Сандуйн Эрдэнэ

  • 2015 оны 02-р сарын 17 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн

      Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн

Сандуйн Эрдэнэ

/Кино зургийн дарга /

/1911 – 1984 он/ 

С.Эрдэнэ - киноны     Монголын соёлын ертөнцөд “кино” хэмээх нэгэн лут урлагийг мэндлүүлж “Монголкино” үйлдвэрийг үүсгэн байгуулагчийн нэг С.Эрдэнэ 1911 онд одоогийг Говь-Алтай аймгийн Түмэн сумын 4-р багийн нутаг Улаан толгой хэмээх газар төржээ. Ардыг Гэгээрүүлэх Яамнаас 1928 оны 10-р сараас 1929 оны 5-р сар хүртэл байгуулсан нүүдлийн дуугүй киноны механикчийг бэлтгэх түр сургуулийг төгсгөж, 1930-1934 онд АГЯ ба Говь-Алтай, Завхан аймгуудад кино механикчаар ажиллаж байхад нь Улсын Кино зургийн Хороо байгуулагдах болоход татан авч 1934-1935 онд кино үзвэрийн ажлыг эрхлүүлж байснаа кино театрын дарга болгожээ. Харин 1936 онд шинээр байгуулж байсан Монголкино үйлдвэрт үндсэн ажилчнаар шилжүүлснээр үйлдвэр байгуулцах хувь тохиожээ.  С.Эрдэнэ, Н.Гомбосүрэн, Н.Дүйнхэр нарын хамт мэргэжилтэн Броутманаар мэргэжлийн хичээл заалгаж, лабораторийн бүх дамжлага дээр дадлага хийж байсны дээр тухайн үед ирсэн тоноглолыг угсарч байрлуулахад цуг ажилласнаас харж мэдээгүй зүйлгүй болж бүх юм гарт нь орсон байна. С.Эрдэнэ 1964 оноос эхлэн уран сайхны кино зургийн даргаар ажиллаж ,  1965 онд “Зэрэг нэмэхийн өмнө”, 1966 онд “Цэргийн хүү”, 1970 онд ”Талын цуурай”,   1971 онд “Тэмцэл” /П.Санжаагийн хамт/, 1970-1973 онд “Тунгалаг тамир” /Н.Галсанбалдангийн хамт/ кинонуудыг бүтээлцсэн юм. С.Эрдэнэ гуайг багшаа гэх хүн захаас аван таарна. 1937-1938 онд лабораторийн дагалдан сурагчаар ажилд орсон Зэгвийн Лувсан-Осор,ЛувсангийнЛувсанцэрэн, Сэнгийн Чимэд-цэрэн,     1939    онд   орсон    Чимгээгийн      Дашдондог, Гунгаажавын Сосорбарам, 1940 онд орсон Дондогийн Халтар, 1941 онд орсон   Төмөрийн Пагмажав нараас эхлээд Бат-Очир, П.Дашхүү, Дугаржав нарын зэрэг олон арван хүнийг кино хальс боловсруулах төрөл бүрийн мэргэжилд сургасан буянтан юм. С.Эрдэнэ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн олон шагнал хүртсэний дотор БНМАУ-ын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг нь хүндтэй байр эзэлдэг.

Ангилал: