Чүлтэмийн Цэнджав

Чүлтэмийн Цэнджав

/ Кино зураглаач /

Чүлтэмийн Цэнджав Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Шар намаг гэдэг газар 1936 онд төрж 1943 онд Орхон туул сумын бага сургуулийг Төгсч 1947-1953 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотод 10 жилийн дунд сургуульд шилжин суралцаж төгсжээ.   Дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн мал эмнэлгийн ангид орж суралцсанч өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 1956-1961 онд ЗХУ-ын Москва хотноо Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг Г.Цэрэнтэй хамт проф.Л.В.Косматовын урланд зураглаачийн мэргэжлээр суралцан Төгсч 1961-1993 онд Монгол кино үйлдвэрт баримтат киноны зураглаачаар дагнан ажилласны зэрэгцээ уран сайхны хэд хэдэн кинонд зураглаачаар ажилласан юм. 1961 онд найруулагч Д.Чимэд-Осортой уран сайхны “Нүгэл буян” киногоор гараагаа эхэлж 1963 онд энэ бүтээлээрээ дипломоо хамгаалжээ.  Ч.Цэнджав 1963 онд Д.Чимэд-Осорын “Нүгэл буян”,1968 онд Р.Доржпаламын “Өндөр ээж”, 1973 онд Ц.Цэрэндорж, Н.Нямдаваа нарын “Шинэ танилууд” /С.Батсүрэн, Д.Баатар нартай хамт/, 1979 онд Н.Нямдаваагийн “Хоньчин Найдан” /Д.Баатартай хамт/ кинонуудын зураглаачаар ажилласны дээр 87 нэрийн  баримтат кино, кино мэдээ сэтгүүлийн төрөлд ажил мэргэжлээ зориулж төр засгийн тэргүүний гадаад, дотоод айлчлалын тухай кинонд бие сэтгэлээ зориулж “Монголкино”-ны архивын сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ч.Цэнджав 1962 онд найруулагч Д.Жигжидийн хамт Чингисийн 800 жилийн ойд зориулан 2 бүлэг баримтат киног Х.Пэрлээн зохиолоор, О.Намнандорж, Б.Ринчен нарын зөвөлснөөр хийгээд хаалгасан бол 1967 онд Монголын жүжигчид Африк тивийн Араб, Мали, Гвиней зэрэг 4 улсад нэг сар явж тоглосон тухай 3 бүлэг кино хийхээр төлөвлөж 1800 м хар цагаан дүрс авчирсны дараа кино хийхийг болиулж архивт хадгалуулж байлаа. 1967 оны зун Нэгдсэн Үндэстний Байгууллагын 26-р ассамблейн чуулганд Монгол улсын төлөөлөгчид оролцсон материалаар “Түрэмгийллээ зогсоо” нэртэй нэг бүлэг баримтат кино, 1979 онд Хятад-Вьетнамын хилийн будлианы талаар 3 бүлэг кинонуудыг Монголкино үйлдвэрийнхээ алдрын хуудсаар бүтээжээ. Ч.Цэнджавын  хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр  үнэлэж  ”Хөдөлмөрийн хүндэт медаль”, ”Соёлын тэргүүний ажилтан”, Хэвлэл мэдээлэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Алтан гадас одон медаль,  ойн медалиудаар шагнуулсан юм.

Close
Close