Сэрээтэрийн Дэмбэрэл
- 2015 оны 02-р сарын 11 өдөр, 13 цаг 14 минутад нийтэлсэн
/Кино зураглаач, дууны оператор/
/1915-1988 он/
Монгол киноны ууган зүтгэлтний нэг С.Дэмбэрэл 1915 онд Булган аймгийн Бүрэн сумын нутаг, Холбоо гэдэг газар төрж 10 нас хүртлээ эхийн гар дээр хүмүүжсэн бөгөөд 10 наснаас 16 насандаа Амарбаясгалан хийдэд лам болохоор шавилан сууж байгаад Улаанбаатарт хотод ирснээр 1931 оны 1-р сард хар болж мөн ондоо Улаан-Үдийн монгол Рабфак сургуульд орж суралцан тэндээсээ Эрхүүгийн Эдийн засгийн техникумд шилжин суралцжээ Гэвч 1935 оны 6 дугаар сард амралтын чөлөөгөөрөө Улаанбаатарт амраад буцах болоход Хоршоодын Төв Холбооны Соль даргаас орон тоогүй хэмээн хассан учраас Ардыг Гэгээрүүлэх Яам эргүүлэн авч Кино зургийн Хороонд шилжүүлснээр 1935 оны 7 дугаар сараас 11 сарыг хүртэл “Монголын хүү” кино зургийн хэсэгт дагалдангаар ажиллаж байгаад тэднийг буцмагц шинээр байгуулж байгаа Монголкино үйлдвэрийн сургагч С.Гусевийн туслагчаар түр ажиллаад мэргэжилтэн А.Лебедевийн шавь болсноор анхны кино зураглаачийн нэг болон тодорсон юм. С.Дэмбэрэл 1938 онд Монголкино үйлдвэрийн хамгийн анхны уран сайхны дуугүй 2 бүлэг “Норжмаагийн зам” гэдэг киноны зураглаачаар ажилласнаас хойш 1939 онд”Сүрэг чоно”, 1940 онд ”Анхдугаар хичээл” /Б.Дэмбэрэлийн хамт/ уран сайхны богино хэмжээний кинонуудын зураглаачаар ажилласан. Кино дуутай хийдэг болсноос хойш С.Дэмбэрэл кино зураглаачийн хажуугаар дууны операторын мэргэжлийг сонирхож Зөвлөлтийн мэргэжилтэн дууны ба кино механик, угсрагч Кашаев болон кино зургийн дуу бичих мэргэжилтэн эмэгтэй Львоваг дагаж дууны оператор болсныг гэрчилнэ.
С.Дэмбэрэл 1941 онд “Сүхбаатар” киног хийхэд дуутай тасгийн эрхлэгч байсан бөгөөд Ташкент хотод уг киног хийлцэх монголын хэсгийн бүрэлдэхүүнд орж дууны оператороор онцын идэвхтэй ажилласан учир Алтан гадас одонгоор шагнуулжээ.Тэрээр 1943 оны 8-р сард өөрийн хүсэлтэээр ажлаасаа чөлөөлөгдөн Монгол улсын их сургуульд оюутан болохдоо Монголкино гэдэг айлын дуун гал голомтыг ямарч хэл амгүй аваад явж чадах итгэлтэй шавь Ламжавын Найдан, Өлзийхутагийн Чойжилсүрэн нартаа итгэснийх бизээ. Энэ их итгэлийг гарын хоёр шавь нь хоёргүй сэтгэлээр дээдлэн хөгжүүлсээр хойч үедээ бахархагдсан мартахын аргагүй ачтан, Монгол киноны дуун бичлэгийн зураглаачдын эцэг хэмээн түүхэнд мөнхрөн үлдэх билээ. С.Дэмбэрэлийн дууны найруулагчаар ажилласан уран бүтээлийн жагсаалт:
1. Тарваган тахал – 1940 он
2. Анхдугаар хичээл – 1940 он
3. амьдралын дайсан – 1941 он
4. Сүхбаатар – 1942 он