Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд киноны онцлог бол тухайн түүхэн үйл явдалд биеэр оролцож хамгийн анхлан БНМАУ-ын баатар цолыг хүртсэн Шагдарын Гонгор өөрөө өөрийнхөө дүрд тоглож, өөрийн дуу хоолойгоор ярьж жүжиглэж, Монголын кино урлагт хувь нэмрээ оруулсан байдаг.
1940 онд бүтээгдсэн,, 3 бүлэг, хар цагаан, дуутай. уран сайхны кино.Үргэлжлэх хугацаа 22:33 минут
Японы шунахай довтлогчдын гар нь богино, өөрийн нүдээр өөрийн чихийг үзэж үл чадах лугаа нэгэн адил Монголын газар шороог үзэж үл чадмуй. Маршал Х.Чойбалсан
Зохиож найруулсан – Төмөрийн Нацагдорж
Туслах найруулагч – М.Болд
Зураглаач – Балдангийн Дэмбэрэл, Сэрээтэрийн Дэмбэрэл, Дэжидийн Жигжид
Хөгжмийн зохиолч – Лувсанжамбын Мөрдорж
Дууны оператор – С.Дэмбэрэл
Сурагч – Дэнсмаа, Сосорбарам
Лаборант – Наваандугарын Гомбосүрэн
Гэрэлтүүлэгч – Пушкин, Намсрай
Зургийн дарга – Л.Найдан
Гол дүрд:
Гонгор – Улсын баатар Шагдарын Гонгор
Байлдагчдад – Дэндэвийн Чимид-Осор, Доржийн Лувсанбалдан
Японы даргад – Цагааны Цэвэгмид
Оролцон тоглосон:
Зундуйн.Цэндээхүү, Балсандоржийн Жадамбаа, Батын.Содном, Билгээгийн.Мижиддорж
Энэхүү богино хэмжээний уран сайхны киног ЗХУ-ын мэргэжилтнүүдийн удирдлагаар Монголын киноны анхны ажилчид бүтээжээ. Киног 1936 оны 1-рсарын 28-ны шөнө 6-р дивизийн харъяа Буландэрсний харуулаас Зүүн хойшоо 7 км-т орших Цагаан –Ухаа дээр гарч байсан манаанд салааны туслдах дарга Ш.Гонгор хоёр цэргийн хамт үүрэг гүйцэтгэж байхдаа 21 цаг 40 минутын үед дайсны зэвсэгт 10 морьтой хүн явгалан манаа руу давшин буудахад Гонгор нэг цэргийг холбоо, нөгөөгөөр нь морьдоо бариулж ганцаараа 2 цаг тулалдаж дайсны цэргийн заримыг устгаж, буу зэвсгийг нь олзлон авч, бусдыг нь хөөж гаргасан Улсын баатар Ш.Гонгорын хил дээр байгуулсан гавъяаг олон нийтэд үзүүлсэн болно. Халх голын орчим хил зөрчсөн дайсантай ганцаар байлдаж эх орноо хамгаалсан явдлыг үзүүлж, цэрэг-эх оронч үзэл зорилгын сургалт сурталчилгааны хэрэгцээ болж байлаа.
Төмөрийн Нацагдорж/1910-1966/ – 1940 онд “Анхдугаар хичээл” уран сайхны киноны зохиолыг өөрөө бичиж найруулсан билээ
Балдангийн Дэмбэрэл/1918-1985/ –1939 оны Японы түрэмгий санаархал халхын голоор дайны утаа хөөрөглөхөд Б.Дэмбэрэл оператор эх орны Дархан хилийн сөөм газрын төлөөх тулааны шугаманд хамгийн түрүүнд кино аппараттайгаа орсон манай анхны фронтын оператор билээ. 1939 оны 5-р сарын 28-нд дайсны довтолгоо эхэлж энхийн хил тулааны хил болсноос ердөө л есөн хоногийн дараа 6-р сарын 8-нд Б.Дэмбэрэл фронтын шугамд дайсны бууны овоо харааны эсрэг кино аппаратныхаа дуран харааг онилон тулалдаанд орж тэр гамшигт түүхийн амьд үнэн баримтыг кино хальснаа мөнхөлж эхэлсэн бол 7-р сарын эхээр С.Гусев багш нь мөн араас нь ирж амь өрссөн хүнд сорилтыг хамтран туулахад аавыгаа үзсэн хүүхэд айхыгаа мартдаг шиг баярлаж байсан гэдэг.Тэрээр нэгэн дуртгалдаа “Шөнийн 2 цагас моторчилсон ангиудын давшилт эхэлж С.Гусев гуай их бууны ангийг дагаж би танкийн бригадын давшилтын зургийг авахаар ажлаа хуваарилж аваад салав. Би Зөвлөлтийн зохиолч Ставский гэдэг хүний хамт хөнгөн тэргэнд сууж Халх голыг гатлаад танкийн бригадын давшилтын зургийг хэдэн цагийн турш авсан юм. Тэр үед одоотой адил татаж ойртуулах дуран байхгүй болохоор зарим үед шууд амь дүйн ойртон авч байгаа зургандаа улайраад аюулыг мартан захирагч дарга нараас зэмлэл авах удаа гардаг байлаа. Байлдааны фронт 50 км орчим боловч тэрхүү өргөн фронтын аль хэсэгт ямархан ажиллагаа явгдахыг жанжин штабын тодорхойлсноор бид хамгийн онцлог хэсгүүдэд очиж зураг авна. Ставскийтай танкийн бригадын давшилтын зургийг авч явахдаа машинаас авахад эгзэгтэй юмс орхигдоод байхлаар нь аппаратаа бариад танкийн арааас явган цэрэгтэй хамт давшилтад явснаар хориглолт нуувчнаасаа дөнгөж сая мь дүйн зугатсан дайсны буцалгаж байсан хоол . аягалсан архи, зэр зэвсэг, алагдсан , шархадсан , баригдсан цэргүүдийн ховор чухал зурагнуудыг бүр ойр дэргэдээс тулааны шугамын дундаас бүхэл хоёр өдрийн турш явган явж авсан маань их ашигтай болсон юм.Япон манжийн цэргүүд 7-р сарын эхний ширүүн довтолгооноос 8-р сарын бүслэгдэлт буюу бүрмөсөн ялагдаж 9-р сарын 18нд бууж өгөх хэлэлцээрт гарын үсэг зурж байгаа, япончууд устгагдсан цэргүүдийнхээ хүүрийг ачиж зөөж байгаа зэргээс аваад 11-р сарын 1-нд Зөвлөлтийн улаан арми манай дархан хилийг манай хилчдэд хүлээлгэн өгч байгаа зэрэг эл дайны бүхий л түүхэн үйл явдал шингээсэн 10000 гаруй метр зургийг авсан” гэж дурсжээ.
ҮТА-ын КГЗДАБАрхивт “Дайны үеийн цэргийн материал 1939 он” 193.7 метр, “Халх гол” 1939 он 1834,6 метр, “Япон цэргүүүдийн шарил” 1939 он 63.10 метр /ҮТА.КГЗДАБА.ТХС.Х.Н№13/ зэрэг баримтат кинонууд Тусгай хадгаламжийн санд, мөн 1939 оны Халх голын дайны үеийн гэрэл зургууд хадгалагдаж байна.
Сэрээтэрийн Дэмбэрэл/1915-1988/ –1939 оны Халх голын байлдааны үеэр зураглаачаар явсан билээ. “Анхдугаар хичээл” киноны оператороор ажмлласан.
Дэжидийн Жигжид/1919-1989/ – 1940 онд “Анхдугаар хичээл” уран сайхны кинонд Б.Дэмбэрэл, С.Дэмбэрэл нарын хамтаар ажилласан юм. Хожмоо кино зураглаач, найруулагч болж, УГЗ, ТШ, АЖ цол хүртсэн билээ,/
В.Пушкин – 1935 онд Зөвлөлтөөс Г.Гусевээс гадна найруулагч Л.Шеффер, кино зураглаач А.Лебедев, гэрэлтүүлэгч В.Пушкин, дуутай кино механик, угсрагч К.Кашаев, кино лаборант Б.Броутман, монтажчин Т.Кувшинчикова, зөөврийн цахилгаан станцын механик С.Якушик нар уригдан ирж, бэлдсэн хүмүүс дээрх мэргэжилтнүүдэд шавь оруулан сургалт, дадлагажуулалтад хамруулжээ. Гэрэлтүүлэгч В.Пушкинд Намсрай болон бас нэг хүн дадлагажуулжээ
Лувсанжамбын Мөрдорж/1919-1996/ – Л.Мөрдорж бол 17 насандаа “МУ-ын алдарт гавъяат хөгжимчин” цолоор шагнуулж байлаа. МУ-ын Төрийн хошой шагналт/,Ардын жүжигчин түүний кинонд анх хөгжим хийсэн уран бүтээл бол “Анхдугаар хичээл” богино хэмжээний уран сайхны кино юм.
Шагдарын Гонгор/1912-1992/ –Ш.Гонгор Дорнод аймгийн Тамсаг булагийн Хязгаарын цэргийн 6-р морьт дивизийн 17-р морьт хороонд алба хаажээ. БНМАУ-ын баатар Ш.Гонгорын 1969 онд 19:16 минутын радиогийн ярилцлага архивт хадгалагдаж байна. Амьд дуу хоолой билээ../ ҮТА.КГЗДАБА.6.25 мм-ийн соронзон бичлэг.Х.Н №18/.Мөн Тамсагийн цэргийн ангийн үйл ажиллагааны тухай гэрэл зургууд хадгалагдаж байдаг./ҮТА.КГЗДАБА.Цомог№298.1971 он/
Дэндэвийн Чимид-Осор/1912-1987/ –МУ-ын Ардын жүжигчин Д.Чимид-Осор “Анхдугаар хичээл “энэ кинонд Дэндэвийн дүрд тоглоно.
Доржийн Лувсанбалдан/1921-1978/ –1937-1939 онд Улсын төв театрт жүжигчин байхдаа “Анхдугаар хичээл “ кинонд туслах цэрэг дүрд тоглож, дараа нь эмч болсон.
Зундуйн.Цэндээхүү/1905-1980/– Анхдугаар хичээл кинонд туслах дүрээр тоглоно.1955 онд МУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн билээ.
Балсандоржийн Жадамбаа/1900-1953/ – төв театрын жүжигчнээр олон сайхан жүжгүүдэд тоглож,” Анхдугаар хичээл” кинонд туслах дүр цэрэг тоглоно. 1941 онд МУ-ын гавъяат жүжигчин цол хүртсэн билээ.
Батын.Содном/1910-1984/ – Алиа Содном нэрээр алдаршсан тэрээр энэ кинонд туслах дүрээр тоглоно.
Билгээгийн.Мижиддорж/1915-1980/ -Цэргийн театраас төв театрт шилжин ирж ажиллаад, олон сайхан жүжигт тоглож байхдаа “Анхдугаар хичээл” кинонд байлдагчийн дүр бүтээсэн юм. 1956 онд МУГЖ цол хүртсэн билээ.
Бэлтгэсэн: Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
ҮТА-ын КГЗДАБАрхив
Монгол кино нэгтгэл ТӨУҮГ