Төмөрийн Нацагдорж.
- 2015 оны 02-р сарын 11 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн
/Кино найруулагч/
/1910-1966 он/
Монголын шинэ үеийн утга зохиолын гарамгай төлөөлөгчийн нэг, Монгол киноны ууган зүтгэлтэн, анхны кино найруулагч Төмөрийн Нацагдорж Амгаланбаатар хотноо 1910 онд төрсөн бөгөөд дөнгөж 3 настай байхад нь төрүүлсэн эх нь цэл залуухнаараа өвчнөөр нас барж, эхийн ээж Төмөрийн гар дээр үлдсэнээр эмэг эх Төмөрөөрөө овогложээ.11 настайдаа Амгаланбаатар хотноо бага сургууль байгуулагдахад анхны сурагчдынх нь нэг болон оржээ. Бага сургуулиа төгсөөд Улаанбаатарт нээгдсэн анхны дунд сургуульд дэвшин суралцсан бөгөөд 1925 онд тус сургууль дээр пионерийн байгууллага анх байгуулагдахад гишүүнээр нь элсэн орж, улмаар Марксын нэрэмжит пионерийн бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байжээ.1925-1930 онд Герман Улсад суралцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнд хуваарилагдан жил гаруй ажиллаад багш нарыг бэлтгэх сургуульд багшаар томилогджээ. Т. Нацагдорж уран зохиол сонирхон оролдож 1930 оноос зохиолчдын бүлгэмд элсэн орсноор, шүлэг, өгүүллэг, кино зохиолын төрлөөр мэргэшсэн нэртэй зохиолч байсныг 1936 оны 7 дугаар сарын 25-нд уран сайхны улс төрийн зөвлөлийн гишүүдийн хурлаас түүнийг Ардын уран зохиолч цолоор шагнасан явдал гэрчилнэ.Тэрбээр олноо алдаршсан нэрт зохиолч Д. Сэнгээ, Д. Даржаа, П, Хорлоо М. Чимид нарын эрдэм номын багш төдийгүй тэднийг уран зохиолын салшгүй амтанд хөтлөн оруулсан буянтан билээ.Төмөрийн Нацагдорж нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржтой нэгэн үед зохиол бүтээлээ туурвиж, хамт сурч явсан сайн нөхөд байсан бөгөөд тэр хоёрыг ялгахын тулд Т.Нацагдоржийг “бага Нацагдорж” хэмээн нэрлэдэг байжээ.1935 онд Багшийн сургуулийн багш Т. Нацагдорж, Монгол кино үйлдвэрт анхны найруулагчаар томилогдон, 3өвлөлтөөс уригдаж ирсэн найруулагч Л. Шефферт шавилан, кино найруулгын ур ухаанд шамдан суралцсанаар, 1937 оны суулчээс багштайгаа хамтран “Монголын Үйлдвэрчний эвлэл”, “Октябрийн хувьсгалын 20 жилийн ой” зэрэг кинонуудыг найруулсан байна.Т. Нацагдорж 1938 оноос эхлэн баримтат кино бие даан найруулж “Налайхын чулуун нүүрсний уурхай”, “Боловсон худалдаа” кинонуудыг бүтээсний зэрэгцээ “Норжмаагийн зам” хэмээх дуугуй богино хэмжээний уран сайхны киног Л, Шеффертей хамтран зохиож, бие даан найруулсан нь Монголын уран сайхны анхны кино байлаа.1939 онд тайзны жүжгийг кино болгон бүтээх ажлыг амжилттай туршин Д. Намдагийн зохиолоор “Сүрэг чоно” киног бие даан хийснээс гадна, 1940 онд “Анхдугаар хичээл” уран сайхны киноны зохиолыг өөрөө бичиж, найруулснаас гадна зэрэгцээ олон арван бүлэг баримтат кино хийж “Тарваган тахал”, “Амьдралын дайсан” зэрэг кинонууд бутээсэн юм. Т. Нацагдорж Германд сургууль төгссөн Орос, Хятад хэл гадарладаг сэхээтний нэг байсан хэдий ч хэлмэгдлийн хар шуурганд өртөн гадаадын тагнуул хэмээн удаа дараа сэжиглэгдэн хагас жил шоронд сууж байгаад суллагдсан боловч түүнийг 1942 онд “Хил дээр гарсан хэрэг” киноныхоо хээрийн зургийг авч байх үед нь улс төрийн хилс хэргээр баривчлан саатуулж арван жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тэрбээр Гэндэн, Дэмид нарын байгууллагад элсэн, эсэргүү гүтгэлгийг удаа дараа тараасан хэргээр хүнд ялд унагасан бөгөөд, 9 жил гаруй хоригдоод Улсын Их Хурлын Тэргуулэгчдийн зарлигаар өршөөгдөн, Цагаатгах Ажил Эрхлэх Комиссын 1958 оны 11-р сарын 4-ний өдрийн 49-р тогтоолоор уг хэрэгтээ холбогдолгүй болж цагаатгагдсан юм.Т. Нацагдорж хожим нь Зуун хараангийн Спирт заводад галчаас жирийн ажилчин, цехын дарга, ерөнхий технологичоор дамжин үйлдвэрийн дарга болтол дэвшин ажилласан байна.Тэрээр тэр үеийн залуу зохиолч С. Дашдооров, М. Цэдэндорж нартай хамтран “Эрдэнэ хайрханы эзэн хэн бэ?” кино зохиол бичсэнийг найруулагч Р. Доржпапам 1958 онд “Гурван найз” хэмээх уран сайхны кино болгон бүтээсэн бол, өөрөө “Сүүдэргүй хүн” дуурийн цомнол, “Их галын дөл” зохиолоо хэвлүүүлж, Мария Ремаркийн “Өрнө зүгт сонин юмгуй” романыг орчуулж, хүүхэд багачуудад зориулан “Алтан хүүхэд” түувэр зохиол “Монгол хүү” номоо хэвлэлд өгч байлаа.Түүний зүтгэл, нөр хичээнгүй хөдөлмөрийг хүлээн зөвшөөрч Төр засгаас Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, 40 жилийн ойн хүндэт медаль болон Аж Үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан нь үнэн боловч дутуу мэт санагддаг.
Т.Нацагдоржийн найруулсан уран сайхны киноны жагсаалт:
1. Норжмаагийн зам – 1938 он
2. Сүрэг чоно – 1939 он
3. Таргаван тахал – 1940 он
4. Анхдугаар хичээл – 1940 он
5. Амьдралын дайсан – 1941 он
6. Сүхбаатар – 1942 он
Найруулсан баримтат киноны жагсаалт :
1. Налайхын чулуун нүүрсний уурхай – 1938 он
2. Боловсон худалдаа – 1938 он
3. Шинэжлэх ухааны эмнэлэг – 1939 он
4. Цирк – 1939 он
5. Намын 18-жил – 1939 он
6. Өвс станц – 1939 он
7. Гар үйлдвэр – 1939 он
8. Улсын 29-р бага хурал – 1939 он
9. Түүхий эд -1940 он
10. Лэг гол – 1940 он
11. Үйлдвэр барилга – 1940 он
12. Ангийн үс – 1940 он
13. Хожворт сугалаа – 1941 он
14. Улсын 20 жил – 1941 он