“МОНГОЛ ХҮҮ”- МОНГОЛЫН АНХНЫ КИНО ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-11-10

Монгол улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдаад байгаа билээ. Энэхүү арга хэмжээнүүдийн нэг болох “Монгол хүү” – Монголын анхны кино эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр буюу 11-р сарын 10-ны өдөр Д. Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурал эхлэхийн өмнө Монгол кино нэгтгэл болон Кино урлагийн дээд  сургуулийн хамт олноос  Төрийн шагналт, киноны хөгжмийн зохиолч  Г.Бирваа гуайн 100 жилийн ойд зориулан хийсэн хөрөг нэвтрүүлгийг түүний хүү Ардын жү­жиг­чин, найруулагч Б.Мөнх­доржид гардуулсан юм. Уг хуралд киноны нэрт зүтгэлтнүүд  болох Ардын жүжигчин А.Очирбат, Ардын жүжигчин  С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Г.Равдан,  Соёлын тэргүүний ажилтан У.Батбаатар, Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б. Галаарид, МУГЖ Ш. Цэцэг   нар хүрэлцэн ирсэн байлаа.

Монгол улсад 1935 онд анх олон нийтэд кино хүрч эхэлснээс хойш нийт 62 жилийг ардаа орхижээ. Энэ хэдэн жилүүдэд хүмүүсийн сэтгэлд хоногшсон олон  уран бүтээлүүд дэлгэцнээ амилж ирсэнээрээ кино гэх зүйл нь нийлмэл урлаг болтлоо хөгжихөд хүргэсэн юм. Тэгвэл кино гэх нийлмэл урлагийн анхдагч, төлөөлөл болсон уран бүтээл бол “Монгол хүү” уран сайхны кино юм.  Тухайн үед энэ кино хэрхэн бүтсэн, монголын кино урлагийн үүсэл хөгжлийг тодорхойлох, кино урлаг нэвтэрсэн түүхэн он цагийг судлах, мэргэжлийн уран бүтээлч судлаачдын судалгаа шинжилгээгээр дамжуулан киноны ач холбогдлыг таниулах, оюутан залууст сурталч­лах зорилгоор эрдэм шин­жилгээний бага хурлыг зохион байгуулсан юм.

Хуралд:

– Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор С.Лочин:  “Монгол хүү” кино ба монгол киноны түүхийн зарим асуудал

– Монгол кино нэгтгэлийн захирал Ж. Солонго: “Монгол хүү”- киноны түүхэн ач холбогдол

– Ардын жүжигчин, найруулагч Б. Мөнхдорж:  “Шороотын Цэвээн буюу монгол жү­жи­гчид”

– Ардын жү­жиг­чин, найруулагч Г. Жиг­жидсүрэн:  “Монгол хүү”-  киноны зохиол

– Кино судлаач Т. Чимэд- Монгол хүү- Монголын кино юу?

– Судлаач, инженер С. Батчулуун: “Монгол хүү”- Монголын кинонд нөлөөлсөн нь зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүдийг  тавьсан юм.

Монгол кино нэгтгэлийн захирал Ж. Солонго илтгэлдээ:

Монголд кино урлаг үүсээд өнөөдөр 80 жилийн түүхт ойтойгоо золгож байна. Кино урлаг үүсэх түүхэн нөхцөл нь тухайн үеийн монгол орон   500 мянга гаруй хүн амтай, 100 гаруй хүн ам нь хятад, 30 гаруй нь төвд, маш бага төсөвтэй, ертөнцөөс хязгаарлагдсан, монгол гэдэг үндэстэн байдгийг дэлхийн улс орон мартсан байсныг, хоёр  гүрний алинд ч уусгалгүй төр засгийн зүтгэлтнүүд тусгаар тогтнуулсан юм. Тив болгонд кино урлаг хөгжиж чадаагүй байсан тэр үед, улс төрийн зүтгэлтнүүд кино урлагийг Монголын ард түмэнд бий болгосноор асар хурдтай ард түмнийг  соён гэгээрүүлж  хөгжиж эхэлсэн юм.

1936 онд Зөвлөлт Холбоот улсын И. Трауберг тэргүүтэй киноны хэсэг уран бүтээлчид ирж тус кинонд Монгол хүмүүсийг тоглуулсан. Энэ нь Монголын ард түмэнд кино бүтээх арга барилыг заасан бөгөөд дараа дараагийн уран сайхны болон баримтат кинонууд хийх үндэс нь болов. Мөн энэ киногоор дамжуулан Монголын амьдралыг хальснаа буулгаснаараа бусад улс оронд эх орныхоо ёс заншил, аж байдлыг танин мэдүүлсэн чухал бүтээл болсон юм” гэв.

1937 онд энэхүү  киног хийсний дараа  Улсын төв хороо,  Засгийн газраас “Ард” кино театрыг байгуулж “Монгол хүү”  киног үзжээ. Гэтэл тухайн үед хэлмэгдүүлэлт эхэлж байсан учраас Төв хорооноос “Монгол хүү”-г гаргахыг хориглосон байна.  Учир нь энэхүү кинонд тухайн үеийн эсэргүү лам нарыг үзүүлсэн байна хэмээн дахин Монгол нутагт үзүүлэхгүй хэмээн хаасан байна.

1938 онд Оросууд энэ киног АНУ-д үзүүлэхэд Америкийн кино академиас 10 шилдэг киноны нэгээр тодорсон нь Монголыг дэлхийд таниулсан “Монгол хүү” кино болсон юм. Дэлхий дахинд Чингисийн Монгол гэдэг үндэстэн мөхөж сөнөөгүй гэдгийг энэ кино харуулж чаджээ. Энэ үндэстэн байх байхдаа эрх чөлөөтэй болох эрмэлзэлтэй хүмүүс гэдгийг “Монгол хүү” киноноос олж харжээ.

Киноныхоо талаар ярьвал Монгол хүмүүс хүүхэд наснаасаа л үлгэр сонсож өсдөг гэхчилэн “Монгол хүү” киног үлгэрийн сэдвээр зохиомжилсон ба “Аршийн мод” зохиолоор бүтээсэн юм. Тус киногоор Монгол хүн эх орныхоо эзэн нь байж харийн түрэмгийллийн эсрэг ямарч хүнд бэрхшээлийг даван туулж, улс эх орондоо гадны соёлыг оруулж хөгжүүлэх биш өөрсдийн соёл, зан заншлийг улам дэлгэрүүлж хөгжүүлэх ёстой гэдгийг харуулсан байдаг. Киноны утга санааг үзүүлэхийн тулд Цэвээн хэмээх хөдөөгийн малчин эр өөрийн дурлалт бүсгүй Дулмаатай гэрлэн, аз жаргалтай амьдрахын тулд шидэт модны эрэлд харь газар аялан явж, зовлонд учран эцэст нь Монгол нутагтаа эргэн ирж, жинхэнэ аз жаргал сайхан бүхнийг амсан мэдэрч буйгаар илтгэсэн юм.

Бичсэн: А.Тунгалаг

12243870_656232824479213_843465755_n 12242147_656232831145879_1065564667_n 12231677_656232447812584_265780715_n 12231528_656232797812549_2110402873_n 12226858_656232811145881_1370413758_n 12226713_656232431145919_2112909013_n 12226606_656232441145918_579895815_n 12226403_656233014479194_694176516_n 12212306_656232794479216_2062777988_n 12200984_656232807812548_1358139192_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close