Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Кино үйлдвэрийн хамт олон, олон арван дэлгэцийн уран бүтээлийг туурвихад оролцсон алтан үеийнхэн болон өнөөгийн залуу уран бүтээлчиддээ Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нүүдэлчин монгол түмэн 20 дугаар зууны дэлхийн соёлтой ойртон танилцаж, соёл иргэншлийг нэвтрүүлэх нэг гол гарц нь кино урлаг байсныг энэ өдөр та бид талархан дурсах ёстой. Кино урлаг бол тухайн улс орны соёл урлагийн хөгжлийн түвшинг дэлхийн дэвжээн дээр илэрхийлэгч гол хүчин зүйлийн нэг учраас киноны соён гэгээрүүлэгч, хүмүүжүүлэгч, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэгч үүргийг дэлхийн улс орон бүр чухалчлан үзэж, кино үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжиж ирсэн түүхтэй. Социализмын үед монголын төр кино урлагт үзэл суртлын өнцгөөс түлхүү хандаж байсан хэдий ч салбарын хувьд төлөвшин хүчирхэгжих, өөрийн гэсэн боловсон хүчний нөөцтэй, үйлдвэрлэлийн баазтай болоход нь анхаарч монголын дэлгэцийн уран бүтээлчид санхүүгийн хүндрэлгүйгээр уран бүтээлээ хийж ирсэн.
Монголын дэлгэцийн уран бүтээлчид үзэгч олныхоо таашаалд нийцэхүйц олон арван шилдэг кинонуудыг бүтээсний дотроос Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө амь нас, амьдралаа зориулсан өвөг дээдэс, ахмад үеийнхний тэмцэл, ард түмнийхээ өв уламжлалыг харуулсан “Цогт тайж”, “Ардын элч”, “Үер”, “Тунгалаг тамир”, “Түмний нэг”, “Анхны алхам”, “Энэ хүүхнүүд үү”, “Нар хиртсэн жил”, “Гарын таван хуруу”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Гарьд магнай” зэрэг уран сайхны, “Тусгаар тогтносон Монгол Улс”, “Говийн дархан газар”, “Түмэн дурсгалт Орхоны хөндий”, “Найм хагас”, “Нэгэн зууны цадиг” зэрэг баримтат кинонуудыг нэрлэж болно.
Кино урлагийн түүхэнд мөнхөрсөн дэлгэцийн агуу бүтээлүүдийг ард түмэндээ хүргэж, алдар нэрээ мөнхжүүлсэн алдартай олон олон найруулагч, зураглаач, эвлүүлэгч, нүүр хувиргагч, зураач, жүжигчдээрээ монголчууд бид бахархдаг. Монгол киноны хамт олон өнгөрсөн 80 жилийн хугацаанд эгнээнээсээ Д.Жигжид, Ц.Зандраа, Р.Доржпалам, Д.Чимэд-Осор, М.Бадамгарав, Б.Дамчаа, Н.Дагийранз, О.Уртнасан, Б.Балжинням нарын алдартнуудыг төрүүлэн гаргасан байна. Өнөөдөр тэдний хойч үе алтан үеийнхнийхээ үйл хэргийг залгамжилж, зах зээлийн өрсөлдөөний жам ёсны хуульд нийцүүлэн авьяас билэг, оюун ухаанаа дайчилж олон арван дэлгэцийн уран бүтээлүүдийг амжилттай туурвиж байна.
Монгол кино урлаг өнгөрсөн 80 жилийн хугацаанд улс орны түүхийг баримтжуулан үлдээх, үндэсний өв соёл, түүх, ард түмнийхээ зан заншлыг хадгалан өвлүүлэх, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирснийг энэ өдөр бахархан тэмдэглэж байна. Энэ бол Монгол кино, монголын үе үеийн дэлгэцийн уран бүтээлчдийн эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа юм.
Монголын төрд өнөөдөр үндэсний кино урлагийг хөгжүүлэх алсын хараатай холч бодлого үгүйлэгдэж байгааг тэмдэглэхийн хамт алдаа оноогоо дэнсэлж, тулгамдсан асуудлыг эдийн засаг, хууль эрх зүйн хүрээнд бодитойгоор шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Мэргэжлийн өндөр түвшинд хөгжсөн хүчирхэг кино урлагаар дамжуулан үндэсний эв нэгдлийг хангаж, үндэсний бахархал бий болгох, хамгийн гол нь соёлын дархлаагаа сайжруулахад онцгой анхаарах учиртай. Тийм учраас төр засаг тодорхой бүтээлийн захиалагч болж, зах зээлийн өрсөлдөөний хуульд нийцүүлэн сайн уран бүтээлийг бодлогоор дэмжих нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ нь нэг талаас өв соёлоо авч үлдсэн түүхэн бүтээлтэй болох, нөгөө талаас дэлгэцийн шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргах үндэс болно.
Монголын дэлгэцийн уран бүтээлчдийн 80 жилийн хугацаанд бий болгосон уламжлалыг шинжлэх ухаан, технологийн ололт амжилттай хослуулан шинэ сэтгэлгээ, шинэ менежмэнтээр ажиллаж, монгол киног дэлхийн тавцанд гаргах, даяаршиж буй дэлхийд монгол киноны өөрийн гэсэн өнгө төрхийг таниулахад Та бүхэн бүхий л хүч чадлаа дайчлан ажиллана гэдэгт итгэж байна.
Монголын дэлгэцийн уран бүтээлчдийн авьяас нь ундарч, амжилт нь халгих болтугай!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Зандаахүүгийн ЭНХБОЛД
Улаанбаатар хот 2015.12.05