Чүлтэмийн Төрмөнх
/Киноны техникч /
/1916 он /
Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Хавцал хэмээх газарт 1916 онд төрсөн бөгөөд 1932-1935 онд Багш нарыг бэлтгэх сургуулийг төгсөж тухайн үеийн Архангай аймгийн Заг, Их тамир, Чулуут, Чандмань, Өндөрсант, аймгийн төвийн дунд сургууль, мал эмнэлгийн техникумд багш захирал зэрэг ажлуудыг 1935-1946 онуудад хийж явжээ. 1946 оны 6 сараас кино механикчийн түр сургуулийг төгсгөн Монголкино үйлдвэрийн дууны тасагт мөн оны 11-р сараас дагалдан, дууны туслах оператороор ажиллаж байгаад 1956 онд ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулж эргэж ирэхэд нь Монгол кино үйлдвэрийн даргын 1957 оны 12-р сарын 20-ны 93 тоот тушаалаар2 дууны тасагт дахин бичилтийн техникч, оператороор томилсон юм. 1959 онд шинээр ирсэн дахин бичилтийн КПЗ-9 аппаратыг суурилуулан тавих ажлыг удирдан хийлгэсэн нь түүний мэдлэг, мэргэжлээрээ хэрхэн өссөнийг харуулсан хэрэг байлаа. 1967 оны 5-р сарын 11-нээс хойш Монголкино үйлдвэрийн уурын зуухны механикчаар ажиллуулах тухай үйлдвэрийн даргын 77-р тушаал2 гарч дулаан, цэвэр, бохир усны гадна инженерийн шугам сүлжээ болон дотоод тэжээлийн шугамнуудыг шинэчлэн өөрчлөж төвийн нэгдсэн шугаманд холбох бэрхшээлтэй хүнд ажлыг даалгахад ихээхэн санаачлагатай ажилласан юм.