Минжүүрийн Лувсанжамц

  • 2015 оны 02-р сарын 17 өдөр, 10 цаг 59 минутад нийтэлсэн

Минжүүрийн Лувсанжамц

/Кино найруулагч, жүжигчин  /

М.Лувсанжамц

Цогт тайж киноны ерөнхий найруулагч М.Лувсанжамц 1908 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумын 1-р багийн нутагт төрсөн бөгөөд бага сургууль, мал эмнэлгийн техникум, Москвад В.А.Лунарчарскийн нэрэмжит  театр урлагийн  дээд сургуульд 4 жил гаруй суралцсан мэргэжлийн найруулагч байлаа. М.Лувсанжамц 1938 оноос хойш Төв ба цэргийн театрт найруулагчаар ажиллаж байхад нь Улсын Уран Сайхны Хэргийг Эрхлэх газраас “Цогт тайж” киноны ерөнхий найруулагчаар томилсон бөгөөд энэ даалгасан үүргийг нэр төртэй биелүүлж чадсаныг батлан киног бүтээгчдийн дуурьсах нэрийн бичигт ерөнхий найруулагч М.Лувсанжамц гэж байдгийг эс анзааран Монголкино үйлдвэрийн уран сайхны удирдагчаар ажиллаж, энэ киног гаргах үүргийг захиргааны өмнө хариуцаж байсан сургагч Ю.В.Таричийг ерөнхий найруулагчаар ажилласан мэтээр тайлбарлаж, бичиж, зааж байгаа нь харамсалтай. М.Лувсанжамц нь Найруулагчийн мэргэжлээс гадна жүжигчний мэргэжлийг сайн эзэмшсэн, ялангуяа киноны туслах дүрүүдийг оновчтой, сэтгэлд үлдэхээр бүтээдэг нь олон найруулагчийн хараанаас гарсангүй. Ямарч тохиолдолд жижиг дүр гол дүрээ улам товойлгон гаргахад онцгой чухал байдгаас тийм дүр бүтээгчийг сонгож олох нь гол дүрийн жүжигчнээ сонгохоос хэцүү гэж туршлагатай найруулагчид ярьдаг. М.Лувсанжамц “Аймшиггүй эх оронч”, ”Гэмшил зэмлэл” киноны  гол дүрд тоглосноос  гадна “Цогт тайж”, “Өндөр ээж”, “Төөрсөөр төрөлдөө”, ”Нийслэл хүү”  зэрэг олон  кинонуудад туслах дүрүүд бүтээснээс гадна зөвхөн “Цогт тайж” кинонд өөр, өөр гурван туслах дүр Аксакал өвгөн /Хуланг цонхоор гаргадаг/, Намчин Чойжин, Хун тайжийн ордонг шатаасан лам хувцас өмссөн дайсны цэргийг харахад л түүнд ямар их авьяас чадал байсныг төдөлгүй ойлгоно. Засгийн газрын  даалгаврыг үлгэртэйгээр биелүүлж “Цогт тайж” киног өөрийн хүчээр анх удаа гүйцэтгэснийг сайшаан М.Лувсанжамцыг Алтан гадас одонгоор 1945 оны 11-р сарын 28-ны өдөр хуралдсан Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 109-р тогтоолоор шагнасан билээ. М.Лувсанжамц найруулагч урлан бүтээхийн ид цогтой өрнүүн үедээ тухайн цагийн хэлмэгдлийн салхинд өртөн тусгаардмал орчинд өнгөрөөж, өнгө зүс гундсан өтөл буурал насандаа 1964 оны 7-р сарын 1-нд жүжигчнээр “Монголкино” үйлдвэртээ томилолтоор ирснээс хойш “Торгуулийн цохилт” /1964/, “Хөх цөцгийн бүх цэрэг” /1965/, “Цэргийн эцэг” /1966/, “Хатан зоригтон” /1-2-р анги,1968/, “Илд бамбай” /1-р анги,1969/ кинонуудын орчуулгын найруулагчаар ажилласны дээр 1966 оны нэгдүгээр сараас баримтат киноны найруулагчийг давхар хийж яваад 1969 онд насныхаа амралтанд гарсан бөгөөд тэр 1948 онд ”Тосгоны багш”, 1949 онд “Жинхэнэ хүний тууж” киног найруулагч Б.Гомбо, М.Болд нартай хүч хавсран анхны орчуулгын кинонуудыг найруулж явсан туршлагатай нэгэн юм.  

М.Лувсанжамцын найруулсан уран сайхны киноны жагсаалт:

1. Аймшиггүй эх оронч – 1942 он

2. Морин цэрэг танкист – 1942 он

3. Цогт тайж – 2 анги -1945 он

Баримтат киноны жагсаалт :

1. Майн 57н жил -1945 он

2. Зун ба түүн рүүгээ хэрхэн эсэргүүцэж буй – 1945 он

3. Тусгаар тогтносон Монгол улс – 1946 он

4. Майн – 58н жилийн  ой – 1947 он

5. суртал ухуулга – 1948 он

6. Чойбалсан аймагт – 1948 он

7. Өвлийн өнгө – 1948 он

8. Майн – 59н жилийн ой – 1948 он

9. Барилгийн тухай – 1948 он

10. Улсын 27н жилийн ойн баяр – 1948 он

11. Октябрийн баярын 31н жилийн ой -1948 он

12. Ерөөлч , магтаалч нар – 1948 он

13. Улсын 9-р их хурал – 1949 он

14. Манай зам – 1949 он

15. Октябрийн 32н жилийн ой – 1949 он

16. Мал ба хөдөө аж ахуйн сайдчуудын 3-р зөвөлгөөн – 1948 он

17. Соёл түгээгч – 1966 он

 

Ангилал: