1971 онд бүтээгдсэн “Монгол кино дэлгэцнээс” номонд Ц.Дамдинсүрэнгийн зохиолоор МУАЖ, кино найруулагч, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Д.Чимэд-Осор гуайн бүтээсэн “Гологдсон хүүхэн” киноны тухай хэрхэн бичсэнийг толилуулж байна.
Энэ кино: Хувьсгалын өмнө Монголын ард түмэн хичнээн их зовлон зүдгүүр амсаж байж хувьсгалтай золгосныг тод томруун үзүүлнэ. Киноны үйл явдал нь: Дорнодын уудам талд намрын өглөө нар мандаж, адуун сүргийн захад ядуу ард Долингор, Бат хоёр барилдаж байна. Баян Болдын зарц номхон төлөв зантай, цайлган цагаан сэтгэлтэй, ажилд хичээнгүй Долингор зөвхөн шөнийн бор хоногт л хайрт хүүхэн Мядагтайгаа уулзан өөрсдийн зовлон жаргал болон удахгүй төрөх хүүхдийнхээ аз жаргалыг ярилцана.
Баян Болд эхнэр Дэжидтэйгээ голомтоо сахиулах хүү үрчлэх тухай маргалдана. Ловон лам Долингороос төрөх хүүхдийг аз жаргалгүй гэж төлөг буулгана. Баян Болдынх нутаг сэлж хүүхдээ хариугүй төрөхөөр өвдөж эхэлсэн Мядагийг хар бууцан дээрээ орхиж нүүнэ.
Долингор Болдынхыг нүүлгэж өгөөд, яаравчлан буцаж ирэхэд, Мядагаас охин /гологдсон хүүхэн/ төрсөн байлаа. Долингор баян Болдын төлөө На захирагчийг чулуун хахуулаар мэхэлсэн учир цэргийн хүнд албанд дайчлагдан явах бөгөөд цэрэгт очоод уул нутгаасаа эрүү шүүлт, мөрдлөгөөс зугтан гарсан Баттайгаа хамт автономитын цэрэгт алба хааж байх хугацаандаа олонтойгоо ярилцана.
Эндэх тэндэхийн юмны учрыг олж, дарлагч ангийн эсрэг тэмцэх зориг шийдвэр төрж эхэлнэ. Долингор удалгүй цэргээс оргож нутагтаа ирэхэд Мядаг өөр хошуунд нүүсэн байлаа. Долингор эхнэр хүүхэдтэйгээ уулзахаар бадарчин болж, эх нутгийнхаа дундуур арав гаруй жил хэрэн тэнэв. Долингор Баттайгаа дахин уулзаж, таягаа буугаар солиод, нутгаа чөлөөлөх тэмцэлд биеэрээ оролцоно.
Ингэж явсаар Долингор өртөөний гэрт өөрийн голодсон охиноо таньж, удаан жилээр мөрөөдөж явсан эцэг охин хоёрын уулзалтаар энэ кино төгсөнө.
Өвгөний дүрийг- киноны найруулагч АЖ Д.Чимид-Осор өөрөө бүтээжээ
10 бүлэг,хар цагаан,35 мм-ийн,дуутай,бүрэн хэмжээний уран сайхны кино 1961 онд бүтээгдсэн.Үргэлжлэх хугацаа: 1:33:08 секунд
“Гологдсон хүүхэн” уран сайхны киноны зохиол болон бусад бичгүүд /Дугаар №12, 1962 оны 3 сарын 30/-121 Хуудас, найруулагчийн зохиол, киноны төсөв-190 хуудас, найруулагчийн төлөвлөгөө, зохиол-175 хуудас, киноны зохиол-66 хуудас, киноны зургийг авах өдөрчилсөн төлөвлөгөө-45 хуудас, киноны дүрс, дууны негатив хальс, лаванд, контратип, дуутай позитив хальс нийт 50 бүлэг /ҮТА.КГЗДАБА.УК№25/,мөн киноны уран бүтээлчдийн болон зураг авах үеийн гэрэл зургууд архивт хадгалагдаж байдаг.“Гологдсон хүүхэн” уран сайхны киноны “кино групп”-ын зураг авалтын дүрс бичлэг /ҮТА.КГЗДАБА.КМ№157.1961он.КМ23/ хадгалагдаж байна.
Зохиолч – Ц.Дамдинсүрэн
Найруулагч – Д.Чимид-Осор
Оператор – Б.Дэмбэрэл
Зураач – О.Мягмар
Хөгжмийн зохиолч – Г.Цэрэндорж
Дууны оператор – З.Гаваа
Туслах найруулагч – Г.Жигжидсүрэн
Туслах оператор – Ц.Намжил
Нүүр будагч -Т.Норжмоо
Эвлүүлэгч – Б.Дэмбэрэл
Тоглогчид:
Долингор – М.Норсонжав
Цэрэн – Н.Батсүх, Ж.Лхамхүү
Бат – Ж.Занабазар
Дулмаа – З.Дулмаа
На захирагч – Д.Дагва
Баянболд – Н.Ориг
Дэжид – Д.Цэмбэлмаа
Ловон лам – С.Гэндэн
Мядаг – Ж.Дулмаа
Борхүү – Ж.Гомбосүрэн
Аръяа эмгэн – Б.Даваасүрэн
Арслан мээрэн – Ц.Палам
Цагаачин Даншгай – Д.Бат-Очир
Оролцон тоглогчид:
Ц.Цэгмид, Н.Цэгмид, Цэндээхүү, Осор, Жигмиддорж,
Цэрэнлхүндэв, Балданцэрэн, Цэвэгдорж, Буяндэлгэр,
Улсын яруу тунгалаг найрал хөгжим удирдаач Ц.Намсрайжав
Зургийн дарга – Р.Шийрнэн
МОНГОЛКИНО үйлдвэр 1963














Бэлтгэсэн: Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
“Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ