Монгол улсад Үндэсний Кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой “Монгол кино, Таны кино” гэх уриан дор энэ жил тохиож байна. Анх 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32-р хурлаар Ерөнхий сайд П.Гэндэн, Нэгдүгээр орлогч сайд Г.Дэгмид, нарийн бичгийн дарга н.Өлзий-Очир нарын гарын үсэг бүхий тогтоолоор “Монгол кино” үйлдвэр байгуулагдсан билээ. Ингэснээр Монголын Кино урлагийн түүхэн хуудас эргэж эхэлжээ.
Мөн энэ жил “Цогт Тайж” кино бүтсэний 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Цогт Тайж” кино нь Монгол “ХХ-р Зууны Шилдэг″ кино болсон юм. Түүхт 80 жилийн ой, “Цогт Тайж” киноны 70 жилийн ойд зориулсан “Цогт Тайж-70″ Эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Кино нэгтгэл, Кино Урлагийн Дээд сургууль хамтран зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь Монголын Кино урлагийн үүсэл хөгжилийн баталгаа, үе үеийн кино уран бүтээлчид, нийт ард түмний бахархалт үндэсний кино “Зууны шилдэг″ кино болох талаас нь залуу үеийхэнд сурталчилах, танин мэдүүлэхэд оршино.
Тус хурлаар Кино найруулагч, МУАЖ Г.Жигжидсүрэн, МУАЖ П.Цэрэндагва, Кино судлаач Т.Чимэд, Сэтгүүлч, зохиолч Ч.Болд Доктор, дэд профессор Б.Дэлгэрмаа, Судлаач, инженер С.Батчулуун нар “Цогт Тайж” киноны гоо зүйн үзэл санаа, Монгол, Орос найруулагч, хөгжмийн онцлог, зарим дүрүүд болон түүхэн баримтуудыг тодорхойлж илтгэл тавьсан юм.
Тус хуралд Монгол кино 80 жил ойн тэмдгээр МУИС-ийн философийн тэнхимийн багш, доктор дэд профессор Б.Дэлгэрмаа, сэтгүүлч, зохиолч Ч.Болд нар шагнагдлаа. Мөн МУАЖ П.Цэрэндагва гуайд хүндэт докторын цолыг албан ёсоор КУДС-аас олгосноороо онцлог болж өнгөрлөө.