“БНМАУ”– 9 бүлэг, 35 мм-ийн, анхны өнгөт, дуутай баримтат кино.Үргэлжлэх хугацаа 1 цаг 22 минут 11 сек. Ардын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан 1951 онд монгол, орос хэл дээр бүтээгдсэн. “БНМАУ” баримтат киноны дүрсний негатив хальс 9 бүлэг, дууны негатив хальс 9 бүлэг, лаванд хальс 6 бүлэг, контратип хальс 9 бүлэг, дуутай позитив хувь 9 бүлэг, нийт 42 бүлэг, мөн монтажийн хуудас архивт хадгалагдаж байдаг. /47 хуудас/
Зохиолыг: Ц.Зандраа, М.Трояновский
Найруулагч: М.Трояновский
Операторууд: Д.Ганжуур, С.Гусев, Б.Дэмбэрэл, Д.Жигжид , Л.Котляренко,
А.Сологүбов, М.Трояновский,Е.Яцун
Композиторууд: С.Гончигсумлаа,В.Гевиксман
Дууны операторууд: В.Котов, К.Никитин
Ассистент: Б.Дашдорж
Тайлбарыг бичсэн: Ю.Смирнитский, Ц.Зандраа
Уншсан: С.Ишлувсан
Зургийн дарга: Т.Хүрлээ, М.Бессмертный
Монгол кино студи ба баримтат киноны улаан тугийн одонт Төв студээс хавсран үйлдвэрлэв.
Улаанбаатар- Москва.1951 он
“БНМАУ” баримтат киног ЗХУ-ын баримтат кино студитэй Монгол кино үйлдвэр 1951 онд хавсран бүтээжээ. 1921-1951 оны Монгол улсын 30 жилийн түүхийг харуулж чадсан энэхүү кино нь Чех улсын Карловы-Вар хотноо болсон олон улсын кино наадмын хөгжмийн диплом хүртэж байжээ. /Ч.Дашдондог “Монголын киноны түүхэн тэмдэглэл/” УБ.1978 он/.
Цэвээний Зандраа/1919-2019/-УГЗ,кино зохиолч, найруулагч Ц.Зандраа “Баримтат кино хальсанд шингэсэн хуулбарлагдсан бүх зүйл бол амьдрал өөрөө юм” гэж хэлжээ. Ц.Зандраа, М.Трояновский нар ”БНМАУ” баримтат киноны зохиолыг бичиж, Ю.Смирнитскийтэй хамтран киноны тайлбарыг бэлтгэсэн байна.


Марк Анто́нович Трояновский/1907-1967/-1907 онд Санкт-Петербург хотод төржээ. М.А.Трояновский кино найруулагч,оператор,эх орны дайны үеийн фронтын оператор билээ.ЗСБНХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн /1965 он/, Сталины нэрэмжит шагналаар /1947,1948 он/ 2 удаа шагнагдсан. М.Трояновский “БНМАУ” баримтат кинонд найруулагч Ц.Зандраатай хамтран зохиолыг бичиж, уг киноны найруулагчаар, мөн оператороор ажиллажээ.






Сергей Евтеевич Гусев/1897-1984/-1897 онд Москва хотын тойргийн Паткино тосгонд нэхмэлчний гэрт төрсөнС.Е.Гусев баримтат киноны оператор, эх орны дайны үеийн фронтын кино оператор, ЗСБНХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн,Сталины нэрэмжит шагналт. С.Е.Гусев эх орны дайны жилүүдэд дайны үйл явцын зураг авч, фронтын кино группыг удирдаж ажиллаж байжээ. 1918 оноос Коммунист намын гишүүн, ЗСБНХУ-ын Кино урлагийн зөвлөлийн гишүүн байсан. В.И.Лениний оршуулгын зураг авах ажлыг удирдсан. 1984:09.25-нд Москва хотод таалал төгсжээ. С.Е.Гусевын олон арван уран бүтээлийнх нь жагсаалтад “Современная Монголия”-“Орчин үеийн Монгол улс” 1938 он, “Халхин-Гол”-“Халх гол” 1939 он, “Монгольский народ — Красной армии”-…1943 он,”Монголия”-“БНМАУ” 1951 он баримтат кинонууд багтсан байдаг.
Эх орны дайны үед 1942 онд маршал Х.Чойбалсан Зөвлөлтийн ард түмэнд Монголын ард түмний бэлэглэлийг гардуулахаар очиход С.Е.Гусев уулзаж, маршал түүнтэй удаан ярилцсан ба түүнийг дайн дуусахаар УБ хотод зочилохыг урьжээ. 1951 онд Гусев Монголд ирж, энэхүү баримтат киног хийхэд оролцжээ. С.Е.Гусевыг БНМАУ-ын “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одонгоор 3 удаа, “Найрамдал” медаль, “Халх голын хүндэт тэмдэг”-ээр шагнасан байдаг.


Яцун Евгений Павлович/1918-1998/- 1918 онд Кубань хотод төрсөн..Кино найруулагч, кино оператор.Заводын өрөмдөгч,аж үйлдэврийн нормчин,мастер,операторын туслахаас амжилтанд хүрсэн.1941-1942 он эх орны дайны жилүүдэд Москва хотын хамгаалалтын үеийн зураг авалтанд оролцож, кино мэдээ сэтгүүлийн 8 дугаар бэлтгэж байжээ.
Москва хотын БХКУДС-ийг 1943 онд төгссөн.1944 онд эх орны дайнд кино сэтгүүлч оператороор дуудагдаж,Украины фронт, Байгаль хэсгийн фронтын хамгаалалтанд кино оператороор явсан эх орны дайны үеийн оператор билээ. Е.П.Яцун 1951 он “БНМАУ”,1961 он “Эртний нутгийн солонго”, 1971 он “Монгол эх орон” хамтарсан баримтат киног хийхээр Монголд 3 удаа уригдан ирж ажиллажээ. ЗХУ-ын УГЗ,/1969/, Ардын жүжигчин (1981)бөгөөд Монгол улсаас түүнийг “Алтан гадас” одон 1952 он, Ардын хувьсгалын 40 жилийн ойн медалиар 1962 онд шагнажээ.

Балбарын Дашдорж/1928-1995/-1928 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд төржээ.1944 онд “Ард” кино театрт манаачаар,“Улаанбаатар” кино театрт дагалдан кино механикчаар,дараа нь хотын нүүдлийн кино,Говь-Алтай,Баян-Өлгий аймагт кино механикчаар,1946 оны сүүлчээр Монгол кино үйлдвэрт кино механикч,дууны операторын туслах,1951 онд Зөвлөлтийн дууны мэргэжилтэн Котовт дагалдан шивь оржээ.
“БНМАУ” баримтат кино бол түүний анхны дууны оператороор ажилласан кино байлаа.Б.Дашдорж олон уран бүтээлд дууны оператороор ажиллахын зэрэгцээ мэргэжлээ дээшлүүлж,өөрийгөө хөгжүүлж, найруулагчаар баримтат кинонд ажиллаж,дэлгэцийн уран бүтээлээр анхдагч гарын авлага ном хэвлүүлж,1961 онд “Монголын сайхан оронд” баримтат кинонд зохиолч,найруулагчаар ажиллаж өсөн дэвшсэн билээ.1964 онд БХКУДС-ийг төгсөж ирснээс хойш 300 гаруй баримтат кинонд дууны оператор, найруулагчаар ажилласан Монгол киноны хүндэт ахмад билээ.

Гэнэнгийн Цэрэн/1930-2000/-1930 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төржээ. 1951 оны эхээр Монгол кино үйлдвэрт “Монгол улс” гэдэг будагтай кино хийх гэнэ.
Зөвлөлтөөс киноны хүмүүс ирж зураг авах гэнэ гэхчилэн яриа сонсоод МУИС-ийн оюутан Г.Цэрэн сургуулиасаа гарч кино үйлдвэрт операторын туслахаар ажилд орж, Москвагийн баримтат киноны студиэс Монголд ирж.”БНМАУ” кинонд ажиллаж байсан оператор Е.П.Яцуныг дөрвөн сар гаруй дагалдан ажиллажээ. 1961 онд БХКУДС-ийг оператороор төгсөж ирээд олон арван уран сайхан, баримтат кино, кино мэдээнд оператороор ажилласан юм.
КИНОНЫ АГУУЛГА
Монгол орны байгаль,Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын үйл амьдралыг харуулсан гэрэл зургууд Х.Чойбалсан, В.М.Молотов нар гэрээнд гарын үсэг зурна, Москва-Улаанбаатарын галт тэрэг, Улаанбаатар хотын байдал, Засгийн газрын ордон, АДХГЗ-ны байр, МУИС, ГЯЯ, Дуурийн театр, Төв эмнэлэг, Төв номын сан, Д.Сүхбаатарын хөшөө, талбай. 1951 оны 06 сарын 10-ны сонгууль, АИХ-ын депутат Хандсүрэн, зохиолч Ц.Дамдинсүрэн, хуралд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нар оролцоно. Морин заводын ажиллагаа, Архангай аймгийн мал эмнэлгийн тасаг. сүү, тосны завод, Улсын ерөөлч Ч.Жигмид гарна. Х.Чойбалсан “Партизан” нэгдэлд очиж малчидтай уулзаж ярилцана. МУИС, Рагчаа эмч хичээл заана, Долгорсүрэн, Аюурзана нар дадлага хийнэ, Соёлын Яамны сайд Болод, зохиолч Ч.Чимид, Ч.Ойдов, Э.Оюун, Б.Дамдинсүрэнтэй ярилцана, Ч.Чимид зохиолоосоо уншина, Ардын жүжигчин Ц.Цэгмид сонсож сууна, Д.Сэнгээ, Ч.Лодойдамба нар гарна.
“Аз жаргалын эрэлчин” дуурь тоглоно,Л.Цогзолмаа дуулж байна, Г.Дашдулам бүжиглэнэ, Б.Дамдинсүрэн.Ардын зураач О.Цэвэгжав зураг зурна,гар хивсний үйлдвэрийн ажиллагаа,Ардын хувьсгалын 30 жилд зориулан хийсэн хивс, сийлбэрчид,МУИС, Д.Сүхбаатарын талбай дээр Маршал хувцастай Х.Чойбалсан баярын илтгэл тавина (синхрон),цэргийн жагсаал,хөдөлмөрчдийн жагсаал,Яармагийн талбай,Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан нар барилдаж,Ж.Цэвээнравдан түрүүлнэ,“Их Монгол” хэмээх Г.Шаравжамц Х.Чойбалсан, Г.Бумцэнд нар сур харвана,Ардын жүжигчин Ж.Хиватдолда домбордож дуулна, Г.Дашдулам, Халзан нар гарна,түрүүлсэн бөхчүүдэд Ю.Цэдэнбал шагнал гардуулна, Ж.Цэвээнравдан, Б.Түвдэндорж нар, морины уралдааны шагнал гардуулна,бүх нийтийн гимнастик хийнэ,тамирчдын жагсаал явна.
Бэлтгэсэн: Б.Нагнайдорж УГЗ, кино найруулагч
Н.Сугарсүрэн СТА, кино инженер
Үндэсний Төв Архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
“Монгол кино нэгтгэл” ТӨУҮГ