Цэвээний Зандраа

  • 2015 оны 02-р сарын 17 өдөр, 11 цаг 09 минутад нийтэлсэн

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн

Цэвээний Зандраа 

/Баримтат киноны найруулагч /

/1919-2009 он /

Ц.Зандраа    Монголкиноны ахмад зүтгэлтний нэг Ц.Зандраа 1919 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотноо төржээ. Ц.Зандраа 1936 онд Багшийн сургуулийг төгсөн Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургууль, Санхүүгийн техникумд багшилж байгаад 1943 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд явахын өмнөхөн Кино үйлдвэрийн босгыг алхаж ирээдүйн амьдрал үйлсээ энэ урлагтай холбожээ. Ц.Зандраа бага залуу наснаасаа уран зохиолыг сонирхон “Үндэсний соёлын зам” сэтгүүл болон “Ардын үндэсний эрх” сонинд шүлэг өгүүллэгээ хэвлүүлж олны хүртээл болгож байжээ. Ц.Зандрааг сургууль төгсөөд ирэнгүүт үндсэн мэргэжлээр нь ажиллуулах болсонч цаг үеийн шаардлагаар баримтат киноны найруулагчаар давхар ажиллуулах боллоо. 1954 онд өөрийн зохиосон “Шинэ жил” киногоо найруулж,1955 онд “Гэм нь урдаа” кино зохиолоо бичсэн нь манай нийгэмд оршиж байсан дутагдлыг шүүмжлэн хувь хүн амьдралд идэвхтэй байрнаас бүтээлчээр хандаж байхын чухлыг сурталчилсан анхны алхам болсонд бүтээлийн үнэ цэнэ нь байлаа.Дараа нь “Манай аялгуу” кино зохиолыг Э.Оюуны хамт бичсэн бөгөөд зохиомжийн өрнөл нь хүрээлэн буй байгаль орчны тансаг сайхныг дуулж байгаа дууныхаа дэвсгэр болгон үзүүлсэн анхны кино концерт гэдгээрээ шинэлэг болсон билээ. Ц.Зандраа баримтат киноны бүхий л төрлөөр шахам ажилласан туршлагатай нэгэн бөгөөд 1951 онд өөрийн орны 30 жилийн хөгжлийн түүхийг харуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээх бүрэн хэмжээний 9 бүлэг анхны өнгөт баримтат киног Зөвлөлт улсын баримтат киноны төв студитэй хавсран найруулагч М.Трояновскийн хамт бүтээсэн нь олны сэтгэлд нийцсэн сайн кино нийтлэл болсныг мэргэжлийн шүүмжлэл, судлаачид өндрөөр үнэлсэн байдаг.Ц.Зандраа 1962 онд монголын  кино  урлагт  анх  “Хоёр найз”  хэмээх  хүүхэлдэйн киног туршин хийж байсан бол 1966 онд ”Эртний нутгийн солонго” кинондоо Сүхбаатар жанжины амьд сэрүүн байх үеийн дүрийг Москвагийн дүүрэгт багтдаг “Красногорск” тосгоны “Баримтат киноны төв архив”-ын сан хөмрөгөөс олж хийсэн нь түүхэнд үлдэх гавьяа юм. 1965 онд “Гэмшил зэмлэл” 2 бүлэг киноны зохиолыг бичиж өөрөө найруулсан бөгөөд  анхаарал болгоомжгүй байвал ямар аюул, их хохирол авчирч болохыг сэрэмжлүүлжээ.1971 онд “Миний монгол” нэртэй бүрэн хэмжээний баримтат киног ЗХУ-тай хамтран хийхээр 1970 оны хавар Ц.Зандраа, П.Лувсанцэрэн нар бичсэн зохиолоо Москвад очиж хамтран ажиллах уран бүтээлчид болон холбогдох хүмүүст танилцуулж, санал солилцох зорилгоор очсон Ф.Киселев,Ц.Зандраа нарын бүтээсэн   ” Миний монгол ”   7  бүлэг баримтат кино бол Монгол Улсын 50 жилийн хөгжлийн онцлог үйл явдлыг он дараалалын түүхэн баримтаар баталгаажуулан гаргасан нэг ёсны тайлан байлаа  Түүний бүтээсэн олон арван киноны дийлэнх нь Монголын түүхэн хөгжлийг тал бүрээс нь тусгасан баримтат кино байдгаас  үзсэнч Ц.Зандраа өөрөө Монголын баримтат киноны дэлгэрэнгүй толь болсон зохиолч, найруулагч билээ. Иймээс түүний Монголын кино урлагт оруулсан гавьяа зүтгэлийг төрөөс үнэлэн ”Хөдөлмөрийн гавьяа”-ны одон,”Алтан гадас” одон болон бусад олон медалиудаар шагнасны дээр “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол хүртээсэн юм.

Ц.Зандраагийн найруулсан уран бүтээлийн жагсаалт:

1. Румины жүжигчидын концерт – 1953 он

2. МАХН-н 13-р их хурал – 1958 он

3. Улаанбаатар – 1960 он

4. Төлөөр мал өснө – 1962 он

5. Матад сумын соёл хөдөлмөрийн брагид – 1963 он

6. Эртний нутгийн солонго – 1966 он

7. Уран нугараач Норовсамбуу  – 1967 он

8. Мөнхийн холбоо – 1967 он

9. Энх тайваны манаа – 1968 он

10.Найрамдлын гэрээ хэлэлцээррйин 50н жил – 1971 он

11. Афикнистаны цог жавхлант Ван манай оронд – 1971 он

12. Миний монгол – 1971 он

13. Нэхмэлчин Гүнжлхам – 1972 он

14.Манай зохиолчид – 1973 он

15. Шийдвэрлэх он – 1974 он

16. Манай орны нэг өдөр – 1974 он

17 .Их ойн өдрүүд – 1975 он

18. Фрүнзын фестиваль – 1975 он

19. Хурц халдварт гепатит өвчин – 1975 он

20. МАХН хоёр их хурлын хооронд – 1976 он

21 . Эх орны төлөө – 1977 он

22. Говь – 77 -1978 он

23. Найрамдалт дружба -1977 он

24. Социолист хамтын нөхөрлөл – 1979 он

25. Халх голын – 40н жил  – 1979 он

26. Номин хөх тэнгэр – 1981 он

27. Эрдийн золбоо – 1981 он

28. Манай холбоо өчигдөр , өнөөдөр – 1982 он

29. БНСЧУ- н соёлын өдрүүд манай оронд – 1983 он

30. Энх тайваны төлөө- 1983 он

31. Холбооны шугам кабелын хамгаалалт – 1984 он

32. Монгол кино – 50 жил – 1985 он

 

 

 

 

Ангилал: