохой шиг хүнд гартай юм уу.

– Таныг зөвшөөрвөл манай цэргийн эмнэлэгт хөнгөн гартай, сайн сувилагч хүүхнүүд бий шүү гэвэл, хурандаа эмч рүү хяламхийн харснаа,

– Хүүхнүүд гэдэг чинь гараар гардаг цоож, үргэлж ам хуурайгүй шаазгай шиг шагширч үзсэн харсан бүхнээ зарлаж явдаг амьтад. Чи намайг тэгж түмний шившиг болгоё гэж бодов уу. Энэ хэдийгээр миний, хувь хүний өвчин боловч цэргийн нууц. Манай ялсан армийн нэр хүндтэй холбоотой нарийн асуудал.  Эмч бүгдийг ойлголоо хэмээн хурандаад ёслоод гарлаа.

Хурандаа утсаа шүүрэн авч, хээрийн … дугаар ангийн даргад залгаадах гэж холбоочинд тушаалаа. Утсаа хээрийн ангитай холбогдох зуур карпинтай уснаас аягалан уунгаа утсаа сонсч байсан хурандаа:

– Ахмад аа чи намайг яаж хорлосноо мэдэж байна уу. Чиний тэр магтаад байсан гоо бүсгүй чинь яр тэмбүүндээ баригдсан янхан байсан байна лээ. Одоо чи ойлгов уу. Тийм учраас … Хоригдол болон цэргүүдэд нийгмийн халдварт өвчин тараахаас нь өмнө даруйхан тэр эмийг анир чимээгүйхэн тонилго. Цэвэр хийнэ шүү … Хожмын хойд өдөр хүн амины элдэв хэл ам гарвал чи өөрөө хар толгойгоороо хариуцна гэж мэдээрэй хэмээгээд утсаа тавилаа.

Хээрийн ангийн дарга Еленаг байрандаа дуудан ирүүллээ. Хурандаагийн буянаар хөнгөн ажилд шилжсэн Елена ахмадын майханд доор бөхийн орж ирээд … дугаартай ялтан Елена таны дуудснаар ирлээ хэмээн илтгэв. Ахмад түүнийг суу хэмээн сандал руу зангаад,

– Чи бид хоёр тушаалаар ажилладаг адилхан цэргийн хүмүүс. Хурандаа чамд хотоос унаа явуулжээ. Тэр машин чамайг үдэш худгийн дэргэд хүлээж байх болно. Иймд чи өнөө орой бүрэнхий болмогц энэ хойт байшинтай өрөмдмөл худаг дээр очсон байх ёстой. Өөрөөр хэлбэл арван км газар алхана гэсэн үг. Аз жаргалтайгаа золгохын тулд чам шиг залуу бүсгүй аравхан км алхах юу ч биш. Үдэш би чамайг өөрийн биеэр эргүүл харуулуудын энэ хориотой зооноос гаргаж өгнө. Чи энэ тухай хэнд ч ам ангайж болохгүй. Та бол эндээс зугтсан оргодол босуул хүн. Чи миний үгэнд итгэхгүй байна уу. Яагаад баярлахгүй дуугаа хураагаад хачин царайлаад байгаа юм бэ.  Ийм боломж, ийм завшаан, ялтан хүнд дахин олдохгүй шүү. Хүүхэн тэнэг мангар юм шиг газар ширтэн бодолд дарагдан сууснаа, уруулаа чичрүүлэн байж:

– Би хурандаатай эргэж уулзах нүүргүй болсон хүн.  Та намайг энэ лагериас битгий явуулаач гэж уйлагналаа. Ахмад нүдээ бүлтийлгэн гайхаж:

– Би чиний наад үгийг чинь юу гэж ойлгох болж байна.

– Би өнгөний халдварт өвчтэй болоод удаж байна.

– Тэр надад ямар хамаа байна. Би ноён хурандаагийн тушаалыг л гүйцэтгэх үүрэгтэй. Хэрвээ тийм бол хотод, Улаанбаатарт очоод л эмчлүүлчихнэ биз. Иймхэн юмны төлөө санаа зовж толгойгоо өвтгөх хэрэг юу байна. Маргааш өглөө би түгшүүр зарлаж, чиний хойноос эрлийн групп томилох болно. За явж аян замдаа бэлтгэ гэв. Хүүхнийг гарсны дараа ахмад нэгэн бага даргаа дуудаж,

– Чи өнөө шөнө ялын тогтоол гүйцэтгэнэ. Ойлгов уу.

– Ямар тогтоол

– Нууц тогтоол

– Чи өнөө шөнө энэ хойт байшинтай худгийн дэргэд Еленаг хүлээж байгаад хүрээд ирэхээр нь дуу намсгагчтай гар буугаар бодийг нь хөтөлчих. Маргааш би түүнийг шөнө хөл хорьсон зооноос гарч, зугтах гэж оролдоод хээрийн эргүүлийнхэнд буудуулсан байна лээ гээд л протокол биччихнэ гэж хэлээд Гүйцэтгэ! хэмээн хашгирлаа.

Бага дарга түрүүлж очоод худгийн байшингийн сүүдэрт хүлээж байтал шөнө дөл болсон хойно Елена бүсгүй өнчин янзага адил бөртөлзэн хүрч ирлээ. Бага дарга байшингийн сүүдрээс гарч бүсгүйн өмнөөс тосон очиж:

– За Елена сайн уу. Харанхуй шөнө анги байрлалаа орхиод хаа хүрч явна даа гэвэл хүүхэн цочсон ч үгүй,

– Чи хэн бэ гэж асуулаа.

– Би харуулын бага дарга, түрүүч Петрушка байна.

– Чи энд юу хийж ганцаараа зогсч байгаа хүн бэ.

– Би чамайг хүлээж байсан юм.

– Чи надаар яах гэсийм бэ.

– Уучлаарай ! Елена. Ангийн дарга, ахмад өөрийг чинь энд буудчихаад ир гэж тушаал өгсөн юм.

– Би ч тэгэх ч болов уу гэж санасан юм. Бүх юм миний бодсноор болж байх шив дээ. Тэгээд одоо буудаач дээ. Чи цэрэг юм бол даргынхаа тушаалыг гүйцэтгээч дээ. Миний бие бэлэн байна.

– Елена. Чи үхэхэд дэндүү залуу байна. Хэдийвээр би даргынхаа тушаалыг биелүүлдэг цэрэг ч гэсэн чамайг алчихаад цаашаа энэ хорвоо дээр яаж амьдрах юм бэ.

– Чи ямар над шиг хоригдол биш. Эх орныхоо өмнө гавьяа байгуулсан хэний ч нүүрийг дальдралгүй харах бүрэн эрхтэй цэрэг хүн. Армиас халагдаад эхнэр авч, эрх чөлөөтэй амьдрах сайхан ирээдүй чамайг хүлээж байна.

– Би чамайг алж чадахгүйгээс хойш хоёулаа хамт оргоё гэхэд, Елена хоолойдоо тохуутайхан хөхөрч:

– Чи аминдаа хайргүй яасан тэнэг залуу вэ. Төрд дансгүй, сохор зоосны үнэгүй, ялтан хүүхний төлөө амиа золиослох гэж байдаг. Чи даргынхаа тушаалыг гүйцэтгэж чадахгүй бол би өөрөөгөө хороочихьё. Алив буугаа өг гэж Еленаг хэлэхэд, Петрушка гэнэт уурлаж:

– Ертөнцийг чимсэн ийм сайхан бие нүд хөмсөг, зүс царайг бурхан чамд харамгүй заяасан ч харамсалтай нь ухаан хайрласангүй дээ гэв.

– Удахгүй үүр цайна. Харуулын цэрэг минь чи анги руугаа буц. Намайг худгийн байшинд ирсэнгүй. Хүлээж ядаад ирлээ гэж чи тэр дарга нартаа хэлээрэй. Чи бид хоёр энэ хорвоо дээр энэ насандаа дахиад уулзахгүй биз. Эмэгтэй хүн болж төрснийх сүүлчийн удаа энхрийлүүлж, таалуулмаар байна. Чи намайг энэ насанд мартагдахааргүй нэг их сайхан үнсээч гэлээ. Петрушка зөвхөн Еленагийн энэ үгийг л хүлээж байсан юм шиг хүүхнийг тэврэн авч, олон жил сар бие биенээ хүссэн залуу хүмүүсийн гэнэт дүрэлзэн ассан хуял тачаалын галд амьдаараа шатаж үхтлээ хоёр биенээ тэврэн озон үнсэлдэв. Гэтэл гэнэт буу тасхийж, бага даргын бууг сэмхэн авч өөрийгөө буудсан Елена ганц ч үг хэлж амжилгүй, Петрушагийн гар дээр амьсгал хураалаа.

*          *          *

Никитин тэргүүтэй гурван оргодол  шөнө тэнгэрийн одоор баримжаалан газрын бартаа дамжин явсаар дөрөв дэх хоног дээрээ Хэрлэнгийн хөвөөнд үүр цүүрээр дөрөө мултлан хүн, морь хоёрын яс түр амарлаа. Дорнын их талын амь амьсгал болсон энэ л мөрний барааг харвал ардаас нэхэн ирж яваа буу, зэвсэг машин тэрэгтэй залхаан цээрлүүлэх отрядынхаас амьд мэнд мултарна хэмээн тооцсон тэр хүмүүс голын бургасанд нуугдан өдрийг өнгөрөөгөөд үдэш загасчлан ам хөдөлгөх юмтай залгав. Холгүйхэн байгаа хадланчдын майхны гадаа түүдэг гал асаасан хэсэг хүмүүс архи дарс ууж, ам нь халсан янзтай гармуушиг хөгжим хангинуулан ёохор хатиран шуугилдана. Хоймрын идээ будаа өрсөн явган ширээний ард хэдэн давхар олбог дээр суусан бүдүүн улаан буриад өвгөн архи сөгнөн:

– Хангай дэлхийн хишиг хадлангаа хадаж дууслаа. Урд уул шиг ийм сайхан арван нуруу өвс байхад урин цагтай хэдэн мал маань золгохгүй хаа чаа даа. Сортоотойхон буриадын нутаг дээр сонгино ургадаг юм хэмээн хамган самганууддаа гайхуулан инээлээ. Гоёлын хувцас өмсч мөнгөн санжуурга шүр, хуваар бүслүүрдэн чимсэн цацагтай малгай өмссөн залуу басгад чийрэг тэгшхэн хөлөөрөө гайхуулан “Хажуу газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл” ёохор хатирна.

Алтанхан часытай, мөнгөнхөн өлгүүртэй

Айдархан нэгэн нь миний лээ нүхээр

Арваадхан сэргийнхээ дундаахым сэргэмдээ

Атгархан борлог миний морио … гэж дуулалдана.

Бүрэнхийн дунд тэрэгний морьд өвс шир ширхийн зулгаана. Никитин гараа амандаа барин бөрт бүдэг дуугаар модны бор гөрөөс лугаа адил хэдэнтээ бүрхрэн дуугарсан ч хариуд нь нохой хуцах чимээ сонсогдсонгүй. Оргодол эр бүхээгтэй тэрэг, өвсний морин машин тэргүүтнийг таширлан гэтэн явсаар захын майханд орвол хүн байсангүй. Тэрбээр баганын хэцэнд өлгөсөн борц болон хоймрын авдар дээр тавьсан буу зэргийг хам хум шүүрэн аваад дараачийн майханд орвол, газраар гудас дэвсэн хэвтэж байсан нэгэн архи ханхлуулсан согтуу эр “ямар дураак унтуулахгүй хөл дээр гишгээд яваад байна вэ, алив архи аваад ир” хэмээн нойрмог дуугаар хашгирав. Ирсэн хүн харанхуй бүрэнхийн дундуур бүдүүн өвс бөхийлгөлгүй, нарийн өвс нахийлгалгүй гэдрэг сэмхэн буцлаа.

– Өнөө шөнө газрын цээжинд амжиж гарахгүй бол өглөө босоод энэ буриадууд буу, борц хоёроо алга болсныг өгүүлж, манай үүгээр урд шөнө оргодол босуулууд явав хэмээн сумын захиргаа, хэлтсийн төлөөлөгч, хол ойрын хүмүүст мэдэгдэх болно. Монголын хилийг мориор биш мод зайдалж давна. Маргааш хэдүүлээ сал хийж, ус хөлөглөн урт холын замд гарцгаана. Хятадын хилийг алхаж, Далайнуурт хүрсэн цагт бид Манжуурт очлоо л гэсэн үг. Хятадуудын гарт орчихолгүй нутгийн гүнд хөл тавьсан хойноо орос загасчны дүрд хувирна. Зуны халуунд загасчид хэзээ л хувцас өмсч байлаа даа.

Морьдоо орхин гурав хоног Хэрлэн мөрнөөр салаар урссаны эцэст бүдэг бадагхан сартай үдэш Хятадын хилийн эргүүлтэй тааралдах нь тэр.

– Зогс, Гараа өргө! гэж байгаа бололтой бууныхаа замгийг тачигнуулан омогтой хашгирав. Ийм хүмүүстэй нэг бус удаа тааралдана гэдгийг эртнээс тооцсон гурван орос эргээ халин үерлэн оволзож байгаа харанхуй хар эргүүлэг рүү үсэрлээ. Тэд усны урсгал даган хэсэг шумбаад эргийн бургас руу сэмхэн орж, хойноос нь завсар зайгүй гал нээх бууны сумнаас арай чүү амь мултрав. Бурхны авралаар тоо бүрэн, толгой бүтэн уулзсандаа баярласан оргодлууд тэр шөнөдөө мөрөө буруулан хойд зүгийг чиглэн багтарч унатлаа гүйцгээлээ.

Алтангадас одны дор ариун дагшин Орос орон газар шороо минь бий. Христос  бурхан маань биднийгээ мартсангүй, дайсны гарт орох аюулаас авч гарлаа. Амьд л үлдснээс хойш арга олдоно хэмээн сэтгэлээ засаад эхлэл төгсгөлгүй аян замдаа гарцгаажээ. Монголд байхаасаа л чимх чимхээр хурааж цуглуулсан цөөн орос цөлхөөвнөөс өөр юмгүй, гахай явган, нохой нүцгэн энэ хүмүүс Манжуурын хээр талыг бараг хөл нүцгэн туулж, шувууны өндөг, голио царцаа, гишүүгэний үндэс ухаж идэн гол зогоосоор Далай нуурын хөвөөнд ирсэн хойноо өлсч ядарснаа сая л мэдэв. Хэн ч гэсэн биднийг хараад оргодол босуул гэдгийг мэднэ. Энэ гарын бугуйн дээр машинаар дарсан долоон оронтой тоог хараад хаанахын хэн бэ гэдгийг асуултгүй мэднэ. Эх орноосоо урвасан 505 дугаар армийнхан, 505 дугаар тогтоолоор буудан алах ялаар шийтгэгдсэн торгуулийн сумангийнхан, германы элит армид Украйны Берёзка тосгоны ойролцоох ойд бүслүүлээд SOS хэмээн амьд хүмүүсээр жагсаан бичиж, өөрийнхөө талын нисэгчдээс аврал гуйж байсан тэр новшнууд гэдгийг оросууд байтугай, германууд сайн мэднэ. Тийм учраас муу нуухаар сайн илчил гэдэг үгийг санаж, Оросын загасчид дээр очиж үнэнээ хэлж, хар бор ажил хийн хуучин ч хамаагүй гутал хувцас олж өмсье гэж шийдэцгээв.

Япон, Манжийн эзэмшилд байгаад одоо Хятад улсын мэдэлд шилжсэн энэ газар нутаг дээр цагаан оросууд байна уу гэхээс биш улаан оросууд лавтайяа байхгүй гэдэгт итгэж болно гэж хэлснээ Никитин далайгаас эрэг өөд ирж яваа хөлөг онгоцыг хүлээхээр шийдлээ. Цав цагаан далбаатай, гурван шурагтай, том хөлөг онгоц ирж явлаа. Гадаад их далайд л ийм хөлөг онгоц харагддагаас биш эх газрын гадагшаа гарцгүй нууранд ийм том хөлөг үзэгддэг билүү. Энэ бол Манж Го-гийн тоглоомын засгийн газрын хөрөнгөөр япончуудын барьж босгосон эх газрын хамгийн том далайн хөлөг мөн гэдгийг тэд хараад л нэвт шувт ойлголоо.

*          *          *

Гэрэл гэгээ цацарсан том танхимд гоё ганган хувцастай ноёд, хатагтай нар үлээвэр хөгжмийн аялгуунд бүжиг эргэнэ. Тэнд Орос, Япон, Манж, Хятад энгийн болон цэргийн хувцастай хүмүүс тансаг зоог, архи дарс бүхий ширээн дээр найрлана. Хананд 1946 он гэсэн тоо гэрэлтэнэ. Дунд болон ахлах тушаалын офицерууд эхнэрийнхээ хамт бие биендээ хүндэтгэл үзүүлэн толгой дохих агшинд үдэшлэг хөтлөгч:

– Одоо он солигдох мөч айсуй, Ерөнхий командлагч атман Семеновыг хүлээн авахад бэлдэгтүн гэж хашгирна. Гаднаас атман Семенов бараа бологсод бие хамгаалагч Казакуудынхаа хамт орж ирэв. Хүмүүс босч алга ташин баяр хүргэв. Атман Семенов гар өргөн хуран цугларсан олонтой мэндлээд ширээнд суув. Цагийн зүү арван хоёрын тоон дээр давхцан харанга дуугарахад хүмүүс оргилуун дарс буудуулан “Ура” хашгиралдав. Болор жүнзтэй дарс тулгав. Атман Семенов босч:

– Энэ 1946 оны шинэ жил та бидэнд, эх орон, газар шороогоо гэсэн элэг зүрхтэй бүхэнд аз жаргал авчрах болно. Их хэргийн төлөө сэтгэл нэгдэн Алс Дорнодын Бүгд Найрамдах улсын гал голомтыг асаан Их Орос улсыг  дахин мандуулахын төлөө амь насаа огоорон зүтгэж яваа Казакын шилмэл зуутууд цэрэг дарга, бүх дайчид, холбоотнуудаа баяр хүргэе. /хундага өргөнө/

Мөнгөн загалмайтай нэг хурандаа босч бид ирэх жилийн шинэ оныг Харбинд бус эх орондоо Москвад хааныхаа ордонд тэмдэглэхийн төлөө энэ хундагыг өргөе! /Хүмүүс алга ташин хашгиралдав/ Гэтэл нэг согтуу офицер босч гар буугаа сугалан барьж:

– Миний толгой мөрөн дээрээ байсан цагт тэр муусайн большвекууд коммунистууд амар заяагаа үзэхгүй.  Тэр генерал Сухоров, Касагранд, Бакич, Резухон нар аль эрт наашаа ирэхгүй юугаа хийгээд амьд үхсэн нь мэдэгдэхгүй Монголд бүгээд байсан новшнууд вэ. Тааз руу буудав. Авгай хүүхнүүд айж цочин хашгиралдахад хүмүүс түүний бууг булааж авлаа. Атман Семейнов түүн рүү муухай харж:

– Хүн алж энэ сайхан үдшийг гутаагаад яахав. Наад архичнаа гадаа хөөж гаргаад тавин удаа ташуурд гэж харгалзагч нарт тушаал өгөв. Уулынхны хиазтай Черкас дээл, оймсон түрийтэй гуталтай, чинжаал хутга зүүсэн казакууд, дэвүүр барьсан, кимонотой Япон бүсгүйчүүлтэй бүжиглэнэ.  Цэргийн болон энгийн хувцастай хэдэн Япон офицер энэ бүхнийг алсаас гайхан харж:

  • Энэ оросууд их догшин, огцом түргэн зантай бүдүүлэг хүмүүс юм.
  • Аргагүй шүү дээ, эх орноосоо хөөгдөж, орох орон оочих аягагүй болсон хүмүүс, архинд согтох биш, солиорч байхгүй юу.
  • Ийм хүмүүс хол харайхгүй. 1905 онд манайхантай байлдаад яаж шившигтэйгээр ялагдлаа даа. Энэ үед танхимд Манжуурын толгод эгшиглэж байв.

Үзэсгэлэн гоо орос бүсгүй, Никитин хоёр олноос онцгой сууж дарс шимэн ярилцана.

– Би анх гарыг чинь атган танилцахдаа л таныг далайчин хүн болохыг хараад л мэдсэн юм.

– Яаж?

– Яахав дээ таниас  загас үнэртэж байсан юм.

– Далайн хужиртай шорвог усан дотор хулдаасан хормогчноос хувцасгүй, нүцгэн биен дээрээ  загас үүрсээр байгаад би гэдэг хүн бараг давсалсан загас шиг болчихсон амьтан.

– Эзэн хааны эрдэнийн сангаар энэ Атман Семенов мөн ч хамаагүй тоглож байна даа. Японы тэр байлдааны хуягт хөлөг онгоц хэнд хэрэгтэй юм бэ. Тэр чинь Читайн төмөр замаар явдаг вагон биш учраас хэзээ ч хэрэг болохгүй гэж Никитинийг өгүүлэхэд хүүхэн:

-Улаантнууд Алс Дорнодоос бидний ар хударгаар далайгаар довтолбол тэр байлдааны хөлөг онгоцууд чинь хэрэг болох юм биш үү. Курилийн арлуудыг аваагүй цагт оросуудын нойр хүрэхгүй.

-Үгүй дээ, үгүй хэзээ ч тийм юм болохгүй. Тэд Владивостокоос наашаа гарч ирж чадахгүй. Би удахгүй нутаг буцлаа.

– Яах гэж … Улаантнууд таныг минь барьж аваад өчиггүй алчихна шүү дээ.

-Тэр хамаагүй ээ, ингэж хүний газар энэ муусайн Япончуудын гарыг харж , чимээ чагнаж сууснаас нутгийнхаа агаар, салхиар хэд сайхан амьсгалаад  буудуулсан минь дээр.

– Та өөрийгөө хайрладаггүй юмаа гэхэд энэ газар, газрын оргодол босуул орогносон аймшигтай хүмүүсийн дунд намайг орхиод үхэж чадна гэж үү.

– Цэргийн хүн эх орон дуудсан цагт бэлэн зогсч байх ёстой. Эзэн хааныхаа төлөө эцсээ хүртэл тулалдах л болно. Агуу их Орос орон мандтугай гэж хэлээд Никитин хундагаа өргөв.

Казакийн морин зуутуудын сэлэмт бүжигчид тахтай гутлаараа шал тачигнуулан бүжиглэнэ. Орос, япон, манж, хятад гоо бүсгүйчүүл үндэсний хувцасныхаа загвар үзүүлэн тайзан дээгүүр алхална. Нэг орос бүсгүй атманыг бүжигт урих сацуу цэргийн үлээвэр хөгжим “Манжуурын толгод”-ыг эгшиглүүлэв. Атман Семенов бүжиглэхээ зогсоож, хөгжимчдийн зүг гар өргөн:

– Би энэ гунигт вальсын аялгуунд бүжиглэхийг хүсэхгүй, Яагаад гэвэл энэ Оросын армийн гутамшигт ялагдлын дараа зохиогдсон эмгэнэлийн хөгжим … Энэ нэг мянга есөн зуун дөчин долоон онд манай арми Курилийн арал дээр Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын төрийн далбааг мандуулах болно гээд хундагаа өргөлөө. Хөгжимчид “Цэнхэр Дунайн вальс”-ыг  эгшиглүүлж, генерал, бүсгүй хоёр бүжгээ үргэлжлүүллээ.

‍‍*                     *                                     *

Манжуураас хөдөлсөн галт тэрэг хоёр дахь өдрийнхөө өглөө Сибирийн их тайгын зүүн захад орж ирэв. Орос нутгийнхаа ус, агаараар амьсгалж газар шороон дээр нь хөл тавилгүй хичнээн ч жилийн нүүр үзэв дээ.

Германы хил дээр цустай окопонд хэвтэж байхдаа ч, номхон дөлгөөн далайд Японы хөлөг онгоцон дээр тор татан загас шүүрдэж явахдаа ч, ялтан болж Монголын их тал нутагт улаан гараараа төмөр зам тавьж, үхэж үрэгдэх амьгүй юм шиг зүтгэж явахдаа ч Орос нутгийнхаа талх, тариа үнэртсэн энэ л газар шороог унтаа сэрүүний завсар, зүүдэлж л явсан биш үү гэж бодсоноо Никитин тэртээд өвс бухалдан, сэрээ шимүүсэгээ наранд гялалзуулан ажиллаж байгаа цагаан цагаан хувцастай Оросын хөдөөх тосгоны бүсгүйчүүлийг, зөөлөн салхинд алгуурхан эргэх эртний домог мэтү салхин тээрэм, тарианы шан даган нисч буух сүрэг турилаах, юу эсийг харж халиаж барахсан билээ. Энэ бүхнийг харсан Никитиний нүдэнд нулимс мэлтрэн газар дэлхий цэнхэртэн зэрэглээтэв.

Би чинь бууны аман дээр очсон ч бурхнаас ч амь гуйж үзээгүй хатуу чанга цэрэг эр, Зөвлөлт Социалист Холбоот Орос улсын баатар цол хүртсэн хүн шүү дээ. Гэтэл нутгийнхаа барааг харав уу үгүй юу, уйлж байдаг чинь юусан билээ. Цаст уулын цагаан арслан нулимс унагаадаг гэж үү…

Миний дарга, Эх орны их дайны баатар генерал Власовыг Сталин бараг хээрийн шүүхээр ч оруулалгүй шахам буудсан. Намайг ч бас галт тэрэгнээс буув уу үгүй юу дотоодыг хамгаалахынхан нохой шиг буудна биз. Би ижийтэй минь эцсийн удаа уулзуулж өгөөч гэж тэднээс гуйж амаа бузарлахгүй юм шүү. Яагаад гэвэл тэд миний үгийг сонсохгүй. Тийм учраас би Оросын баатар хүн яаж аймшиггүйгээр үхэж чаддагийг харуулнаа.

Хэдэн мянган хүнд артилерь, сөнөөгч, бөмбөгдөгч, нисэх онгоцтой Германы хоёр сая хүнтэй элитүүдийн арми биднийг Украйны Берёзка хэмээх газар бүсэлж уулыг тал, талыг там болтол бөмбөгдсөн. Манайханд урагш давших нь байтугай ухрах сөөм газар ч байгаагүй. Дэлбэрэлтийн дуу, гал утаанд чих дүлийрч хүний  үг сонсох нь бүү хэл, амьд үхсэн хоёроо ч ялгахад бэрх болсон цаг. Сарын дараа гэхэд манай цэргийн сум, хэрэгсэл дуусч, бууны жаднаас өөр зэвсэг үлдээгүй учир улаан гараараа гардан тулаанд орж дайсантай амиа солилцдог болж билээ.

Намайг Монголоос Манжуур руу оргон ядарч явахад унаж явсан эмээлтэй морио өгсөн тэр бурхан шиг Монгол бүсгүйтэй би энэ хорвоо дээр дахин уулзах ерөөл байдаг болов уу…

Галт тэрэг Ярславскын буудал дээр ирж зогслоо. Хүмүүсийн нүүр царайнаас инээд, аз жаргал гэрэлтэн Москвад дайны сүүдэр хэзээ ч тусч байгаагүй мэт амар амгалангийн хөгжим тод хэрнээ намуухан эгшиглэж байлаа. Хүмүүс ирэгсдийг угтаж, явагсдыг үдэн галт тэрэгнээс уван цуван бууж байлаа. Никитин галт тэрэгний цонхоор хол, ойрыг ажиглан хэсэг сууснаа босов. Нутгийн салхин нулимстай нүдийг нь илбэн аргадаж байх шиг санагдана. Никитин хоёр оломтой гахайн ширэн чемоданаа барин галт тэрэгнээс яаралгүйхэн буулаа. Тэр чемодан дотор ээждээ өгөхөөр авсан энэтхэгийн далайн сувдан зүүлт, эхнэртэй бэлэглэх Уссур мөрний булган дээл, Иволгын сүмийн хамба ламын адисласан эрдэнийн чулуун шигтгээтэй алтан загалмай, цөөнгүй доллар бий.

Гурав дөрвөн чиг улсын хилийн дээс алхан үхэхээс бусдыг үзэн зовж зүдэрсэн ч Манжуурт оргон очиж, авга ахынхаа буянаар атаман Семеновын нуусан хөрөнгийн шахруунаас хувь хүртэж, хувцсаа солих нь байтугай, эдлэн газар худалдан авах бэл бэнчинтэй болжээ.

Тэр олны дундаас эхнэрээ олж харахыг хичээн харцаараа хайлаа. Бараа сураг алга. Холгүйхэн газар дотоодыг хамгаалахын энгийн хувцастай хэдэн офицер түүнийг харан зогсч байлаа. Энэ хүмүүс намайг барихаар иржээ, Наташкад би цахилгаан явуулсан. Гэтэл тэр минь яагаад ирсэнгүй вэ гэж бодох зуур “Ааваа” гэх хүүхдийн дуунаар доош харвал өвдөгнөөс нь өндөргүй дөрөв, тавхан настай нэг жаахан хүү өмнө нь баглаа цэцэг барин зогсож байлаа.

Никитин хүүг авч өхөөрдөн тэврэх тэр мөчид дотоодыг хамгаалахын офицерууд түүний дэргэд хүрэлцэн ирж:

– Сайн байна уу. Таныг эх нутагтаа эргэн ирсэнд баяр хүргэе. Бид таниар бахархдаг. Тийм учраас та бид бие биенээ хараагүй, хэзээ ч уулзаагүй шүү. Та сайн цаг иртэл хүний нүднээс холхон аж төрөх нь зөв байх шүү гэж хэлээд алхан одов.

Гэтэл хүү:  -Ээж ээ ! Аав бид хоёрыг ирж аваач гэж хашгирахад тэр зүг харвал Наташка нөхрөөсөө эмээж, гэрэвшсэн янзтай хоёр гараараа толгойгоо тас тэврэн чимээгүйхэн зогсч харагдав. Никитин гэрийнхээ босгыг алхан дайны фронт руу явснаас хойш ийнхүү арван жилийн дараа эргэн ирж, Орос нутгийнхаа газар шороон дээр хөл тавьж байгаагаа сая л ухаарав.

Эхнэрийнхээ барааг харсан Никитин энэ л өдөр, зөвхөн энэ л хормыг хоног тоолон хүлээж, арван хэдэн жил гал, утаан дундуур үхэх амь, үрэгдэх биегүй юм шиг бууны ам, жадны үзүүрт туугдан өрнөөс дорно, номхон дөлгөөн далайн эрэг хүртэл гэрийнхээ барааг харалгүй явган нүцгэн тэнүүчилсэн бус уу.

Гэтэл юун ийм жаахан хүүхэд намайг ааваа хэмээн тосч ирдэг билээ гэж бодсоноо устай, цустай окопонд унтаа сэрүүний завсар, өөрийгөө амьд үхсэнээ ч бараг ялгахгүй болтлоо зовж зүдэрч явсан өдий насны эр хүн зулайг нь үнэрлэх үртэй болсондоо нулимсаа гартал баярлахаас өөр яахсан билээ л …

2016 оны 4 сарын 30

Улаанбаатар хот. Буянт-Ухаа505

 

Балжирын ДОГМИД /Ардын уран зохиолч/

 

            ТУУЛАЙН ТАЛ

Хавартаа хаа холоос айлууд нүүн ирж ханаа дугуйлан, тооноо өргөдөг энэ сайхан тал намайг бага балчир байхад туулайны эх орон байлаа. Харанхуй бүрэнхийд гадаа гарахад хамраа хөөдүүлдэг өлгийтэй байхаас л тоглоомонд минь уяатай байсан тэр л утаатай эсгий үнэг зүүд, нойронд минь амь орон аргалд явсан ижийг минь дуудахаар энэ л талын шивээ хялгана дундуур салхин харгуй татуулан давхин оддог тэр л нутаг. Миний үзэж сонссоноор дайны жилүүдэд Туулайн талаар бензин, колонкуудыг зүүн зүг рүү Халхын гол руу өртөөлөн барьсан бол дайн дууссаны дараа Сайншандаас Баянтүмэн хүртэл “505”-ын Орос хоригдлууд төмөр утасны мод босгож, хожим далаад онд Монголд байрласан Орос цэргүүд агаарын довтолгооноос хамгаалах лекатрын анги байгуулж онгоцны буудал, барилга байшин босгосон түүхтэй. Өвөл цас унахгүй, зун бороо орж томоохон тойрмуудад ус тогтож нуурлахгүй л бол энэ их талд айл, мал нүүн ирэх нь ховор бөгөөд зэрэглээнд нь зээр , гөрөөс ангаж цангадаг зэлүүд газар аа. Энэ жил Туулайн талд нуур, ногоо сайтай халгиж цалгисан сайхан зун болсон тул айл, мал алаглан байлаа. Ногоонд хавар эрт цадаж таргалсан хонь мал халууцахдаа хотондоо ирэхээ больж өндөр сэргэлэн газар бараадан хэвтдэг зуны дунд сарын бөрт бүдэг сартай бүрхэг сэрүүхэн шөнө ганц гэрийн гадаах тэрэгнээс уяатай байгаа жингэр дээр хээрийн нэгэн азарган чоно зэлэн дээр хэвтэх үхэр, малд ч ажиг сэжиг авахуулалгүй гэтэн ирэв ээ. Гичий, чоно хоёр бие биенээ таалан ам хамраа долоон эрхэлснээ хуял тачаал нь багтаж ядсан хээрийн нохой жингэрийн хүзүүн дээр өрөөсөн хөлөө өргөн тавьж зөөлөн гийнаснаа шээсээ дуслуулан шинхэг, хулмас талаар нэг ханхлууллаа. Гэрийн дотор бүдэг, бадаг гэрэлтэй, арслантай авдран дээр мандаасан зулын тос дундарч гол нь бадамласан тул тооноор гэгээ үл үзэгдэнэ. Нохойныхоо уяа гинжний дуугарах чимээнээр нойроос сэрсэн гэрийн эзэгтэй, нөхрийнхөө өврөөс муур мягуй адил сугаран босч гэрийнхээ зайчаар очиж гадагшаа шагайн харлаа. Бяралхуу бүдүүн хүзүү, өндөр сэрвээтэй азарган чоно жингэрийг нь эзэмдэн дээр нь мордчихсон ядарч цуцтал нь талхиж байлаа. Эм амьтны үйлийн үр гэдэг ийм ороо бусгаа ажээ. Гадаа уяатай байгаа гэрийн нохойтой хээрийн зэрлэг араатан яахаараа ийнхүү нөхцдөг байна вэ. Энэ тухай нөхөртөө хэлэх үү, байх уу гэж бодсоноо Долгормаа хаалгаа зөөлхөн түлхэж гадагшаа гарлаа. Гэрээс гарч ирсэн нөмгөн хүүхнийг хээрийн боохой гартаа зэвсэггүй бүсгүй хүн гэдгийг мэдсэн мэт төдийлөн үргэж цочсонгүй. Ер нь энэ азарган чоно Долгормааг хонь малаа эргүүлж явахад нь өдөр бүр хол, ойроос харсаар харанхуй шөнө ч дуу хоолойг нь таньдаг болсон юмсанж. Архи дарс уучихсан согтуу амьтан шиг яаж яваад айлын гадаа хүрээд ирдэг гайхал гээч вэ, аль эсхүл галзуу солиотой юм болов уу. Хэрэв тийм бол хүн мал, ер нүдэндээ харагдсан хөдөлдөг, явдаг болгон руу дайрах ёстой биш үү. Араа шүдтэй азарган чоно хэрнээ хэвтээ хонь ч үргээхгүй сонин амьтан юм. Юу идэж, ууж явдаг юм бол… Манайхтай саахалт байгаа энэ олон ингэ ботголуулдаг олон ноходтой айлуудын хаагуур нь явж энд ирдэг юм бол. Бяруу шиг ийм том чоно ботго, тугалынхаа зэлэн дээгүүр гүйж явахад үзэх нүд, үнэрлэх хамаргүй юм шиг унтаж хэвтдэг хоточ ноход гэж баймааргүйсэн. Норовсамбуу гуайнд очиж хэлдэг юм билүү. Хэллээ гээд амны гарз болно биз дээ. Нутгийн боохой, энэ мал хулгайлдаг машин тэрэг хөлөглөсөн сүүлгүй чонуудаас хавьгүй дээр. Үүр хэвтрийг нь онгичиж, үр зулзагыг нь хөнөөхгүй байх юм бол өнчин ишиг ч айлгахгүй ухаантай амьтад гэж чоныг магтдаг хүн. Маргааш өглөө нь Долгормаа цайгаа ууж суух зуураа нөхөртөө хандан :

  • Манай жингэр хээлтэй болчихож, удахгүй нэг хоёр сарын дараа гөлөглөх байх гэвэл Батхүрэл цочсон мэт өөдөөс нь нэг том харснаа:
  • Үгүй байлгүй дээ… Бас ямар юм нь ирээд дээр нь мордчихдог байна вэ. Энэ Норовсамбуугийн муу хөгшин нохойны хийсэн ажил л биз. Гадаа гүйгээд ирэхээр нь сэмхэн хөнгөлөөд хоёр төмсөгийг нь хүзүүнд нь зүүгээд явуулчих юм хуна.
  • Биш ээ биш…
  • Тэгээд ямар юмнаасаа хээлтэй болдог байна вэ?
  • Би л чамд хэлээгүй нуугаад явснаас биш манайх чинь аль эрт нэг хүргэнтэй болоод хэдэн сарын нүүр үзэж байна.
  • Ямар хүргэн?
  • Хээрийн амьтан, азарган чоно…
  • Чи юу яриад солиороод байгаа юм бэ? Очиж очиж чоно байхдаа ч яадаг юм
  • Үнэндээ үнэн. Би юу боллоо гэж чамд худлаа хэлэх юм. Манай жингэр дээр нэг чоно шөнө бүр ирдэг юм. Тэгээд л …
  • Үлгэр зүүд шиг сонин юм болох нь. Чам дээр бас шөнө болохоор хэн нэгэн хоёр хөлтэй хохимой толгойтой амьтан ирдэг юм биш биз дээ. Нөгөө бууны хэдэн сум ойрд харагдсан уу? Өнөө шөнө тэр муу гайхлыг чинь энэ гичийтэй нь хамт бодийг нь хөтлөөд өгье л дөө. Байсаар байтал гэрийн эзнийг амьд сэрүүн байхад муу сайн хээрийн боохой амьдаар минь шиншлэн элэг барьж гэр орон, мал хөрөнгөнд минь эзэн суух нь. Удахгүй энэ муу завхай зайдан гичийнээс чоно, нохойны баахан эрлийз хурлийз амьтад гарч энэ хөндийн хүн, мал хоёрыг түйвэргэх нь. Баг ,сумаараа хөдлөөд ч дарж дийлэхгүй дайсантай болох нь. Хожмын хойд өдөр олон амьтны амь таслаж нүгэл үйлдсэнээс гадаа байгаагаар нь ерөөсөө энэ муу жингэрийг буудчихсан нь зөв болно гэхэд Долгормаа:
  • Гадаа уяатай байсан энэ муу ядарсан жингэр яахаараа буруутдаг билээ. Чи ч гэсэн анх миний толгойг эргүүлж манай босгоор алхахдаа үдшээр ирж, үүрээр буцдаг байсан биз дээ. Энэ чоно та хоёрт ямар ялгаа байна.

Би гөлгөө тийм ч амархан алуулчихгүй шүү гэв. Тэр өдөр гэрийн эзэгтэй нөхрийнхөө бууны хэдэн сумыг гэрийнхээ дээвэр доогуур нуулаа. Батхүрэл маргааш нь анчин Норовсамбуугийнд очиж:

  • Манай жингэртэй нэг азарган чоно нөхцчихөөд салдаггүй. Би түүнийг цаашаа харуулах гэсэн чинь бууныхаа сумыг эрээд эрээд олдоггүй. Тэгээд таниас хэдэн сум зээлэхээр ирлээ гэвэл:
  • Би жилдээ гуч, дөчин ингэ ботголуулдаг хүн. Хорин хэдэн жил энэ урд говийн тэмээ, чоно хоёрыг хамт хариуллаа. Чоно гэдэг хаяагаа хадардаг одооны энэ муусайн явган хулгайчаас хол дээр амьтан. Би хар багаасаа буу цоор үүрч, хавх хаж ганзагалсныг чи мэднэ. Чонотой нийлсэн гэрийн нохой эргэж мал, хот руугаа дайрдаг гэдэг худал үг.  Чоно, нохойны эрлийзүүд харин ч мал үргээдэггүйг би сайн мэднэ. Энэ урд Бор хөөврийн говьд хэдэн бүл чоно бий.  Тэд өчнөөн олон жил өнгөрөхөд манай ботгоноос нэгийг ч айлгаж үзээгүй билээ. Тэр үдэш гэрийн эзэн Норовсамбуугийнхаас хэдэн сум аваад нэлээд халамцуухан гэртээ буцаж ирэв.
  • Чоно махнаас гарч, нүгэлт хар гөрөөчин Норовсамбуу буу, хавхаа овоо тахилганд тавьж лам, хувраг болох юм байхаа. Би өнөө шөнө тэр айж ичихээ мартсан азарган чонын бодийг хөтлөнө. Алив Долгормаа жаахан архи халаагаатах гэлээ. Ганц хоёр усаар авсан ингэний хатуу архинд нам цохиулсан нөхрөө унтсаны дараа Долгормаа азарган чонын ирэхийг хүлээн хувцсаа тайлалгүй бүхлээрээ хэвтэв. Батхүрэл архи нь гарах янзгүй үе үе шүдээ хавиран ёолно. Гадаа саруулхан тул гэрт юм оёмоор гэгээтэй. Оройжин саах зөрүүлгэний хонь хургатай хөөцөлдсөн хэдэн халтар хүүхэд нь хоймроор нэг ундуй сундуй унтацгаажээ. Алсад ууль бөрт бүдэг дуугаар гүүг-гүү-хүг хэмээн хэн нэгийгээ дуудна. Багахан цөгцөнд мандаасан зул бөхөж амжаагүй байхад зуны богино шөнө өнгөрч зүүнээс үүрийн туяа цэнхэрлэн гийнэ. Нөхрийг нь сэрэхээс өмнө амжиж хээрийн амьтан ирээсэй гэж хүлээн хэвттэл ашгүй нохойных нь уяа гинж дуугарч гөлөг гийнан эрхлэх нь сонсогдлоо. Долгормаа сэмхэн босч хөл нүцгэн гадагш гарвал мөнөөх гайхал “хүргэн” нь ирчихсэн  эхнэрээ эрхлүүлэн үлгэж, үнсэн долоож зогсов. Эзэгтэй хээрийн боохойноос ч эмээсэнгүй. Жингэрийнхээ толгойг цээжиндээ тэврэн, хацраа наан энхрийлж хэсэг сууснаа нэгэн дусал нулимс унагаагаад уяа хүзүүвчийг нь хурц хутгаар тас огтлон суллан тавив.  Нохой нь цаашаагаа хэд алхсанаа буцан ирж эзнээ нэгэнтээ үнэрлээд “нөхрөө” даган давхин одов. Хүүхний гарт атгаастай байсан нохойны уяа гинж хөлийн доор санаа алдах мэт хангинан унав.  Долгормаа сарны доогуур давхин бараа тасарч буй чоно, нохой хоёрын хойноос  төрсөн охиноо хадамд мордуулсан эхийн харцаар ширтэн сэтгэлдээ сүү өргөн үдлээ. Бор хөөврийн говьд борооны будан татна. Гэрийн чинээ элсэн товцгийг бүрхэн ургасан хармаг жимс, загийн мөчир гишүү дамжин жиргэх шариг бялзуухайн эх орон энэ зах хязгааргүй мэт үргэлжлэх их говьд ирсэн чоно, нохой хоёр ихэр ижилхэн зургаан гөлөг төрүүлж эх, эцэг болсон амьтны амьдын жаргалыг эдэллээ. Хужир мараа цавцайсан шал тойром, хулангийн цавчаал ус бүхий баянбүрд тэргүүтэн нь хүн малын диваажин ажээ. Энд машин, мотоцикль байтугай морьтой хүн ч явахын аргагүй бут бударгана, заг сондуул, элс боргио, өрхий шавар хэдэн арван бээр газар үргэлжлэх тул гөлөгнүүд эрх дураараа эрхлэн өсч бойжиж байлаа. Загийн шар оготнотой өдөржин хөөцөлдөж тоглох бэлтрэгнүүд эх, эцэг хоёроо эзгүй хойгуур өөрийгөө араа шүдтэй араатан чонын үр сад гэдгээ мартсан мэт ам хэлээ хорстол хармаг жимс идэх нь өхөөрдмөөр. Хэдэн гөлөгнийхээ борвийг тэнийхээр бүгдийг дагуулаад гэртээ очвол Долгормаа ижий минь яасан их баярлах бол. Энэ хэдийг маань ач гуч нь айлчлан ирсэн мэт өхөөрдөн бүгдэд нь улаан хэл, цацагтай гоё хүзүүвч зүүж эрхлүүлэх байлгүй. Тэгээд хотныхоо  дөрвөн талд уяж амьтан хүнд арслангийн зулзага авчраад уячихсан мэт гайхуулах биз хэмээн жингэр ижий бодно. Малчин айлын гал голомтноос өөр омгийн, өөр цустай царайлаг залуу “эхнэр” оргуулан авчирсан хөөврийн говийн хөх чононд хол, ойрын эр сүвтэй боохойнууд атаархан нохой овогтонтой энгэр зөрүүлэх ямар байдаг бол гэж сонирхоно. Ийнхүү эр нь шохоорхож эм нь атаархмаар нэг бүл чонын сүрэг Бор хөөврийн говьд амар жимэр аж төрж байтал нэгэн хормын төдийд газар цөмөрч, галав юүлэх мэт гай нүүрлэж, эцэг эхийг нь эзгүй хойгуур эрлэгийн элч мэт аймшигтай өндөр хар хүн ирж зургаан бэлтрэгийг амьдаар нь шуудайнд хийж ганзагалан одов. Газрын гаваас гарч ирсэн мэт ногтон сахалтай тэр бүдүүн эр гөлгүүдийг нэг нэгээр нь дээш өргөн эр, эмээр нь ялган хоёр уутанд хийжээ.

Алсын гөрөөнөөс оройтож ирсэн азарган чоно үр зулзгыг нь ганзагалан одсон морьтой хүний мөрөөр мөшгин давхисаар багийн төвийн хэдэн модон байшин бүхий жижигхэн сууринд тулж ирлээ. Хээрийн амьтны үнэр авсан суурингийн ноход өөдөөс нь тосон боргон давхиж ирэхэд азарган чоно тэднээс дайжин эрэг ганга, бартаатай газар бараадан нуугдав. Бэлтрэг суйлсан эр гөлөгнүүдийг төмөр сараалжин  торонд хийж гадуур нь бэржээнтэн туургаар бүтээж хүн амьтны нүднээс далдаллаа.

Эхийнхээ хөхнөөс гараагүй энэ гөлөгнүүдийг яах гэж авчирснийг хүү, охин хоёр нь эцгээсээ асуухад :

  • Наадуул чинь нохойны гөлөг биш ээ, чонын бэлтрэг.

Намар болтол хоолны шавхруугаар тэжээж байгаад томрохоор нь арьсыг нь хоршоонд тушааж та хоёрт ном дэвтэр, гутал хувцас авч өгнө гэлээ. Охин гайхан “Тэгээд намар арьсыг нь яаж авах юм бэ” гэж  асуухад эцэг нь хөмсөг зангидан:

  • Алаад л авахгүй юу гэж зандарлаа. Тэр шөнө зургаагийн зургаан бэлтрэгийг нь хулгайлсан мөнөөхөн хууз эрд өширхсөн азарган чоно түүний чөдөртэй морийг урж, ноцон суурингийн хэдэн нохдын арьсыг хүүлж, энгэр заамаа хуваалцжээ.
  • Чи яах гэж гэм халгүй мөрөөрөө байсан чонын үүр ноохойг ухаж үр зулзгыг нь хулгайлсан юм бэ. Өнөөдөр чөдөртэй морийг чинь урлаа, маргааш харанхуй шөнө хаалганы чинь цаана отож байгаад улаан хоолойг чинь тасар татах ч юм бил үү, хэн мэдлээ. Үр хүүхдээ боддоггүй ямар хачин тэнэг хүн бэ. Чи мөнхийн дайсантай больё л гэж бодоогүй юм бол маргааш энэ хэдэн бэлтрэгийг тэр байсан газарт нь аваачиж тавь хэмээн эхнэр нь гуйлаа.

Энэ чинь зажлах шүдтэй залгих хоолойтой араатангууд…

Хамаагүй тавиад явуулчих юм бол ирэх өвөл хэдэн малаасаа сална гэсэн үг хэмээн яриа өндөрлжээ.

Маргааш нь бас нэгэн хэрэг мандав. Багийн сахиул ногтон сахалтынд анчин Норовсамбуу мотоциклийнхаа хөдөлгүүрийг ээрүүлэн давхин ирж:

  • Чи яах гэж тэр чонын бэлтрэг авсан юм бэ. Чамаас болж хэдэн ботгоноосоо хагацах нь. Урьд шөнө бас нэг ботго бариад хаячихаж. Эхийнх нь элгийг дэвтээх ганц бэлтрэг үлдээх ухаан чамд байсангүй юу. Одоо энд тэндгүй хээрийн ноход догширвол чи яах хүн бэ.
  • Би чиний хоттой хонь, уяатай ботгоноос чинь аваагүй ээ, битгий сүр бадруулж хашгичаад бай. Би хэдэн бэлтрэг суйлахын тулд чамаас зөвшөөрөл, гарын үсэг авах болж байна уу ?
  • Одоо ангийн улирал биш, амьтан үр төлөө өсгөдөг урин дулаан цаг. Чоно ч гэсэн амиа хамгаалуулах төр засгийн хуультай амьтан шүү гэж хэлээд Норовсамбуу гэрийн эзнийг заамдан авав. Ороо нь орсон отны ноход адил бие биенийхээ багалзуурт асан гэрийн гадуурх тэрэг, чингэлэг мөргөлдүүлэн ноцолдох хоёр эрийг хүүхдүүд уйлалдан, хүүхнүүд толгой руу нь хувинтай ус цацан байж арай чүү салгалаа.
  • Чонын бэлтрэгэнд чи тийм их хайртай юм бол нэгийг нь нэг тэмээгээр сольж аваад тэр үүрэнд нь аваачиж тавь л даа гэхэд Норовсамбуу урагдаж салбарсан дээл хувцсаа янзлангаа:
  • Чи өгөхөөсөө ичихгүй бол би авахаасаа ичихгүй. Нэгийг нь нэг тэмээгээр авья л даа гэж хэлээд хоёр бэлтрэгийг торноос нь шүүрэн авч өвөртөллөө.
  • Чи буян үйлдэж, бурханд мөргөж байж улсын тэргүүний анчны цол хэргэм аваагүй биз дээ. Одоо нэг их энэрэнгүй амьтан болж гэнэ. Нэртэйгээрээ чи хийдэд очиж лам болооч гэж уурандаа багтарсан гэрийн эзэн хашгирлаа. Тэр өдрөөс хойш суурингийн эргэн тойронд шөнө болгон сүрэг чоно ирж ульдаг болж, хөгшдийн нойр хулжин ямархан нэг муу юмны айдас сүүдэр хүмүүсийн сэтгэлд сэрүү татуулан хүүшилж эхэллээ. Бор хөөврийн говийн боохойнууд догширч хүн мал руу гэгээн цагаан өдөр аймшиггүйгээр дайрдаг болсон тухай яриа сумын дарга нарын чихэнд хүрч ойрын үед нэг том ангийн бригад зохион байгуулж арын их говь, өврийн уул, толгодыг самнан ард олныхоо амар амгаланг сахиулах төлөвлөгөө зохиожээ. Шөнө нойрон дунд нь чоно улихыг хүүхдийн зөн совингоороо  бүдэг бадаг сонсож,  бэлтрэгнүүдийг хашсан төмөр торны хаалгыг эцгээсээ нуун сэмхэн онгойлгож хөхөө санасан тэр хөөрхөн амьтдыг ижий, аавтай нь уулзуулж зүүдэлдэг айлын долоон настай том хүү унтаагаараа нулимс дуслуулан эхэр татан уйлдаг, орондоо шээдэг эмгэгтэй болжээ. Долгормааг өглөө эртлэн босч үнээгээ саахаар гадагш гартал халтар жингэр нь хэдэн хөөрхөн амьтан дагуулаад ирчихсэн гэр, малаа санасан бололтой шарваганан угтлаа. Гэрийн эзэгтэй тэднийг хараад алс холоос айлчин гийчин ирсэн мэт сөхрөн унаж гөлөгнийхөө толгойг тэврэн өөрийн эрхгүй нулимс унагаалаа. Цээжинд нь тийм гэж хэлэхийн аргагүй нэгэн сайхан хөгжим эгшиглэн гэм зэмгүй, гэнэн томоогүй хөөрхөн нүдээрээ өөдөөс нь харан сууж байгаа тэр гөлөгнүүдийг бүгдийг нь барьж үнсмээр санагдлаа.    Ингээд би гучин хэдхэн насандаа энэ нялх нойтон амьтдын эмээ болдог байжээ гэж бодохоос эх хүний хайр энгэр цээжийг нь түлхэн асгарах шиг болов. Тэгээд гэртээ орж галаа асаан тогоон дээр цай үйгээд түмпэнд хярам хийж нохойнууддаа долоолгов. Тэр холоос зүтгэн байж гэр орон, гал голомтондоо хүрч ирсэн тэдгээр хөөрхөн амьтдын хөлд нь шаасан өргөс, зангууг Долгормаа энхрийлж эрхлүүлэхдээ арай л шүдээрээ түүсэнгүй. Нохойны хүү юм чинь нохой л байж таарна. Ижийгээ дагаад айл, малаас айж эмээлгүй хүрээд л ирж дээ гэж гөлөгнүүдийг өхөөрдсөнөө гэртээ орж цайныхаа дээжийг  аягалан ширээн дээр тавих зуураа:
  • Өвөө босч цайгаа уугаарай гэж нөхрөө дуудлаа. Батхүрэл өндийж нойрмог хоолойгоор:
  • Чи юу болоод унтуулахгүй хар өглөөгүүр хашгираад байгаа юм бэ гэвэл Долгормаа:
  • Чи бид хоёр өвөө, эмээ болчихжээ гэлээ.
  • Чи солиоров уу, юун яасан өвөө, эмээ…
  • Үнэмшихгүй бол чи гадаа юу ирчхээд байгааг гараад харахгүй юу. Батхүрэл дээлээ нөмрөн, морь харахаар гадаа гараад өөрийгөө өвөө болсноо хүлээн зөвшөөрч олон хөөрхөн хоточ нохойтой болсондоо олзуурхан баярлав.
  • Манай жингэр яагаад “нөхрөөсөө” салаад төрхөмдөө буцаад ирэх болов? Нэг л юм болж дээ. Хүргэнийг маань хэн нэгэн хүн хороочихсон юм биш байгаа гэвэл Батхүрэл:
  • Цаадах чинь архи уугаад, агсан согтуу тавиагүй нь мэдээж. Олон хүүхэдтэй болохоор нь хоол унд цуглуулж тэжээхээсээ залхаад бас нэг юмтай нөхцөөд сураг ч үгүй, зураг ч үгүй толгой хандсан зүгтээ алга болоо вий гээд доогтойхон инээлээ.
  • Чамайг надаас уйдаагүй байхад тэр азарган чоно гичийгээ орхиж явна гэж байхгүй ээ.
  • Чи яахаараа намайг дандаа хээрийн тэнүүлч чонотой адилтган боддог юм бэ.
  • Би чамайгаа дэндүү сайн мэддэг болоод л … Тэр жил чи намайг хөл хүндтэй болгочхоод хаашаа алга боллоо…
  • Түр цэргийн дайчилгаанд л ганц сар яваад ирээ биз дээ.
  • Аа тийм үү. Түр цэрэгт явсан хүн яахаараа аймгийн төвд оргоод ирчихсэн Артелийн клубт айлын эхнэртэй бүжиг эргэж явдаг билээ.

Чөлөөний хуудастай явсан юмаа. Гэрт ийм яриа болж байхад гадаа нөгөө хэдэн хоточ нохойнууд хотны ноос амандаа зуун хоорондоо хөөцөлдөн тоглож байлаа. Долгормаа гөлөгнүүдээ улаан хэл, цацагтай хүзүүвчээр гоёод тус бүрд нь “Хойлог, Арслан …” гэх мэт нэр өгөв. Өдөр хоног өнгөрөх бүр гөлөгнүүдийн дөрвөлжин хамар нь эцгийгээ дууриасан шөнтгөр, шөвгөр хоншоороор солигдон алс тундрийн цасны нохойтой төсөөтэй эгдүүтэй сонин амьтад болж байлаа. Удалгүй эр, охин нь хамаагүй нэг гөлгөө өгөөч гэсэн айл саахалтын хүмүүсийн хадаг, сүүтэй урилга гуйлга ирдэг болов. Үдэш зээр, гөрөөс бараадан Туулайн тал руу гөрөөлөхөөр явсан азарган чоно өглөөний нарнаас урьтаж үүр ноохой руугаа буцдаг боловч энэ өдөр тэрбээр гэр лүүгээ гөлөгнүүдээ дагуулан айлчлалаар явсан жингэрийнхээ араас очихоор газрын бартаа даган шогшив. Энэ үед машинаа дов сондуул дунд нуугаад чоно дурандаж байсан хэдэн хүний нэг нь :

  • Батхүрэлийнд хүргэн орсон тэр гайхал чоно удахгүй сумын төвд очиж даргын маань тамгыг булааж авах бий вий гэж хэлснээ пар пар хөхөрлөө.
  • За тэр дэмий үг яахав нээрээ хэд хоногийн өмнө гичий нь гөлөгнүүдээ дагуулаад гэртээ ирсэн дуулдсан. Мань эр гэр бүлээ цуцлуулчихаагүй л бол хадмындаа ирэх л учиртай
  • Чоно юу гэж чи бидэн шиг ганц эхнэртэй байв гэж…
  • Нарийн яривал чи ч ганц эхнэртэй хүн биш шүү дээ /бүгд инээлдэв/
  • Зүв зүгээр байж байгаад юу ярих нь вэ энэ чинь
  • Танай авгайг л чангаагаагүй бол болоо биш үү
  • Тоглож байхад үг даахгүй уурлах нь уу даа

Гэтэл багийн сахиул бүдүүн эр дурангийнхаа шил, нүднийхээ нулимс хоёрыг яаруу сандраа арчсанаа:

  • Чимээгүй ! доошоо хэвтэцгээ нөгөөтөх чинь гараад ирлээ гэж хэлээд толгойгоо бөхийлгөн суулаа. Говь руугаа эргээд зугтвал гүйцэгдэхгүй шүү. Тийм учраас туулайн талын гүн рүү лавхан шиг оруулж байгаад араас нь дайрахад тэр гайхал энэ цагаан газар хаашаа ч бултаж чадахгүй. Одоо тэрэг рүүгээ хурдхан очьё гэж хэлээд дөрвөн хөлтэй амьтад шиг тонгойн гүйлдлээ. Гэнэт араасаа гарч ирсэн хөнгөн тэргийг харсан азарган чоно Туулайн талын хоймор өөд ухасхийв. Хэдэн гөлгөө цатгахын тулд бүтэн зээрийн мах идсэн азарган чоно хойноос нь хором хормоор ойртон буй тэрэгнээс газрын бартаа даган хөлийнхөө хурдаар зайлж чадаж байвч бууны сумнаас хараахан бултаж чадсангүй. Урийн шар усны үерт он удаан жил идэгдэн газрын гав шиг ангал болсон тэртээх улаан эрэгт хүрвэл энэ машинаас амь мултарч болно гэдгийг хээрийн нохой мэдэж байлаа. Дөрвөн дугуй нь эрчлэн бут, бударгана дээгүүр нисч буух хөнгөн тэрэгний бүхээгэнд сум нь гацсан бууныхаа замагтай ноцолдон байсан хууз эр жолоочид хандан:
  • Жаахан хөндийрөх л юм бол алдана шүү. Алив гишгээд өгөөч гэж хашгирлаа. Хар хурдаараа давхиж явсан машин гэнэт эрэгний ирмэг дээр тулан ирээд арай ядан тооромсоглон зогслоо. Ганга руу орсон боохой сүүлээ нэгэнтээ шарваад бараа тасрав. Сахиул эр машинаас үсрэн бууснаа “түй” хэмээн газар нулимж:
  • Азтай муу новш юм даа. Энэ улаан эрэг рүү үхэн хатан зүтгэсээр байгаад бидний гараас мултарчихдаг байна шүү. Орос винтовны хоёрын хоёр суманд оногдсон тэр муу гайхал хаа холдоо аж дээ. Энэ эрэгний аль нэг мухарт биднээс нуугдаад хяраад хэвтэж байгаа биз. Алив наашаа буугаад ирцгээ. Энэ ганга руу орцгооё !
  • За больё чи минь. Тэгж шархандаа улангасаж уурласан боохойд гэдсээ хүү татуулж үхэх тэнэг толгой би биш. Орхий ! хэмээн нөгөөх нь татгалзлаа. Яасан аминдаа хайртай амьтан бэ чи, наашаа яваад ир.
  • Аминдаа хайргүй, ашиг олзонд дуртайгаараа чи өөрөө наад эрэг рүүгээ орохгүй юу…

Гадаа  нохой шуугилдах чимээнээр гарч харвал тэртээ холоос нэгэн саарал амьтан гэр лүү нь өрөөлтэй, чөдөртэй юм шиг газар хороож ядан бүдчин ирж явлаа. Ойртон ирэхэд нь ажвал мөнөөх гөлөгнүүдийн эцэг азарган чоно мөнөөсөө мөн. Бууны суманд сийчүүлэн цусандаа будагдсан тэр амьтан арай чүү гадаа ирээд сүүлчийнхээ гэрээс, захиасыг хэлэх мэт жингэрийнхээ ам хамрыг долоон, үнсэн үнэрлэснээ хөлийнх нь дор үхэтхийн газар дэрлэн унаж амьсгал хураах нь тэр. Нялх гөлөгнүүд аль эрт амь нь гарсан азарган чонон дээр бүчин эрхэлснээ уйлах мэт гунигтай дуугаар гиншин улив.

Гэгээн цагаан өдөр, гэрэлт шар наран дор хар дарсан зүүд мэт байж болшгүй ийм эмгэнэлтэй айдас, хүйдэс үзсэн эхнэр, нөхөр хоёр хэрхэх учраа олж ядан хар цагаан дуугүй зогсож байтал тэртээх гүвээн дээгүүр буу, цоор агссан нэгэн хөнгөн тэрэг шил толио наранд гялбуулан гарч ирлээ.

2016.3.29   18 цаг 10 минут

Балжирын ДОГМИД /Ардын Уран Зохиолч,

Төрийн соёрхолт, СГЗ/

 

ДОГШИН ХУТАГТЫН САХИУС

Олон жилийн тэртээ эмч миний биеийг үзээд “Зүрх чинь тааруухан байна шүү. Анхаараарай! Иймд  архи, дарснаас холхон явж, сэтгэлийн хөөрөл бухимдлаа дарж амгалан тайван аж төрөхийг хичээх цаг болжээ.  Хэд хоног амьд явья гэвэл нөгөө зохиолч, уран бүтээлчийн романтик зангаа татаж эгэл хүмүүний бодь борог амьдарлаар амьдарч, найз нөхдийн хүрээгээ хумих хэрэгтэй гэх маягийн зөвлөгөө өгөх нь тэр. Түүний харцнаас ажихад хайр дурлалын тухай халгиа цалгиатай шүлэг тэрлэх ч хориотой бололтой.

Багадаа би дайн болоосой, Дандар шиг баатар болох юмсан. Арван японы толгой цавчиж алчихаад архи ууж гайхуулах юмсан гэж   дайны жилийн хүүхэд насны гэнэн мөрөөдөлтэй хамт  эх орон, газар шорооныхоо төлөө цохилж явсан нөгөө гайхамшигтай гал халуун зүрх минь ингэж ганцхан хормын дотор гурил болох юм гэж хэн яахин санахсан билээ. Хайртай, дотно бүхнээсээ хагацсан миний мэтийн амьтны зүрх яахин эрүүл саруул байхав дээ. Архи, дарс уудаг ч гэсэн шүлэг зохиол бичиж өөрийгөө өөд татан, урлаг уран сайхны ертөнцөд орж, гарч явсныхаа буянаар  харин ч овоо хэдэн нас насалсан бус уу гэж бодоход тэрэгний хөгшин морь шиг зүтгэн намайг өдий олон жил чирж яваа хөөрхий муу зүрхэндээ баярлахаас өөр яахсан билээ.

Зүүн уул нь зэрэглээтээд байна ай нанай хө хө хө

Зүглээд очсон чинь үгүй лээ байлаа хө хө хө

Зүүдэн нойрондоо хоёулаа байлаа ай нанай хө хө хө

Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна  хө хө хө

Ийм хатуу, хүтүү зовлонтой шар өдөр, бор хоногийг нулимстайгаа хамт зүрхэн дундуураа урсган унаж, боссон өдий насны эр хүн юуг эс үзэхсэн билээ. Арав алхахгүй амьсгаа бөглөчих гээд айл, саахалтындаа орох нь байтугай гэрээсээ ганцаараа гарахаас ч эмээдэг болов. Хаа нэгэн газар унаад үхчихвэл үр, хүүхэд минь зовно. Энэ олон согтуучуудын нэгэнтэй андуурагдан өөд болсон хойноо   эрүүлжүүлэх байранд очиж нүдний булай болж юун магад. Хааяа гадагшаа гарахдаа “нитрогилцерн” гэдэг эм хэлэн доороо тавих. Гурван кг-аас илүү хүнд юм өргөх, өгсүүр өөд газар явах, ширүүн салхины өөдөөс ам, хамраа таглалгүй алхах аюултай гэж эмч нар зөвлөнө. Энэ янзаараа бол агаар амьсгалж, ус уух ч хориотой болох янзтай. Хорвоогийн ус уух хоногийн маань тоо цөөрсөн нь юм бүхнээс илэрхий.

Хөх ногооны будан татаж, хөвчийн модонд хөхөө шувуу донгодохыг сонссон ч ирж яваа цаг биш, буцаж яваа улирал шиг санагдана. Нэг үгээр хэлэхэд үхэл гэдэг үүдэн хоймрын зайд иржээ. Арслантай юу авдарныхаа дотор ороод суусан ч хүн ямар эрлэгийн элчээс нуугдаж чадах биш гэсэн шүү юм бодон яахаа мэдэхгүй арга тасран гэртээ гиюүрэн сууж байсан чинь  нэг өдөр “Клиникийн гуравдугаар эмнэлэгийн зүрхний мэс заслын их эмч Дамдинсүрэн намайг яаралтай ир хэмээн утсаар дуудав” . Учрыг нь сайн мэдэлгүй яаран сандран хүрч очвол “Дэлхийн эрүүл мэндийн шугамаар Францын хэсэг эмч нар ирсэн, та тэд нарт үзүүл” гэх нь тэр. Шинжилгээ өгч, үхэхэд гомдолгүй гэсэн гарын үсэг зурж баймаажин оочерт орж, бүдүүн гуяныхаа артерын судсаар дэлэм хэрийн трос шиг урт дурангаар гол судас хийгээд зүрхээ “сэтгүүрдүүлэн” дурандуулах болов. Намайг тэргэн дээр хэвтүүлэн хагалгааны өрөө рүү түрэн оруулах үед Гавьяат жүжигчин дуучин Найдалмааг  толгойноос нь бусдыг цагаан даавуугаар бүтээчихсэн өмнөөс   түрэн гарч ирэх нь хальт харагдаад өнгөрлөө. Хожим сонсвол зүрхээ сэтгүүрдүүлж, дурандуулна гэдэг бол тийм ч амар хялбар, гар хурууны үзүүрийн ажил биш байсан юмсанжээ. Үйлийн үр нь ирвэл нэг нарийхан судас дотроо хагарахад л ямар ч авралгүйгээр мэс заслын ширээн дээр нүд аних эгзэгтэй шинжилгээ байжээ.  Эцэг, дээдсийн минь шүтээн Махгал Таван Гомбо бурхан минь толгой дээр байсан тулдаа л амь аврагдсан гэж боддог. Гэтэл шинжилгээний хариу гарч зүрхний титэм судасны хатуурал, цусан хангамжийн дутагдал гэсэн онош тавигдаж, даруй түргэн Бээжинд очиж хөлийн шилбэний бүдүүн судсаа авахуулж зүрхнийхээ титэм судсыг солиул гэсэн зөвлөгөөг Францын эмч нар өгөв.

Зүрхний титэм судас нарийссан үед эм байтугай мөнхийн ус уусан ч нэмэргүй тул мэс засал хийлгэхээс өөр гарц үгүй ажээ. Сураг сонсвол зөвхөн хагалгааны төлбөр нь ойролцоогоор зуу орчим сая төгрөг бөгөөд үүн дээр хамт яваа хүмүүсийн онгоц, буудал, хоол унд мэтийн бусад зардал, хагалгааны дараах эм тариа, шинжилгээний үнэ, орчуулагчийн хөлсийг нэмбэл багаар бодоход даруй 200 сая төгрөг хэрэгтэй бололтой.

Төгрөгний ханш чанга байх үеийн 200 сая төгрөг гэдэг миний толгойд байтугай ядуухан сумын банкны авдарт багтахааргүй их мөнгө. Ах дүү, үр хүүхдийнхээ орон сууц, машин тэрэг, гялайх цайх бүхнийг үрж зараад, өр зээл хийж байгаад мэс засал хийлгэлээ гэхэд эдгэж, илааршаа ч билүү үгүй ч бил үү хэн мэдлээ.

Үхэх мөрөөрөө үхэхгүй ядарч зутарсан муу сайн ах дүү нараа дэмий нэг хөлдөө чирэн амин зуулгаас нь салгаж, гуйлгачин болгоод цаашаа харвал яах вэ?  Ингэвээс арван найман тамын адгийн хар нүхэнд унаж өлсөж, цангах, өвдөж зовохоос ч долоон дор нүгэл болно.

Үүний оронд хажуу хавирганыхаа хүмүүст гай бололгүй, мөрөөрөө явж байгаад нүд анья.

Харин үхэхээсээ өмнө зуслан дээр бариулахаар эхлүүлсэн өвлийн байшингаа яаж ийгээд битүүлж, охиндоо өгөөд  дараа нь бурхан хэд хоногийн нас хайрлавал дөчин хэдэн жил бичиж ноороглосон зохиолоо засч редакторлан хэвлэлд бэлтгэе. Хэндээ найдаж ноорог новшоо задгай хэвээр нь үлдээхэв. Хожим хүмүүс учир начирыг нь олохгүй зовно гэж бодоод бага залуугаасаа цоохорлосон бичиг цаасаа онгичин хэд хэдэн номоо хэвлэлд бэлтгэж эхлэв. Охин маань эхээс ганцаараа, нас бага,  хань ижилтэй болохын цагтаа үр, хүүхдээ агаар салхинд гаргаг гэхдээ зуслангийн байраа яаралтай бариулж дуусгахын тулд чимх, чимхээр хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө эмчилгээндээ бус байшиндаа зориулав. Үхсний дараа хойт нас, сүнс сүүдэр гэж байдаг нь үнэн юм бол хорин зургаахан насандаа хорвоогоос буцсан хайрт гэргий Отгонбаяртайгаа диваажингийн цэцэрлэгт уулзах ч юм билүү гэсэн горьдлого төрнө. Энэ ертөнц дээр бурхан, буг чөтгөр байдагт би бат нот итгэдэг учраас бурхан хүнийг хэзээ ч хуурахгүй гэж боддог нэгэн. Орой дээрээ залан, шүтэх бишрэх, хүндэтгэж хайрлах юмгүй хүнийг ямар хүн гэх юм бэ. Миний эцэг цөвүүн цагийн босгон дээр шар шувталсан лам хүн.  Би  өөрөө шашны төв таван ухаанд боловсроогүй ч Монгол Улсын Их Сургуульд оюутан байхдаа талийгаач Гаадан хамбаар Төвөд хэл бичиг заалгаж, эрдэмтэн зохиолч Сэндэнжавын Дулам багшийнхаа амнаас дорно дахин хийгээд Төвөд, Энэтхэгийн бурхан Шиваашидийн сургааль, гүн ухааны зах зухаас сонссон, хүзүүндээ сахиустай амандаа маань мэгзэмтэй хүмүүн учраас, өөрийнхөө зөн совин, зүүд нойрондоо үзсэн харсандаа итгэдэг, түүнийг шинжиж тайлахыг хичээдэг, номыг нь сураагүй ч номхоныг нь сурсан. Сэтгэлийнхээ элдэв ад, дэвийг номхотгож чаддаг нэгэн билээ. Хүн бүхэнд архичин ч бай, хулгайч ч бай аав, ижий хоёр гэдэг амьд бурхан буй бөгөөтөл зарим нэгэн хүн бурхныг  их холоос эрээд байдаг нь надад сонин санагддаг. Жишээ нь: Усанд унаад живж үхэх гэж сандарч байгаа хүнийг гараас нь татаж гаргасан ачтан бол яавчиг амьд бурхан мөнөөсөө мөн гэдэгт би итгэдэг. Талын малчны гэрт төрж, малын дэргэд өссөн болоод ч тэр үү алдрай бага  наснаасаа бусдын зовлонг хуваалцан нулимс унагаадаг өрөвчхөн хүүхэд байсан учраас ийнхүү миний зүрх оёг өвчтэй болсон ч байж магадгүй гэсэн нэгэн онош өөртөө тавив. Эмчлүүлэх мөнгөгүйгээс үхэхээс өөр аргагүй болсон би бээр өвчнийхөө онош эмчилгээний тухай гэр орныхондоо тодорхой ярьсангүй. Арав алхаж чадахгүй амьсгаа бөглөчих гээд байгаа миний эрүүл мэндийн байдлыг эхнэр маань эмчээс дутуугүй мэдэж байсан ч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тул хэрхэн яахсан билээ. Дэмий л сандрахдаа уран бүтээлийн тоглолт хийж хэдэн төгрөг олох тухай ярихад нь би түүнийг нь дэмжээгүй тул нутгийн зөвлөлийн дарга нартай уулзаж, тус дэм үзүүлэхийг гуйсан сураг сонсогдов оо. Хэдэн курс эм уугаад үз. Тэгээд биеийн чинь байдлыг харж байгаад хэрхэхийг шийдье гэж эмч нар хэлсэн.  Миний хонгор сандрах хэрэггүй гэвэл эхнэр маань нулимсаа арчин “ Чингис хааны тухай ном бичсэн дэлхийн олон том зохиолчид бүгд үхсэн гэдэг. Манай зохиолчдоос “Мөнх тэнгэрийн хүчин дор болон Чингис хааны нууц түүх зэрэг бүтээл хийсэн Д.Маам, С.Эрдэнэ, Сан.Жаргалсайхан нарын хэд хэдэн хүн өөд болсон.  Та Галдан бошигтын тухай “Үхэл ирвээс үл эмээтүгэй”, “Бурхны шувуу”, “Хөх тэнгэрийн зарлиг”, “Үхэх хүнд хань хэрэггүй” зэрэг ихэс, дээдсийн тухай хэдэн хатуу тарни мэт зохиол бичсэнээсээ хойш бие чинь муудсан шүү дээ. Үүнээс хойш, түүнээс цааш битгий тийм бэлгэ дэмбэрэлгүй хачин нэртэй зохиол бичээрэй хэмээн үглэх болов. Хариуд нь би:

  • Үхэхээ хүрвэл бичсэн ч үхнэ, бичээгүй ч үхнэ. Бичилгүй үхснээс бичээд үхсэн нь дээр юм биш үү гэвэл эхнэр маань:
  • Амь, амьсгаа чинь хоолой дээр чинь тулчаад арга чаргаа барж ядаж байгаа хэрнээ тэс өөр дэмий юм хэлж байх юм. Одоо тоглож суудаг цаг биш ээ. Ерөөсөө бөхийн өргөөнд хандивийн тоглолт хийе гэв.
  • Хорин мянган төгрөгөөр билетээ зарсан ч хоёр мянган хүний суудалтай бөхийн өргөөг дүүргэнэ гэдэг амаргүй. Нар, цаг хоёр наашаа эргэлээ. Юу ч гэсэн хавар болж шувуу ирэг. Хүний сэтгэл, малын зоо хоёр тэнийсэн тэр урин дулаан цагт миний зүрх эрх биш засрах байлгүй гэвэл эхнэр маань:
  • Та юун гэнэн, хүүхэд шиг юм яриад байгаа юм бэ, шувууд ирэхийг хүлээх ямар хэрэг байна. Тэд танд зүрхний эм тан авчирч өгөхгүй шүү дээ…
  • Эм авчирч өгөхгүй ч гэсэн ирж байгаа цагийн өнгө гэрэл, нарны илч, энерги гэдэг хүний биед эмнээс дутуугүй эрч хүч өгдөг юм. Чи “Хаврын шувууд ирлээ” гэдэг сайхан симфонийг мэднэ биз дээ. Түүнийг сонсохлоор хаврын хөгжим шиг хөх сэрхэрээ салхи сэвэлзэн, нутгийн минь уул ус цэнхэртээд явчихдаг юм хэмээн өвчнийхөө тухай яриаг энэ удаа хавар, шувуу, хөгжим гурваар дүйвүүлэн өнгөрөөв. Дам сонсвол “Номин”-гийн Шагдарсүрэнгийн жолооч хоёр, гурван жилийн өмнө Бээжинд очиж зүрхнийхээ титэм судсыг солиулах мэс засал хийлгээд одоо амьд сэрүүн ажлаа хийгээд явж байгаа тухай Одончимэд над хэлсэн ч би тэр жолоочтой уулзья гэж бодсонгүй. Гэтэл санаандгүй явж байгаад нэг өдөр “Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын эмч Сэлэнгээгийн өрөөнд мөнөөхөн Шагдарсүрэнгийн жолоочтой танилцан яриа дэлгэлээ. Тэгсэн чинь мань эр:
  • Би үхээд боссон хүн шүү. Муу авгай минь дэргэд байгаагүй бол миний оронд бумбатай үнс чандар л Бээжингээс буцаж ирэх байсан юм гэж яриагаа эхлэв. Хэдэн жил тэргийг нь барьсны буянаар манай Шагдарсүрэн захирал, Номин компани миний эмчилгээний зардлыг дааж, би Бээжингийн төв эмнэлэгт очиж өвчнөөсөө салсан юм.  Яг хагалгаа хийх үед тэр ариутгал хийсэн мэс заслын өрөөнд Хятад эмч нар авгайг минь оруулаад дэргэдээ тусгай сандал дээр суулгасан юм билээ. Мэс засал арваад цаг үргэлжлэн зүрхэнд хөлийн минь судсыг тавьж, хагалгаа дууссаны дараа эмч нар орчуулагчаар дамжуулан:
  • Одоо танай хүнийг тогоор цохиулна. Хорин тав тоолохын хооронд амь орж зүрх нь ажиллахгүй бол шууд моорог руу явуулна гэж хэлээд цахилгаан бороохой шиг юмаар нэг, хоёр, гурав гэж хорин тав хүртэл тоолон тогоор цохиулсан боловч мэс заслын ширээн дээр байгаа нөхөр нь огт хөдөлсөнгүй. Эмч дамнуургатай сувилагч даруй дуудан ирүүлж үхдлийг моорогт хийхийг тушаахад эхнэр нь эмчийн хөлнөөс зууран дахин тогоор хэд цохиулахыг гуйн хагацлын хар нулимс асгаруулжээ. Эмч “Тогоор цохиулаад одоо нэмэргүй. Наад хүний чинь цус одоо бүлхэрч бүлэгнэчихсэн байгаа гэж ууртайяа хашгиран хэлээд дахин цахилгаан боройхоогоор хэд хэд хүчтэй цохиултал  би  цочсон мэт сарвагасхийгээд босоод ирэхээс наахнуур хөдөлсөн гэдэг” юм.

Ингэж л би муу авгайнхаа буянаар өнөөдөр агаар амьсгалж орчлонгийн шороо хөдөлгөж яваа хүндээ гэж ярив.

Хавар болж, хэдэн номоо хэвлэлд бэлтгэн редакторлаж, зуслангийн байшин маань дууссан ч зүрх маань миний санасанчлан тэгтлээ сайжирсангүй. Гэтэл нэг шөнө сонин зүүд зүүдлэв. Миний бие ихэд доройтон өвчин маань хүндэрч мухрынхаа жижиг өрөөнд орон дээр адар ширтэн хэвтэж байх юм. Том өрөөнд хүмүүс найрлаж байгаа бололтой шуугилдан архи, тамхины үнэр сэнгэнэн аяга, хундага харшин тулгах бөгөөд тэнд Говийн догшин ноён хутагт Равжаа, зохиолч Жагдалын Лхагва, Төрийн сүлд зурдаг зураач Ойдов, Эрээнцавын яруу найрагч Данзангийн Нямсүрэн тэргүүтэй олон хүмүүс архинд нилээд халж согтсон бололтой дуу нь өндөр нам болон шүлэг унших дуулдана.

Эх нутаг минь шүлэг шиг сайхан

Эх орон минь дуу шиг сайхан

Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан

Эрээн цавд бороо орох сайхан…

Миний орны өмнөх  явган ширээн дээр уухгүйг нь мэдсээр байж бурхны тахил адил ганц хундага архи тавьсан нь талийгаачийн зурагны өмнөх идээ будааны дээж мэт ёозгүй харагдана.

Тэдний уншиж байгаа шүлэгний дотроос “ Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан” гэсэн мөр миний чихнээ ертөнц дээр төрсөн   хүн гэдэг амьтан сав үүрч, саваа тулсан гуйлгачин ч байсан хорвоогийн наран дор амьд явахын үнэ цэнийг мах цусанд минь шингэтэл мэдрүүлэв. Лхагва опер хоолойгоор:

Алтан гургалдайн хоолойгоор

                                        Алсаас чи минь дуулна

                                        Аялгуут зөөлөн эгшгээрээ

                                        Алаг зүрхийг минь жаргуулсан хэмээн чулуу гүүплэж байгаа юм шиг нүргэлүүлэн дуулна.

-Ноён хутагтыг ирсэн дээр нөхрийнхөө хойтохыг уншуулж, сан тавиулбал яасан юм бэ гэж нэг нь согтуурхан өгүүлэхэд:

-Ноён хутагт : “Чи амьд сэрүүн хүний хойдохыг уншдаг гэж ямар чөтгөрөөсөө дуулаав. Энэ хүн чинь чиний санаснаар үхэхгүй. Битгий эрт баярла гэж хэлэх нь их л тод сонсогдов.

Найр эхэлсэн шигээ гэнэт тарж, ирсэн хүмүүс уван цуван гарав. Ноён хутагт миний               өрөөнд орж ирээд, судсыг минь барьж үзсэнээ:

  • Бие чинь гайгүй байна. Ирэх сарын хоринд Хамарын хийд  дээр хоёулаа уулзья, хоцорч хожимдолгүй очоорой гэж хэлчихээд гараад явчихав. Би түүний зүс царайг харахыг хичээсэн боловч гутлынх нь хоншоор, дээлийнх нь хормойноос бусдыг олж үзсэнгүй.

Өглөө  босоод урьд шөнө Равжаа хутагт манайд ирж,  дарс таалаад ирэх сарын хоринд Хамарын хийд дээр уулзья гэж болзоо тавиад явлаа гэж авгайдаа хэлбэл:

  • Тэр том хүн айл бүхэнд тэр бүр заларч, хүн бүхний зүүдэнд ирдэггүй байлгүй. Дараа сарын хоринд хоёулаа хамт явья гэх нь тэр. Тэр өдрөөс хойш би Хамарын хийд дээр очиж Равжаа хутагтад мөргөхөөр аян замд гарах бэлтгэлээ хийж эхлэв. Хэвлүүлсэн шинэ, хуучин хэдэн номоо цуглуулан, барьж золгох нэг баранзад хадаг, хөөрөг даалин, эм тан, бензин шатахуунаа  базаалаа. Энэ үед эхнэр маань Хадгаламж банкны Баянхошуун дахь салбарын өр барагдуулах албанд ажиллаж байсан учир гэрт орох завгүй хоёул, гурвуул айлын хашааны хаалга балбан, харанхуй шөнө ч хамаагүй нохой түгжээ хоёртой нойргүй “байлдаж” явсан үе. Цаг завгүй хүний ажлыг таслуулж, чөлөө гуйгаад яахав гэж бодоод эхнэрээ гэртээ үлдээн ганцаараа оргохоор шийдэн Улаанбаатараас арван наймны өглөө үүр цүүрээр Далай-Сайншанд хот руу хөдлөв. Тэгээд Төв аймгийн Баян сум буюу Мааньт өртөө өнгөрөхийн алдад авгай руугаа утас цохин би замд гараад явж байна гэвэл  эхнэрийн маань хоолой зангиран:
  • Хүнийг хайрладаггүй та ямар муухай хүн бэ, замд ганцаараа явж байгаад гэнэт бие чинь өвдөж, иймээ тиймээ болвол яах вэ гэж бодсонгүй юу гэхэд нь би:
  • Би ямар явган явж байгаа биш, машинаар явж байгаа болохоор амьсгаадна гэж санаа зовох хэрэггүй. Равжаа хутагтын сахиус намайг харж байгаа. Би эмээ зуун километр тутамд хэлэн дороо тавиад дажгүй давхиж явна. Сүлжээ барих газар бүрээс чам руу ярина гэж хэлээд утсаа таслав. Би бурхны авралаар аян замдаа амар мэнд явж Сайншандад ирээд охиныдоо биеэ сувилан алжаал ядаргаагаа тайлж хоёр хоноод  яг хорины өглөө Хамарынхаа хийд дээр давхиж очлоо. Өглөө эрт байсан болоод ч тэр үү хийдийн хавиар машин тэрэг ховор, хүмүүс цөөвтөр үзэгдэнэ. Гол цогчин дуганад нь хурал хурж байгаа бололтой хэнгэрэг, цан дуугарах  сонсогдоно. Би тэрэгнээсээ бууж, эрхи, хадгаа өвөртлөн гол сүм рүү аажуухан алхаж явтал нэг залуухан гэлэн өмнөөс тосон ирж, сайн явж ирэв үү хэмээн гар барих зуураа таны сүүлд бичсэн нэг хөөрхөн өгүүллэгийг уншиж гялайсан шүү. Гар чинь халуун, бие чинь сайн байгаа юм байна. Би энэ баруун хойшоо Дэмчигийн хийд, Дэлгэрийн  хийдээр орох давхар, давхар ажилтай явна… гэх мэтийн зүйлсийг өгүүлэн яриа задгайрах янзтай болоод ирэхийн алдад цогчин дуганад очиж, хурал номд даган баясах гэж яарсан би залуу хүн байж “Юун олон үгтэй гайхал вэ” гэж тээршаан бодох зуураа мөнөөх хуваргын атгасан халуун алганаас гараа бараг суга татан авч, яарсандаа баяртай ч гэж хэлж амжилгүй цаашаа хөлөө зөөн аажуухан алхаж явтал цагаан жийп барьсан мөнөөх ламтан миний хажуугаар гар даллан давхин одов. Тэрэгнийх нь дугаарыг харвал “18… УБТ” гэсэн хэдэн үсэг, тоо тоосон дундаас хальтхан үзэгдэхэд саяын залуу гэлэн чинь эндхийн хүн биш байж ээ гэсэн шүү юм бодоод хоцорлоо. Дуганд орвол даллага авч дуусаад, хуврагууд мандал өргөн “Оройн ерөөл” уншиж байлаа. Би  даллаганы сунтагнаас адис аваад залбиран зогсч байтал түрүүчийн сэргэлэн алаг нүд, гоолиг тэгшхэн биетэй, цагаан жийптэй ламтан чинь   миний нөгөө уулзахаар зорьж ирсэн ноён хутагт Равжаа маань байсан юм биш үү. Өвчиндөө шаналан санах, сэрэх маань үдээс хойш болсон би их хүнийг танилгүй таван ч үг сольж чадалгүй явуулчихлаа гэж үү гэсэн бодол толгойд гэнэт харван орж ирэв. Тэгээд яаран гарч, тэргээ асаан Хамарын хийдийн хойд хадтай дөрөлж дээр давхин гарвал аймгаас наашхи замд ганц ч машины бараа, тоос харагдсангүй. Тэгээд би аймгийн төвд давхин ирж, замын уулзвар дээр зогсож байгаа цагдаа бүхнээс Улаабаатарын дугаартай цагаан жийп үзэгдсэн эсэхийг лавлан асуусан боловч цөм толгой сэгсрэн сураг хэлэх хүн олдсонгүй. Тэр газраас уулзахаар болзон тэмцэж зүтгэж ирсэн би яагаад түүнийг анзаарсангүй вэ.  Аль эсвэл хутагт маань надад өөрийгөө танигдуулахыг бодоогүй юм болов уу. Тэр  өдөр би дахин Хамарын хийд орж ноён хутагтын бясалгал хийдэг байсан номын агуйд орж, гаран хоёр цаг хэртээ сууж, эрч энерги хүртэв. Ертөнц авхайн жам ёс, ааш араншингийн тухай олон сайхан шүлэг дуулал зохиосон агуу их Равжаа энэ агуйг оюуныхаа зулаар гэрэлтүүлэн бясалгал хйиж суухдаа орсон гарсан хүмүүний нүгэлийг нимгэлэн, өвчин зовлонгоос нь ангижруулах, нисваанисийн хорлолыг номхотгох Юлха бурхны зүрхэн тарнийг адислаж, аравнайлсан гэдэг. Хариугүй амьсгал хураах гэж байгаа хүнийг гудас дэвсгэртэй нь хамт энэ агуйд авчирч хонуулаад сэхээсэн нэн саяхны түүх  ч цөөнгүй байдаг. Би эмчилгээгүй болж, хутганы ирэн дээр очсон алд бие, амь насаа Равжаа хутагтад даатган есөнтэй сөгдөн мөргөөд агуйнаас амьсгаадсаар гарав. Агуйн хажуугийн жалганд ургасан сакурагийн цагаан цэцэг цомирлогоо дэлгэн алаглаж, алсад явган зэрэглээ туналзана. Орхиод үхэхийн аргагүй орчлонгийн хавар зүрхэнд хөгжим болон эгшиглэнэ. Равжаагийн сахиусанд мөргөсөн тэр шөнө миний бие, сэтгэл ариусч их л амар амгалан нойрсжээ. Өглөө босвол санааных ч юм уу цээж уужран хоолой, төвөнхийн дээр бөглөчих гээд байсан төө хүрэхгүй амьсгал маань урт уудам болсон мэт санагдахад гарч орцны явган шатаар дээш доошоо хэдэнтээ алхан өгсөж уруудаж үзвэл үнэхээр бие хөнгөрсөн мэт . Гадаа  гараад сая хөлд орж буй хүүхэд адил гудамжаар аажуухан алхаж үзвэл амьсгаадах нь гайгүй ч болсон юм уу гэмээр байлаа. Хөдөөнөөс Улаанбаатарт ирсэн даруйдаа Шастины гуравдугаар эмнэлэг дээр очиж зүрхний ЭХО-д харуулбал эмч нар анх миний Францчуудад үзүүлэх үеийн архивын зурагтай харьцуулан хараад “Таны зүрхний нарийссан титэм судас бараг эрүүл болчихсон байна” та хаана ямар эмчилгээ хийлгэв, тэр нууцаа бидэнд харамгүй хэлж өгөөч хэмээн гайхацгаалаа. Би  Хамарын хийдэд очиж Равжаа хутагтын сахиусанд мөргөж, амь насаа даатгаад ийнхүү ужиг өвчнөөсөө салснаа хэлэв.

Хүн итгэл үнэмшил, сэтгэхүйгээрээ өөрийгөө удирдаж, биеийнхээ оёг өвчнийг илааршуулж эдгэрүүлж болох тухай сэтгэлзүйн онол байдаг. Та их шүтлэгтэй хүн үү гэж зарим хүн надаас асуудаг. Миний шүтлэг, ном гүрэм гэж юу байхсан билээ. Яг үнэнээ хэлэхэд  бурхан байдаг гэдэгт л итгэдэг,  хуучнаар бол мухар сүжигтэй мунхаг эр. Ноён хутагт Равжааг шүтэж, шүлэг зохиолыг нь уншдаг, түүний тухай “Догшин хутагтын сахиус”, “Чонын дурлал буюу оосор бүчгүй орчлон” гэсэн хоёр кино зохиол бичиж дэлгэцэнд гарган олны мэлмий, сонорт хүргэснээс өөр хэлэх гавьтай юм   ховорхон ийм л нэгэн хүн.  Хэрхэн яаж өвчнөөсөө салсан тухай энэ бяцхан “үлгэр” –ээ нэг удаа өөрийн танил нэг том эрдэмтэнд итгээд ярьсан чинь “Энэ зохиолчид гэдэг улс дандаа хүн үнэмшихийн аргагүй элдвийн юм зохиох юм” гэж урмыг маань хугалсан. Түүнээс хойш би энэ тухай хүнд ам ангайхаа больсон.

Миний үнэн, худал хэлсний алин болохыг “Гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн компьютерт хадгалагдаж буй архивын зураг болон Лхагвасүрэн, Дамдинсүрэн гэдэг хоёр их эмч гэрчилнэ буй заа.

Хэн хүн үнэмшиж итгэхэд төвөгтэй юмыг яах гэж бичээд байгаа юм бэ гэж зарим нь бодож магадгүй ээ.

Тэгвэл энэ хорвоо дээр бидний тэр бүр мэддэггүй мөртлөө мэдүүштэй, ядарсан сандарсан үед аминд орох шинжлэх ухаан ч тайлж тайлбарлаж чадахгүй олон юм байдаг юм шүү гэдгийг энэ бяцхан өгүүлэл мэтээрээ эрхэм мэргэн уншигч танаа хэлэх гэсэн юм.

Сарны гэрэлд шүлэг тэрлэхэд нь

                                                                                Сакурагийн цагаан цэцэг дэлгэрдэг

                                                                                Равжаа хутагтын оюуны зул нь

                                                                                Арван тавны саран ч юм уу даа

 

                                                                                “Үлэмжийн чанар”-ыг хуурданхан хурайланхан суухад

                                                                                Үүл нь гарч бороо шивэрдэг

                                                                                Равжаа хутагтын нутаг нь хө

                                                                                Ар Халхын Утай, Гүмбэн ч юм уу даа …

                                                                                                                                                                                      2016 оны 1-р сарын 13

 

Балжирын ДОГМИД  /Ардын уран зохиолч/

 

БУУНЫ СУМЫГ БУЦААЖ БОЛДОГГҮЙ…

/Цоохор тэмдэглэл/

 

1932 онд маршал Чойбалсан нууц тогтоол гаргаж шилмэл омгийн адуун сүргээр  цэргийн агтыг бүрдүүлж хэдэн зуу, мянгаар нь Хэрлэнгийн хөндий, Дарьгангын болон Дорнодын хээр талд шилжүүлж болзошгүй дайнд бэлэн байхыг тушаажээ. Алтан  Дарьгангын хязгаар бол хэзээнээсээ Манж, Чин улсын дархан сүргийн бэлчээр байсан бөгөөд Цэрэнжав гүний зургаан хошууны нутаг билээ. Тэр үед талын малчин монголчуудын тархи толгойд дайн тулааны тухай бодол байтугай сүүдэр ч тусаагүй байсан цаг. Гамин,Барон хоёроос өөр дайсны сураг сонсоогүй амар амгалан аж төрж байсан малчин ардууд юуны учир зүүн хязгаарт агт морьд бөөгнүүлэх болсныг төдийлөн сонирхсонгүй. Бараг л найр, наадамтай холбон Сан бэйсийн уяачид, Сэцэн ханыхан хурдан морины торгон сүрэг бүрдүүлж Галшар, Хардал жанжин бээсийнхэнтэй өрсөлдөхүйц азарга, гүүний шинэ омог гаргаж авах гэж оролдож байгаа биз хэмээн дэл сул ярианы хачир болгоод өнгөрчээ. Гэтэл 1936 оны үеэс зүүн хязгаараас дайны сураг чимээ чих дэлсэн залуу бүсгүйчүүл хонь хурганы бэлчээрт “Танилцсан амрагаа бодохоос Тавхан жил ч гайгүй л байна”   хэмээн дуулах болов. Удалгүй дайчилгаа, зарлан дуудах хуудас айл бүхний хаалгыг дэлдэн цэрэг татлага эхэллээ. Улаанбаатар хотноо Шархадын эмнэлгийн зүүн өмнө орших Салдааз (солдать) хэмээх толгой дээр цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн өглөөнөөс орой болтол марш үлээж, хөгжмийн сэтгэл хөвсөлзүүлсэн тэрхүү аялгуунд цаламдуулсан залуу эрчүүл, хүрээ, хорооны хөөрхөн сайхнаараа алдаршсан охид хүүхнүүд үр хүүхдээ дайнд үдэж гаргахаар ирсэн эцэг эхчүүд садан төрлийн хүмүүс мөнөөхөн Салдааз толгойг хөл тавих газаргүй болтол өдөр бүр бүчин цуглардаг болов.

Арван тооны машинаар

            Алтан булаг поёхал

            Таван тооны машинаар

            Тамсаг булаг поёхал гэсэн дуу ч гарав.

1939 онд, дайн эхлэхэд зургаан жилийн өмнө Дорнотын талд эхээс унасан унага нас, шүд гүйцэж цэргийн агт болжээ. Тамбовын морин цэргийн дунд сургууль төгссөн хорин тавхан настай дэслэгч Лодонгийн Дандар хурандаа цолоор шагнуулж, хороо командлав.

Харах нүд байлаа ч цавчихыг мэдэхгүй

            Халих амь байлаа ч үхэхийг мартсан

Ар  халхын алаг морьтой баатар атак бүхний магнайд нөмрөг юугаа дэрвүүлэн мөндөр шиг сумны өөдөөс сэлэм эргүүлж мянган цэргийн цөсийг хөөргөн уухайлан дайрч байхад  ногоон малгайтнууд түүнийг өөтүүлж гайтуулах өөш зангыг бэлдэж суулаа

Дандарын баруун, зүүн хоёр талд нь дайсан нөхөр хоёр дагалдан давхиж явсныг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцсон гадаад явдлын яамны сайд асан комиссар Шагдарсүрэн гуайн ярианаас эрхэм үзэгч, уншигчид эрхбиш нэгийг ялгаж салгаж ойлгосон биз ээ.

  • Би архи уудаггүй байсан учраас Дандартай огт нийлдэггүй байсан. Тэрбээр огцом түргэн зантай, догшин ширүүн барьцгүй хүн байлаа. Монголын морин цэрэг дайсан руу дайрч ороод Япончуудын толгойг тас цавчиж байсан гэдэг цөм үлгэр. Ер нь монголын морин цэрэг дайны цагт нэг их гайхуулахаар тодорхой үүрэг гүйцэтгээгүй гэх маягийн маш хөндий хүйтэн юм ярьсан нь миний гайхшралыг төрүүлсэн юм.

Гарамгай баатар Дандарын дэргэд байсан комиссар хүний амнаас ийм үг сонссондоо би ихэд харамсан, хороон дарга нь энэ хүнийг тоодоггүй байж дээ гэж бодоод л өнгөрсөн. Манай улсын ахмад кино зураглаач Дэмбэрэл болон Оросуудын Халхын голд дайны галын шугаман дээрээс авсан киноноос Монголын морин цэрэг Япончуудтай болон 5000 хүнтэй Баргын морин хороотой хэрхэн яаж байлдсан нь яруу тод харагддаг. Байлдааны даалгавар гүйцэтгэхэд богино хугацаанд маневр хийж байрлалаа сольж чаддаг амьд хүч бол морин цэрэг гэдэгсэн бус уу. Үндсэндээ 1936 оноос Япончууд томоохон хүчээр хил зөрчин өдөөн хатгалаг хийж эхэлсэн. Халх голын дайн харьцангуй богино хугацаанд дууссан ч аль аль талаасаа оролцсон цэрэг, техникийх нь тоо болон хохирлыг нь харахад том дайн байсан нь хар аяндаа мэдрэгддэг. Хамгийн ойрын жишээ хэлэхэд Халх голын ганц өдрийн байлдаанд гэхэд л дэлхийн том дайнуудын түүхэнд үзэгдээгүй олон нисгэгч буюу дөрөв таван зуун онгоц хоёр талаас нэг зэрэг оролцсон баримт байдаг. Зөвлөлтийн улаан армитай хүч хавсран дайснаа дарж дархан цолоо мандуулсан  маршал Чойбалсан дайны дараа цэрэг дарга нараа цол, одон хоёроор хөхиүлэн шагнаж ахлах офицеруудыг буу зэвсэгтэй нь түр хугацаагаар чөлөө өгч Баянтүмэн, Өндөрхаан, Улаанбаатарт ялалтын ёслолын буудлага хийж хагацал зовлон амссан ард олныхоо сэтгэлийг түр боловч гэрэлтүүлж гийгүүлжээ. Дайны талбарт ялалт байгуулан ид хаваа гайхуулж цол хэргэм, одон медалиар энгэрээ мялааж зүрх нь хөөрсөн цэрэг эрсийн зэвсэг техникийн цуваа Богд хан уулын зүүн сугаар улаан туг намируулан орж ирэхэд Улаанбаатар хот нам гүмхэн угтжээ. Уриа лоозуун, дуу хөгжим, нөгөө уйлж дуулж үдсэн янаг ялдам бүсгүйчүүл хаачсаныг бүү мэд. Эцэг эх, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн уулзсан цэрэг эрс хүрээ хороогоор зугаалан дайнаас амьд мэнд буцаж ирснээ анд найз нартайгаа тэмдэглэн архи дарс ууцгаан ам халах зуураа хотын хүн амын бараг талаас илүү хувийг эзэлж байсан хятадуудын ааш авир хувирч Япон ялаад Улаанбаатарт орж ирвэл хэрхэн яаж ая тал засан угтах, их наран улсын эр цэргийн өмнө ямар хүндэтгэл үзүүлэх тухай нууц сценарь буюу төлөвлөгөө зохиож мөнгө зоос хуримтлуулсан тухай явган яриа чих дэлсэв. Сью Шү Жан тэргүүтэй гаминг хориод онд Монголд орж ирж Уушан дэнгийн эрээн  баганыг босгоход  зуу гаруй мянга байсан Хятадууд дайн эхлэж эх оронд аюул нүүрлэхийн цаг дор пүүс мухлагынхаа барааны үнийг нэг дахин нэмж хөнгөмсөг хөөрхөн охид хүүхнүүдийг эрээн мяраан зүйлээр цаламдан хар тамхи, халуун ханзны амтанд оруулж зуурдын зугаа болгох зуураа удахгүй Япончууд Монголд орж ирээд толгойтой бүхнийг бөхийлгөн тойгтой болгоныг сөхөргөнө. Монголчуудыг хөгшин залуу, хөөрхөн муухай ялгаагүй бүгдийг нь золбин нохой мэтү  буудна. Иймд та бүхэн зөвхөн халуун амь, хар толгойгоо бодох цаг болсон хэмээн охид, хүүхнүүдийг ятган ор хөнжилдөө оруулжээ. Хайртай бүсгүйчүүлээ Хятадуудад бузарлуулсан цэргийн залуу дарга нар архи, дарс амссан үедээ ялсан цэргийн сүр хүчийг тэр харийн хар элэгтнүүдэд үзүүлж Хятадын Ши-яанз, өргөн чөлөө, архины мухлаг, зоогийн газруудад хэд хэдэн дотор хүнийг буудан хороосноос үүдэн хороо хүрээний иргэд түгшүүртэйхэн амьдрах болов. Зэвсэггүй гар хоосон энгийн номхон иргэдийг хоморголон хөнөөсөн цэргийн дарга нарыг номхотгож, хатуу чангаар цээрлүүлж өгнө үү хэмээн Хятадууд маршал Чойбалсанд гомдол мэдүүлсэн өргөдөл өргөн барьжээ. Чойбалсан цэрэг цагдаа, дотоодыг хамгаалахынханыг нэгэн дор цуглуулаад “ Та нар гар хоосон зэвсэггүй Хятадуудыг битгий хамаагүй бууд” гэж хэлсэн гэнэ. Үүний хариуд цэрэг цагдаагийнхан Хятадуудыг өрөвдөх хэрэггүй. Хэрвээ Япончууд Монгол орныг эзэлсэн бол энэ муу сайн гамингийн үлдэгдлүүд бидний хүзүүн дээр зайдлах байсан юм. Та бидний ээж,эгч, эхнэр, охид хүүхнүүдийг Япончуудад худалдаж хүний ёсноос гадуур доромжлон бузарлах байсан юм. Эх оронд аюул нүүрлэж та биднийг зүүн хил дээр үхэх, сэхэхээ мэдэхгүй алалцаж байхад энэ муу сайн хятадууд гүн ар талд бидний хөл дор нүх ухаж байсныг бодохоос гар хөдөлгөхгүй байхын арга алга гэж офицерууд маршалын үгийг улаан цайм эсэргүүцсэн гэнэ хэмээсэн явган яриа хотоор нэг таржээ. Багадаа Сан бээсийн хүрээн дээр хийдэд шавилан сууж байсан маршал маань өөрийнхөө Дугар гэдэг нэрийг сольж, лам багшийнхаа хайрласан сахилын нэрийг авч Чойбалсан хэмээн алдаршсан хувилгаан хүн гэнэ. Тэрбээр удахгүй дахин дайн болно гэж айлдсан сурагтай гэсэн цуурхал гудамж, зээлээр ус мэтү урсав. Хил хязгаарын байдал түгшүүртэй болж цэргийн хугацааг таван жил болгон сунгаснаас хойш гэрлэж амжаагүй залуу хүүхнүүд хижээл эрчүүлтэй сууж ижий, эмээ нар зүүн зүг рүү  цай сүүнийхээ дээжийг өргөдөг болжээ. Дайн дуусч цэрэг халагдан ирснээс хойш Улаанбаатарт цэргийн дарга нарын авгай хүүхнүүдтэй орооцолдсон хужаа нар хотыг орхиж, хөрс шороо сайтай газар очиж амар жимэр амьдрахаар Сэлэнгэ, Зүүн хараа, Улиастай руу сэм дүрвэсэн гэдэг.  Нөгөө Япончуудын зүрхэнд шар ус хуруулсан дайны бурхан гарамгай баатар хурандаа Дандар цэргийн идэшний хэдэн үхэр булаацалдсанаас үүдэн зөвлөлт холбоот улсын баатар цолтой хурандааг буудаж алаад  арай чүү амь өршөөгдөн шоронд оржээ. Хан Хэнтийн нурууны хар модыг хөрөө, сүх хоёроор хиаруулан, хоригдол Япончуудтай хамт Туулын голоор сал урсгаж яваа гэнэ. Түүнийг хуулийн дээд хэмжээ авч яг буудуулах гэж байхад нь Жуков жанжин мэдэж болсон хэргийн тухай Сталинд утас цохижээ. Дэлхийн цэрэг дайны түүхэнд бичигдэх гавьяа байгуулсан ганц гарамгай баатраа Монгол улс багтааж шингээж чадахгүй болсон бол манайд өгчих гэж Сталин хэлсэн юм гэсэн. Далан хэдэн онд Дорноговь аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны ажилтан, албан хаагчид Дандар гуайг Зүүнбаянгийн дивизийн орлогч даргаар ажиллаж байхад нь урьж уулзалт хийсэн юм. Тэр уулзалт дээр Дандар гуайтай  хилийн цэргийн домогт дарга нарын нэг БНМАУ-ын баатар Төмөрбаатар хамт ирж билээ. Үзэл суртал ноёрхсон социализмийн үед хүмүүс санаандаа орсон бүхнийг чөлөөтэй асуух түвэгтэй байсан ч Дандар гуайг ямар хэрэг хийгээд шоронд орсон тухай хэн нэгэн хүн бичгээр асуужээ. Дандар гуай намуухан яриатай, үг дуу цөөнтэй, даруухан дүр төрхтэй хүн байлаа.

  • Дайнаасаа дажин гэж үг байдаг.Тэр үед хүн шоронд орох нь байтугай. Хийсэн хэрэггүй хэрнээ цаазлуулдаг байсан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй тийм цөвүүн цаг байлаа. Би хилийн цаана хэдэн сахилгагүй цэргүүдийг өмөөрөөд дээлээ толгой дээгүүрээ нөмөрсөн юм гэж Дандар гуайг өгүүлэхэд Төмөрбаатар жанжин дундуур нь орж:
  • Цэргийн хүн буудсан сум, хэлсэн үгээ буцааж авдаггүй юм. Алдартай авьяастай хүнийг атаархал сүүдэр шиг дагаж явдаг. Тэр үед Японоос гадна манайхан дотор ч Дандарыг шоронд хийх нь байтугай шороонд булж, амь насыг нь бүрэлгэх бодолтой дайсан цөөнгүй байсан юм шүү. Цэргийн олон сайхан эх оронч дарга нар хэлмэгдэж дайны цагийн хуулиар  хилс шийтгүүлэн баривчлагдаж, буудуулсан.  Тэр байтугай Мана уулын орчимд  газар шорооныхоо төлөө дайсантай эцсийн дусал цусаа дуустал тулалдаж амь үрэгдсэн эрэлхэг дарга Бадарчийн хорооныхон болон Бага даргын сургуулийнхныг өнөөдөр хүртэл элдэв нэр хачир зүүн хардаж, алдар гавьяаг нь сэргээн цагаатгаагүй л байна. Дайн эхлэхээс тэртээ өмнө 1932 оноос л манай хилийн цэргийнхэн Япончуудын гар хөл болсон хөлсний туршуулуудтай Булан дэрс, Адаг дулаан орчмоор муур хулгана болж хөөцөлдөж эхэлсэн юм. Хилчин хүнд сайн морь шиг хань нөхөр байдаггүй. Морь маш холын анир чимээг сонсож, дурангийн хараанаас дутуугүй алсын барааг хардаг. Мориныхоо нүд чих хоёрыг ажиглаж сурсан хилчин хүн их зүйлийг олж мэддэг. Адуу, хүн шиг  ухаантай амьтан. Тийм ч учраас морин цэрэг гарт барьсан ташуур ч үзэгдэмгүй тас харанхуй шөнө маш амжилттай маневарлаж ашигтай байрлал эзэлж чаддаг давуу талтай. Олоон жилийн тэртээ бидний хэдэн цэрэг толгойн сэргийлэхэд гарч гол хүчнээсээ арваад мод газар түрүүлэн явж байлаа. Гэтэл талын манханы дээгүүр дайсны хоёр онгоц гэнэт газар шүргэм доогуур гарч ирээд биднийг бөмбөгдлөө. Найман цэрэг даргын командаар таран хэвтэхэд эмээлтэй морьд маань тэсрэлтийн гал утаанаас үргэн гөлмөө дэрвүүлэн давхин одоцгоолоо. Японы хоёр онгоц эргэж буцан биднийг хэдэнтээ бөмбөгдөөд бараа тасарсны дараа бид амьд үхсэнээ мэдэлцэн бие биенээ дуудвал бүгд эрүүл саруул, амьд сэрүүн босч ирцгээв. Орчныг ажиглахаар ойрын нэгэн элсэн манхан дээр гарч харвал хуягт машинаар хамгаалуулсан дайсны хоёр хайрцаг-зуу гаруй цэрэг холхон саахалтын тэртээ ирж яваа үзэгдэв. Зуун хорин сумтай винтов, хоёр хоёр гар бөмбөгнөөс өөр зэвсэггүй явган хүмүүс зугтья гэвч гарах газаргүй, нуугдья гэвч толгой хорогдох эрэг гангагүй цагаан тал дээр хэдийхэн хол харайхсан билээ. Учир иймээс тангараг өргөсөн цэрэг эрийн ёсоор дайсантай эцсээ хүртэл тулалдаад газар шорооныхоо төлөө амь насаа өргөе гэж ярилцаад хориглон байлдахаар байраа эзэлтэл эмээлтэй морьд маань өөр хоорондоо хэлэлцсэн юм шиг тал талаасаа давхин ирэх нь тэр. Ийм юм гэж бас байдаг аа гэж гайхах сацуу амь аврагдах унаатай болсондоо баярласан миний бие өөрийн эрхгүй нулимс унагаалаа. Нүдээр үзээгүй хүн үнэмшмээргүй ийм л сонин юм болсон. Тэр найман агтан дотор хэвтэж, босохоос өөр сургуультай морь нэг ч байгаагүй ээ. ихэнхи нь адуунаас саяхан юүлж унасан ардаг догшин морьд байсан. Адгуус  байтлаа адис авмаар адуу гэдэг ухаантай, хайрламаар сайхан амьтан шүү. Энэ сонин учралын тухай тэр үеийн фронтын сонинд хүртэл бичсэн байсныг Дандар баатар ч үзэж сонссон байх. Түүнээс хойш би адууг өнөөдрийг хүртэл нүүрэндээ үстэй адгуус хэмээн бодохоо больж молор эрдэнэ толгойг нь овоонд залдгийн учрыг ухаарсан хэмээн Төмөрбаатар гуай яриагаа өндөрлөж билээ.

Намхан чийрэг морьдынхоо хур дэлнээ бөхийж

                  Наран шингэх зүгрүү суран бугуйл шидэж

                  Намтар түүхт Парижийн алтан ганжирыг цаламдан

                  Нааш цааш ганхуулан татаж явсан түүхтэй мориороо хувьсгал хийж, дайснаа дарж дархан цолоо мандуулсан Монгол эр хүн морин дээр өсч морин дээр өвгөрдөг тавилантай билээ.

                  Галтай цахиур асааж хатирсан

                  Гантай хэт шиг морь мину

                  Эмээлтэй л болохоос хулан гэмээр

                  Эргэж мөргөмөөр шүтээн мину

                              Харанхуй шөнө ч гэгээ татмаар

                              Хайрын дуу шиг морь мину

                              Хазаартай л болохоос бурхан гэмээр

                              Хадаг, сэтэртэй шүтээн мину …   

                                                                                                             2016 оны 3 дугаар сар 11-ний шөнийн 04 цаг 00 минут

Балжирын ДОГМИД /Ардын уран зохиолч/

МАРШАЛ ЧОЙБАЛСАНГИЙН МЭРГЭН БУУДАГЧ

1950 оны намар Батаа ахынх хотоос  нүүн ирж, манайхтай айл буув. Хожим сонсвол дайнд явж гавьяа байгуулан одон тэмдэгээр шагнуулж,  цэргийн дарга болсон тэрбээр  энх амгалан  цаг ирэхэд намын илгээлтээр нутаг усандаа ажиллахаар томилогдон ирсэн нь энэ юмсанж.

Дайны фронт дээр цэрэг командлан зэвсэг техник эдлэж, бичиг үсэгт тайлагдан, ойр зуурын Орос хэлтэй болсон цэргийн дарга нарыг улс ардын аж ахуй хөгжүүлэхэд гол зүтгүүр болгохоор илгээсний нэг нь Батаа ахынх байжээ. Монхор ногоон хэмээх цуваа зургаан дугуйтай байлдааны машинаар нүүж ирсэн Батаа ах, хүргэж ирсэн ангийнхаа цэргүүдийг үдэж гаргахаар ширээ засч, хөдөө газар тэр бүр олон үзэгддэггүй бяцхан найр хийлээ.

Батаа ах босч хундага өргөн:

  • Нутаг усанд маань хүргэж ирсэн та бүхэндээ их баярлалаа. Та нар бол дайсны сумны өөдөөс надтай хамт мөр зэрэгцэн аймшиггүйгээр тулалдсан дайчид.

Эх орондоо хэн болохоо харуулсан баатрууд гэж хэлээд хоолой нь зангирлаа.

Цэргүүд босч:

Халх голын бургасанд

Харанхуй манан бүрхээд

Тэмцлийн цахилгаан гялалзаад

Аянга мэт ниргэв гэж хоолой нийлүүлэн жагсаалын дуу дуулав.

Цуваа зургаан машин хүчирхэг том дугуйныхаа арзгар мөрийг манай гадаа үлдээгээд хүнгэнэн хөдлөхөд цэргүүд гар даллан Чимэдцэрэн эгч хойноос нь сүү өргөн үдэв. Ногоон тал дээр барьсан хар хялгасан хошлонтой цагаан гэр сарны гэрэлд зураг шиг үзэгдэнэ. Тэднийх хүүхэдгүй тул банхар бид хоёр өдөртөө хэдэнтээ босгыг нь элтэл орж гарч айлын эгчийн гар хурууны үзүүрт зарагдан аяга шанага, аргал түлшийг нь дөхүүлж өгнө. Хөдөө байтугай сумын төвд ч байхгүй толь, жааз гялалзсан гоё айл.

Хоёр хүний шааригтай цагаан толгойтой ор, хүнгэнэсэн сайхан дуутай “эх орон-52”  хүлээн авагч, арав хорин пянзтай бягтруул, ер юу эсийг хэлж тоочиж барахсан билээ. Гэрийн хойморт буй жаазанд Маршал Чойбалсан, залуу жанжин Лхагвасүрэн болон цэцэгтэй эрээн ваар бүхий гоёмсог ширээний булан дээр гараа хөнгөхнөөр талбин түшиж авахуулсан Чимэдцэрэн эгчийн өдөн цагаан малгай, сувдан зүү, хошмог эмжээртэй торгон дээлтэй хүрээ маягийн дэгжин зураг өөдөөс тормойтол ширтэнэ. Зургийн нөгөө талд алтан мөрдэс, одонгийн олон алаг туузтай цэргийн даргын гемстирок гэдэг парадны жагсаал хувцас, гар бууны ширэн гэр өлгөөстэй байх.

Багийн даргын албанд тохоон томилогдсон Батаа ах өглөөний нарнаар эмээлээ үүрэн чөдөртэй мориныхоо араас явах бөгөөд үдшийн бүрэнхий болж од түгэхийн алдад гэртээ сая ирнэ. Ажаа, ижий хоёр хөдөөний айл болохоор хотоос нүүж ирсэн тэдэнд саалийн ботготой ингэ, шөлний хэдэн хонь зүсэлж өгөв. Батаа ах монгол дээлэн дээр таван хошуутай дарга малгай өмсч, аралтай суран бүс бүслэж, ширэн цүнх зүүсэн нь цаанаа л нэг жавхаатай харагдана. Түүнийг харсан Хадандэмбээ бид хоёр шиг уралдааны морины хүүхдүүд бушуухан том болж насаа нэмж байгаад ч хамаагүй цэрэгт явахын хөл толгойгүй мөрөөдөлд умбана. Чимэдцэрэн эгч бид хоёр өдөртөө ганц хоёр, араг аргал түүж ботго, тугал шанданд услахаас өөр ажилгүй. Өдөр  тэднийд нутгийн эхнэртэй, эхнэргүй харчуул бягтруул радио сонсох далимаар айлын эгчийг харах гэж ирнэ. Энэ, тэр завхай дуу сонсох зуураа тамхи баагиулж, гартаа барьсан аяга шаазангийнхаа ирмэг дээгүүр түүнийг оготно үзсэн муурын харцаар нимгэн хувцасных нь цаадах биеийг гэрэлтэж харагдтал нэвт шувт ширтэх нь төвөгтэй.  Одоо эргэн бодохуйяа тавин хэдэн оны хөдөөний тэр бүдүүн хадуун эрчүүлд хотоос ирсэн цэргийн даргын эрх, эрхэмсэг бөгөөд царайлаг залуу эхнэр “ Цогт тайж” киноны Цогзолмаа гуайгаас дутуугүй сонин байжээ. Цэцгэн хээтэй нимгэн торгон палаж, хагас өндөр өсгийтэй шаахайнаас өөр хувцасгүй залуу бүсгүйн, чээж бэлхүүс, гуя хас, хөхөвч даруулганых нь цаанаас босч суухад нь энгэр заамаар нь цухалзах чандган цагаан мөөм юм үзэж нүд тайлаагүй хөдөөний харчуулыг бараг согтоон солиоруулдаг байсан биз ээ. Унь  тоононоос нь хэв хадаг уясан Уянгын эрээн гэрийг нь сонинд хуруу шиг бүдүүн ороосон улаан тамхиныхаа утаагаар өдөржин утаж, “Учиртай гурав”-ын дуу сонсон өвөр зуураа дэл сул юм ярилцан, өдрийг барж ядан суух тэр шивэр, шинхэг ханхалуулсан залуусыг ижий хааяа ирж зуны халуун цагт адуу малаа услахгүй айлын тогоо өнгийж суув хэмээн загинаж зандран хөөж явуулна. Тэр хүмүүс Батаа ахыг гэртээ байхад бууж мордох нь байтугай толгодын дээгүүр толгойгоо ч цухуйлгахгүй чоно үзсэн хонь мал шиг зугатан алга болно. Дуу сонсох гэж ирсэн нь шал худлаа, Чимэдцэрэнг л эргүүлж эрхлэх санаатай наашаа гүйлдээд байгаа юм.

Хар багаасаа цэргийн тэр олон сайхан эрчүүлийн дунд өсч өндийсөн бичиг эрдэмтэй ийм дэгжин бүсгүй хөлөө ч аятайхан ороож сураагүй хөдөөний энэ маанаг гайхлуудыг яаж ч тоохов дээ гэж ээж үглэнэ. Батаа ах өртөөнөөс нормын дөрөв таван морь ээлжлэн унана. Багийн даргын ажил барагдана гэж байхгүй ээ.

Малын хөлийн татвар хураах, албан журмын ноогдол, ноос үсний дутууг гүйцээх сургуулийн хүүхдүүдийг цуглуулах үнэг, чоно хөөх, аян жинд явуулах тэмээг  хөнгөрүүлэх хашаа хадлан, худаг ус засах, дэрс шатаах гээд толгойтой үснээс их ажилтай тул хоёр нарны хооронд морины нуруунаас буух завгүй ээ. Айлын эгч араг үүрэн аргал түүж явахдаа:

  • Эгч нь хотод байхдаа найз бүсгүйчүүлтэйгээ Элдэв-Очирын нэрэмжит театрт очиж бүжиглэдэг байлаа. Тэр үдэшлэгт хотын аль л урдаа барьдаг ганган хүүхнүүд, цэргийн дарга нар ирж үлээвэр хөгжмийн аялгуунд   танц гишгэнэ. Би тэнд франц духи ханхлуулсан генералуудтай ч товшилттой бүжиг бүжиглэж, хүн амьтны нүдийг бүлтийлгэж явлаа.
  • Генерал гэж юу байдаг юм бэ?
  • Генерал гэдэг хамгийн том цолтой. Хамгийн гоё хувцастай, алтан мөрдөстэй цэргийн даргыг хэлдэг юм.
  • Батаа ах генерал мөн үү?
  • Арай биш ээ, Батаа ах нь дэд хурандаа цолтой. Гэхдээ генералаас дутуугүй алдартай офицер.

Намын илгээлтээр хөдөө хөөгдөөгүйсэн бол генерал болох л байсан. Чимэдцэрэн эгч арагтай аргалаа тэврэн эргэлдэн бүжиглэнэ. Түүнийг дагаж эргэсээр миний толгой эргэн уул, ус тэнгэр газар бас дайвалзан эргэлдэнэ. Чимэдцэрэн эгч их цэвэрч, ус саван хоёр байвал хэдэн хурга ишгээ усанд оруулж угаахаас буцахгүй. Нэг өдөр ижийн бэлэглэсэн шаргач ингээ хэвтүүлээд өвдгөөр нь богччихсон дээл хувцас адил саваагаар саваад, усаар шүршин бахируулж байлаа. Би гүйн очиж учрыг асуувал, ингэ нь үнсэн дээр налж хөрвөөсөн юмсанж. Ээж инээдээ барьж ядан:

  • Охин минь, тэмээ гэдэг амьтан үнсэн дээр налж хөрвөөж байж ялаа шумуул, хачиг хувалзнаасаа салдаг номтой юм. Наадуул чинь чамаас дутуугүй цэвэрч амьтад гэж билээ.

Хөдөө сайхан ч эгч нь уйдаад байх юм. Эгчийгээ хот руу явчихвал миний дүү Батаа ахдаа хань болж туслаж байгаарай.

  • Та хэзээ хот явах юм бэ?
  • Мэдэхгүй ээ. унаа таарвал аймаг орж тэндээсээ шуудангийн тэргэнд сууна. Тэгээд өдөр шөнө явж байж Улаанбаатарын барааг сая харна даа. Хотод очсон хойноо хэзээ ирэхээ шийднэ. Батаа та хоёрт захидал бичнэ ээ. сургуульд орчихгүй л бол удахгүй ирэхийг бодно.
  • Сургуульд орчвол ирэхгүй юм уу?
  • Тэгвэл ирэх хавар усны шувуудтай хамт л ирэх байхдаа. Чи энэ тухай ижийдээ ч хэлж болохгүй шүү. Эгчийнхээ нууцыг задалвал би чамтай найзлахгүй гэж мэдээрэй.
  • Батаа ахад хэлж болох уу?
  • Болохгүй ээ. Энэ тухай шувуунд ч дуулгаж болохгүй.  Энэ хойд цохион дээр байдаг элээний хоёр дэгдээхийд ч ам нээж болохгүй. Шувуу гэдэг чинь ам султай амьтад…

Айлын эгч бид хоёрын дунд ийм нууц яриа болсноос хойш хэд хоногийн дараа сумын зарлага “Яаруу” Осор гуай эмээлтэй морь хөтлөн давхин ирж, Чимэдцэрэн эгчийг  дагуулан одов оо.   Ээж түүнийг үдэж гаргахдаа:

  • За охин минь, сайн яваад түргэн эргэж ирээрэй. Чамайг эзгүйд цаад муу Батаа чинь өнчирч сүйд болно. Эмэгтэй хүн хань ижлээ жаргаах ёстой юм шүү гэж хэлээд мордууллаа.

Чимэдцэрэн аймагт ирээд хот явах санаанаасаа буцав. Хотод очвол найз хүүхнүүдийнхээ үг ятгалганд орж эрээн мяраан зүйлд нүд алдан хэн нэгэн залуу хүнтэй танилцаад сэтгэл урван буцаж ирэхгүй болчихвий гэж өөрөө өөрөөсөө эмээжээ. Тэгээд гэрлүүгээ буцья гэж бодож явтал Арван наймтын цугларалт буюу түр цэрэгт дайчлагдан “Гавшгай ажилчингийн сургууль” гэгчид оров. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх хийгээд улс эх орноо батлан хамгаалахад бэлхэн байх цэрэгжилттэй залуусыг сургах зорилготой гурван сарын хугацаатай курс ажээ. Комсомоль ногоон өмд цамц, гуулин хадаастай ажлын хар гутал суран бүс, саравчтай офицер малгай өмссөн үе тэнгийн залуу бүсгүйчүүд бага дарга нараар командлуулан жагсаалын сургууль хийнэ.  Хүн бүр модон буу хоёр хоёр  гранаттай бөгөөд бүгд МОПР-ийн  (бурхангүйчүүдийн эвлэл)  гишүүний тэмдэгтэй,  хувьсгалын үйл хэргийн төлөө амь насаа зориулахад бэлхэн хэмээн тангараг өргөсөн хүмүүс.

Хүндрүүлэгчтэй модон гранатыг хэвтээ байрлалаас гучин метрт шидэх хорин минутад биеэ бүрэн далдлах түр нуувч ухах  зуун метрт  буу зэвсэгтэйгээ арван найман секундэд гүйх зэрэг биеийн тамир, хөдөлмөр батлан хамгаалахын доод нормыг биелүүлэхээс гадна савлуур турник гээд эмэгтэй хүний хүч чадлаас ахадсан норм дүрэм цөөнгүй буй.

Гавшгай ажилчингийн сургууль аймгийн төвөөс зайдуу орших ганц дан өнчин цагаан байшинд байрлах. Хүмүүсийн ярилцахыг сонсвол хэдэн жилийн өмнө нас барсан энэ сургуулийн нэг багш чөтгөр болсон гэнээ.Тэр багш шөнө дундаас хойш ирж харанхуйд хичээл зааж анги танхимын үүд хаалгыг онголзуулан сурагчдын нэрсийг дуудан бүртгэдэг бөгөөд нэрийг нь дуудсан хүн өвдөх юм уу үхдэг тул тэр чөтгөрөөс багш сурагчгүй айна. Гэтэл нэг шөнө сургуулийн коридорт хичээлийн хонх хангинан дуугарч нам гүм унтаж байсан хүмүүс нойрноос цочин сэрвэл гартаа лаа барьсан цав цагаан хувцастай өндөр хүн нийтийн байранд сүүмэлзэн орж ирснээ бос хэмээн  командлаад нэр гарсан хүмүүс намайг дагаад явна шүү гэж хэлээд сурагчдын нэрсийг дуудаж эхлэв. Айж ширвээдсэн охид бүсгүйчүүл бие биенийхээ араар нуугдан байшингийнхаа буланд хөнжил гудсаа нөмрөн бөөгнөрлөө. Чимэдцэрэн нэрийг минь дуудахвий гэж айхдаа хуруугаараа чихээ бөглөн чичрэн зогслоо.

Хаалга цонхны салхинд дальдчин сүүтэгнэх лааны гэрэлд багшийн үнсэн хөх царай бүдэг бадаг үзэгдэнэ. Энэ газар дэлхий дээр бурхан бий юу гэж багш асуулаа. Хариу хэлэх хүн гарсангүй. Энэ үед битгий дуугараарай. Дуугарвал сүнс чинь биенээсээ гараад явчихдаг юм гэж хэн нэгний хэлсэн үг бодогдоно. Гэтэл багш ам нээж:

  • Буг чөтгөр, бурхан хоёргүй газар орон гэж байхгүй ээ. Тийм ч учраас би та нарын өмнө биеэрээ ирээд зогсож байнам биш үү. Та нар маргаашийн дотор тэр бурхангүйчүүдийнхээ эвлэлээс гарахгүй бол миний бие бүгдийн чинь сүнсийг чөтгөрийн оронд тонилгоно шүү гэж өнөөх багш сүрдүүлэв. Чөтгөрөөс айсан сурагчид тэр шөнө унталгүй байсаар арай чүү үүр цайлгав. Хэд хоногийн дараа бага дарга нар  жагсаалын өмнө гарч номхон команд өгснөө:
  • Та бүхэн тэр шөнө салаа, тасгаараа цөм МОПР-ын шалгалтанд унасан. Учир юун хэмээвээс та бүхэн бурхангүйчүүдийн гишүүн бөгөөд тангараг өргөсөн цэргийн хүмүүс хэрнээ чөтгөрөөс айж цөм буу тулгуулсан мэт бууж өгсөн. Энэ ертөнц дээр бурхан бий юу гэж чөтгөр та нараас асуухад байхгүй гээд хэлчих зориг зүрхтэй хүн та нарын дотроос ганц ч гарсангүй ээ. Ийм үхээнц, аймхай хулчгар хүмүүс эх орноо хамгаалж чадах уу? Одоо бид нар та бүхний айдсыг үргээж, цэрэг шиг цэрэг болгохын тулд  өдөр бүхэн галуун цуваагаар алхуулж, багтай маршанд ухаан алдаж унатал чинь гүйлгэх болно. Салаа салаагаараа галуун цуваагаар алхахад бэлдээд хэмээн хашгирав. Өдөржин маршанд гүйж галуун цуваагаар бөөрөө сугарч унатал алхсан хүүхнүүдээс тав зургаан хүн ухаан алдан унаж, дамнуургаар дамнуулан буцаж ирэв. Сарын дараа галын бэлтгэл, орос хэлний хичээл хоёр чангарч явган цэргийн урт винтов буугаар энгийн хараагаар гурван зуун метрт хөдөлгөөнт бай буудаж, оройн тоон дээр бага дарга нарт оросоор рафорт өгч сурснаас гадна Полу, Зис-5 машинаар жолоодлогийн сургууль хийж полигон дээр наймын тоо эргэсээр туслах жолоочийн цагаан хуудастай болцгоов. Мөнөөхөн шөнө ирж хүүхнүүдийг нэрээр нь дуудан айлгадаг байсан чөтгөр нь тус сургуулийн жижүүр байсныг дуугаар нь танин илрүүлсэн, айж эгдүүцсэн хүүхнүүд  түүнийг амьдаар нь шатааж ална хэмээн хувцас хунарыг нь урж тастсанаас хойш эмээх ичих юмгүй амар амгалан унтдаг болжээ. Нуруу өндөр, бэлхүүс гоолиг, зүс царай тунгалаг, машин барихдаа эвсэл сайтай Чимэдцэрэн аймгийн зарим дарга нарын нүдэнд өртөж, сургуульд нь олон нийтийн зааварлагчаар нь ажиллуулах санал гарсан ч тэрбээр зөвшөөрсөнгүй. Оргохоос наахнуур буцаж ирэв. Гэртээ ганцаардан уйдахдаа хот орон  газрыг мөрөөдөн сэтгэл нь шилэрдэг байсан айлын эгч маань тэр нэгэн нартай жаргалтай өдөр гэрээ санаад… гэсээр шуудангийн машинаар давхин ирж Батаа ах, банхар бид гурвын магнайд аз жаргалын алтан од гийлээ. Чимэдцэрэн эгчийг ирснээс хойш Батаа ах манайд биш гэртээ хоол иддэг болж нүдэнд нь унасан сормуусных нь сүүдэр арилж билээ. Чимэдцэрэнг би бараг ч ирэхгүй болов уу гэж бодож явсан чинь ашгүй хүрээд ирдэг байна шүү. Сайн хүн сайнаараа, муу хүн муугаараа дуусдаг хорвоо гэдэг үнэн юм даа гэж ажааг маань өгүүлэхэд ижий:
  • Энэ Чимэдцэрэн таны бодсон шиг тийм хүн биш ээ. Хүнд хань болж хүний хүүхдэд ч эх болох их сайн охин шүү гэж магтав.
  • Та нар шиг ямар малын дэргэд өссөн хүн биш. Залуу хүн хийх ажилгүй хөдөө газар уйдна шүү дээ. Батаа ямар гэрийн бараа харах биш ядахдаа нялх нойтон хүүхэдгүй бүсгүй хүн ханхай хоосон гэр сахиад хэдийхэн ганцаараа суухав дээ гэж ажааг өгүүлэхэд ижий :
  • Ганцаараа ч нэг их удаан суухгүй л болов уу алхаа гишгээ нь алгуур удаан болоод нүүр нь сэвхэтчихсэн байна лээ.
  • Аа тэгээ юу аймаг хавиас л нэг юм олоод ирж дээ.
  • Та наад ам хэлээ татаж явсан чинь дээр байх шүү. Батаа дуулбал сүйд болно гэж ажаа, ижий хоёрынхоо ярилцахыг би бүдэг бадаг сонсож билээ.

Хялгана долгиолсон хээр талд аргал түүж явах сайхан би үхрийн хатсан халтар аргал хаана, хаана өвсөн дотор нуугдан байгааг айлын эгчид замчлан зааж өгөх дуртай. Тэгээд нэг өдөр хоёулаа аргалд явж байгаад та гэдсэнд байгаа хүүхдээ гарахаар ямар нэр өгөх вэ гэж асуусан чинь айлын эгч алхаж явснаа зогтусан:

  • Юун яасан хүүхэд… Чи яаж мэдсэн юм бэ?
  • Би зүгээр л зүүдэлсэн юм. Таны гэдсэнд нэг эрэгтэй хүүхэд унтаж байгааг би нойрон дундаа харсан юм. Чимэдцэрэн эгч над руу гайхах цочих зэрэгцэн харж :
  • Чи далдыг хардаг юм уу? Үнэхээр чи тийм сүрхий юм бол Батаа ахынхаа сураггүй алга болсон шарга морийг хаана байгааг хэлээтэх гэж миний яриаг хаа хамаагүй юм руу төөрүүлэв.

Хол нутгийн явуулын хүн унаад явчихаа биз. Түүнээс биш Батаа ахын шарга морийг ижлээсээ салаад явчих адуу биш, нэг л өдөр гүйгээд ирнэ гэж ажаа ярьж байна лээ. Эгч нь “Гавшгай ажилчингийн сургуульд” яваад гурван сарын хугацаанд уурын тэрэгний туслах жолооч боллоо. Миний дүү том болоод цэрэгт заавал яваарай. Тэгээд Батаа ах шигээ энгэр дүүрэн одонтой цэргийн том дарга болоод нутаг усандаа царайлаг сайхан эхнэр дагуулж ирвэл хүмүүс чамд баярлана.

  • Тань шиг гоё эхнэр үү?
  • Би үнэхээр тийм гоё гэж үү?
  • Таны юм бүхэн хөөрхөн, нүд, хамар, бүгд гоё. Би том болоод яг өөртэй чинь адилхан эхнэр авна.

Айлын эгч над руу ботгоных шиг урт сормуустай хөөрхөн нүдээ мэлтэгнүүлэн харна. Яг ийм нүдтэй хүүхэн өөр байдаг болов уу гэж бодогдоно. Тэртээ алсад газрын зургийн Оросуудын босгосон Адуун чулууны  өндөр мод харагдана. Тэнд жил бүр хоёр хэрээ өндөглөн цав цагаан ноолууртай ангаахайнууд нь морь малтай хүн харахаараа доошоо нуугдан хярж хэвтээд амаа ангайлдан аахилж байдагсан. Одоо ээжээсээ ялгагдахгүй том шувуу болоод өөр өөрийнхөөрөө үүр оромжийг засахаар нисээд явчихсан биз. Эхнэрээ бие давхар болсноос хойш Батаа ах багийн айлуудаар өнжүүт хонуут явахаа больж гэр зуураа бичиг дансаа хөтлөөд сампин цохиж суудаг болж нөгөө дуу хөгжим сонсох гэж ирдэг адуу малын эрчүүл үзэгдэхээ болилоо. Айлын эгчийн гэдэс өдөр өдрөөр томрох бүр аргалд явах нь улам олширч банхар бид хоёр ботго, тугалтай гэрийн сүүдэр булаацалдан хэвтэх нь цөөрлөө. Гэтэл намрын нэг өдөр Батаа ах тэртээ холоос эмээлээ үүрсээр явган ирэхэд тосон очиж учрыг нь асуувал чоно хөөж яваад адуунаас юүлээд удаагүй байсан цатгалан морио бахардуулаад алчихжээ. Сумын төв орчихоод энүүхэн баруун толгодод наашаа шогшиж явсан чинь нэг том чоно морины омруун дороос босоод бөөн гай боллоо. Хариугүй гүйцээд цохиод унагахын даваан дээр хэдэн саахалт газар хээрийн нохойтой хөөцөлдсөн морь маань шургачиж унаад дахин боссонгүй. Миний л малаас хөндийрсний минь гай. Чоно алах гэж улайрч яваад ухаан алдчихаж. Морь  бахардаж унадагийг мартчихаж гэж хэлснээ тэрбээр санаа алдав. Хөнгөрүүлж сойгоогүй намрын тарган мориор чоно хөөдөг тэнэг амьтан надаас өөр байхгүй биз гэж өгүүлэхэд Чимэдцэрэн эгч:

  • Одоо нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав. Багийн дарга хүн албаны морь унаад амьтан хөөсөн нь л буруу байхгүй юу.

Хэд хоногийн дараа Батаа ахыг нийгмийн хөрөнгөнд хүйтэн цэвдэг сэтгэлээр хандсан. Өөрийнхөө амины морийг унаж явсан бол яав ч тэгж чоно хөөхгүй байсан . Тэгээд ч бусдад үүрэг даалгавар өгөхдөө захирах тушаах  цэргийн хүний хоцрогдсон арга барилтай энэ хүн энгийн иргэдийн дунд удирдах алба хаших  гавьяагүй хэмээн үзэж намаас нь хөөн, ажлаа даруй түргэн хүлээлгэн өгөхийг сануулсан байна.  Ийнхүү Батаа ах сумын дарга нарын далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг нэргүй зарц болж сумын төвд бэлтгэлийн ноос пэрээслэх цаг наргүй, цалин хөлсгүй ажилд томилогдов. Намаасаа хөөгдсөн түүнийг хүний данснаас хасжээ. Захын нэг архичин хүртэл элэг барин агсамнаж, багийн дарга байхад нь хойно урд нь гүйж ая тал засдаг байсан ганц нэг хүн морь биш хүн алчихсан юм шиг харцаараа хатгадаг болов. Миний бие хэдийбээр долоохон настай байсан боловч эргэн тойрондоо болж байгаа юмыг томчуулаас дутуугүй мэддэг байлаа. Олон жилийн дараа энэ бяцхан дурсамжийг бичихдээ би бээр Чимэдцэрэн эгчээс багагүй зүйлийг тодруулж тэр үеийн хэт хувьсгалч дарга нарын ааш араншин болон өндөр шаардлагын он жилүүдийн үеийн малчин ардуудын эх оронч хөдөлгөөн, анхдугаар таван жилийн төлөвлөгөөний уриа, лоозон, дуу шүлгийг хүртэл сонирхсон юм. Батаа ах бол дайсны сумны нүхийг цусан гавьяаны улаан тугийн одонгоор нөхсөн чээжиндээ олон жил болсон сумны хэлтэрхийтэй баатар хүн байлаа. Хааяа тэнгэрийн муухайд зүрхээр нь хатгуулан хэвтэх боловч маргааш нөгөөдөр нь босчихсон юу ч болоогүй юм шиг зүв зүгээр л алхаж явах. Миний чээжинд байгаа  японы энэ сумыг эмч нар зүрхний титэм судсанд их ойрхон эвгүй байрлалтай байгаа тул мэс засал хийхэд осолтой гээд айгаад авдаггүй юм гэж ярьдагсан. Ажлаасаа гарснаас нь хойш манай багийн айлууд эхнэрийг нь төрөх цагт хэрэг болно гэж бодсон ч юм уу нэг нэг хонь өгч тэднийх гэв гэнэт дөч тавин бага малтай болж билээ. Ийнхүү манай хот айлынхан Чимэдцэрэн эгчийн нярайлахыг сэм хүлээн нам гүмхэн аж төрж байтал сумын зарлага Осор гуай хөтөлгөө морьтой давхин ирж:

  • Манай суманд маргааш Маршал Чойбалсан ирэх болсон тул айл бүрээс хоёроос доошгүй хүн өнгөтэй хувцсаа өмсч, мөнгөтэй эмээлээ тохоод өглөөний улаан нарнаар суман дээр бэлэн бай. Гэр малаа түр орхиод хүүхэд нохойгоо дагуулаад бүгдээрээ очсон ч буруудахгүй гэж хэлээд аяга цай ч уулгүй давхин одов оо.

Маршалыг угтахаар цугларсан хүмүүсийг багтаах хэмжээний клуб, улаан булан манай суманд байхгүй учраас гадаа дөрвөн хөлтэй индэр засч, Маршалын ирэх замыг зогсон гудамжлан жагсав.   Сумын дарга Чойбалсан, Сталин нарын зургийг туг дарцагийн хамт барьсан хэдэн хүнтэй тэргүүн эгнээнд зогсч тэмээ морьтой хүмүүс араар нь жагсчээ. Энэ үед тэртээх гүвээн дээгүүр хоёр гурван гялгар хар тэрэг гарч ирлээ. Машинууд сумын хонтоорын өмнө ирж зогсоход хоёр дах тэрэгнээс дугуй хээтэй хүрэн торгон дээл, шляп өмссөн Маршал гарч ирэхэд сумын дарга нар сандралдан хойно өмнөө орон байж мөнгөн аягатай сүү хадагны хамт барив. Хуран цугларсан хүмүүс улсын шалгарсан хошой баатар маршал Чойбалсан мандтугай гэж бүдүүн нарийн хоолойгоор эв хавгүй хашгиралдав. Маршал сумын төв хийгээд ирсэн хүмүүсийг тойруулан ажиглан харснаа индэрт гарч үг хэллээ.

… Манай улсын алтан фонд болбол мал аж ахуй бөгөөд төрсөн нутаг усандаа мал сүргээ адгуулан улс ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний тэргүүн эгнээнд хошуучлан яваа малчин ардууд та бүхэнд хувьсгалч ёсны халуун мэндийг дэвшүүлье.

Хүмүүс алга нижигнүүлэн ташиж, сумын дарга нар удирдан уриа хашгирлаа. Маршал цаашаа үгээ үргэлжлүүлэн илтгэж байснаа хэн нэгэн хүн дээр харцаа тогтоож ажигласнаа:

  • Энэ чинь Батаа юу даа гэснээ. Мөн бол наашаа гараад ир хэмээн гар сунган дуудав. Батаа ийш тийш тээнэгэлзэн харснаа маршалын өмнө очиж цэрэг хүний ёсоор хөл хавсран ёслоод гар барилаа. Маршал Батаад хандан ажил байдлаа товч илтгэхийг тушаалаа.

Намын илгээлтээр нутагтаа ирж багийн даргын алба хашиж байгаад хариуцлага алдаж, алдаа гаргасны учир одоо худалдаа бэлтгэлийн ангид ноос пэрээслэх ажил хийж байна гэхэд Маршал хөмсөг зангидан Батаагийн нүүр лүү анхааралтай ширтсэнээ түүний нүдэнд нулимс гүйлгэнэн  байхыг олж харжээ.

  • Ямар алдаа гаргасан бэ, нууж хаалгүй ярь
  • Өртөөний мориор чоно хөөж яваад бахардуулаад алчихсан юм. Тэгээд намын гишүүнээсээ хөөгдчихсөн.
  • Өөр алдаа гаргасан уу?
  • Үгүй…

Маршал харцаа хурцлан олон түмнийг гүйлгэн харснаа:

  • Байшинтын дивизийн Түмтийн штабын тэргүүн комиссар, эх орны эрэлхэг цэрэг , манай алдартай мэргэн буудагчдын нэг Батааг та нар таньдаггүй юм уу? Ийм хүнийг, бичиг цэргийн эрдэмд боловсорсон шинэ хүчин ховор энэ цаг дор ганц морь бахардуулж үхүүлсний төлөө намаас хөөдөг тэр том толгойтой хүнийг би энэ мөчид намаас хөөж байна гэхэд хүмүүс алга ташив. Хүний дайсан Гитлер малын дайсан чоно гэж та нар дуулсан уу.
  • Тийм зурагт хуудас үзсэн үү? Морь унаж мод тохсон монгол эр хүн араатан чонотой хээр хөдөө таараад түүнийг алахгүй ч гэсэн айлгаж хөөж холдуулдаг нь эцэг өвгөдийн эртний ёс бус уу. Би энэ хүнд итгэдэг учраас Батааг сумын даргаар хугацаагүйгээр тохоон томилж байна. Түүнийг намаас хөөсөн тэр хүмүүсийг мал аж ахуй дээр гарч эрүүл агаарт тархи толгойгоо сэргээн алдаа нүгэлээ цайруулахыг уриалж байна. Эх оронд аюул нүүрлэсэн хүнд хэцүү цагт Батаа халхын голд галын шугам дээр цэрэг командлан та бидний үстэй толгойг цастай окопонд цустай зүрхээрээ хамгаалж ард түмнийхээ өмнө хэн болохоо харуулсан хүн. Батаа болбоос ямар ч том ажлын ард гарч чадах хатуужлыг олсон цэргийн дарга мөн билээ. Түүний ажил, амьдарлыг тал бүрээс нь дэмжихийг эрхэм хүндэт малчин ардууд та бүхнээс хүсч байна. (хүмүүс алга нижигнүүлэн ташив)

Маршал Батааг тэврэн дахин баяр хүргэж, би энэ ахлах офицерт Батлан хамгаалах яамны нэрийн өмнөөс бүх цэргийн жанжины зарлигаар хурандаа цолоор хөхүүлэн шагнаж байгааг өргөн олон та бүхэнд тунхаглан зарлаж байна гэхэд олон түмэн уухайлан хашгиралдлаа. Би танай сум орон нутгийг хөгжүүлэхэд зориулж улсын сан хөмрөгөөс зуун мянган төгрөг олгож байна. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний он жилүүдэд танай сумынхан мал сүргээ өсгөж ноос ноолуурын төлөвлөгөөг төрөл тус бүр дээр нь давуулан биелүүлэхийн зэрэгцээ айл бүхэн өргөө гэрээ цагаан болгож ахарын шинэ  эсгийгээр бүрснийг би наашаа ирэх замдаа харлаа. Сумын дарга нар Маршалд зориулан бяцхан цайллага хйиж уран сайханчдын тоглолт үзүүлэв.

Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй

Бараахан нүдтэй морь мину хэмээн дуучин бүсгүй морины нуруун дээр галигууланхан яваа мэт алчуурынхаа сэжүүрийг салхинд дэрвэлзүүлэнхэн дуулахад маршалын сэтгэл ихэд догдолсон янзтай алга таших зуураа зэрэгцэн суусан Батаад хандан:

  • Улсын маань урлаг соёл, уран сайханчдын нуруун дээр тогтдог юм. Хөдөөгийн хөдсөнд боодолтой эрдэнэ гэж ийм л хүмүүсийг хэлдэг биз. Энэ бүсгүйг цаашид дэмжээрэй гэж захив. Би Дорноговьд очиж аймгийн намын хорооны бүгд хуралд оролцоод буцаж яваа хүн. Азаар бид хоёр уулзалдаагүйсэн бол чи насаараа хэлмэгдэж намын улаан хүрээлэнгийн гадна эрэг дээр шидэгдсэн загас шиг хаягдах байсан биз. Дайны үед цэрэг цуухад яваагүй гүн ард талд авгай хүүхнүүдийн хормойтой орооцолдож явсан танай энэ дарга шиг хэт хувьсгалчид ямар ч нугалаа завхрал гаргаж засаг төрийн нэр хүндийг шороотой хутгахаас буцахгүй. Чи олны итгэлийг дааж намын үнэн үгийг ард олонд хүргэж шинэ арга барилаар ажиллаарай. Намд, надад чам шиг хүмүүс хэрэгтэй гэж хэлээд Маршал машиндаа суусан гэдэг.

Ингэж л дайнд явсан хүнээс, жинд явсан хүнийг илүүд үздэг байсан манай сумынхан Маршал Чойбалсанг ирээд буцсанаас хойш Батаа ахад сумын хойт дэнж дээр өндөр мөөрөн шалтай өргөө цагаан гэр барин өгч хоймортоо залсан юм. Тэр өдрөөс хойш буюу Батаа ахыг сумын дарга болсны дараа “Японыг ялсны төлөө” гэсэн орос үсэгтэй генералисмус Сталины дорно зүг рүү харсан толгойтой зөвлөлтийн болон монголын “Бид ялав”  медалиудаар хүүхэд тоглуулахаа больж дайнд явсан эрчүүл баяр наадмаар бахархал болгон энгэртээ зүүх нь элбэг болж билээ.

 

 

 

Жич: 1950-1960 оны хооронд намын илгээлт, томилолтоор улс ардын аж ахуйн янз бүрийн салбаруудад тэр дундаа хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйнуудад очиж удирдах ажил, багш, сургагч механикжуулагчаар ажилласан үе үеийн цэргийн дарга, ахлагч албан хаагчдаас миний мэдэхийн Хөвсгөлийн Цагаан-Уул сумын Үлэмжийн Аварзэд, Ховдын Манхан сумын Борондогийн Лувсан, Говь-Алтай аймгийн Чимэдийн Чулуун, Архангайн Ренчингийн Минжүүр , Намхайн Намжиг, Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн дарга Борын Арьяа, Говь-Алтай аймгийн Гомбын Лодойхүү, Дорнодын Цагаан Овоо сумын Бандийн Цэрэндорж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Лувсанжамбын Гомбосүрэн, Дорноговь аймгийн Алтанширээ сум нэгдлийн дарга Дарамын Даваасамбуу, Хэнтий аймгийн Дадал сумын Цэрэнгийн Чойдорж (Сум, нэгдлийн дарга нарын дотроос төрсөн анхны хөдөлмөрийн баатар), Баянхонгорын Бууцагаан сум нэгдлийн дарга “Бүдүүн” хэмээх Гэлэгийн Жамсран нарын арав гаруй хөдөлмөрийн баатрууд төрсөн юм.

                                                                                                                                                                                  2016 оны 2-р сарын 26-ны 18 цаг 03 минут

 

Ангилал: Мэдээ, Фото