Монгол улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32-р хурлаар ерөнхий сайд П.Гэндэн, нэгдүгээр орлогч сайд Х.Чойбалсан, хоёрдугаар орлогч сайд Г.Дэмид, нарийн бичгийн дарга н.Өлзий-Очир нарын гарын үсэг бүхий тогтоолоор “Монгол кино” үйлдвэр байгуулагдсан билээ. Ингэснээр Монголын кино урлагийн түүхэн хуудас эргэж эхэлжээ.
Энэ ойг угтан Монгол кино нэгтгэлээс олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь 2015.10.11-нд болсон “Нээлттэй өдөрлөг” юм. Тус өдөрлөгийн хүрээнд үе үеийн кино урлагийн түүхэнд мөнхөрсөн 60 гаруй алдарт жүжигчид, уран бүтээлчид хүрэлцэн ирж үзэгчидтэй уулзан, хамтдаа дурсгалын зураг авахуулж, тэдний гарын үсгийг авах боломж бүрдсэн билээ.
Мөн дуучин МУГЖ Б.Ганчимэг, МУСТА С.Баттулга, МУСТА Г.Чинболор, МУСТА Т.Баттогтох болон залуу дуучид хүрэлцэн ирж сэтгэлд хоногшсон киноны дуунуудыг амилуулан дуулсан юм. Өдөрлөгийн үеэр Монгол кинонуудад хэрэглэгдэж ирсэн хаад, ноёд, хатад, цэргийн хувцас, лам, хуварга зэрэг хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, хуучны машин, техник, кино зурганд ашиглаж байсан аппарат, тоног төхөөрөмжүүдийг үзэж сонирхохоос гадна киноны зураг авалтын павильоныг үзэж Монгол киноны түүхэн он жилүүдтэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.