“Норжмаагийн зам” -Анхны уран сайхны дуугүй кино

2024-09-26

Манай “Веб сайт”  нэгэн сонирхолтой булан нээж байна. Энд бид монголчууд 90 жилийн тэртээ анх “Сүүдэр ший” хэмээн нэрийдэж байсан кино ертөнцөд хөл тавьж энэхүү урлагийг хөгжүүлж ирсэн түүх, анхны дуугүй киноноос дуутай, хар цагаанаас өнгөтэй кино бүтээсэн үе үеийн уран бүтээлчид, үзэгч олны танил болсон жүжигчид, тэдний товч намтар, зэргийг уншигч та бүхэнд танилцуулах болно.

Тухайн үедээ манай нийт хүн амын 80 гаруй хувь нь бичиг үсэггүй байсан учраас социализмын үзэл суртлын ухуулга, пропагандаг хийхэд хамгийн тохиромжтой арга нь кино байв. Монгол улсад 1935 оны 10-р сарын 11-ны өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор “Улсын кино зургийн хороо”-г улмаар уг хорооны харъяанд Кино үйлдвэрийн газрыг байгуулжээ. Кино үйлдвэр 1936 оноос эхлэн “Майн 47 жилийн ой”, “” гэх мэт баримтат кинонуудыг хийсэн байдаг.

Үүнээс бүр өмнө 1928 оноос хойш Орос /ЗХУ/ киног аймгийн төв, сумын улаан буланд цагаан даавуу татаад үнэгүй үзүүлж, “нас буянд цөвтэй” гээд толинд ч харахаас цэрвэдэг байсан монголчуудыг кино урлагтай танилцуулж, “соёлын шок”-оос нь алхам алхмаар гаргаж байсан боловч, Монголын уран бүтээлчид ЗХУ-аас урьж ирүүлсэн мэргэжилтнүүдээс сурсан мэдсэнээ шалгуулж, өөрсдийн гэсэн кино үйлдвэртээ зургаа угааж бэлтгээд үзүүлсэн анхны тохиолдол нь “Норжмаагийн зам” , “Сүрэг чоно”, “Аймшиггүй эх оронч” зэрэг уран сайхны кинонуудыг бүтээсэн явдал байлаа.

Кино урлаг манай оронд хөгжиж эхлэхдээ “намын ажлын хэсэг, хөдөлмөрчдийн үзэл санааны чухал зэвсгийн нэг байх ёстой” гэсэн үзэл суртлын шугамыг дагасан учраас юун түрүүнд шарын шашин , лам нарт итгэх итгэл үнэмшлийг бууруулах, мөн тухайн үедээ байгуулагдаад удаагүй байсан Коммунист улсуудын холбоо-Коминтерний орнуудад Монгол орныг сурталчлан таниулах зорилготой кинонуудыг хийж байсны нэг тод жишээ нь “Норжмаагийн зам” юм.

“Норжмаагийн зам” киноны 2 бүлэг, хар цагаан, 35 мм-ийн 632 метр дүрс ба дууны негатив, лаванд, контратип, дуутай позитив хальс, 21 хуудас монтажийн хуудас, тоглосон жүжигчид, киног бүтээсэн уран бүтээлчдийн гэрэл зураг болон киноноос буусан гэрэл зургууд, киног бүтээх үеийн холбогдолтой тушаал  шийдвэрүүд зэрэг  киноны хувийн хэргийн баримтууд одоо ҮТА-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивт хадгалагдаж байна.”Норжмаагийн зам” уран сайхны киног 2012 онд анх удаа 1920*1080 НД форматаар хөрвүүлж, олон нийтийн хүртээл болгожээ.

 

/Титрийг хальсанд байгаагаар хуучин Монгол бичгээс буулгав/

НОРЖМААГИЙН ЗАМ

Оператор – Лебедев, Ба..Дэмбэрэл, Сэ. Дэмбэрэл

Норжмаа чавганцын охинд – Лэгжмаа

Цэрэндуламд – Ханд

Лам – Пунцаг

Чавганцад – Гүнсэн

Эрүүлийг хамгаалах яамны захиалга

Монгол киноны үйлдвэр

Энэ киноны зохиолыг Л.Шеффер, Т.Нацагдорж нар бичиж, өөрсдөө найруулсан бол гол дүр Норжмаад Багшийн сургуульд сурч байсан Нацагийн Лэгжмаа, Цэрэндуламд мөн сурагч Намтайширын Ханд нар тоглосон юм.

Киноны хэлбэр ба агуулга

Уг кино нь Монголчууд өөрсдөө бие даан бүтээсэн анхны уран сайхны дуугүй кино бөгөөд Европт боловсон эмнэлгийг сурталчлах зорилготойгоор , ухуулгын чиглэлээр амьд сонины хэлбэртэйгээр хийгджээ.

…Киноны үйл явдал хот хүрээ газрын нэгэн хашаан дотор өрнөнө. Хаяа хаяагаа дэрлэн буусан хоёр айлын жирэмсэн эмэгтэйчүүд төрөхөөр өвдөж эхлэхэд нэг нь эмнэлэгт хүүгээ төрүүлэн баяр баясгалан болж байхад , гэртээ лам залж гүрэм уншуулсных нь төрөлт бүтэлгүйтэж, арван сар тээсэн ангир үрээ алдан эмгэнэлтэй байдалд орж буйг харуулна. “Бид нар эрүүл эх ба эрүүл эхийн сүүг хүсмү” гэсэн уриа бичиг киноны төгсгөлд гарна…

 

Анхны киног бүтээгчид

 

  • Төмөрийн Нацагдорж /1910-1966/ – “Норжмаагийн зам” киноны зохилыг бичиж найруулагч Л.Б.Шеффертэй хамтран найруулсан юм. /МУҮТА.КГЗДАБА. Налайхын чулуун нүүрсний уурхай.1939 он. Боловсон худалдаа.1938он,  Шинжлэх ухааны эмнэлэг.1939 он.Цирк 1939 он Намын 18 жил.1939 он.Ховдын хөшөө.Өвс станц.1939 он.Гар үйлдвэр1939 он. Улсын24-р бага хурал 1939 он.Түүхий эд. 1940 он баримтат кинонуудад найруулагчаар Т.Нацагдорж ажиллажээ

“Норжмаагийн зам” уран сайхны киноны кадраас буулгав. Найруулагч Төмөрийн Нацагдорж.

  • Балдангийн Дэмбэрэл /1918-1979/, Сэрээтэрийн Дэмбэрэл /1915-1988/ – “Норжмаагийн зам” уран сайхны дуугүй киноны зураглаачаар ажилласнаас хойш тэд үндсэндээ биеэ даан ажилласан юм.

МУҮТА.КГЗДАБА.Гэрэл зураг.Карт №10927-10930.1800*1424.300dpj.Оператор Б.Дэмбэрэл

  • Лев Борисович Шеффер /1894-1988/ – Кино найруулагч, зохиолч, орчуулагч. 1894.09.28-нд Украйн улсын Одесс хотод төржээ. Манайд кино үйлдвэр байгуулахад удаан хугацааны томилолтоор уригдан ирж, 1936-1939 онуудад зөвлөхөөр ажмллаж байгаад 1940-өөд оны эхээр Москва хотод эргэн ирж уран бүтээлээ туурвижээ. 1938 онд энэ киноны найруулагчаар ажиллажээ.Түүний кино урлагт хөл тавьсан нь их энгийн. 1912 онд түүнийг 16 настай байхад Английн хатан хааны тэдний холын хамаатаныг эргэж очихоор болжээ. Ингэж өөрийнхөө ирээдүйн мэргэжилд дөхөж очсон юи. Тэнд англи хэл сурч, киномеханик хийж сурсан. Түүнийг эргэж ирэхэд орос оронд Иргэний дайн мандсан байлаа. 1922 онд Одесс хотын кино үйлдвэрт лаборант болсон. Удалгүй түүний аав Москва хотын “Мосфильм” студид уригдан ажиллаээ. Түүний “Ветер” /Салхи/ кино бол Орос дахь анхны кино юм. Б.З.Шумяцкийн даалгавраар Улаанбаатар хотод үндэсний кино үйлдвэрлэл байуулах удаан хугацааны томилолт авчээ, Олон зохиол бичиж, кино найруулж, “Великий Шаляпин” /Эрхэм хүндэт Шаляпин” түүний сүүлчийн кино байлаа. Түүнийг 94 насанд нь 1988 онд Москва хотын Востряковский оршуулгын газар үдэж оршуулжээ. /википедия/

Л.В.Шеффер

 

  • Алексей Алексеевич Лебедев – 1905 оны 03-р сарын 05-нд Украйны Харьков хотод төржээ. 1936-1939 онуудад Улаанбаатарт байхдаа уг кинонд монгол шавь нарынхаа /Б.Дэмбэрэл, С.Дэмбэрэл/ хамт оператороор ажиллажээ.

А.А.Лебедев

  • Т.Кувшинчикова – Кино үйлдвэрийг байгуулахад ЗХУ-аас уригдан ирсэн цөөхөн мэргэжилтний нэг нь эвлүүлгийн мэргэжилтэн энэ эмэгтэй байлаа.

Кино үйлдвэрийг байгуулахад ЗХУ-аас уригдан ирсэн цөөхөн мэргэжилтний нэг нь эвлүүлгийн мэргэжилтэн Т.Кувшинчикова байлаа. Тэрээр 1936-1939 оны 08-р сарын 1 хүртэл ажилахдаа манай Дамбын Төмөр, Эрдэнээн Жадамба /Багшийн сургуулмас шалгарч ирсэн 8-ын нэг/ , Дарьзавын Шархүүхэн, Сэнгийн Чимидцэрэн нарыг  сургаж өгснөөр кино эвлүүлгийн мэргэжилтний эхлэл баттай тавигдсан байдаг./С.Б/ Мөн М.Болд 1939 онд Монгол кинонд ирээд Зөвлөлтийн мэргэжилтэн Т.Кувшинчикова багшаар кино эвлүүлгийн эрдмийг заалган суралцсан нь түүний уран бүтээлийн үндсэн мэргэжил болсон төдийгүй олон арван шавь нарыг хойч үедээ бэлтгэж сургасан буянтай үйлсийнх нь эхэн болсон юм. /Ц.Н/

  • Дамбын Төмөр – Монгол киноны анхны эвлүүлэгч бөгөөд 1936-1946 он хүртэл монтажийн тасгийн дарга, монтажчинаар ажиллаж байжээ.

Ламжавын Найдан – 1939 онд “Норжмаагийн зам” кинонд зохион байгуулагчаар ажиллажээ./Ц.Наван, Ж.Солонго “Монголын баримтат киноны түүхэн товчоон” ху 91/

1939-1946 онуудад түүхэн үеийн их замыг туулж удирдан, Монгол киноны анхны гараанд зөвлөлтийн сургагч мэргэжилтнүүдээс суралцаж бүтээх болон ЗХУ-тай хамтран бүтээх үйлсэд үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг биеэ даан хөлд ортол нь хөтөлсөн Тогоочийн Хүрлээ дарга юм.

Сундуйн Эрдэнэ – 1935-1978 он хүртэл тасралтгүй ажиллахдаа “Хальс боловсрулах цехэд хор найруулах, гэрэл сонгох, булгах, угаах бүх дамжлага дээр биечлэн ажиллаж тасаг цехийн даргын албыг хашиж байв. МУҮТА. КГЗДАБА. БК…. “Норжмаагийн зам” , “Хил дээр” , “Баатар Гонгор” зэрэг 20 гаруй уран сайхны киноны хальсыг боловруулах ажлыг хийлцсэн хүний нэг юм.

Сонирхолтой баримтууд

  • Манай кино үйлдвэрийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Монгол хүү” юу, “Норжмаагийн зам” уу гэдэг тал дээр кино судлаачид маргаантай байдаг. “Монгол хүү” кинонд монгол жүжигчдийг тоглуулж, Монголын газар нутаг дээр зураг авсан. ЗХУ-ын “Ленфильм” үйлдвэрий хүн хүчээр, хөрөнгөөр хийсэн. Харин “Норжмаагийн зам” Монголын киночид өөрсдөө өлгийдөн авсан дэлгэцийн хамгийн анхны бүтээл гэдгэрээ онцлог.
  • 1938 онд бүтээсэн уг кинонд ариун цэврийг сахих, боловсон ёсыг сурталчлах зорилгоор ваннтай усанд оруулж байгаа дүрс гардаг. Энэ үед Цэрэндуламд тоглосон Н.Ханд гэх оюутан бүсгүйн хөхний товч хальт харагддаг нь монголын анхны эротик дүрслэл болсон. Гэхдээ садар самуун сурталчлах далд санаа зорилго огтхон ч агуулаагүй байсан нь мэдээж билээ.

  • 1930-аад оны эхээс 50-иад оныг хүртэл Монголын кино урлагийн ихэнх эсрэг дүр нь лам, ноёд байв. “Норжмаагийн зам” кинонд гарч буй хүүхдийг эх барьж авсан шунахай ламын дүр нь хэдэн арваныг дамжсан эсрэг дүрийн ламын эхлэл гэж хэлж болно.

  • Кино зохиолыг бичсэн Төмөрийн Нацагдорж Цэрэндуламыг түргэний машинаар төрөх лүү аваад явдаг хэсэгт нөхөр нь “болж” өөрийн залуу насаа дэлгэцэнд мөнхлөн үлдээжээ.

  • Энэ киног 1938 онд Эрүүлийг хамгалах яамны захиалгаар бүтээжээ.
  • Монголын анхны уран сайхны киноны  дүрсэнд утга илэрхийлэх тайлбар бичгүүдийг туслах оператор Д.Жигжид /хожмоо алдартай кино найруулагч, АЖ, төрийн шагналт, СГЗ болсон/ худам монголоор бичсэн байдаг.Киноны үйл явдлаас уншигчид маань одоо үед хуучин монгол бичгээ дахин сэргээх үүднээс хөрвүүлэв

 

 

“НОРЖМААГИЙН ЗАМ” уран сайхны киногоор КОМИКС бүтээсэн Н.Сугарсүрэн





Миний охин 4 удаа хөнгөрөөд, хүүхэд нь тогтсонгүй, одоо тав удаа амаржих тул авралт багш минь үзэж хайрламуй


Энд төрөвөөс сайн.

Одоо хүүхдийн амь насанд аюулгүй

Цэрэндулам бас удахгүй хөнгөрөмүй. Багш минь туслаж өгөмүй


Энэ сайн лам шүү. Чамд туслаж чадна

Таныг би хүссэнгүй. Доктороор туслуулмуй

Цэрэндулам чи хойд насандаа халуун тамын ёроолд тарчилж, төрсөн хүү чинь үхмүй.



Надад бас хүүхэд тогтдоггүй байсан тул миний нөхөр намайг Доктор дор аваачиж өгсөнөөс хойш би эрүүл болвой




Би төрөлхийн заншлаас зөрчиж, лам багшийн номлолыг гажих үгүй.

Норжмаа докторт очиж биеэ эрүүл болговол дээр биш үү


Багш түүнээс үхсэн хүүхэд төрнө гэж зүхсэн шүү. Харин чамаас амьд хүүхэд төрнө хэмээсэн.

Хэд хоносны хойно










Лам намайг мэхэлчихмүй.


Миний хүү яагаад үхмүй.


Надаас ямар учраас үхсэн хүүхэд төрвэй.


Хэрэв хүү чинь үхээгүй бол чи үхэх байсан



Чи Цэрэндуламыг зүхэж байсан, гэтэл эрүүл хүүхэд төржээ. Намайг ерөөж байсан, гэтэл надаас үхсэн хүүхэд төрчихвэй.

Чиний мөргөл ба хонх дамар тусалж чадахгүй.

Намайг лам нар дахиж мэхлэж чадахгүй, чи манайд дахиж бүү ир.

Хүүхдээ үзүүлж буй ээж: Доктор миний хүүхдийг минь эдгэрүүлж өгмүй. Лам эмчилсэн боловч улам доройтуулвой.

Норжмаа түвд эмнэлгийг орхихоор шийджээ.

Таны цусыг шинжилээд дараа нь бид зохистойгоор эмчилж эдгэрүүлсүгэй.

Хүүхдээ үзүүлж буй ээж:

Чи удахгүй эдгэрч дараа удаа ийм хүүхэдтэй болно

Бид нар эрүүл эх ба эрүүл эхийн сүүг хүсмүй.

Төгсөв.

 

 

Бэлтгэсэн Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч

Н.Сугарсүрэн СТА, кино инженер

ҮТА-ын КГЗДАБАрхив

Монгол кино нэгтгэл ТӨУҮГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close