Түмэнбаярын Пялзай

Түмэнбаярын Пялзай

/Баримтат киноны найруулагч/

Түмэнбаяр овогтой Пялзай нь 1933 онд Хөвсгөл аймгийн Бүрэн суманд төрж, Мөрөн хотын дунд сургуулийг дүүргэжээ.1948- 1951 онуудад Урлагийн сургуульд суралцан төгсгөж, Хөгжимт Драмтик театрын тайзнаа анх хөл тавьж Монголын их урлагийн өнөр гэр бүлд багтан уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. 1951- 1965 онуудад Хөгжимт Драмтик театрт 2 –р зэргийн бүжигчнээр ажиллаж байхдаа “ Учиртай гурван толгой”, “ Бахчисрайн оргилт булаг “ зэрэг дуурь, бүжгэн жүжгүүдэд, Төрийн концертуудад гоцлол болон олны хэсэгт бүжиглэж ирсэн. 1965- 1967 онуудад Хөгжим бүжгийн дунд сургуульд бүжгийн багшаар ажиллаж олон арван шавийг төрүүлэн гаргасан. 1967- 1971 онд УБДС-ийн Кино драмын ангид суралцан төгсөж, 1971- 1973 онуудад Барилгачдын соёлын ордны найруулагчаар ажиллахдаа “ Хүний төлөө” , “ Ач хүүгийн зүүд “ зэрэг жүжгүүд, “Орос”, “Украйн”, “Аавын малгай” зэрэг бүжгүүдийг дэглэн тайзнаа амилуулж ирсэн. 1973 оноос “Монгол кино “ үйлдвэрт найруулагчаар ажиллахдаа “Баян булгийнхан “, “ Хүний төлөө”, “ Шинэ танилууд “ зэрэг уран сайхны кинонд 2-р найруулагчаар, 30 гаруй бүлэг баримтат кино, кино мэдээг найруулж дэлгэцнээ гаргасан. 1976 оноос “Монгол кино” үйлдвэрийн позитив монтажийн цехийн даргаар ажиллаж киноны нарийн мэргэжилтэй залуу шинэ боловсон хүчнүүдийг ажил мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай боловсон хүчин болгоход голлон анхаарч ажиллаж ирсэн байна.

Close
Close