Равжаагийн Доржпалам

Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн

Равжаагийн Доржпалам

/Кино найруулагч /

/1931-1990 он /

Р.Доржпалам 1931 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Зэлтэрт “Ялгуун баатар” Сумьяа бэйсийн бага хатнаас төрсөн отгон хүү бөгөөд багад нь бэйс ах нь Равжаа дүүдээ өргүүлснээс Равжаагийн гэж овоглох болжээ. Төрүүлсэн эцэг Сумьяа бэйс нь ноён хүн байснаас цагийн байдалд тохируулан ухаан зарж Доржпаламыг сургуульд оруулахын тулд дүү Равжаагийн нэр дээр болгон 10 настай бага сургуульд оруулж Улаанбаатар хотод нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг төгсгөжээ. Угийн сониуч зантай Р.Доржпалам 1949-1955 онд Москва хотод Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг профессор М.Э.Чиаурелийн урланд төгссөн Монголын кино урлагийн хамгийн анхны дээд мэргэжлийн найруулагч бөгөөд 1956 онд бүтээсэн “Бидэнд юу саад болж байна” кино нь түүний анхны бүтээл бөгөөд тэр үеийн нийгмийн хоцрогдол, хүнд суртлыг инээдмийн аяс оруулан шинэ асуудлыг дэвшүүлж байсан нь өнөөдөрч ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. Доржпалам Монголын кино урлагт “Морьтой ч болоосой”,”Энэ хүүхнүүд үү” киногоороо инээдмийн киноны үндсийг лавтай тавьсан санаачлагч юм.  Бодитой үнэмшилтэй хирнээ хэтрүүлэг нь хэм хэмжээндээ таарсан байхын дооз найрлагыг Р.Доржпалам найруулагч тун сайн тааруулж чаддагийг киноны мэргэжилтэн судлаачид онцлон үнэлсэн нь байдаг” гэж найруулагч Ц.Наваан, Ж.Солонго нар “Монголын баримтат киноны түүхэн товчоон” номондоо бичжээ.   Р.Доржпалам найруулагч “Гурван найз” киногоороо хүүхдийн киноны, ”Алтан өргөө” киногоороо үлгэрийн киноны   эхийг тавьсан бол   “Тунгалаг тамир”   3   анги  киногоороо түүхэн туйлсийн томоохон бүтээлийг өргөн дэлгэцээр анх дэлгэж, ”Өндөр ээж”, ”Говийн зэрэглээ” кино нь хүний сэтгэлийн ариун сайхныг энгийн мөртлөө,үзсэн хүнд үлгэр авахаар утга төгөлдөр гаргасан. Р.Доржпалам 1962 онд А.Арбузовын ”Эрхүүд болсон явдал” жүжгийг Улсын Хүүхэд Залуучуудын театрт, 1967 онд Э.Войничийн “Соно” жүжгийг Улсын Драмын Театрт найруулсан, тайз, дэлгэцийн ямарч төрлийн бүтээлийг чадамгай амилуулдаг тал бүрийн авьяас шингээсэн олонд хүндлэгдсэн нэр нэвтэрхий найруулагч байлаа. Р.Доржпалам бол зөвхөн кино урлагт биш монголын соёл, урлагийг бүхэлд нь эн тэнцүү хөгжүүлэхийн төлөө тэмцэж, мэрийж, зүтгэж, хэрэгжүүлж, бурхан үеэ зөвхөн залгамжлан авсан биш дараачийн үедээ өвлүүлж дээдэлж явсан ачтан билээ. Р.Доржпаламын хөдөлмөр бүтээлийг үнэлж Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 1974 онд шагнасан юм.

Р.Доржпаламын бүтээсэн уран сайхны киног нэрлэвэл:

  1. Бидэнд юу саад болж байна                 1956
  2. Гурван найз                                               1958
  3. Морьтой ч болоосой                               1959
  4. Салхины амт                                             1960
  5. Алтан өргөө                                               1961
  6. Энэ хүүхнүүд үү                                       1963
  7. Сэтгэлийн дуудлагаар                           1965
  8. Нөмрөг хадны цуурай                           1966
  9. Өндөр ээж                                                 1968
  10. Тунгалаг тамир / 3 анги /                    1970-1973
  11. Шинэ хотын гэрэл                                 1976
  12. Тэнгэрийн муухай арилдаг                 1978
  13. Говийн зэрэглээ                                     1980
  14. Тэмцлийн оч                                            1981
  15. Саруул талын ерөөл                               1984
  16. Мөнгөн буйл                                             1985
  17. Харуул занги                                            1986
  18. 18. Хэцүү даалгавар                                1989                 
Close
Close