МОНГОЛ КИНО ҮЙЛДВЭРИЙН Позитив монтажийн цехийн тухай

2025-04-12

1935 онд Монгол кино үйлдвэр байгуулахад Зөвлөлт Орос улсаас уригдан ирсэн кино эвлүүлэгч Татъяна Кувшинчикова нь Дамбын Төмөр, Дарьзавын Шархүүхэн нарыг дагалдуулан сургаснаар Монгол кино үйлдвэрийн монтажийн цехийн суурь тавигджээ. Монгол кино үйлдвэр түүхэн хөгжлийн хугацаанд хүн хүч, техникээр хангагдан өргөжиж ирсэн.

Д.Төмөр, Д.Шархүүхэн
Т.Кувшинчикова
“Цогт тайж” киноны уран бүтээлчид төр засгийн шагнал хүртсэнийхээ дараа 1945 он
Цехийн хамт олон

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Минжүүрийн Болд нь 1939 оноос Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар томилогдон ажиллах болсоноор түүний кино урлагт үйл бүтээлээ зориулах их аяных нь гараа болсон юм. Тэрээр кинонд ирээд Зөвлөлтийн мэргэжилтэн Т.Кувшинчикова багшаар кино эвлүүлгийн /кино монтаж/ эрдмийг заалгаж суралцсан нь түүний уран бүтээлийн үндсэн мэргэжил болсон төдийгүй олон арван шавь нарыг хойч үедээ бэлтгэж сургасан буянтай үйлсийнх нь эхэн болсон юм. М.Болд Монгол киноны босгыг алхсан анхны жилээсээ “Октябрийн хувьсгалын 22 жилийн ойн баяр”-ын тухай баримтат кино хийх ажилд найруулагчийн мэргэжлээр анхны гараагаа эхэлснээр Монгол улсынхаа түүхэн хөгжлийн сэдвээр он цагийн амьд бичиглэл болсон. 90 гаруй нэрийн бүрэн ба богино хэмжээний баримтат кинонд эвлүүлэгч болон найруулагчийн эрдмээ шингээжээ.

Монгол киноны анхны найруулагч Төмөрийн Нацагдоржийн дараа гарч ирсэн Минжүүрийн Болд нь Монголын киноны анхны эмэгтэй найруулагч төдийгүй Монгол кинонд 40 гаруй жил баримтат кино, уран сайхны кинонд хүчээ сорьж, үран бүтээлээ туурвиж, үе хойчоо сургаж байсан буян ихтэй, булган сүүлтэй ахмад уран бүтээлчдийн хүндтэй нэгэн байсан билээ.

М.Болд найруулагч маань ямарч ажлыг дахилтгүй хийдэг, аливаа юманд нягт нямбай ажилладаг болохоороо энэ чанарыг нь шавь нар нь эзэмшиж ажилладаг байсан юм. Монгол киноны позитив монтажчин хүүхнүүд дотор түүний шавь Л.Далайхүү, Д.Долгорсүрэн, Тогтохсүрэн нар нь сайн монтажчин гэж үнэлэгдэн тэргүүлж байсан.

М.Болд УГЗ
Кино үйлдвэрийн байрны өмнө. Ахмад монтажчидийн хамт.
Урд эгнээ зүүн гараас: Дэмбэрэл, Э.Дулмаа, М.Болд, Л.Далайхүү.
Арын эгнээ зүүн гараас: С.Отгон, С.Баасанхүү, Д.Түмэнбаяр. 1975 он

Монтажчин Дулмаа, Норолхоо, Долгорсүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Шархүүхэн, П.Цэндсүрэн, М.Болд, Э.Дулмаа, Ж.Банзрагч гээд ууган монтажчдын нэг, Монголын киноны  ууган монтажчин Ламзавын Далайхүү гуай монтажчины нарийн ажлыг хийгээд уран сайхны “Цогт тайж”-аас эхлээд хожим нь кино мэдээ, баримтат киног найруулах зиндаанд хүртэл дэвшин ажилласан юм. Монтажчин н.Нацагням, С.Дарьсүрэн, С.Баасанхүү, Г.Отгон-Аюуш, Д.Дэжид, Д.Түмэнбаяр, Ж.Норолхоо /УГЗ/ гээд Л.Далайхүү гуай олон шавь төрүүлэн гаргасан бөгөөд олон арван кино бүтээлцэхдээ хэдэн мянган метр плёнкийг эвлүүлэн нааж, насныхаа талыг элээсэн “Гавъяатай” атлаа “Гавъяатгүй” нэгэн буурал байсан.

 

 

 

 

 

 

 

1944 онд анхны ууган кино эвлүүлэгч Д.Шархүүхний дагалдан шавиар Пунцагийн Цэндсүрэн ажиллаж эхэлсэн бөгөөд “Цогт тайж”,”Гэм нь урдаа”,” Манай аялгуу”, ”Сэрэлт”,” Элбэг дээл” зэрэг уран сайхны, баримтат, орчуулгын кинонуудад эвлүүлэгч, эвлүүлгийн найруулагчаар ажиллаж эхэлжээ.

 

 

 

 

 

 

 

 

1959 онд бидний багш Бээжингхүүгийн Дэмбэрэл нь П.Цэндсүрэнгийн шавиар монтажны цехэд ажиллаж эхэлсэн бөгөөд “Алтан өргөө”, ”Элбэг дээл”, ”Гологдсон хүүхэн”, ”Нүнэл буян”, ”Цэргийн хүү” зэрэг 10 гаруй уран сайхны кино, баримтат, орчуулгын кинонуудад эвлүүлэгч, эвлүүлгийн найруулагчаар ажиллаж ирсэн. Монгол кино үйлдвэрт 40 гаруй жил ажиллах хугацаандаа 5-6 хүнийг кино монтажны мэргэжилд сургаж, шавь нар нь ажил мэргэжилдээ чадвартай, найдвартай хөдөлмөрлөж ирсэн. Багш Дэмбэрэлийн маань ажлын арга барил нь хүнд ойлгомжтой, сургамжтай энгийн байхаас гадна шавь бидний алдаа, оноог дор нь биечлэн засаж, тайлбарлаж үзүүлдэг, дагалдан шавь бидэндээ итгэл, найдвар үзүүлж уран бүтээлд бие даалгаж ажиллуулж, кино монтажны мэргэжлийг чадвартай, найдвартай эзэмшин ажиллах суурийг тавьж өгсөн ачтан билээ.

Бидний багш Б.Дэмбэрэл нь 1970-аад оноос кино мэдээ, баримтат киноны найруулагчаар ажиллаж ирсэн бөгөөд монтажны цехийн хамт олон, шавь бидэнтэйгээ ажил мэргэжил, амьдралын жаргал зовлонг үргэлж хуваалцаж, түшиг тулгуур нь болж ирсэн бөгөөд үеийн үед мөнхийн санан дурсагдах ачтан багш минь билээ.

 

 

 

 

 

 

 

Сэрээтэрийн Отгон 1942 онд Булган аймгийн Сайхан сумын Цагаан Бухт гэдэг газар төрсөн. 1960 онд Булган аймгийн бүрэн дунд сургуулийг төгсөөд нийслэл Улаанбаатар хотод ирж суурьшсан. 1961 онд 19 настайдаа “Монгол кино“ үйлдвэрийн позитив монтажны тасагт ахмад монтажчин Эрхэмийн Дулмаа багшийн шавь болж, дагалдан монтажчинаар орж ажлынхаа гарааг эхэлсэн. Тэр үед монтажийн тасгийн даргаар найруулагч М.Болд (УГЗ) ажиллаж, Э.Дулмаа багш, Л.Далайхүү, Б.Дэмбэрэл нарын 10-аад монтажчид ажиллаж байсан.

 

 

 

 

 

 

Э.Дулмаа багш маань голдуу баримтат киноны монтажчинаар ажиллаж байсан бөгөөд би эхлээд баримтат кино, кино мэдээгээр ажлын гараа эхэлж байгаад 1963 оноос анхны кино  ”Ховдгийн гай” уран сайхны кинонд ажиллаж эхэлсэн.

Э.Дулмаа багш маань Дорнод аймгийн гаралтай маш шударга, ажилсаг, дайчин хүн байсан. Энэ сайхан хүний ачаар монгол кино урлагт тасралтгүй 30 гаран жил кино эвлүүлэгчээр ажиллаж 20-иод уран сайхны кино, 50 гаруй баримтат кино, 70-аад дугаарын кино мэдээ, гадаадын кино буюу орчуулгын 60-аад нэрийн 561 бүлэг кинонуудад ажиллаж ирсэн. Уран сайхны киног монтажлах, яриа, шум бичих, хөгжим бичих арга барилыг “Алтан өргөө”, “Гологдсон хүүхэн” кинонуудад ажиллаж байсан ахмад монтажчин Бээжинхүүгийн Дэмбэрэлд дагалданаар ажиллаж, ихийг сурч мэдэж авсан юм.

Баримтат кино найруулагч Ц.Зандраа, монтажчин Э.Дулмаа нар

 

 

 

 

 

 

 

Монтажчин С.Отгоны дурсамжаас: Намайг анх ажилд орж байхад Монгол кино үйлдвэрийн байр нь Гадаад явдлын яамны барилгын баруун талын (одоогийн Блуе скай барилгын зүүн талд) 2 давхар барилгад байрлаж байсан. Тэр үед Монгол кино үйлдвэрийн даргаар нь Бадрахын Тойсон гэдэг хүн ажиллаж байсан. Кино үйлдвэр байгуулагдаад 26 жил болсон, цөөхөн ажилчидтай байсан ба 1-р давхарын зүүн талын 1 өрөөнд 10-аад монтажчид цуг, хажуу өрөөнд лабораторийнхан, нөгөө жигүүрт захиргааныхан байрладаг байсан. 2-р давхарт Улсын филармони байрлаж, Гончигийн Бирваа (УГЗ), Цэгмидийн Намсрайжав (АЖ) гээд олон алдартай хүмүүс болон хөгжимчид ажилладаг байсан.

Дараа нь МОБЕЙЛ аппаратан дээр монтажийнхаа ажлыг хийдэг болсон. Цөөхөн 2ш аппарат байсан. Энэ тогоор ажилладаг, педальтай, тэрүүгээрээ дуу дүрсээ тааруулдаг. Дуу дүрсээ 35мм-ийн хальсаар бүх киногоо 1970 он хүртэл хийдэг байсан. Дүрсээ хараад эвлүүлэхдээ зургийнхаа эмульсийг бриткээр хусаад ацетоноор наадаг байсан, энэ үед магнитны хальс гэж байхгүй, дууны оператор дуугаа тусад нь плёнкан дээр буулгаад ирэхэд нь дуу дүрсээ тааруулж буулгадаг  байсан. Черепах гэсэн жижиг хөөрхөн аппаратан дээр дуу дүрсээ нийлүүлээд тэмдэг тавьж наадаг байсан. 1960-аад оны дунд хүртэл энэ аппаратанд дээр бүх кинонууд монтажлагддаг байгаад түүнээс хойш арай боловсронгуй универсаль дуу дүрсээ тохируулдаг ширээ орж ирээд, ацетоноор наахаа болиод тусгай зориулалтын скочоор наадаг болсон.

Монтажийн ажил маш нарийн, чимхлүүр ажил байдаг. Дууны оператор, найруулагч, монтажчин 3 киноны дуу дзрсийг нийлүүлэх, жүжигчдийн дуу оруулсан хэсгийн амыг тааруулах зэрэг гол ажлыг хийдэг, дараа нь лабораторид угаах, буулгах ажил хийгддэг. Кинонд I, II, III, IV, V шум гэж байдаг, ялангуяа дайнтай киноны үед шум 4-5 канал гардаг, энэ нь ард нь гардаг буун дуу, дэлбэрэлт, сумны исгэрэлт, цэргүүдийн ура хашгирах зэрэг бүх шумуудын нарийн тааруулж хийдэг байсан, зөрөх юм бол дахиж засдаг байсан.

1961 оны 8-р сар орчимд Цэргийн төв клуб байсан 3 давхар барилгад Кино үйлдвэр нүүж очиж, монтажийн тасаг нь 3-р давхарт 6 өрөөнд 15 монтажчин, 2 засварын техникчтэйгээр өргөжсөн. Үйлдвэрийн нээлтэд МАХН-ын Төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын Лувсанцэрэнгийн Цэнд дарга ирж нээж байсныг тод санадаг. Шинээр үйлдвэр байгуулахаар олон залуу ажилчдыг бэлтгэж байсан үе таарч би ажилд орж байсан байна лээ

Найруулагч Гомбожавын Жигжидсүрэнгийн (УГЗ, АЖ, ХБ) “Эхлэлт” (1970 он), Бунтар (УГЗ) найруулагчийн “Нар хиртсэн жил”  (1974 он), “Давааны цаана даваа” (1977 он),  Жигжид (УГЗ, ТШ, АЖ) найруулагчийн “Хүний төлөө” (1976 он), “Өнөр бүл” (1980 он), Сэлэнгэсүрэнгийн “Илүү сартай зун” (1987 он), “Мартагдсан дууль” (1989 он), Нямдаваагийн “Хоёулаа”, “Балга ус” (1970 он), “Буяны нүгэл” (1992 он), “Манай цүндгэр”, “Ам цагаан хулгана” (1993 он) гэх мэт 17 уран сайхны кинонд эвлүүлэгчээр ажилласан.

“Давааны цаана даваа” 2 ангит киноны зураг авалтыг Архангай аймгийн  Тариат суманд, “Нар хиртсэн жил”-ийг Хэнтий аймгийн Баянмөнх суманд, “Хүний төлөө”-г Төв аймгийн Баянчандмань сум, “Өнөр бүл”-г Тэрэлжид, “Илүү сартай зун”-г Хөвсгөл аймгийн Ханх сум,  “Мартагдсан дууль”-г Дархан хотод натурт зураг авч байсан. Голцуу синхрон зураг, дуутай кинонд зурганд натурт явдаг байсан.

Багш монтажчин Э.Дулмаа, шавь С.Отгон нар.1962 он.

 

 

 

 

 

 

 

1967 онд “Уран нугараач Норовсамбуу”, 1969 онд Халх голын дайны ялалтын 30 жилийн ойд зориулсан “Ялалтын их ой”-1 бүлэг, “Мөнх дурсагдах алдар”-5 бүлэг баримтат кинонд их зохиолч Лодонгийн Түдэв (Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, СГЗ, Төрийн шагналт) гуай, найруулагч Балбарын Дашдорж нартай хамтран ажиллаж байсан.

 

 

 

 

 

 

1974 онд БНМАУ-ыг тунхаглан, үндсэн хуулиа баталсаны 50 жилийн ойд зориулсан “Ардын эрхэт Монгол улс”-6 бүлэг баримтат киног ЗХУ-ын Москва хотын Баримтат кино студид 30 хоногийн томилолтоор очиж эвлүүлэгчээр ажиллахдаа зохиолч Чойжилын Чимид (АУЗ), найруулагч Ж.Бунтар, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нарын нэр алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан.

1988 онд Ардын хувьсгалын партизаны тухай “Би хувьсгалын цэрэг” баримтат киноны зураг авалтаар ЗХУ-ын Буриад улсын Хиагт сууринд очин ажиллаж байсан. Мөн Чимидийн Гомбо (СГЗ), Цэвэлмаагийн Наваан (УГЗ), Цэвээний Зандраа (УГЗ), Ойдовын Уртнасан (УГЗ), Минжүүрийн Болд (УГЗ) зэрэг найруулагч нартай ажиллаж байлаа.

1961 оноос Монгол кино урлагт тасралтгүй 30 гаруй жил кино эвлүүлэгчээр ажиллахдаа 17 уран сайхны кино, 70 бүлэг буюу 70 дугаарт 50 нэрийн 210 бүлэг баримтат кино болон кино мэдээ, 1964-1992 онд гадаадын орчуулгын “Хөх цөцгийн бүх цэрэг”, “Цэргийн эцэг”, “Ийм нэгэн явдал” 1-р анги, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Бяцхан Вера”, “Дээвэр дээрэх мангаа”  зэрэг 61 нэр төрлийн 561 бүлэгт кинонд эвлүүлэгчээр  ажилласан. Өөрийн шавь монтажчин Балжиннямын Дашдулам, Баасан нарыг дагалдуулан сургасан.

Төр засгаас миний ажил, хөдөлмөрийн бүтээлч чанар, идэвхи зүтгэлийгүнэлж V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч, Соёлын яамны жуух бичиг, Соёлын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Алтан гадас одон зэргээр шагнаж байсан. /үргэлжлэл бий/

Та бүхэндээ Монгол киноны 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Бэлтгэсэн: Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
Д.Батгэрэл позитив монтажчин, ахмад ажилтан
С.Отгон позитив монтажчин, ахмад ажилтан
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
“Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close