Батын Болд
/Ерөнхий зураач/
Батын Болд 1944 онд Улаанбаатар хотод төрсөн. 1953-1963 онд Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуулийг дүүргэн, 1963-1969 онд ЗХУ-ын Москва хотод В.И. Суриковын нэрэмжит Уран зургийн академид профессор К.А. Тутиволийн урланд Монументальд суралцан, уран зургийн зураач мэргэжлээр төгссөн. 1969-1973 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны Завхан аймаг дахь салбарт зураач, салбарын эрхлэгч, 1973-1993 онд “Монгол кино” нэгтгэлд хослол зургийн зураач, уран сайхны киноны ерөнхий зураачаар тасралтгүй 24 жил ажилласан юм. Б.Болд нь 1993 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллах хугацаандаа шинийг эрэлхийлсэн олон арван сонирхолтой зургуудаараа ОХУ, Болгар, Унгар, Чех, Румын, Польш, Япон зэрэг улсын үзэсгэлэнгүүдэд оролцож, Монголын дүрслэх урлагийг гадаад оронд сурталчилахад үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм. Үүний тод баталгаа нь 1993 онд Норвеги улстай хамтарсан “Нарлаг Монгол” үзэсгэлэн, 1994 онд Япон улсад гаргасан үзэсгэлэнгийн “Халх голын алим” зэрэг бүтээлүүдээрээ уран зургийн шагнал хүртэж, “Талын Уянга”, “Зураач халх голд”, “Цогт тайж”, “Бум хурандаа” зэрэг бүтээлүүд нь Монголын үндэсний галарей, Монголын урчуудын эвлэлийн хорооны фонд, Театрын музей, Дүрслэх урлагийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Зураач Б.Болд нь одоо Монгол кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтсан “Гайхамшигт дэлгэц” цуврал нэвтрүүлгийн ерөнхий зураач, “Монгол кино” нэгтгэлийн хийж байгаа шинэ уран бүтээл болох Ардын уран зохиолч Б.Догмидын зохиол “Талын зам-505” уран сайхны киноны ерөнхий зураачаар тус тус ажиллаж байна. Мөн сүүлийн жилүүдэд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Жигжид, урлагийн гавъяат зүтгэлтэн зураач П.Цогзолын хөрөг бүтээсний зэрэгцээ “Сумо” цуврал, “Хүннү” гурамсан зураг, УГЗ, АЖ, Төрийн соёрхолт Д.Жигжидийн хөрөг, Анхны галт тэрэг шинэ өртөөн дээр, зөвхөн цаг хугацаа үнэнийг шүүнэ, МУАЖ А. Дашпэлжээгийн хөрөг, УГЗ, АЖ, Г.Жигжидсүрэнгийн хөрөг, зэрэг уран зургийг бүтээгээд байна.Б.Болдын хөдөлмөр бүтээлийг Төр засгаас өндрөөр үнэлж “Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиар”, “Алтан гадас” одон, “Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан болно.
БАТЫН БОЛДЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
Ерөнхий зураачаар ажилласан кинонууд :
- Суварган цэнхэр уулс 1979 он
- Бушхүүгийн үлгэр 1979 он
- Говийн зэрэглээ 1980 он
- Нарны унага 1984 он
- Эргүүлэг 1989 он
- Хачин хүн 1989 он
- Домог жаргасан цаг 1993 он
- Жирийн хүмүүс 1994 он
- Еэ еэ Шар Буд 1994 он
- Хааны сүүлчийн хатан” 2000 он
Хослол зургийн зураачаар ажилласан кинонууд :
- Дамдины сүхбаатар 1971 он
- Зуслангийн найзууд 1975 он
- Алтан соёмбын дуулал 1975 он
- Дэгдээхэй насны тууж 1977 он
- Их замын тоос 1978 он
- Бушхүүгийн үлгэр 1979 он
- Говийн зэрэглээ 1980 он
- Хатанбаатар Магсаржав 1981 он
- Тэмцлийн оч 1982 он
- Сахиул уу сахиус уу 1983 он
- Сархад савнаасаа бусдыг дийлдэг 1985 он
- Ацаг шүдний зөрөө 1985 он
- Мандухай цэцэн хатан 1985 он
- Би чамд хайртай 1985 он
- Их замын тоос 1985 он
- Манай цүндгэр 1985 он
- Халгай 4 1986 он
- Мартагдашгүй намар 1987 он
- Мандах нарны туяа 1987 он
- Модон могой 1991 он
- Мөнх тэнгэрийн хүчин дор 4 ангит 1992 он
- Загийн алим 1994 он
Хувцасны зураачаар ажилласан кинонууд :
- Анхны хайрын дууль 1975 он
- Хүний төлөө 1976 он
- Чонын дурлал 2008 он
- Талын зам” 2013 он
Баримтат кинонд зураачаар ажилласан кинонууд :
- Найрамдал дружба 1977 он
- Сархад савнаасаа бусдыг дийлдэг 1977 он
- ЗСБНХУ-ын соёлын өдрүүд 1978 он
- Ард түмний хүү 1978 он
- Алдарт жанжин Жуков 1979 он
- Энэрэнгүй үйлстэн 1979 он
- Их Лениний заасан замаар 1980 он
- Цирк 1981 он
- Хос уянга 1982 он
- Газрын шим 1982 он
- Бүхнийг хүүхдийн төлөө 1984 он
- Өнөөгийн Эрдэнэт 1984 он
- Марзан Шарав 1985 он
- Хөрсөнд шивэрсэн сүү 1988 он
- Тэмээн жин дээрхи ган зам 1988 он
- Малын тэжээл 1988 он
- Манай оронд айлчилна уу 1988 он