ДАМБИЙН ГОНЧИГ-1901 онд ламын гэгээний нутаг, одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын их Богдын ар /Хөнөг/ гэдэг газар төрсөн. Тэрээр ламын гэгээний хүрээнд сууж, ном заалгаж, бичээч нарт зар бичгийг хуулж өгсөөр бичиг үсэгтэй болжээ. 20 настай байхдаа Ламын гэгээний сангийн сүргийн данс хийлцэж байсан.1922 оноос тамгын жасааны бичээч, залуучуудын эвлэлийн 38-р үүрийн дарга, Цэцэрлэг мандал аймгийн яамны бичээч зэрэг ажлыг хийж байгаад, Монголын залуучуудын эвлэлийн 3-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан. 1924 онд Ленинград хотын Дорно дахины их сургуульд 2 жилийн бэлтгэл курст сураад 1927-1930 онуудад дээд сургуулийн хэл бичгийн ангид сурч Англи, Орос, Герман хэлийг залгаж, түүх, хэл бичгийн хичээл заалгаж, төгсөхөөс нэг жилийн өмнө дуудагдаж, 1930 оны 6-р сараас Багшийн сургуулийн анхны захиралаар томилогдон ажиллажээ. 1933 онд Ардын Гэгээрүүлэх Яамны сайд Эрдэнэбатхаан дуудаж 8-р сарын 1-нээс Кино зургийн хорооны даргаар томилж, юуны өмнө Улаанбаатар хотод кино театр байгуул гэдэг үүрэг өгчээ. 1935 оны 5-р сарын 1-нд театраа албан ёсоор нээж, “Ард” гэдэг нэр өгчээ. Эрдэнэбатхаан сайд ЗХУ, Герман, Итали, Англи, Франц орнуудаар явж, туршлага судлаад ирэхдээ, Герман улсаас кино гаргадаг “Жек” гэдэг хагас суурин аппарат 4 ширхэгийг авч ирсэн байлаа.1935 оны намар сайд дахин дуудаж, “Монгол кино үйлдвэр” байгуулах шийдвэр мөдхөн гарна, улсаас 200000 төгрөгийн зээллэг, 30000 төгрөгийн валют, газ машин хоёрыг өгөх болсон, мөн ЗХУ-аас киноны мэргэжилтэн 10-аад хүнийг урьж ирүүлэх зөвшөөрөл өгсөн, иймд кино үйлдвэр байгуулах, зөвлөлтийн хүмүүсийг суулгах орон байр бэлд гэж үүрэг өгсөн юм. Д.Гончиг Кино зургийн хорооны анхны дарга, Монгол кино үйлдвэрийг үүсгэн байгуулагчийн нэг болсон юм. Ленфильм” студи “Монгол хүү” хэмээх киногоо хийхээр 1935 онд Монголд ирэхдээ Д.Гончигийн тусламжийг авч, шинэхэн байгуулагдаж байгаа кино үйлдвэрт бөөн олз, туршлага болон үлдсэн билээ. Д.Гончиг гуай “Киноны Гончиг” гэж нэрлэгдэх болсон юм.1935 оны 10 сарын 11-нд Ардын Сайд нарын Зөвлөлийн 132-р тогтоол гаргаснаар “Кино үйлдвэр” байгуулах болж даргаар нь Д.Гончиг томилогдсон билээ.1936 оны 7-р сард улсын наадмаар “Монгол хүү” уран сайхны киногоо ард түмнээ толилуулж, манай улсад киноны хувилсан 12 хувийг бэлэглэсэн.
Д.Гончиг “Монгол кино үйлдвэр”-ийг байгуулж, анхны даргаар ажиллаж байгаад, Улс хувьсгалын 25 жилийн ой гэхэд жирийн ажилчнаас инженерийн мэдлэг олтлоо эмийн завод, 40000-ын орон сууц, бетон завод барьж бүтээлцжээ. Түүний гавъяа зүтгэлийг үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
ГОМБОДООГИЙН ЛУТДОО-1911 онд Дорноговь аймгийн Баянжаргалан суманд төрж, сумынхаа бага сургуульд сурч, 1929 онд УБ хотын Багшийн сургуулийг төгссөн. Багшийн сургуульд багш, Дорноговь аймаг, Гэгээрлийн яаманд байцаагч, УБ хотын үлгэр жишээ клубын дарга, Уран сайхны хүрээлэнд хэлтсийн дарга, кино зургийн хороонд орлогч даргаар ажиллаж байгаад, 1938 онд Монгол кино үйлдвэрийн даргаар томилогдон ажиллажээ.
Г.Лутдоо кино үйлдвэрийн нийт ажилчдыг тархай бутархай энд тэнд зуны цагт лагерьт гарахыг бүрэн шийдэж, Богд уулын Зайсан толгойн баруун талд Богинын аманд ажилчдын нэгдсэн зуслантай болгожээ.
Ерөнхий сайдын 1-р орлогч сайд, Улсын маршал өрлөг жанжин Х.Чойбалсан, нарийн бичгийн дарга Бавуу зэрэг тэр үеийн удирдлагаар Монгол кино үйлдвэрийн кино бүтээх үйлдвэрлэх төсөв, үнэ болон үйлчилгээний хөлсийг хохиролгүй болгох асуудлыг шийдүүлж байжээ. Түүнийг үйлдвэрийн даргаар ажиллах хугацаанд баримтат кинонууд бүтээгдсээр байсан ч хэлмэгдүүлэлтийн шуурга их нөлөөтэй үе байжээ..Хөдөө орон нутаг, хотод нүүдэлчдийн кино механикчдийг ажиллуулахад анхаарч байлаа.
ТОГООЧИЙН ХҮРЛЭЭ-1913 оны 7-р сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Чагтай харуулын “Цэцэгт нуга” хэмээх газар Магадаев Тогоочийн 2-р хүү болон мэндэлжээ. 18 нас хүртлээ аав ээжийн гар дээр мал маллан аж ахуй, газар тариалангийн ажил эрхлэн тэр хугацаандаа бичиг үсэгт тайлагдан орос хэл гадарладаг болжээ.
Буриад СССР-ийн .За Байкалийн “Энх тал” гэдэг газар төрж өсөөд, 1916 онд Монголд нүүн орж ирсэн Сэрээтэрийн Балж гэдэг эмэгтэйтэй 1938 онд гэрлэж, 4 хүүхдээ өсгөн бойжуулжээ.
1931 онд Улаанбаатар хотод Хууль цаазны түр сургуульд суралцаад, 1932 оны 5-р сарын 1-нээс сСэлэнгэ аймгийн шүүхийн дарга, прокурорын байцаагчаар ажиллажээ. 1939-1946 онуудад түүхэн үеийн их замыг туулж удирдан, Монгол киноны анхны гараанд зөвлөлтийн сургагч мэргэжилтнүүдээс суралцаж бүтээх болон ЗХУ-тай хамтран бүтээх үйлсэд үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг биеэ даан хөлд ортол нь хөтөлсөн Тогоочийн Хүрлээ дарга юм.
1931 онд Улаанбаатар хотод Хууль цаазны түр сургуульд суралцаад, 1932 оны 5-р сарын 1-нээс Сэлэнгэ аймгийн шүүхийн дарга, прокурорын байцаагчаар ажиллажээ.
1935 оны 9-р сарын нэгнээс Улаанбаатар хотод Нам ба Улсын төв сургуульд орж төгсөөд 1937 он хүртэл МАХН-ын ТХ-нд зааварлагч, 1937 оноос Улсын төв театрын /Бөмбөгөр ногоон театр/ намын үүрийн дарга, орлогч даргаар 1939 он хүртэл ажиллажээ.
1939 оны 8-р сарын нэгнээс Улсын кино зургийн хорооны даргаар ажилласан. 1939-1946 онуудад түүхэн үеийн их замыг туулж удирдан, Монгол киноны анхны гараанд зөвлөлтийн сургагч мэргэжилтнүүдээс суралцаж бүтээх болон ЗХУ-тай хамтран бүтээх үйлсэд үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг биеэ даан хөлд ортол нь хөтөлсөн хүн бол Тогоочийн Хүрлээ дарга юм.
Жанжин Д.Сүхбаатарын түүхт тэмцлийн тухай дуутай киног анх 1938 онд бүтээхээр шийдвэрлэж байсан боловч, ШУХ ба УСХ –ийн 1940 оны 1-р сарын 15-ны тушаалаар киног бүтээх тухай, ялангуяа МАХН-ын ТХ, Засгийн Газар онцгой анхаарч, энэ киног бүтээхэд Кино үйлдвэр дан ганцаар гүйцэтгэж чадахгүй нь илэрхий байгааг дурдаад, СССР-ийн уран сайхны хэрэг эрхлэх хороотой хамтран бүтээхээр болж, 1940 оны 10-р сарын 10-нд ЗХУ-д суугаа Монголын элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуугаас Монгол кино үйлдвэрийн дарга Т.Хүрлээд Зөвлөлтийн найруулагч, зураглаачид томилогдсоныг мэдэгдэж, “Чапаев” Зөвлөлтийн киноноос үлгэр авахаар болсон байна. Монгол –Зөвлөлтийн хамтарсан уран сайхны бүрэн хэмжээний “Сүхбаатар” кино 1942 онд бүтээжээ.
Буриад СССР-ийн .За Байкалийн “Энх тал” гэдэг газар төрж өсөөд, 1916 онд Монголд нүүн орж ирсэн Сэрээтэрийн Балж гэдэг эмэгтэйтэй 1938 онд гэрлэж, 4 хүүхдээ өсгөн бойжуулжээ.
“Морин цэрэг танкист”, “Хил дээр гарсан хэрэг”, “Аймшиггүй эх оронч” зэрэг 1939 оны Халх голын дайны тухай, цэрэг эх оронч , батлан хамгаалах сэдэвтэй богино хэмжээний уран сайхны кинонууд 1942 онд бүтээгдсэн байна.
1943 онд Монгол кино үйлдвэрийн уран сайхны удирдагч Ю.Тарич, зохиолч Б.Ренчин нар “Халхын Цогт тайж” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны түүхэн зохиол бичсэн нь кино бүтээх боломж гарчээ. Имйээс Монгол кино үйлдвэрийн дарга Т.Хүрлээ судалгаа тооцоог гаргаж, Төв театр, Зураг урлаг, Циркийн байгууллагууд дэмжин оролцож, төр засаг, МАХН-ын ТХ, Ардын Сайд нарын Зөвлөл ийн шийдвэр, улсын сангаас мөнгө гаргаж өгөхийг хүсжээ. Ерөнхий сайд, улсын шалгарсан баатар, Маршал Х.Чойбалсан, НТХ-ны нарийн бичгийн дар га Ю.Цэдэнбал нар зөвшөөрчээ. Киног бүтээсний дараа Т.Хүрлээ даргыг “Алтан надас”одонгоор шагнасан байна. “Цогт тайж” киног анхлан нэг анги байхаар төлөвлөсөнч түүхэн үйлийн өрнөл зэргээс шалтгаалан хоёр анги болгон эхний ангийг 1945 оны наадмын өмнө, төгсгөлийн ангийг 1945 оны 10-р сарын эцсээр дуусгаж дэлгэцэнд гаогасан нь лдны сэтгэлд нийцэж, кино бүтээгчдийг төрийн дээд шагналаар шагнаж гавьяаг мөнхөлсөн.Ингэж “Цогт тайж” киног анх удаа өөрсдийн хүч хөрөнгөөр, кино зохиогч, ерөнхий найруулагч,зураач, хөгжмийн зохиолч, жүжигчид Монголчууд байж бүтээж чадсан билээ.
1947-1950 онд Намын хүчний дээд сургуулийг төгсжээ. 1950 оны 7 сарын нэгнээс Засгийн газрын зохион зааварлах хэлтэст зааварлагч, 1951 оны 2-р сараас Кино зургийн газарт өнгөт кино зургийн даргаар, 1951 оны сүүлчээс 1954 оны 10 сар хүртэл Урлагийн хэрэг эрхлэх хороонд 1-р орлогчоор ажиллажээ.
1954 оны 10 сарын нэгнээс 1957 оны 9 сарын нэгнийг хүртэл Улсын киноны хэрэг эрхлэх газрын даргаар дахин томилогдон ажиллажээ. Т.Хүрлээгийн дарга байх үед “БНМАУ” 1951 он, “Тусгаар тогтносон Монгол улс” 1946 он. “Монгол улс” 1943 он, “БНМАУ-Улсын 20 жил” 1941 он баримтат кинонууд бүтээгдсэн байна.
1958 оноос Барилгын яаманд хэлтсийн эрхлэгчээр, 1962 онд хөдөө орон нутагт нэгдлийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан байна. Түүний ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж Улсын 25-40 жилийн ойн медалиуд, ЗГ-ын жуух бичгүүд, “Бид ялав” тэмдэг, “Ударник”, “Хөдөлмөрийн хүндэт медаль-2, “Алтан гадас”-2 одонгоор тус тус шагнажээ.
Дурсамж: Аав маань Сэлэнгэ аймгийн прокурор хийж байхдаа дөн өвлийн хүйтэнд хэсэг нөхдийн хамт чаргаар ой хөвчид явж “Хөвчийн хөх чоно” гэгч шилийн сайн эрийг барьж ирж байснаа хуучилдагсан.
Аавыг минь “Киноны Хүрлээ” гэхээр хүмүүс анддаггүйсэн. Манайх 1957 он дуустал кино үйлдвэрийн хашаанд ганц гэрээрээ байдаг байлаа. /Филармонийн хашаанд/ .Эгч маань аавтайгаа их адилхан, би ээжтэйгээ адилхан, ямар сайндаа л аль ч кино театрт очсон эгчийг минь таниад Хүрлээ даргын охин байна гээд оруулчихдаг байсан, би насанд хүрээгүй байж эгчийгээ дагаж очоод өндөр болох гээд өлмийгөө өргөөд зогсохоор тэд инээлдээд л цуг оруулчихдаг байлаа.
НАМСРАЙН САМБУУ-1913 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Байнбүрд гэдэг газар төржээ. 18 нас хүртлээ эцгийн хамт сумандаа мал маллажээ.
1930-1934 онд Улаанбаатар хотод Намын төв сургуулийг төгсөж, Дорноговь аймагт МХЗЭ-ийн хорооны даргаар,
1936-1938 онд ЗХУ-д /КУТВ/ Дорно Дахины хөдөлмөрчдийн их сургуульд суралцаж,
1938-1940 онд Улаанбаатар хотын Худалдааны техникумын багш захирлаар ажиллаад
1940-1945 онд Засгийн газарт Улсын арбитрч, Хөдөлмөрийн хэргийг Эрхлэх газрын орлогч дарга,
1945-1946 онд Олзлогдсон цэргийн хэрэг Эрхлэх газрын орлогч даргар
1946 оноос Кино зургийн хорооны даргаар томилогджээ.Даргаар ажиллах хугацаандаа 1947 онд ЗХУ-ын “Тангараг” 14 бүлэг киног эх хэлнээ хөрвүүлэх ажлыг эхлүүлж, 1948 онд “Тосгоны багш” киног хөрвүүлж, улам туршлагажиж байлаа. 1947 оны 4-р сараас манай оронд болж буй чухал үйл явдлуудаар бүрдсэн кино сэтгүүдийг сар бүр нэгээс доошгүй удаа гаргаж байхыг Н.Самбууд даалгаснаар хэрэгжүүлж, одоо болтол уламжлал болон бүтээгдэж байгаа билээ.
НАВААНДУГАРЫН ГОМБОСҮРЭН–1916 онд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянгол гэдэг газар төрсөн. Найман нас хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжин, мал маллаж байгаад 1930-1935 онд Ноён-Уулын хошууны бага сургуульд суралцаж төгсжээ. Өөрийн аав Лувсандамдингаар овоглоогүй өвөг эцэг Наваандугараар овоглосон юм. Лувсандамдин нь 1886 онд одоогийн Өмнөговь аймгийн Булган сумын нутагт малчин ард Гомбын хоёрдугаар хүү болон төржээ. Малчин гаралтай, бага наснаасаа эхлэн мал маллаж байгаад 1921 онд Сэлэнгэ аймгийн Тужийн-Нарсанд цагааны дээрэмчидтэй тэмцэж явсан партизан хүн юм.1955 онд нас барсан. Н.Гомбосүрэн нь 1935-1937 онд Багшийн сургуульд суралцаж байгаад Ардыг Гэгээрүүлэх Явдлын Яамны сайдын 1937 оны 3-р сарын 9-ний өдрийн 50 тоот тушаалаар Кино зургийн хороонд шилжин ирсэн анхны 8-ын нэг юм. /../. 1937 онд Броутманы удирдлаганд лабораторийн дамжлагууд дээр лаборантаар дагалдан суралцаж, уг мэргэжилдээ шамдан сурч, ахиц дэвшлийг олсноор, ганцхан жилийн дараа 1939 онд лабораторийн тасгийн эрхлэгчээр томилогдон олон жил үр бүтээлтэй ажиллажээ.
1945-1953 онд Монгол кино үйлдвэрийн даргаар ажиллажээ.Үйлдвэрийн даргаар томилогдсон үеэс эхлэн Монголкино үйлдвэр бие даасан ажиллагаатай урлагийн томоохон салбар болж, өмнө нь гараар угаадаг байсан хальсаа цахилгаанаар ажилладаг иж бүрэн угаах машиныг Зөвлөлтийн мэргэжилтэн, эрдэмтэн Арцевский ахлан удирдаж 1951 онд ашиглалтад оруулснаар хальс угаах арга технологид цоо шинэ эргэлт гарсан. 1946 онд “Тусгаар тогтносон Монгол улс”, 1951 онд “БНМАУ” бүрэн хэмжээний анхны өнгөт баримтат кино бүтээсэн юм.
1953-1965 онд эд шалгах хэлтсийн дарга, 1965-1987 онд Уран сайхны кино зургийн даргаар ажиллажээ. Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1940, 1941, 1943 онуудад Засгийн газрын хүндэт жуух бичгээр гурван удаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр удаа, 1945 онд “Цогт тайж” киног бүтээлцэж Алтан гадас одон, 1975 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1985 онд БНМАУ-ын “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнасан байна.
ДАМДИНЫ НЯМАА-1917 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт төржээ.
1927-1931 онд аймгийн бага сургууль,
1934-1939 онд Монгол тээхийн 2-р баазад техникийн тоо бүртгэгч, хэлтсийн эрхлэгч, баазын орлогч дарга,
1939-1940 онд Засгийн Газрын шифрийн товчоонд шифрлэгч,
1940-1941 онд Монгол улсаас ЗХУ-д суугаа элчин сайдын яаманд 2-р нарийн бичгийн дарга,
1941-1942 онд Гадаад яамны өрнөд хэлтсийн дарга,
1942-1944 онд Намын шинэ хүчний дээд сургууль төгссөн.
1944-1946 онд НТХ-нд тусгай тасгийн эрхлэгч,
1946-1950 онд Гадаад яамны протоколын хэлтсийн референт,
1950 оноос БНМАУ-аас Хятад улсад суугаа элчтн сайдын яаманд ажиллажээ.
1954 онд Киноны хэргийг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллажээ. Даргаар ажиллах хугацаандаа Элдэв-очирын кино театрын засварын хөрөнгийг шийдэж, нүүдлийн киноны асуудлуудыг шийдвэрлэжээ.
ДҮГЭРИЙН НЯНТАЙСҮРЭН-1910 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрсөн. 1934 онд Хэнтий аймаг дахь 7-р дивизэд цэргийн алба хааж байгаад 1934-1938 онд ЗХУ-ын Тамбовын морин цэргийн дунд сургуульд суралцжээ. 1952 онд орон тоо зохион байгуулалтаар цэргийн албанаас гарч, Улсын хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллажээ. 1957 онд Монгол кино үйлдвэрийн даргаар томилогджээ. Д.Нянтайсүрэнг даргаар ажиллах үед мэргэжлийн боловсон хүчний чадамж дээшилсэн юм. Монгол кино үйлдвэрийн өхгөтгөлийн асуудал эрчимтэй яригдаж байлаа. “Сэрэлт”, “Гурван найз”, “Ардын элч” ,”Элбэг дээл” ураг сайхны болон 10 гаруй баримтат кино бүтээж монгол кино үйлдвэр хойч үедээ үлдээжээ.1-р өргөтгөлийн ажлыг эхлүүлж чадсан юм. Улсаас түүний ажил хөдөлмөрийг үнэлж “Монгол улсын баатар” цолоор 1971 онд шагнасан юм.
ДЭМИДИЙН САМБУУ-1923 онд Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн. 1941-1943 онуудад Өвөрхангай, Баянхонгор аймагт сүү тосны мастер хийж, 1956 оноос Кино үйлдвэрт зургийн хэсгийн дарга, нүүдлийн киноны эрхлэгчийн ажлыг хийж, 1956 оны 11-р сараас ЗХУ-д 1 жил суралцаж ирээд зургийн хэсгийн дарга хийж байгаад, 1956-1961 онд Монгол кино үйлпвэрийн орлогч даргаар ажиллажээ. Энэ үед үйлдвэрийн 1-р өргөтгөл ашиглалтад орсон. Өргөтгөлийн ажилд ЗХУ-ын мэргэжилтэн инженерүүд дагнан их үүрэг гүйцэтгэжээ.
БАДРАХЫН ТОЙНСОН-1920 онд Увс аймгийн Түрүүн сумын 8-р багийн нутаг Адуун чулууны бор шороо гэдэг газар төрсөн. 1939-1942 онд бага сургуулиа төгсөөд, Увс аймагтаа бага сургуулийн багш, захирлын ажлыг хийж, 1947 онд Намын шинэ хүчний дээд сургуулийг төгсөж, 1947-1948 онд Цэрэгт дивизийн намын идэвхтэний сургуулийн захирал, орлогч хийж, 1948-1951 онд Чойбалсан аймгийн бага хурлын дарга, 1951-1958 онд зааварлах хэлтэст ажиллажээ. 1958-1960 онд Худалдааны яамны Дотоод худалдааны газрын дарга, Архустайн сангийн аж ахуйд НТХ-ны зохион байгуулагчаар ажиллаж байгаад Казакстаны Наиын дээд сургуульд суралцсан байна.1961 оны 8-р сарын 4-нд Монгол кино үйлдвэрийн даргаар томилогдон ажиллажээ. Үйлдвэрийн ажилтнуудын хийх ажлыг тодорхой болгож, технологийн дүрэм заавар гаргаж, цалин шинэчлэн тогтоосноор ажиллах хүчин тогтвор сууоьшилтай болсон байна. 1965 он хүртэл үйлдвэрийн даргаар ажиллахад нь олон сайхан уран бүтээлүүд төрөн гарсан байдаг.
ЖАМЪЯНГИЙН БУНТАР-1928 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 9-р багийн нутаг Ханжитын хаяа хэмээх газар Жамъянгийн ууган хүү болон төржээ. 10 нас хүртлээ эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд 1938 онд сумынхаа сайн дурын бага сургууль байгуулагдахад орж суралцаад, 1939 онд Чандмань сумын бага сургуульд суралцан 1943 онд Багш нарыг бэлтгэх сурнуульд суралцан, 1945 оноос Бигэр сумын бага сургуульд багшаар ажиллажээ. 1947 онд Говь-Алтай аймгийн гэгээрлийн хэлтэст сургуулийн хэрэг эрхэлсэн байцаагч хийж Намын шинэ хүчний дээд сургуульд суралцаж 1950 онд төгсжээ. 1950-1951 онд НТХ-ны үйлдвэрийн хэлтэст зааварлагч, НИХ-ны дэргэдэх Марксизм-Ленинизмын сонгодог зохиолуудыг орчуулж редакторлох коллегид хянагчаар ажиллажээ.
1952-1995 онд МЗНН-т дектор, эрхлэгч, нарийн бичгийн дарга, орлогч даргаар, 1959 онд Монгол кино үйлдвэрт редактороор, 1959-1961 онд БХКУДС-д суралцаж байгаад, 1961 онд Монгол кино үйлдвэрт “Түүхт ой” баримтат кино бүтээжээ. 1963 онд сургуулиа найруулагч мэргэжлээр төгсөж ирээд , уран сайхны киноны редактор, найруулагчаар ажиллаж, 1965 онд “Зудын тухай” 2 бүлэг баримтат бүтээжээ. 1965 оны 9-р сарын нэгэнд Ж.Бунтар Монгол кино үйлдвэрийн даргаар томилогдон ажиллажээ. 1968 онд чөлөөлөгдөн уран сайхны киноны найруулагчаар ажиллан олон сайхан кино бүтээсээр ирсэн билээ.
БАТЫН ДОНРОВ -1931 онд Увс аймгийн Давст суманд төржээ. Бага, дунд сургуулиа төгсөөд, 1948-1949 онд шүүхийн бичээч, 1949-1951 онд багийн ахлах ухуулагч, 1951-1954 онд 10 жилийн дунд сургуулиа дүүргээд, 1954 онд сургуульдаа багш, Увс аймгийн Соёл урлагийн төлөөлөгчөөр ажиллажээ. МУИС-ийн Монгол хэл уига зохиолын ангийг төгсөөд УБ хотын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн даргар ажиллаж байхад нь 1968 оны 8-р сарын 28-нд Монгол кино үйлдвэрийн даргаар томилон ажиллуулжээ.
Даргаар ажиллах хугацаандаа үйлдвэрийн хажууд байдаг цэцэрлэгийг 24 цагийн ажиллагаатай болгожээ.Ажилчдын зусланг Гоодойн аманд шилжүүлж, үйлдвэрийн 2-р өргөтгөлийг эхлүүлж дуусгажээ. Түүний ажиллах хугацаанд 50 гаруй уран сайхны кино, 180 гаруй орчуулгын кино, олон арван баримтат кино бүтээгдсэн байна. 1980 онд даргын ажлаас чөлөөлөгдөж, ГЯЯ-нд ажилласан юм.
НЯМААГЫН БЯМБАЖАВ-1946 онд Завхан аймгийн Сонгино сумын 10-р багийн нутаг Тэгшийн төв гэдэг газар төрсөн. 1961-1971 онд Нийслэлийн Амгаланбаатар хотын 8 жилийн дунд сургууль, Нийслэлийн 10-н жилийн 11-р сургуулийг онц дүнтэй төгсжээ. 1964-1969 онд Ленинград хлтын Кино инженеэрийн дээд сургуулийг инженерээр төгсөж, 1969-1977 онд Кино үзвэрийн хэрэг эрхлэх газар техникч, инженер, ерөнхий инженерээр ажиллажээ.
1977-1979 онд ЗХУ-ын улс төрийн академид суралцаж төгсөж ирээд НТХ-ны аппаратад ажилласан. 1980 оны 1-р сарын 23-нд Монгол кино үйлдвэрийн даргаар томилогдон ажиллажээ. Түүнийг үйлдвэрийн даргаар ажиллах хугацаанд 43 уран сайхны кино, 294 орчуулгын кино бүтээгджээ. Түүний ажлыг өндрөөр үнэлж 2007 онд “Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн” цолоор шагнасан билээ. БСШУЯаманд ажиллаж байгаад гавъяаны амралтандаа сууж, Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоо угтан сайхан байна.
ЯДАМЖАВЫН ТОЙВГОО-1931 онд Завхан аймгийн Баян-Ууо суманд төрсөн. Бага дунд сургуулиа төгсөөд, 1960-1964 онд МУИС-ийг хуулийн мэргэжлээр төгссөн.
1951-1952 онд Завхан аймгийн намын хороонд боловсон хүчний зааварлагч,
1952-1953 онд Хотын шүүхийн нарийн бичгийн дарга,
1953-1956 онд УБ хотын Намын хороонд зааварлагч,
1956-1960 онд ХЗЭ-ийн хороонд нарийн бичгийн дарга,
1964-1965 онд СнЗ-ийн Эдийн засаг, эрхийн асуудал сэтгүүлд утга зохиолын ажилтан,
1965-1969 онд МХЗЭ-ийн ТХ-нд үзэл суртлын хэлтсийн эрхлэгч,
1971-*1973 онд МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгч,
1973-1983 онд Дорнод аймгийн намын хороонд 1-р нарийн бичгийн дарга,
1983-1986 онд ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн орлогч даргаар ажиллажээ.
1987 оны 1-р сарын нэгнээс Улсын киноны ерөнхий газрын даргаар томилогдон ажиллажээ.
Я.Тойвгоо үндэсний мэогэжлийн боловслн хүчнээр монгол кино үйлдвэрийг уоам бэхжүүлэх ажилд зорилго тавьж байлаа. Түүнийг даргаар ажиллах хугацаанд 25 нэрийн уран сайхны кино, 126 нэрийн орчуулгын кино хөрвүүлж, 170 орчим 400 бүлэг баримтат киног бүтээжээ.
ПУНЦАГИЙН ЦЭРЭНХҮҮ-1960 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн.1976-1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Кино инженерийн дээд сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөн.
- 1986-1990 онд “Улсын киноны ерөнхий газрын Хувилах фабрикийн засварын инженер.
- 1990-1991 онд “Монгол кино” нэгдлийн ерөнхий инженер
- 1991-1993 онд “Монгол кино” нэгдлийн ерөнхий захирал
- 1993-1997 онд “Монгол кино” нэгтгэлийн дэд захиралаар тус тус ажилласан.
1991 оны 12-р сарын 10-нд “Монгол кино” компанийн захирлаар П.Цэрэнхүүг томилон ажилуулжээ. Удалгүй 1993 онд Монгол кино нэгдэл болсон юм.
ДОЛГОРЫН РЭНЦЭН-1966 онд ЗХУ-ын Оенинград хотын Кино инженерийн дээд сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөөд Монгол кино үйлдвэрийн засвар механикийн цехэд инженерээр томилогдон ажилласан. 1970-1974 онд Монгол кино үйлдвэрийн 2-р өргөтгөл “Хальс боловсруулах цех-ийн технологийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, угсрах ажлыг харицан ажиллажээ.
Түүнийг 1993 оны 1-р сарын 18-нд Монгол кино нэгдэл компанийн захирал, 1993 оны 8-р сарын 25-нд Улсын киноны төв нэгтгэлийн захирлаар томилон ажиллуулжээ .Ажил хөдөлмөрийг нь төр засгаас өндрөөр үнэлж залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч,V, VI таван жилийн гавшгайч, Монголын хөл бөмбөгийн холбооны хүндэт одон, АХ-ын ойн медалиуд, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардчилалын 20 жилийн ойн медалиар шагнасан.
ЦЭВЭЛМААГИЙН НАВААН-1937 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Арцагаан нуур хэмээх газар малчин эмэгтэй Цэвэлмаагийн ууган хүү болж төржээ. Аймгийнхаа 10 жилийг төгссөн. 1957 онд МУИС-ийн хэл бичиг утга зохиолын ангид элсэж төгсжээ. 1962 оноос Монгол кино үйлдвэрт оедактор, найруулагч, ерөнхий найруулагчаар ажилласан. Түүнийг 1996 оны 3-р сарын 18-нд Монгол кино компанийн захирлаар томилон ажиллуулжээ.35 жил тасралтгүй кинондоо алба хашиж 1997 онд гавъяаны амральандаа гарч, чөлөөт уран бүтээлчээр ажилласан юм. Тэр олон сайхан бүтээлээрээ Монгол киноны урын санг баяжуулж, хойч үедээ үлдээжээ. Захиралаар ажиллахдаа Монгол киноны 60 жилийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Түүний хөдөлмөрийг үнэлж 1995 онд Монгол улсын “Урлагийн гавъяат зүтгэлтэн цол” олгосон юм.
Бэлтгэсэн: “Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ
Б.Нагнайдорж УГЗ, ахмад кино найруулагч
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Н.Сугарсүрэн СТА, кино инженер