“Life is beautiful” буюу Амьдрах сайхан киног Итали улсын чадварлаг жүжигчдийн нэг Роберто Бенигни найруулан бичиж мөн өөрөө гол дүрд нь тоглосон алдарт бүтээл нь юм. Тус кино нь Оскароос гурван шагнал, Каннын наадмын Гран при, мөн Итали улсын кино урлагийн академийн Дэвид ди Донателло шагналыг хүртсэн онцгой бүтээл болсон. Италидаа төдийгүй дэлхийн кино урлагийн сор бүтээл болсон Амьдрал сайхан киноны тухай зарим баримтуудаас хүргэж байна.
1. Хайр дурлал гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлнэ
Киноны эхлэлд гол дүрийн залуу Гвидо Орефис нь Италийн Тусканаас Ареззо руу явах замдаа Дора гэх нэгэн бүсгүйд дурладаг. Тэрээр мөрөөдлийн бүсгүй болох Доратайгаа гэрлэн, хүүхэдтэй болж үлгэрийн мэт аз жаргалтай амьдралыг өнгөрүүлнэ. Удалгүй Герман улс Италыг цэргийн хүчээр эзлэн Гвидо хүүгийн хамтаар хорих лагерьт хоригдсон ч тэрээр гэр бүлийнхээ төлөө үргэлж инээмсэглэн хүүтэйгээ төсөөллийн тоглоомд хэн нь хожихоо үзэх болно. Дайны хүнд он жилүүдийг энгийн нэгэн гэр бүлийн амьдралаар харуулсан уг кинонд гарах Гвидогийн инээмсэглэл хүүдээ төдийгүй үзэгчдэд хүртэл хүйтэн дайны хар сүүдрийг зөөллөж хүргэсэн юм.
2. “Өглөөний мэнд, гүнж минь!”
Гвидо маш өөдрөг нэгэн бөгөөд ямар ч цаг үед байсан амьдрал болон Дорадаа хязгааргүй хайртай нэгэн. Тэр түүнтэй уулзсан мөчөөсөө хойш анхны харцаар дурласан юм. Гвидо өдөр бүр дурлалт бүсгүйтэйгээ таарах болгонд “Өглөөний мэнд, Гүнж минь” хэмээн эелдгээр инээмсэглэн мэндэлж хайр сэтгэлээ илэрхийлдэг.
3. Эцэг хүүгийн нандин холбоо
Хүүгээ аймшигт Нацистуудын савраас амьд гаргаж ээжтэй нь уулзуулах гэсэн Гвидо Холокаустыг (фашистууд еврей хүмүүсийг олноор устгасан явдал ) тоглоом хэмээн ойлгуулан, хэрвээ үүнд ялж чадах юм бол танк хожих болно гэж итгүүлдэг. Кинон дээр та бүхэн Гвидогийн хэрсүү, ухаантай, хүүгээ гэсэн нандин сэтгэлийг харах болно.
4. Амьдралын тухай үнэлэшгүй хичээлийг сургах болно
Энэ кино бол амьдралын тухай хичээл юм. Семитик үзлийн эсрэг хандлага болон хууль тогтоомжийг үл харгалзан еврэй эрийн хүүгээ гэсэн няцашгүй хичээл зүтгэл, хайр халамжийг харахад л амьдрал ямар агуу, үзэсгэлэнтэй, гэр бүлтэйгээ амар тайван амьдрах ямар сайхан юм бэ гэдгийг ойлгох байх.
5. Энэ кино нь инээлгэж мөн уйлуулдаг
Энэ кинонд Холокосттай зүйл бага, харин хүний зүрх сэтгэл, аав хүү хоёрын нандин холбоог харуулдаг. Холокост нь киноны нөхцөл байдал болон түүхийг улам тодруулж өгөн тус бүтээлд өөр нэгэн хэмжүүрийг нэмж өгсөн юм. Хүнд сэдвийг маш хөнгөн байдлаар инээд хөөр, хайр дурлал, уй гашуу гээд хүний амьдралын бүхий л үеэр илэрхийлсэн нь үзэгчдэд киноны цаг мөч тутамд инээх, уйлах, баярлах, уурлах гэх мэт бүх мэдрэмжийг хослуулснаараа энэ кино яах аргагүй бүх цаг үеийн шилдэгт зүй ёсоор тооцогддог байна.
6. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл юм
Энэ киног хорих лагераас амьд үлдэж, дайны дараа гэртээ эргэж ирсэн Италийн еврей Рубино Ромео Саломонигийн номноос санаа авч бүтээжээ. Рубиногийн хоёр ах нь хоёулаа хуаранд нас барсан юм. Тэрээр “Эцэст нь би Гитлерийг цохилоо” номон дээрээ өөрийн байршсан Освенцимийн хорих лагерын нөхцөл байдлыг дүрслэхийн тулд инээдэм, харанхуй хошигнол ашиглан номоо бичин үлдээсэн юм.
7. Киноны дуу үнэхээр төгс
Амьдрах сайхан киноны дууг Италийн Ром хотод төрсөн төгөлдөр хуурч, найрал хөгжмийн найруулагч, ая зохиогч Никола Пиовани зохиожээ. Сэтгэл хөдөлгөм энэхүү дууны цомог нь Оскарын анхны шилдэг драмын жүжгийн шагнал хүртсэн юм.
8. Роберто Бенигни
Роберто Бенигни бол дэлхийд хамгийн их хайрлагдсан Итали жүжигчдийн нэг билээ. Бенигни жүжигчнээр зогсохгүй Дантесын Дивина Комедиаг цээжлэн уншсанаараа дэлхий даяар үнэлэгдсэн импровизатор яруу найрагч юм.
9. “Амьдрах сайхан” 1999 оны Оскарын гадаад хэл дээрх шилдэг кино шагналыг хүртсэн
Академийн шагнал хүртсэн Роберто Бенигнигийн нэрийг хөтлөгч София Лорен “Роберто!” гэж дуудах тэр үзэгдлийг мартахын аргагүй юм. Хөтлөгчийг дуудах үед Бенигни өөртөө ч итгэлгүй гайхан босож суудал дамжин инээмсэглэл тодруулан алхаж тайзан дээр гарсан энэ мөч Академийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийн нэг юм.
эх сурвалж: theculturetrip.com