Дамбын Ганжуур
/Кино зураглаач /
/ 1921-1965 он /
Улаанбаатар хотноо 1921 онд Дамбын дөрөвдэх хүү болон төрсөн бөгөөд эцэг эхийн гар дээр 8 нас хүрч 1929 онд нийслэлийн бага сургуульд суралцан 1932 онд төгссөний дараа 1933 онд нийслэлд байсан Зөвлөлтийн бага сургуульд 3 жил суралцан төгсөөд 1936 оны 6 дугаар сарын 18-нд өөрийн дур сонирхлоор кино үйлдвэрт орж Зөвлөлт улсаас ирсэн мэргэжилтэн А.Лебедевийн дагалданаар суралцаж байтал, 1938 оны 3 сарын 18-нд үйлдвэрийн ажилчдын анкетыг нэрс дараалан шалгасан Шалган хянах комиссын 19-р хурлаас /Тэр үед Дотоод яам болон намын байгууллагаас итгэмжлэн томилсон бүрэн эрхт тусгай комисс гарган албан байгууллага бүрээр оруулж тэдний ажилчдыг нэг бүрчлэн анкет бүртгэлтэй нь тулган хувьсгалын эсэргүү нар шургалсан эсэхийг шалгаж шийдвэр гаргадаг байв С.Б/ эсэргүү Дамбын хүү хэмээн ажлаас зайлуулах шийдвэр гарч халагджээ. Хэдэн сар ажилгүй явж байгаад 1939 оны эхээр Барилга трестэд хэлмэрч, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг 1940 оны 2-р сар хүртэл хийж байтал Кино үйлдвэр татан авч операторын туслахаар ажиллуулжээ. Д.Ганжуур дээд сургуульд явахаасаа өмнө 1942 онд “Аймшиггүй эх оронч”, ”Морин цэрэг танкист” /Д.Жигжидийн хамт/ уран сайхны киноны зураглаачаар ажилласан бол сургуульд суралцаж байх үедээ “Цогт тайж” кино зургийг авахад идэвхтэй оролцсон юм. 1942 онд Зөвлөлт улсад киноны дээд сургуульд саналаараа явж Алма-Ата, Москва хотуудад нүүдлэн байрлаж байсан Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг профессор А. Д. Головнягийн урланд 1948 онд төгссөн монголын анхны дээд эзэмшсэн кино зураглаач болсон бөгөөд Монголкино үйлдвэрт ерөнхий зураглаач, уран сайхны удирдагч, зураглаачийн тасгийн дарга зэрэг хариуцлагатай албыг мэргэжлийн дагуу хашиж байсан билээ. Сургуулиа төгссөний дараа жилээ Унгар улсад болсон Дэлхийн залуучууд оюутны 2-р их хурал, их наадмын зургийг Д.Жигжидийн хамт авсан бөгөөд түүний хийсэн олон арван баримтат киноны талаар Ц.Наваан, Ж.Солонго нарын 2005 онд бичсэн “Монголын баримтат киноны түүхэн товчоон” номд тодорхой бичсэн байгаа. Д.Ганжуур 1954 онд ”Шинэ жил” /Д.Жигжидийн хамт/, 1956 онд ”Бидэнд юу саад болж байна”, 1958 онд “Гурван найз” уран сайхны бүрэн хэмжээний кинонуудын зураглаачаар ажилласан мэдлэг, мэргэжил , сэтгэлгээ сайтай, ёстой бидний ярьж сурснаар боловсон хүн байсныг манай кино үйлдвэрийн ахмадууд болон зураач Л.Намхайцэрэн, жүжигчин Ичинхорлоо хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн нарын зэрэг нэр цуутангууд ярьж байхыг олонтой сонссон билээ. Д.Ганжуур уран зохиол, дүрслэх урлаг, гэрэл зураг, хөгжим гээд урлагийн ямарч төрөлд жигд мэдлэгтэй учраас ямарч хүн түүний ярьж хэлэхийг бишрэлтэй сонсож, хайрлан хүндэлдэг байлаа. Д.Ганжуурын аавыг гэнт баривчлан сураг чимээгүй алга болгосон, төрсөн эгч Батсүхийн нөхөр Дамбадоржийг эсэргүү хэмээн хэлмэгдүүлсэн, бас өөрийг нь эсэргүүний үр хүүхэд гэж гадуурхан, ариун цагаан сэтгэлд нь хичнээн хар толбо хадаж байсныг тэр л өөрөө дотроо шингээж төрсөн орныхоо хөрсөнд шингэсэндээ хөөрхий.
Д.Ганжуурын зураглаачаар ажилласан уран сайхны киноны жагсаалт:
1. Тарваган тахал – 1940 он
2. Аймшиггүй эх оронч – 1942 он
3. Морин цэрэг танкист – 1942 он
4. Цогт тайж 2 анги – 1945 он
5. Шинэ жил – 1954 он
6. Бидэнд юу саад болж байна – 1956 он
7. Гурван найз – 1958 он
Баримтат киноны жагсаалт:
1. Хонжворт сугалаа – 1941 он
2. Хэрэв дайсан халдваас – 1941 он
3. Майн 53 жил – 1942 он
4. АХ-ын 25-н жилийн ойн баяр наадам – 1945 он
5. Октябрын хувьсгалын 29 н жилйин ой – 1946 он
6. Майн 60н жилйин ой – 1949 он
7. Дэлхийн залуучууд оюутаны 2-р их наадам – 1949 он
8. Төмөр замын тухай – 1949 он
9. Октябрын 32 жилийн ой – 1949 он
10. Монгол зөвлөлтийн найрамдлын сар – 1952 он
11. Солонгосын жүжигчидын тоглолт – 1952 он
12. Монгол хятадын нөхөрлөлийн 10 хоног – 1952 он
13. Румийний жүжигчидын тоглолт – 1953 он
14. Монгол зөвлөлтийн найрамдлын сар – 1955 он
15. Монгол ардын хувьсгалын 34н жилийн ой – 1955 он
16. Дэлхийн залуучууд оюутаны 5-р фестиваль – 1955 он
17. Төл хүлээн авалт – 1954 он
18. Тэргүүний сайн малчны 4-р зөвөлгөөн – 1954 он
19. Биеийн тамирчид – 1955 он
20. Эрдэнэ шишийг анх удаа тариалаж буй- 1955 он
21. Хүндэт зочид – Отто Гротевольд – 1956 он
22. Анд нөхдийн туслалацаа /хятад ажилчид монгол ажилж буй тухай / -1956 он
23. Найрамдлын зам – 1956 он
24. Анхаар №1 – 1956 он
25. Октябрын 40н жилийн ой – 1957 он
26. Ууган аж ахуй – 1957 он
27. 36н жилийн ой – 1957 он
28. Энэтхэгийн зочин – 1957 он
29. Их нөхөрлөл 6-р фестиваль – 1957 он
30. МАХН- 13р их хурал – 1958 он