Ламжавын Найдан

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт

Ламжавын Найдан

/Дууны найруулагч /

/1910-1984 он /

Монгол киноны ахмад ажилтан Л.Найдан 1910 онд одоогийн Завхан аймгийн Жавхлант сумын нутагт жирийн малчин Ламжавын хүү болон төрж 10 нас хүртлээ эцэг эхийн хамт амьдарч байгаад 1929-1930 онд Улаанбаатар хотод ирж Багш нарыг бэлтгэх түр сургуульд суралцан төгсөжээ.   1933 онд цэргийн албанд сайн дураар явж. 1939 оны эхээр цэргээс халагдаж Монгол кино үйлдвэрт оржээ. Ажилд ороход гардан авсан хүн бол анхны кино зураглаачийн нэг, дууны оператор С.Дэмбэрэл байлаа.Тэр үед дуу, дүрсийг нэгэн зэрэг авдаг Францын “ТАNAR” гэдэг нүүдлэн авч явдаг аппарат байсан бөгөөд дуу бичих мэргэжилтнээр Львова гэдэг орос эмэгтэй ажиллаж байв. С.Дэмбэрэл нь Монголкиноны хамгийн анхны дууны оператор бөгөөд энэ мэргэжлийг гаргуутай эзэмшсэн нэгэн байсныг үгүүлсэн билээ. Л.Найдан дууны операторын мэргэжлийг С.Дэмбэрэлийг дагалдан суралцаж байгаад 1940 онд Зөвлөлтөөс уригдан ирсэн дууны оператор Борис Васильевич Лыткинд давхар шавь орж ажилласнаар үе дамжсан дууны сайн операторуудыг хойч үедээ үлдээж өгсөн, бууршгүй авьяаст, мөнхөд дурсагдах ачлалт сайн багш юм.1944 оны 10 дугаар сарын 20-ноос дууны тасагт сургагчаар ажилласан С.В.Ключевскийн авьяас мэдлэг, туршлага ч ихээхэн нөлөөлжээ.Л.Найдан Монголкино үйлдвэр дуу бичлэгийн анхны дээд мэргэжилтэнтэй болсон 1962 оныг хүртэл хагас жарны турш киноны  дээд мэргэжил шаардах энэхүү ажлыг үлгэрлэн үүрч, бас дууны тасгийн эрхлэгчийн ажлыг давхар хааж явсан юм.Л.Найдан дуу бичлэгийн гаргуутай сайн мэргэжилтэн байсан төдийгүй авьяаслаг зохион байгуулагч байжээ.  Л.Найдангийн мэргэжлийн ур чадварыг үнэлэн Урлагийн Хэрэг  Эрхлэх Газрын даргын 1949 оны 3-р сарын 3-ны 9 тоот тушаалаар Кино үйлдвэрийн уран сайхны зөвлөлийн гишүүнээр тохоон томилж байв. Л.Найдан олон арван баримтат болон орчуулгын киноны дууны оператороор ажилласан тул энд тэр болгоныг жагсаан бичилгүй зөвхөн уран сайхны киног жагсаавал:

1940 он ”Тарваган тахал” /сургалтын/

  1. 1942 он ” Аймшиггүй эх оронч” /А.Гальперины хамт/
  2. 1942 он “Морин цэрэг танкист” /А.Гальперины хамт/
  3. 1942 он “Хил дээр гарсан хэрэг” /А.Гальперины хамт/
  4. 1945 он “Цогт тайж” 2 анги /Ө.Чойжилсүрэн, С.Ключевскийн хамт/
  5. 1956 он “Манай аялгуу”
  1. 1957 он “Сэрэлт” /Л.Гаваагийн хамт/
  2. 1959 он “Ардын элч” / Л.Гаваагийн хамт/
  3. 1959 он “Морьтой ч болосой”
  4. 1962 он “Хөхөө гэрлэх дөхлөө”
  5. 1963 он “Толбот хивс”
  6. 1963 он “Энэ хүүхнүүд үү”
  7. 1965 он “Хүний мөр”
  8. 1966 он “Үер”
  9. 1967 он “Төгсгөл” хамтарсан кино / Федоровын хамт/
  10. 1970 он “Талын цуурай”
  11. 1971 он “Улаан дарцаг”
  12. 1971 он “Тэмцэл”
  13. 1973 он “Чимгээгийн төрсөн өдөр”
  14. 1973 он “Туяагийн бичээгүй захидал”
  15. 1974 он “Тамирын охин”
  16. 1974 он “Хөдөөгийн баясгалан”
  17. 1977 он “Хөх ногооны униар”

    Монголкиноны дуу хоолой болж, түмэнд түгээгч, дуун зураглаач Л.Найданы зүтгэл бүтээлийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, ”Хөдөлмөрийн хүндэт медаль” бусад хүндэтгэлт ойн медаль тэмдгүүд болон Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасны дээр манай анхны “ударник” цолтны нэгэн байлаа.

Close
Close