Дуламсүрэнгийн Цэнддорж
/Баримтат киноны найруулагч/
Дуламсүрэнгийн Цэнддорж 1946 онд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт төрж, бүрэн дунд сургууль төгсөөд өөрийн сонирхлоор Монголкино үйлдвэрт 1966 онд туслах найруулагчаар орж Б.Сумхүүгийн “Хил дээр” кинонд ажилласан нь түүний хэтийн мэргэжлийн эхлэл болж 1968 онд Б.Нагнайдорж, Ж.Амаржаргал нарын хамт БХКУДС-д суралцахаар явж 1974 онд баримтат киноны найруулагчийн мэргэжлээр Төгсч ирмэгцээ 8 дугаар 20-ноос Монголкино үйлдвэрт баримтат киноны найруулагчаар ажилласан. Д.Цэнддорж баримтат кино хийх арга туршлагыг заалгасан ном эрдэмтэйгээ хослуулсан бүтээлчээр ажиллаж байсан эд сайхан үед нь “Улаанбаатарын мэдээ”, “Залуучуудын үнэн” сонинуудад автобусын ослын талаар нийтлэгдсэн “Гавьяа” найруулалаас сэдэвлэн өөрийн хийж байсан “Үе тэнгийнхэн” баримтат кинонд оруулах санаа сэднээс хардлага сэрдлэгт орж шийтгэгдэж байсан. Монгол – Зөвлөлтийн найрамдалд харш зүйлд ач холбогдол өгч, эсэргүү цол зүүж, бусад олон сэтгүүлчдийн хамт ажлаас халагдан гудамжинд гаргасан байна. Д.Цэнддорж өөрөө хөөцөлдөн байж СОТ-3-ын барилга угсралтын 2-р ангид орчуулагч багшаар 1979-1981 он хүртэл ажиллаагүй бол хаана ч магадгүй нутаг заагдах магадлал өндөр байсныг бусад нөхдийн жишээ харуулж байжээ. СОТ-3-т ажиллаж байхдаа Соёлын Яамны сайд Д.Цэвэгмэд, орлогч сайд Баатарцогт нартай олон удаа уулзаж хөөцөлсөний хүчинд 1982 онд Монголкино үйлдвэртээ эргэж очсон ч нэг жил хиртэй, үйлдвэрийн хашаа өндөрлөх, диафильмийн үсэг бичих, баримтат кинонд зохион байгуулагч зэрэг аар саархан ажлуудыг хийж байгаад 1983 оноос найруулагчийнхаа ажлыг хийснийг Ц.Наваан, Ж. Солонго нарын 2005 онд хэвлүүлсэн “Монголын баримтат киноны түүхэн товчоон” номонд тодорхой дурьдсан байна.
Дуламсүрэнгийн Цэнддоржын найруулсан уран бүтээлийн жагсаалт:
- 1. Таван одонт тугийн эзэд – 1976 он
- 2. Ган жигүүр – 1975 он
- 3. Сургалтын дэвшилтэд арга – 1976 он
- 4. Сархад савнаасаа бусдыг – 1977 он
- 5. Мөнх найрамдлын бамбар – 1977 он
- 6. Үе тэнгийнхэн – 1978 он
- 7. Курт Вальдхам – 1978 он
- 8. Эв нэгдлийн дуу – 1979 он
- 9. Найрамдлын ая дуу – 1984 он
- 10. Монгол бүжгийн дасгал – 1984 он
- 11. Их говийн тэмээчид – 1985 он
- 12. Уран хатгамал – 1985 он
- 13. Цэлмэг тэнгэрийн харуул – 1985 он
- 14. Тайлбартай дасгал – 1986 он
- 15. Агаарын бохирдол – 1987 он
- 16. Таван хаврын дурсамж – 1987 он
- 17. Соёл түгээгч – 1987 он
- 18. Хожимдсон гэмшил – 1988 он
- 19. Булган хангай бидний бахархал – 1988 он
- 20. МХЗЭ-н бат илэрхийлэл 1988 он
- 21. Зураач Гаваа – 1989 он
- 22. Осол яагаад гарав – 1988 он
- 23. Үүрийн туяа шиг залуу нас – 1989 он
- 24. Сэтгэлийн тэнхээ – 1990 он
- 25. Хорвоо амгалан байг – 1989 он
- 26. Үнэний эрэлд – 1990 он
- 27. Бидний монголчууд – 1990 он
- 28. БНМАУ-н нэрийн өмнөөс- 1991 он
- 29. Ажил нь алдар болох үйлс – 1991 он
- 30. Элгэн садан минь /АНУ-д байгаа монголчууд /- 1991 он
- 31. Төрийн минь сүлд өршөө – 1994 он
- 32. Сэтгэл зорилго нэгтэн – 1995 он
- 33. Гал голомтын эзэд – 1995 он
- 34. Гурван галын монголчууд – 1996 он
- 35. Үлгэр дууссан гэж үү – 1995 он