Монгол улсын Гавьяат жүжигчин
Мятавын Бадамгарав
/Жүжигчин/
/1919- /
Мятавын Бадамгарав нь 1919 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрж бусдын нэгэн адил гэрээр хүмүүжиж байгаад 15 настайдаа аймгийн клубт сайн дурын уран сайханчаар оролцох болжээ. Тэнд цөөн жил ажиллаад 1938 онд ах М. Бадамбазарыгаа даган нийслэл Улаанбаатар хотод ирж Хүн эмнэлэгийн сувилагчийн сургуульд орсон боловч багаас жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн Бөмбөгөр ногоон театрт орохдоо э. Оюун, Д. Бат-Очир,Д. Ичинхорлоо, В. Борейшо нарт шалгуулан тэнцжээ.Ийнхүү дагалдан жүжигчнээр 1938-1941 онуудад ажиллаж байгаад 1942 онд Урлагийн хорооны томилолтоор Дундговь аймгийн клубт найруулагчаар түр ажиллаж ирээд 1942-1959 онуудад Төв театрт жүжигчнээр ажилласны дээр 1959-1961 онд УАДБЧ-ын дарга, Уран сайхны удирдагчаар ажиллаж байхдаа үндэсний хөгжим үйлдвэрлэх эхлэлийг тавьжээ. М. Бадамгарав нь анх 1942 онд Монголын уран сайхны “Сүхбаатар” киноны нүүдэлчин айлын охин Долгор гэдэг эмэгтэйн дүрд тоглосноор кино жүжигчин болох анхны алхмаа эхэлсэн бөгөөд энэ нь өөрт дурсагдах мартагдашгүй дурсгал болжээ. Үүнийхээ ачаар эрч хүч, авьяас билэгээ киноны уран бүтээлд зориулан олон сайхан дүр бүтээжээ. М. Бадамгарав Монгол кино үйлдвэрт ажиллаж байхдаа жүжигчин, найруулагчийн ажлыг дагнан хийж байсны дээр орчуулгын киноны жүжигчдийг сургахад туршлага, мэргэжлээ харамгүй зарцуулж байв. Тэрээр 1947 онд анхны удаа гадаадын киног өөрийн хэлэнд хөрвүүлэхэд оролцсон хамгийн туршлагатай жүжигчний нэг юм. Түүнээс хойш орчуулагын 200 гаруй кинонд дуу оруулсан байна.”Сүхбаатар” киноноос хойш 1955 “Гэм нь урдаа”, 1959 онд “Ардын эпч”, 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд”, 1962 онд “Толбот хивс”, 1963 онд “Аман хуур”, 1966 онд “Нөмрөг хадны цуурай”, 1968 онд “Өглөө”, 1970 онд “Талын цуурай”, 1980 онд “Өнөр бүл” зэрэг 30 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон. “Аман хуур” киноны Дарь, “Өглөө” киноны Тогмидийн ээж Бадам, “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын авгай гурвуулаа аль аль нь гэрийн эзэгтэй боловч дүр төрх, зан араншингийн хувьд өөр хүмүүс харагддаг. Дарь бол хувийн өмчийн хатуу үзэлтэй ганцаар бүхнийг захирах хүсэлтэй бол Бадам нь шулуун шударга өмнөө тавьсан чиг зорилттой ухаалаг хүлээцтэй бол нөгөө авгай нь нилээд хээнцэрдүү байдалтай болсноороо энэ гурван дүр үзэгчдэд ихэд үнэлэгддэг. Энэ нь түүний хийсэн эрэл хайгуул, олсон олз, нээлт амьдралын баялаг туршлага, жүжиглэх уран чадвар, тоглох нам ба аястай холбоотой бөгөөд бие сэтгэл ухааны үйлчлэлийг тэнцүүхэн гаргаж энгийн тоглодог учраас үзэгчдэд ихээр үнэлэгддэг ажээ.Тэрээр зөвхөн кино жүжигчин төдийгүй театрын тайзнаа ч олон сайхан эмэгтэйн дүрийг бүтээсэн билээ. Үүнээс дурдвал: “Сүрэг чоно”, “Мандухай цэцэн хатан”, “Цогийн идэр нас”, “Шарай голын гурван хаан”, “Тожоо жолооч”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Эмч нар” зэрэг юм. Түүгээр ч барахгүй Монгол хэл нээ орчуулагдан тавигдсан жүжгүүдийн олон гадаад эмэгтэй дүрийг чадварлаг бүтээсний жишээ нь “Отелла”, “Орос хүн”, “Аянга”, “Намайг хүлээ”, “Кремлийн цаг”, “Лениний гэр бүл” зэргийг дурдаж болно. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж 1956 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цол олгожээ.