ЭМГЭНЭЛ

  • 2018 оны 03-р сарын 07 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн

ЭМГЭНЭЛ

 ЛУУЗАНШАРАВЫН ШАРАВДОРЖ

(1944-2018)

   Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, монголын киноны нэрт зураглаач Луузаншаравын Шаравдорж 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, шавь нар, кино дэлгэцийн урлагт хайртай мянга мянган үзэгчдэд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
   Л.Шаравдорж 1944 онд Увс аймгийн Өндөр хангай сумын “Од шувуун” гэдэг газар Луузаншаравын тав дахь хүү болон төрсөн. Сурагч ахуй үеэсээ гэрэл зураг сонирхож 7-р ангидаа 1959 онд нүдний шил, сүүний лаазаар гэрэл зургийн аппарат бүтээсэн нь сургуулийн захиргааны анхаарлыг татаж, энэ сонирхлыг нь дэмжин гэрэл зургийн аппарат авч өгч сургуулийн гэрэл зурагчин болгосноор ирээдүйн кино оператор болох эхлэл тавигджээ. 1962 онд 10 дугаар ангиа төгсөөд Монгол кино үйлдвэрт краны техникчээр /туслах ажилтан/ орж ажиллан, жилийн дараа гэхэд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд /ВГИК/ элсэн орж кино зураглаачийн мэргэжил эзэмшсэн байна.
     Уран бүтээлийнхээ гарааг 1969 онд өөрийн дипломын ажил болох “Анхны алхам” уран сайхны киногоор эхэлснээр Монгол кино үйлдвэрт 1968-1992 он хүртэл кино оператор, хослол зургийн оператороор ажиллан “Нар хиртсэн жил”, “Алтан соёмбын дуулал”, “Хүний амь”, “Бушхүүгийн үлгэр”, “Хатанбаатар”, “Тэмцлийн оч”, “Ялалтын дуун”, “Санаж яваарай”, “Ацаг шүдний зөрөө”, “Мандухай цэцэн хатан”, “Хачин хүн”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Нүцгэн уулын бэлд зэрэг” зэрэг уран сайхны кинонд ерөнхий оператороор ажиллажээ. Түүнчлэн 1992 онд баримтат, уран сайхны киноны чиглэлээр “ZAYA-SH” видео студийг үүсгэн байгуулж зөвлөхөөр нь ажиллаж уран бүтээлээ үргэлжлүүлж байсан. Энэ бүх хугацаанд 24 уран сайхны кино, 60 гаруй баримтат кино, 40 гаруй киноны хослол зургийг авч, 2 уран сайхны кино найруулж, зургийг аван 10-аад кинонд зөвлөхөөр ажиллажээ.
   Түүний бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1989 онд “Мандухай цэцэн хатан” киногоор Төрийн шагнал, 2015 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнажээ. Мөн тэрбээр 1992 онд Токиогийн олон улсын кино фестивалаас “Би Монгол хүү” киногоороо тэргүүн шагнал хүртсэн билээ.
   Талийгаачийн итгэл сэтгэл, авьяас чадвар, алдар гавьяа, сурган хүмүүжүүлэх өндөр ур чадвар, үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр бидний сэтгэл, зүрхэнд үүрд мөнхрөн үлдэж, авьяас билэг нь Монголын кинонд өвлөгдөн мөнхөд үргэлжлэх болно.
Ангилал: Мэдээ